2017-01-24 04:34

Оффшорын тухай хуулиар оффшорчдыг БАРИХ БОЛОМЖГҮЙ


Оффшор /offshore/ гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг. Энэ нь татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд  банкуудын үзүүлдэг үйлчилгээ юм.

Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Учир нь, тэнд нэгдүгээрт татвар маш бага буюу огт байдаггүй, хоёрдугаарт нууцлал маш өндөр, гуравдугаарт төрийн хүнд суртал гэж байдаггүй. Тийм учраас дэлхийн улс орны томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхэн энэхүү оффшорын бүс нутгийг сонирхдог байна.

Монголчууд оффшор дансны тухай нэлээд эртнээс мэдэх ч өнгөрөгч оны хавар Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн баг Панамын баримтыг дэлхий нийтэд зарласан нь манай улстөрчдийг нэлээд сандралд оруулаад авсан.

Зарим улстөрчдийн оффшорт данс эзэмшдэг нь илчлэгдээд зогсохгүй өөрийгөө Хятадын Монгол хэмээн танилцуулж, Хятад нэрээр гадны орнуудад зорчдог болох нь илэрсэн билээ. 2016 он Ардчилсан намын төр барих сүүлийн жил буюу их сонгуулийн жил байсан. Энэ үед оффшорт данс эзэмшигчдийн тухай мэдээлэл задарсан нь улстөрчдийн хувьд жинхэнэ тэсрэх бөмбөг болсон юм.

Тухайн үед оффшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Бид энэ тухай мэдээлэл гарсан даруйд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос гаргасан оффшор мэдээллийн санд бүртгэлтэй хаягаар хайлт хийж судалсан. Нийтдээ 49 иргэний мэдээлэл гарч ирж байгаа. Эдгээр хүмүүсийн хувь эзэмшиж буй 61 компани оффшор бүсэд бүртгэлтэй байна” хэмээж байсан билээ.

Ингээд 2016 оны зургаадугаар сарын сүүлчээр болох УИХ-ын сонгуулийн өмнө Оффшорын тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан ч хэлэлцэгдээгүй.

Харин шинэ парламентын анхны намрын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхээр дахин өргөн барьсан.  Хоёр долоо хоног тус хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн ч, гишүүдийн санаанд хүрэхгүй байсны улмаас хууль санаачлагчид нь төслөө буцаасан.

Тодруулбал, уг асуудлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зохицуулахаар тусгасан.

Оффшорын тухай хуульд хамгийн их ач холбогдол өгдөг  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тухайн үед “Оффшор бүстэй холбогдуулан олон улсын толгой эдийн засагчаар ажиллаж байсан хүн нэлээн том судалгаа хийсэн байдаг. Түүний судалгаагаар оффшор бүсэд 32 хүртэлх их наяд ам.доллар байна. Үүний тал хувь нь хөгжиж байгаа орнуудаас байдаг. Хөгжиж байгаа орнуудаас байгаа мөнгө нь тухайн улсын нийт гадаад өрнүүдээс хол давсан их хэмжээтэй байна. Зөвхөн тэр мөнгөнөөс нь хууль ёсны татварыг авбал тухайн улс орон гадаад өрөө бүрэн дарах боломжтой гэсэн тооцоо судалгаа хийсэн байдаг. Гадаад улс орнуудаас уг мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг төвлөрүүлэх ажиллагааг идэвхтэй хийж, улс орондоо татах  тусгай комисс байгуулсан байгаа. Их Британийн Татварын албанаас  тусгай комисс гаргаад эх үүсвэрийнх нь татвар төлсөн байдлыг шалгаж, улс орондоо төвлөрүүлэх арга хэмжээ авч байна. Улс төрчид хариуцлага хүлээж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Пакистаны Ерөнхий сайд үр хүүхэд нь  оффшор данстай байсны төлөө Дээд шүүхээр орж байна. Зөвхөн энэ хууль байхгүйгээр манай улсын агентлаг, татварын албаддаа чиглэл өгөөд оффшорт байгаа мөнгөнийх нь эх үүсвэрийг шалгаж, хууль бус бол хууль хяналтын байгууллагатай хамтарч улсдаа татах хэрэгтэй. Хууль ёсных бол зохих ёсоор татварыг нь авах ажиллагааг явуулах боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагааг огт боломжгүй болгосон оффшор эзэмших улс төрчид, тэдний гэр бүлийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гадаадад гэдэг нэр томъёо болохгүй байна. Оффшор бүсэд гэдэг заалт хийхийг Ц.Мөнх-Оргил тодорхойлж байсан. Тэр нэр томъёог нь оруулж ирж.  Үндсэн асуудал дээрээ дахиад ажилла. Оффшор гэдэг тодорхойлолтоо оруул. Түүнээс бус гадаадад сурч байгаа хүүхэд дансанд мөнгөө байршуулахыг оффшор гэж үзэхгүй. Ард түмэн хулгай луйвар таслаад өг гэж хүсээд байна. Зарим нь үр хүүхдийнхээ нэр дээр хулгай луйвар хийсэн нь ил болж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуул” хэмээснээр хуулийн төсөл 11-р сар хүртэл хойшилсон.

Гурван удаа өргөн баригдаж, хоёр парламентын нүүр үзэж байгаа оффшорын хууль одоо ч батлагдаагүй хэвээр байна.

Өчигдөр буюу энэ сарын 23-нд оффшортой холбоотой асуудлыг зохицуулах Сонирхлын зөрчлийн тухай хуулиар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хуулийн төсөлд тусгаснаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд мөн төрийн албаныхан оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хоригложээ. Нийтдээ 39800 хүнд энэхүү зохицуулалт хамаарч байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн газрын дарга, төрийн өмчит компанийн захирлууд, аймаг, нийслэлийн Засаг дарга, УИХ-ын Байнгын хороодын нарийн бичгийн дарга, референт, хуулийн байгууллага зэрэг Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг бүхий л хүмүүст үйлчилнэ.

Гадаадад данс эзэмшиж болох хуулийн этгээдүүд:

  • Монгол Улсыг гадаадад төлөөлөн суугаа Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд
  • Төрийн албан тушаалтан гадаадад эмчлүүлэх болбол данс нээлгэж болно

Гэхдээ үүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнах үүрэг хүлээж байгаа юм. Хэрвээ хуульд заасан зохицуулалтыг дээрх субьектууд зөрчвөл албан тушаалаасаа чөлөөлөгдөх болон халагдана.

Төрийн мөнгөөр хөрөнгөжиж, түүнийгээ оффшор бүсэд байршуулж хөрөнгөжсөн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх зохицуулалт төсөлд тусгалаа олоод байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийн мэдээллээр бол 1990 оноос хойш Монгол Улсад 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс 8.2 тэрбум ам.доллар нь оффшор бүсэд хамаарах орнуудтай холбогдох аж.

Энэхүү хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Х.Нямбаатарын тайлбарласнаар бол УИХ-аар төслийг хэлэлцэх шатанд хоёр асуудал дээр гишүүд онцгой анхаарах ёстой гэж үзжээ.

  • Нэгдүгээрт, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшор данс эзэмшихийг бүр мөсөн хориглох,
  • Хоёрдугаарт, Өршөөлийн хууль баталж, оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг бол түүнийгээ мэдүүлэн, улсдаа оруулж ирэн, өршөөлд хамруулах гэсэн асуудлыг тавьж буй аж.

Нэгдүгээр асуудлын тухайд, төрийн албан хаагчийн ах дүү, хамаатан саданг гадаадад данс эзэмшихийг хоригло гээд хууль гаргах нь 1966 оны эдийн засгийн соёлын эрхийн факт, Үндсэн хууль, бусад хүний эрхийн тухай баримт бичгүүдэд заасан жам ёсны эрхийг зөрчиж, хууль зөрчих нөхцөл үүсэх аж.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан “Оффшор бүсэд данс эзэмшихийг нь хориглохдоо зөвхөн улс төрийн албан хаагч бус гэр бүл, төрсөн ах дүү, эцэг, эхийг нь хамруулах хэрэгтэй. Гэр бүлийнх нь хүмүүсийг хамруулахаар тэдний эрх зөрчигдөж Үндсэн хууль зөрчсөн болно гэдэгтэй санал нийлэхгүй байна.

Хуульд давхар стандарт гэж байх ёсгүй. Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд одоо ч хөрөнгө, орлогоо мэдүүлдэг. Тэгэхээр одоо ч гэсэн тэр хүмүүсийн эрхэнд халдаж байгаа гэсэн үг үү. Тийм юм бол үүнийг ч гэсэн болиул л даа. Ингэхгүйгээр өөрсдийнхөө таалалд нийцүүлсэн байдлаар тайлбарлаж болохгүй” хэмээж байсан юм.

Харин Хууль зүйн сайд С.Бямбацогт “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу аливаа хуулийн төсөлд тавигдах хамгийн эхний суурь шаардлага бол Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалттай нягт уялдсан байх явдал. Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийнх нь Үндсэн хууль, Хүний эрхийн конвенцоор хамгаалагдсан үндсэн эрхийг хязгаарлах боломж Үндсэн хуулиар хаалттай байгаа юм.

Харин тухайн албан хаагч гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг ашиглан оффшор бүсэд данс эзэмшсэн, компани байгуулсан асуудлын цаана ямарваа нэг гэмт хэрэг, зөрчлийн шинж агуулагдаж байвал холбогдох хуульд заасны дагуу Эрүүгийн хууль, бусад хуулиар хариуцлага тооцох боломж нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нэрийг хаацайлж, өрөөлийн нэр дээр хулгайгаа нуух боломж хуулиар байхгүй гэсэн үг.

Түүнээс биш төрд аав ээж нь ч юм уу, ах дүү нь ч юм уу хэн нэгэн нь ажиллаж байгаагаас болж бусдынх нь Үндсэн хуульд заасан хууль ёсны эрхийг шууд хязгаарлаж болохгүй биз дээ. Харин хэрвээ чи төрд ажиллах гэж байгаа бол, хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаал дээр очвол оффшор бүсэд данс эзэмшиж, компани байгуулж болохгүй гэдгийг л хуулиар тов тодорхой тогтоож өгч байгаа юм” хэмээжээ.

Төрийн албан хаагчийг зөвхөн “албан үүргээ гүйцэтгэж байхдаа” данс нээлгэх, эзэмшихийг нь хориглосон нь хууль буцах шалтгааны нэг юм.

Өөрөөр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа данс нээлгэж болохгүй бусад үед болох юм шиг ойлгогдохоор байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж буй. Төрийн алба хашиж байх хугацаандаа данстай байх уу эсвэл төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад буюу оффшор бүсэд дансгүй байх ёстой юу гэдгийг тодорхой болгохыг хууль санаачлагчдад сануулсаар байгаа.

Энэ хуулийг дахин боловсруулан өргөн барих зайлшгүй шаардлагатай.

Ингэхдээ хуулийн үйлчлэлийг чангатгах, илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг тусгаж оруулж ирэх нь хууль санаачлагчдын анхаарах гол зүйл юм. Үндсэн хуульд зааснаар “Хүн бүр хуулийн өмнө тэгш үүрэгтэй” байдаг. Харин УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлын хүрээнд хүн бүр хуулийн өмнө тэгш байх гэдэг өнөөх ойлголт алга болчихдог хэрнээ улс орон, ард иргэдэд хамгийн чахал, хэрэгтэй хууль батлах болохоор хүний эрхэнд халдаж байна гээд халгаахгүй байгаа нь ямар учиртай вэ.

Сонирхуулахад, Загсийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн заалтууд:

101.1.Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно.

101.2.Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилогдох албан тушаалд нэр дэвшигч тухайн албан тушаалд нэр дэвшихдээ холбогдох байгууллагад гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан эсэхийг урьдчилан мэдээлэх үүрэгтэй.

101.3.Энэ хуулийн 101.2-т заасан нэр дэвшигч гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор зохих арга хэмжээ авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

101.4.Энэ хуулийн 101.1-д нийтийн албан тушаалтан гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах хамаарахгүй.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно