2016-12-19 03:41

Леонид Брежнев. Содон шинжүүд


Ерөнхий нарийн бичгийн даргын үнсэлт. Үнэндээ Леонид Брежнев ямар хүн байсан бэ?

ЗСБНХУ-ыг 18 жил удирдсан Леонид Брежнев 1906 оны 12 дугаар сарын 19-нд төржээ. Амьдралын сүүлийн жилүүдэд биеийн байдал нь дордсонтой холбогдон Брежнев шинэ шинэ шагнал авахад л ахиухан анхаарч, харин улс орны чухал чухал асуудлыг шийдвэрлэхэд төдийлөн анхаарал тавьдаггүй байж. Эдийн засаг, улс төрийн болон нийгмийн амьдралын зогсонги байдлыг Брежневийн төрөлх Днепропетровск мужаас гаралтай голдуу ахимаг насны хүмүүс засгийн эрхэнд байснаар голчлон тайлбарладаг байв. Тэд юуг ч өөрчлөхийг хүсдэггүй байжээ. Гол албан тушаалуудад өөрийн найз нөхдийг тавьснаар тэр Никита Хрущевыг авч хаясан шиг өөрийг нь зайлуулчихгүй байхаас өөрийгөө хамгаалж байсан хэрэг. Дээдчүүдийг хуйвалдахаас тэр сэргийлж чадсан ч, харин Брежневийн засаглалын жилүүдэд улс орны хөгжил ихээхэн удааширч эхэлсэн юм. Гэтэл олон хүн тэр үеийг эргэн санагалзаж байдаг бөгөөд юу гэвэл энэ нь иргэдийг сэтгэл санааны хямралаас хэрэг дээрээ ангижруулсан тогтвортой үе байсан хэрэг.

ЛЕОНИД БРЕЖНЕВ: ОНЦЛОГ ШИНЖҮҮД

1.БОЛОВСРОЛ

1906 оны 12 дугаар сарын 6-нд Каменское тосгонд (одоогийн Украины Днепропетровск мужийн Каменское хотод) металлургийн үйлдвэрийн ажилчны гэр бүлд төржээ. 1927 онд газар зохион байгуулалт-хөрс сайжируулалтын техникум төгсгөж, 1937 онд Днепропетровскийн металлургийн дээд сургуулийн дипломтай болсон байна.

2. ХӨМСӨГ

Өтгөн хар хөмсөгтэй байсан бөгөөд ард олны дунд энэ тухай олон онигоо яригддаг байж

3. ДУУДЛАГА

1976 онд клиник үхэлд орж, энэ нь хөдөлгөөн,хэл яриа эвгүй болох шалтгаан болсон байна.

4. ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖ

Гадаад улсуудын удирдагчидтай хэлэлцээ хийх үеэр ядаргаагаа тайлахын тулдэлдэв онигоо ярих юмуу хошигнож чаддаг байжээ. Өөрийгөө егөөдөж, дорхи хүмүүстэйгээ ярилцахдаа, өөрийгөө ч шоолж дамшиглаж чаддаг байсан гэнэ

5. ГАНГАРАХ ШОХООРХОЛ

Гадаад төрхдөө асар их анхаарал тавьдаг байж. Хувийн оёдолчноор л хувцасаа оёулж, үргэлж дэгжин хувцасладаг байжээ.

6. ЗАНГИА

Хүзүүгээ бариулахгүй гэхдээ резинтэй зангиа зүүдэг байсан байна. Энэ нь бүгд дан ганц гадаад үйлдвэрийн зангиа байжээ.

7. ҮНСЭЛТ

Дэлхийн олон орны удирдагчдыг үнсэж явсан хүн. Эхлээд тэдний нэг хацрыг, дараа нь нөгөө хацрыг, сүүлд нь уруул дээр нь үнсдэг байжээ. Ийм үнсэлтийг “Брежевийн гурвал” хэмээн хочилдог байсан байна.

8. ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ

ЦСКА-г хөгжөөн дэмждэг байсан бөгөөд гэхдээ хөлбөмбөгийн биш, харин хоккейн тэмцээнийг илүүтэй үздэг байжээ.

9. ХОББИ

Домино тоглох дуртай байж.

10. МАЛГАЙ

Намын ажилтнуудын дунд “Москвичка” хийцийн хавтгай каракуль малгайн моодыг дэлгэрүүлжээ.

11. АНЧИН

Ангийн донтой нэгэн байсан юм. Зэрлэг гахай, баавгай агнаж, нугас бууддаг байжээ.

12. ШАГНАЛ

Шагнал авах дуртай. Брежнев ЗСБНХУ-ын түүхэнд Баатрын алтан таван хошуу медаль таван удаа – Хөдөлмөрийн баатрын нэг, ЗХУ-ын баатрын дөрвөн медаль авсан цорын ганц хүн юм. Тэр нийтдээ дотоод, гадаадын нэг зуу гаруй шагнал авчээ.

13. ӨДРИЙН ДЭГЛЭМ

Хатуу хуваарьтай байж. Үдшийн арваннэгэн цаг гэхэд хэдийнэ унтаж, харин өглөө есөөс хэтрүүлэлгүй сэрдэг байжээ.

14. АХМАД ДАЙЧИН

Дайны жилүүдэд улс төрийн ажилтан байж, үйлдвэрийн газруудыг нүүлгэх ажил хариуцаж байсан байна. Дайны үед бригадын комиссараас хошууч генерал болж чаджээ. 1976 онд түүнд маршал цол олгосон байна.

15. СПОРТ

Спорт хөгжүүлэхийг зүйл бүрээр дэмждэг байсан байна. Брежневийн хүч чармайлтаар 1980 онд Москвад зуны олимпийн наадмыг зохион байгуулсан юм.

16. ХОРТОЙ ЗУРШИЛ

“Новость” янжуур татдаг байсан бөгөөд энэ хортой зуршлаа огт орхиж чадаагүй байна. Брежневт механик түгжээ бүхий тамхины тусгай хайрцаг байсан бөгөөд түүнийг нэг янжуур авсаны дараа тамхины хайрцаг нь 45 минутын дараа л нээгддэг байж.

17. ДУРТАЙ УНДАА

“Тархун”, “Колокольчик” ундаа, архинаас “Зубровка” уух дуртай байжээ.

18. ДУРТАЙ ХООЛ

Борщ, тахианы мах, мөөгтэй бялуу, хүйтэн котлет, тошлой жимсний чанамалд нугасгүй байж.

17. НАРНЫ ШИЛ

Нарны шил зүүдэг зөвлөлтийн анхны удирдагч байсан юм.

18. АВТОМАШИН

Брежнев автомашинд нугасгүй нэгэн байсныг бүгд мэднэ. Тиймээс гадаадын удирдагчид түүнд машин байнга бэлэглэдэг байжээ. Ерөнхий нарийн бичгийн даргын автопаркад 70 орчим тансаг машин байжээ.

19. ЖОЛООЧ

1973 онд АНУ-ын ерөнхийлөгч Никсон Брежневт цоо шинэ “Lincoln Continental” машин бэлэглэжээ. Зөвлөлтийн намын ерөнхий нарийн бичгийн дарга үүнд маш их баярлаж, энэ машинаар хамтдаа зугаалахыг америкийн ерөнхийлөгчид санал болгосон байна. Брежнев асар хурдтай давхиж, огцом огцом эргэлт хийж байжээ. Машин сайн барьдаг юм байна хэмээн Никсон Брежневийг магтаад, гэхдээ үүнээс хойш түүнтэй хамт хэзээ ч нэг машинд сууж байгаагүй гэнэ.

20 КИНО

Үзэх дуртай кино нь “Хаврын 17 учрал” байжээ. Энэ киног үзээд, тагнуулч Исаев бодитой хүн байсан учир Брежнев түүнийг шагнахаар шийдвэрлэсэн байна. Гэвч энэ нь нийлмэл дүр байсныг мэдээд, гол дүрд тоглосон Вячеслав Тихоновт Социалист хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргажээ.

21. ӨРӨВЧ ЗӨӨЛӨН ХҮН

Өрөвч зөөлөн хүн байж. Кино үзэж байгаад юмуу дуу сонсож байхдаа нулимс гаргахаас хэзээ ч ичиж зовдоггүй байжээ.

22. ЗОХИОЛЧ

“Бага газар”, “Сэргэлт”, “Атар” гэдэг гурамсан ном бичсэн юм. Дуртгал бичсэнээр Брежнев Лениний шагнал хүртэж, 180 мянган рублийн шагнал авч байжээ.

23. ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Чухамхүү Брежнев эх орон нэгтнүүддээ телевизээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх санааг анх сэджээ.

С.Инда

www.bataar.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (202.131.243.190 / 2016-12-20 01:32 )

    Энэ хүн монголд их бүтээн байгуулалт хийж өгсөн хүн.