2016-11-14 01:58

Сонгуулиар амьсгалуулах хууль гаргасан нөхдийг “дүүжилье”


Сонгуулиар амьсгалуулах хууль гаргасан нөхдийг “дүүжилье”

Манай улс сонгууль болгоны өмнө Сонгуулийн хуулиа өөрчилж, өөрсөддөө ашигтай байх бүхий л боломжийг хайдаг. Тэр жишиг ч 2016 оны өмнө давтагдсан. Уг нь өмнө нь сонгуулийг хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах боломжтой байлаа.

Гэвч тэр чухал заалтыг авч хаяад, сонгууль болохын өмнөхөн л баахан өөрчлөлт хийх боломжтой болгосон. Тиймдээ ч 2016 оны сонгууль болох цаг хаяанд тулчихаад байхад парламент сонгуулийн хууль хэлэлцэж, элдэв өөрчлөлт хийж суусан цаг саяхан. Өмнө нь, 2012 оны сонгууль холимог системээр явж, намын жагсаалтаас баахан хөгшчүүл сонгогдож байлаа. Харин 2016 онд жижиг мажоратори системээр явуулсан.

Гэхдээ хамгийн гол нь УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг тусад нь явуулахаар болсон нь жинхэнэ утгаараа гай боллоо. Ерөөс 2016 оны турш монголчууд сонгуульдсаар байгаад л таарлаа. Худал хэлсэн хүнд одоог хүртэл монголчууд сонгуулийн темпнээсээ гараагүй, улс орны ажил жигдрээгүй байна. Ер нь УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийг нэг дор явуулчихад яах вэ дээ. Манай эрхэм улстөрчид ард түмнээ тэнэг, юм ойлгодоггүй, гурав, дөрөвхөн хүний нэр дугуйлчих чадваргүй гэж бодож, доромжилж, тус тусад нь хийж байгаа юм уу даа.

Гэтэл УИХ, нийслэл, аймгуудын сонгууль гэж энэ оны  нэгдүгээр сараас эхлээд л монголчууд талцаж эхэлсэн. Улмаар долдугаар сар хүртэл янз бүр болж явсаар, арай гэж нэг юм сонгууль дуусч байгаа юм. Гэтэл орон нутгийн сонгууль нь 10 дугаар сард болсон. Тэр болтол УИХ, нийслэлийнхэн, цаашлаад аймгийн Засаг дарга нар юу хийв. Юу ч хийсэнгүй. Суманд, дүүрэгт, хороонд ямар намын, хэн ялахыг үндсэндээ хүлээгээд л хэвтчихсэн. Тэр хооронд хаа сайгүй л халаа сэлгээ, томилгоо. Тэрний дүү нь тийм албанд очлоо, хамаатнаа тэгж дарга болголоо гээд л.

Дээрээс нь нийслэлээс авахуулаад яам, тамгын газрын дарга нар нь өрөөгөө гоёж, чимэглээд л. УИХ-ын гишүүд ч ажлаа хийгээгүй. Бүр орон нутгийн сонгуулийн өмнө УИХ-ын уулганаа завсарлуулаад, хөдөө орон нутагт ажиллаж ч байх шиг. Тэгж тэгж нэг юм орон нутгийн сонгууль болж дууслаа. Тэглээ гээд одоо улс орны ажил жигдрээд, сайхан болчихсон юм алга. Сум, дүүрэгт бас л баахан халаа сэлгээ, томилгоо. Өнөөдөр аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэл ч гүйцэд хангагдаагүй байна. Гэтэл сүүлийн хэдэн жилд тохиогоогүй хүйтэн өвөл болно гээд байдаг.

Нэг иймэрхүү янзтай бүтэн жил сонгуулиар амьсгаллаа. Үр дүнд нь монголчууд бид өвөл болохыг мартсан аятай бэлтгэлээ ч базааж чадаагүй шахам л сууна. Ийм байж таарах уу даа, энэ чинь. Сая хэд хоног хөдөөгөөр явлаа. Хаа сайгүй л сонгуулиас болж огт ажил урагшлаагүй талаар ярьж, ийм хууль санаачилсан, өргөн барьсан, өөрчилсөн хүмүүсийг дүүжилбэл таарна гэж зүхэж сууна. Зүхэхгүй гээд ч яах юм билээ, өөр аргагүй.

Ёстой л ийм хогийн хууль гаргасан нөхдүүдэд хариуцлага тооцож болдог бол тооцох юмсан. Уг нь сонгуулийг нь ингэж хоёр хувааж хийгээд байх шаардлага ч байхгүй. Системээ тохироод л, УИХ болоод орон нутгийн сонгуулиа нэг дор хийчихэд болно. Нэгдүгээрт, өч төчнөөн тэрбум төгрөг хэмнэнэ. Тэр хэмнэсэн мөнгөөрөө арай өөр зүйл хийж болно шүү дээ. Манай улсад юу л байна, асуудал л байгаа.

Сургууль, цэцэрлэгээс авахуулаад. Тэгээд ч эдийн засаг хүндрэлтэй. Ер нь ингэж жилд, хоёр гурван удаа сонгууль хийгээд байх хөрөнгө мөнгөтэй, баян улс биш, манайх. Дээрээс нь, монголчууд хэчнээн тэнэг байлаач сонгуулиар хэдэн хүний нэр дугуйлчихтайгаа байгаа. Тиймээс ингэж УИХ, орон нутаг гэж хоёр тусдаа сонгуульдаад бах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Хэрвээ өнгөрсөн зургадугаар сард УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийг нэг дор явуулчихсан бол өнөөдөр улс орны ажил арай л өөр, урагшилчихсан байх байсан юм. Мөн эдийн засаг элгээрээ мөлхөж байгаа энэ үед хэдэн тэрбум төгрөг хэмнэчих л байсан.

Сая орон нутгийн сонгуулиар 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Хэрвээ УИХ-ын сонгуультай нэгтгэсэн бол ядаж л тал нь хэмнэгдэнэ. Хэмнэсэн 6-7 тэрбум төгрөгөөрөө цэцэрлэг барьсан бол цөөнгүй асуудлыг шийдэж болохоор л байсан. Гэх мэтээр давуу талыг нь тооцвол барагдахгүй их. Гэтэл одоо болтол бид сонгуулийн үр дүнтэй зууралдаж, зарим нэг газар маргаан, тэмцэл өрнөсөөр л. Ингэж байтал 2017 он гарлаа. Он гарахтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал босч ирнэ. Бүр одооноос л зарим нэг нам дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх тэмцэл өрнөөд эхэлчихээд байна. Монголчууд бид жинхэнэ утгаараа сонгуульд дарлуулж гүйцлээ.

Сүүлдээ иргэдийн итгэл алдарч, сонгууль өгөхөөсөө хүртэл цааргалж байгаа. Гэтэл сонгууль өгөөгүйнхээ төлөө оркоороо дуудуулаад л байж байна. Энэ асуудлыг дараагийн сонгуулийн өмнө цэгцлээсэй билээ, эрх баригчид. Энэ олон сонгуулиа нэг дор л хийчихмээр байна. УИХ, нийслэл, сум, дүүргийн сонгуулийг нэг дор хийхэд иргэд нэг их толгой нь эргээд, хүнийхээ нэрийг дугуйлахдаа будилахгүй л байх. 10 хүний нэр дугуйлах байсан ч учрыг нь олоод л тойруулчихна. Ингэж зардал мөнгө, цаг заваа хэмнэж, улсын ажлыг урагшлуулдаг болмоор байна.

Тэгэхгүй одоогийнх шиг байвал тэгээд л сөнөлөө гэсэн үг. Ядаж байхад манайд төрийн залгамж чанар гэж байх биш. Нэг дарга гарч ирээд, өмнөхийнхөө хийсэн болгоныг сайн, муу, зөв, буруугаар ялгахгүй үгүйсгээд, цоо шинийг сэдээд явчихдаг хойно. Хэрвээ төр нь залгамж чанартай, төрийн албан хаагчид нь халагдах айдасгүй байж, улсын ажил ямар ч үед урагшилдаг бол хэдэн сонгууль хийсэн ч яах вэ. Тийм соёл тогтоогүй, тогттол ч өдий учраас нэг сонгуультай болъё. Ерөнхийлөгчийн сонгууль ч гэж хийгээд яадаг юм. Парламент нь сонгогдсоныхоо дараа бэлгэдлийн шинж чанартай нэг хүн томилоод л гүйцээ шүү дээ. Ядуу улс байж их ямбаар яахав. Хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийцгээе зүгээр.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно