2016-08-11 05:04

МАН айлынханд өрөвдүүлэх гэв үү, араа бодов уу?


Сангийн сайдын хийсэн мэдээллээс эдийн засгийн нөхцөл байдлыг харахад манай улс 2017 онд нэг ч зүйлийг төсвийн орлогоор санхүүжүүлэх чадамжгүй болсон харагдана. Монгол Улс цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн, улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна,нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэн гээд л ард түмэнд бүхнээ дуулгав. 2016 оны баталсан төсвийн орлого өчнөөн төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос төчнөөн төгрөгөөр бага төвлөрөхөөр байгаа гээд л тов тодорхой тоочиж өгөв. Задгай зарлан мэдээлсний цаад зорилго, учир шалтгаан нь харин тодорхой бус.

Монголд эдийн засгийн аюулгүй байдал гэж байна уу? МАН улс орноо хямралаас гаргах эдийн засгаа сайжруулахад итгэл муутай байна уу, тийм болоод ард иргэддээ бодит нөхцөл байдлаа ойлгуулах гээд байгаа юм уу. Аль эсвэл гадаад ертөнцөд өрөвдүүлэх гээд байгаа юм уу. Мэдээлэлдээ “өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд” гэдэг тайлбарыг давтан давтан цохон тэмдэглэснээс үзвэл өнгөрсөн хугацаанд ажилласан сөрөг хүчнээ муухай харагдуулах гэж зорив уу?

Эдийн засгийн статистик бүх тоо баримтаа графиктай нь дэлгээд сууж байдаг манайх шиг улс орон дэлхийд хэр олон байдаг бол. Эдийн засгийн нууц, эдийн засгийн аюулгүй байдал гэдэг зүйл монголд байхгүй болсон уу гэсэн эмзэглэл төрлөө.

Мэдээж даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд улс орнуудын эдийн засгийн мэдээлэл ил байж, улс орнууд бие биенээсээ дэмжлэг авч байдаг нь энгийн зүйл болсон. Гэхдээ яг эдийн засгийн бүх үзүүлэлтүүдээ, бас иргэдийг “шок”-нд оруулмаар энэ тоонуудаа олон нийтийн суваг болгоноор бодлоготойгоор цацаж байдаг улс орон хэр олон байдаг бол оо.

Сүүлийн жилүүдэд олон улс төрчдийн амнаас “монгол дампуурлаа, дампуурлаа зарлая” гэх мэт санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй үгс олонтаа сонсогдох болсныг юу гэж ойлгох вэ?

Ямартай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг нэн яаран зорихгүй болов уу гэсэн хүлээлт эдийн засагч, судлаачдын дунд байгаа. Тус хөтөлбөрийг Олон Улсын Валютын Сангаас хэрэгжүүлдэг бөгөөд санхүүгийн асуудалд орсон гишүүн орнуудад хөнгөлөлттэй зээл олгож, богино хугацаанд хямралаас гаргах зорилготой юм. Энэ хөтөлбөрийн зээлийг авбал тухайн улс орон эдийн засгаа хумих мөнгөний хатуу бодлого явуулдаг байна.

Өөрөөр хэлбэл, ОУВС-ийн мэргэжилтнүүдийн хяналт, зөвлөгөөгөөр бүхий л шийдвэр гарч, сахилга баттай, үрэлгэн бус төсвийн бодлого баримтална.Ингэснээр төсвийн алдагдлыг нөхөх хэдий ч иргэдэд олгодог халамжийн мөнгийг танах эрсдэлтэй аж.

Ер нь одоо цагт эдийн засгийн аюулгүй байдал хамгаас чухал болсон. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хэрхэн арга хэмжээ авах талаараа мэдэгдэнэ гэж байгаа. Энэ бол сайн хэрэг. Харин “бүх нийт”-эд нээлттэй мэдээлээд байх нь хэр зөв үйлдэл болох вэ?

Офшорт данстай нөхрийг хүртэл Сангийн сайдаар ажиллуулж, айлын эрх нь гараагүй хүүхдээр Монголбанкаа удирдуулж явсан өнгөрсөн үеийн эрх баригчдын алдааг хэвлэл мэдээллийнхэн ч тухайн үед нь сануулж л байсан. Тэгвэл эхлүүлж буй ажилдаа эртнээс хянаар хандахгүй бол МАН-аа төдийгүй Монгол Улсаа муухай харагдуулж мэднэ гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Ард түмний суларсан, цөхөрсөн идэвхийг нам унтраах мэдээ мэдээллээ төр засгаас цагаан хоолойгоор “чарлах”-ын цаад учир шалтгаан ийнхүү асуулттай үлдлээ. Унасан гэх эдийн засгаа босгох арга замыг ч дурдсангүй орхилоо. Мэдээллийн учиг хэзээ нэгэн цагт тайлагдах буй за.

 

Ю.Халиун

www.bataar.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Бичээч (103.26.194.149 / 2016-08-16 08:15 )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан