2017-01-04 03:56

Боловсроогүй жимс Лу.Гантөмөрийг МАН бордож эхэлсэн гэв үү


Сум, дүүргийн намын хороо бүү хэл намын үүр ч удирдаж үзээгүй Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэхэд гайхахаасаа илүү шоолох хүн олон байлаа.

Ардчилсан залуучуудын холбооноос улс төрийн гараагаа эхэлж, “Алтангадас”-ын эзэн Н.Алтанхуягт ёсолж байж Боловсролын сайд болох эрхээ авсан нь даржин карьерынх нь оргил байв. Гэвч угийн туйлбаргүй зантай тэрбээр Н.Алтанхуягийг огцороход нэг их ёсорхоод байлгүй “Алтангадас”-аас нүүр буруулж “1-А”-гийнхан хэмээн өхөөрдүүлдэг “Нэг Ардчилал” фракцидаа эргэн иржээ.

2012 оны УИХ, НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдахад голлох үүргийг мөнөөх 1-А-гийнхан гүйцэтгэсэн байдаг. Х.Тэмүүжиний хийсэн хуулийн салбарын шинэчлэл гэх бужигнаан, Л.Гантөмөрийн нэр холбогдсон Мүүнийн асуудал, боловсролын салбарыг шороотой хутгасан гээд  Ардчилсан намын нэрийг шороотой хутгах үүргээ хангалттай биелүүлсэн.

Өнөөдөр Ардчилсан намын нийт гишүүдээсээ уучлалт гуйж хариуцлага үүрэх ёстой хүн нь намын дарга болно гэж зүтгэдэг өвөрмөц парадокс зөвхөн Монголын улс төрд л байдаг бололтой. Тэрчлэн Ардчилсан нам шинэчлэгдэх сургаар Ардын намын даргын өрөөнд “Намайг намын дарга болоход дэмжлэг үзүүлээч” хэмээн гуйж явсан гэх бор шувуу Төрийн ордноор нэг нисч байна. Ингэж нэр нүүрээ барж, Ардын намынхны амны зугаа болж явах хэрэг байсан ч юм уу, үгүй юм уу. Муу ч гэсэн 26 жилийн түүхтэй Монголын Ардчиллын нүүр царай болсон нам шүү дээ. Ардчилсан намын дарга хэн болохыг Ардын намын дарга мэддэг цөвүүн цаг ирээгүй л байлтай. Гээд энэ бүх будлиан зогссонгүй.

Улс төрийн хувьд сөрөг хүчнээсээ дэмжлэг авсан түүний санхүүгийн асуудлыг Монголын толгой компани “MCS” дааж авсан гэх яриа байна. Сүүлийн үед хэвлэлийн хуудас, сошиал медиагаар Л.Гантөмөрийг магтан дуулсан, өрсөлдөгчдийг нь намнасан хар PR идэвхжсэн нь “MCS”-ийн их мөнгөний хаялага гэх хүн ч байна. Бусад өрсөлдөгч нар нь дэнчингийн 250 сая дээр үгээ хэлж байж гарч ирж байхад түүний “касс” гялалзтал ажиллаж байгаа бололтой юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаа шинэчилнэ, өөрөө дарга нь болно гэж яваа “Луу”-гийн ард одоогийн байдлаар Монголын хамгийн хүчирхэг нам, хамгийн их мөнгөтэй компани хоёр байгаа бололтой. Мөн томчуудын зүрхэнд шар ус хуруулдаг Дамбын Хишгээ ч түүнийг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий.

Уг нь сонгууль бол Монголын Ардчиллын бэлгэ тэмдэг. Тэр дундаа Ардчилсан намын даргын сонгууль анх удаа нийт гишүүдээсээ даргаа сонгох сонгодог зарчмыг хэрэгжүүлснээрээ түүхэнд бичигдэх үнэт зүйл болох учиртай. Харамсалтай нь, Ардчиллын нэрээр түрээ барьж ажил амьдралтайгаа золгосон хүмүүс түүнийг нь өнгө мөнгөний сонгууль болгочих гээд байгаа нь харамсалтай. Ардчилсан нам хэмээх модны мөчирт ургасан боловсроогүй жимснүүд хэзээ бүрэн боловсорч гишүүддээ үр шимээ өгөх юм бол доо. Магтаалд яасан ч их дуртай юм, бялуурах вий дээ.

 

 

У.Жанцан


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин99 (202.72.242.22 / 2017-01-17 02:58 )

    Норовын хүү арай дээр нь шүү. Ерөнхийлөгчид үзэх гээд Лу-гаа дэмжиж байгаа бол бас ч аргагүй.

  • (202.9.42.130 / 2017-01-15 17:31 )

    Эрдэнэбат эсвэл гантөмөр хоёрын нэгийг тавих нь тодорхой шүү дээ. Хуучцуул энийгээ хэдийнээ хийчихсэн.