2016-11-16 02:59

“Г.Шийлэгдамба мөнгөний төлөө ийм зүйл хийсэн үү, эсвэл ямар нэгэн барьцаанд ороод Монгол улсын иргэдийн мэдээллийн санг Хятадуудад өгнө” гэсэн үү, бид мэдэхгүй шүү дээ!


Хятад улсын хөрөнгөөр хэрэгжих  “Цахим эрүүл  мэнд ” хөтөлбөр араасаа баахан асуудал дагуулж байна. Тодруулбал, 2012 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхээр Монгол улсын Засгийн газраас шийдвэр гарснаар Олон улсын тендерт БНХАУ-ын “HUAWEI” компани шалгарсан ба “HUAWEI” компани нь эмнэлгийн програм хангамж боловсруулах туслан гүйцэтгэгч сонгох шалгаруулалтаа ҮАБЗөвлөл, Засгийн газрын түвшинд яригдсаны дагуу монгол компаниудын дунд програмын тендер зарлаж, шалгаруулах ёстой байтал ямар нэг тендер зарлахгүйгээр, нийтэд мэдэгдэлгүйгээр явуулж,  2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан гэх мэдээлэл бий. Улмаар програм хангамжийн талаар огт туршлагагүй, цахим эмнэлгийн програм хангамжийн сонгон шалгаруулалтад оролцохдоо авлига өгсөн хэргээр шалгагдаж байгаа “Метронэтворкс” компанийг уг тендерт шалгаруулсан гэхчлэн,  шалгаруулалтын талаар ил тодоор зарлахгүй байна зэрэг олон мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэж яригдаад байсан Э.Гантулга нь”Метронэтворкс” компанийн захирал юм.

Тэрчлэн  “Цахим” тендертэй холбоотой асуудлаар “MИTПC” програм хангамжийн компанийн захирал Ж.Баттүвшин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “-2010 оноос буюу С.Ламбааг ЭМСЯ-ны сайдаар ажиллаж байх үед энэ асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үйл ажиллагааны цахим бүртгэлийн програмыг тендерт шалгарсан компани хариуцна гэх зүйл. Гэтэл С.Ламбаа гуайн үед энэ асуудал шийдэгдээгүй. Түүний дараа Н.Хүрэлбаатар, С.Удвал нар яамны сайдаар томилогдон ажилласан. Энэ үеэс эрчимтэй яригдаж эхэлсэн ч эцсийн дүн нь ийм байна.

Тодруулбал, С.Удвалыг сайд болсоны дараа дээрх яригдаад байсан тендерт “Ньюсоник” компани гэнэт ялчихсан. Монгол Улсын хэмжээнд тендер зарлаагүй хэрнээ “ногоон гэрэл”-ээр энэ компани төсөлд шалгарч гарч ирсэн гэсэн үг. Эмнэлгийн програм хангамж  гэдэг нь удаан хугацааны туршид хийгддэг ба байнгын арчлалт, шинэчлэлтийг шаарддаг ажил юм.   Манай компани энэ ажлыг 4-5  жил хийж байгаа боловч одоог хүртэл 60-70 хувьтай явж байна. Гэтэл энэхүү ажлыг  “Ньюсоник” гэх ямар ч туршлаггүй, шинэ компани хийхээр болсон байдаг. Энэ асуудлыг тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягт хоёр ч удаа тавьсан.  Нарийн шалгасны эцэст  тухайн компанийг уг төслөөс хассан. Ингээд энэ асуудал түр намжсан ч ЭМСЯ-ны сайд солигдоход дахин шинэ компани гарч ирсэн нь Метронэтворкс компани. Мэдээж бидний хувьд дахин шударгаар тендер зарлах байх хэмээн хүлээсэн ч ийм л зүйл болсон” гэсэн байдаг. Сэтгүүлч түүнээс  “-Метронэтворкс компанийг энэ тендерт ялагчаар тодруулсан нь яагаад буруу гэж? хэмээн асуухад  “-Энэ компанийн хувьд “Ньюсоник” компаниас илүү осолтой. Учир нь 2006 оноос хойш эмнэлгийн програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Mон-айти” компанид ажиллаж  байсан Э. Гантулга тэргүүтэй 3-4 залуус ажлаасаа гарахдаа компаниасаа өгсөн орон сууцыг буцааж өгөөд  “Метронэтворкс”-ийг 2015 онд байгуулан тендерт ялчихсан нь хардахад хүргээд байгаа юм. Асуудлын гол  нь Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэж яригдаад байсан Э.Гантулга нь”Метронэтворкс” компанийн захирал.Цаашлаад уг компанийн хувьд цахим програмын ажлыг нэгдүгээр шатлалаас нь хийгээгүй. Тийм туршлага ч байхгүй. Өөрөөр хэлбэл, суурьгүй гэсэн үг. Тиймээс ч тендерт ялсан гэх эл ажлаа хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрсэн.

-ЭМСЯ-аас тайлбар хүсэхээр сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын “HUAWEI” компани хийсэн. “Метронэтворкс”-ийг Хятадын “HUAWEI” компани сонгосон гэх зүйл яриад байгаа. Үнэхээр тийм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болж таарна. Цаашлаад иргэний мэдээлэл дээр өвчтөний мэдээллийн сан давхар бүртгэгдээд явдаг. Хууль ёсны тендерээр шалгараагүй Метронетворкс ХХК-аар дамжин Монгол улсын иргэдийн эрүүл мэнд болон өвчлөлийн нууц мэдээллүүд гадагш алдагдах эрсдэл байна. Гэтэл энэ бүхнийг БНХАУ-ын “HUAWEI”  компанийн сонгон шалгаруулсан компани хариуцна гэдэг утгагүй биз дээ гэж байгаа юм. Түүнчлэн  Хятадын “HUAWEI“  компанийн сонгон шалгаруулсан компаниар Монгол Улс  эрүүл мэндийн салбарынхаа  мэдээллийн санг бүрдүүлэх нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг асуудал дагуулахгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаатай холбоотойгоор тэрбээр хэлэхдээ  “-Цахим эмнэлэг хөтөлбөр  хэрэгжүүлсэний үр дүнд програм хангамжийг Монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг бид харуулж чадсан. Хятад улс технологоороо хэчнээн өндөр хөгжилтэй  байсан ч Монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг хэлмээр байна. Тэр тусмаа хүн амын мэдээллийн сантай холбоотой ийм асуудалд нухацтай хандах хэрэгтэй.

Эрүүл мэндийн мэдээлэл гэдэг нь таны эмнэлгүүдэд бүртгүүлсэн гэрийн хаяг утас, ам бүлийн гишүүд, мэйл хаяг, үзүүлж тавиулсан онош, хийлгэсэн шинжилгээнүүдийн үзүүлэлтүүд, хийлгэсэн дүрст оношилгоонууд, бичигдсэн эмүүд, хэвтсэн эмнэлэг, онош, эмч нарын мэдээлэл, эмийн баазын мэдээлэл зэргийг хэлнэ. Мөн эмнэлгүүдийн статистик үзүүлэлтүүд хийгээд бусад нарийн зүйл ч багтана. Өөрөөр хэлбэл, эмнэлэгтэй холбоотой таны бүх мэдээлэл гэсэн үг. Тэгвэл энэ бүхэн Бээжинд очих гээд байна шүү дээ. Г.Шийлэгдамба “мөнгөний төлөө ийм зүйл хийсэн үү, эсвэл ямар нэгэн барьцаанд ороод Монгол улсын иргэдийн мэдээллийн санг  Хятадуудад өгнө” гэсэн үү бид мэдэхгүй шүү дээ. Харамсалтай нь АТГ зөвхөн “толгойг нь завчдаг” юм байна. Манай улсад авилга өгсөн буюу авсан эзэд нь шийтгүүлсэн болоод түүний цаана тус компани нь хууль бусаар ялсан тендерийн ажлаа хийдэг асуудлыг нэг мөсөн таслан зогсоох хэрэгтэй. Асуудлын гол нь Монгол улсын иргэдийн өвчлөлийн мэдээллийн сангийн програм хангамжийн ажлыг  гадныхны гарт өгчихөөд бид мэдэхгүй гээд сууж байгаа Г.Шийлэгдамбын бүрдүүлсэн баг буюу ЭМСЯ-ны аппарат, авилга өгсөн”Метронетворкс” компани буюу Э.Гантулга-д  байна шүү дээ.” хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр уг асуудлыг бодитойгоор тодруулж, тодотгож шийдэх шаардлага эрх баригчдын өмнө гарч ирээд байна.

Эх сурвалж. Шуурхай.мн


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно