2016-07-23 08:09

УИХ-ын байнгын хороодын дарга нарыг томилов


Уржигдар орой ажлын цаг дууссан үед УИХ-ын байнгын хороод хуралдлаа. Улмаар байнгын хорооны дарга нарыг сонгосон байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан өчигдөр 18 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа даргалж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад 2000 оноос хойш Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай парламентч Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан саналаа хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

 

Төсвийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан өчигдөр 19 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан даргалав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар саналаа хэлж нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан өчигдөр 19 цаг 02 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалав. Хуралдаанаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн талаархи танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, О.Баасанхүү нар нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Н.Учрал нар үг хэлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаас байнгын хороо ажлаа эхлэх хэрэгтэйг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа байнгын хорооноос гарч байгаа шийдвэр бүхэн айл өрх бүрт чиглэх ёстой. Энэ бол хамгийн их ачаалалтай ажиллах байнгын хороо. Иймд зөв менежменттэй ажиллах нь чухал гэлээ. Мөн гишүүдийн зүгээс өнгөрсөн дөрвөн жилд тус байнгын хороонд ажиллаж, нийгмийн салбарын чухал хууль, тогтоомж, баримт бичгүүдийг батлуулахад идэвх, санаачлагатай ажилласан туршлагатай, чадамжтай, мэргэшсэн боловсон хүчин байнгын хорооны даргад нэр дэвшиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсч байв.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тус байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан өчигдөр 19 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийлээ.

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай гишүүн Ж.Энхбаярыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг бүлгийн дарга танилцуулгадаа дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг санал хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг тус байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

 

Хууль зүйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан өчигдөр 19 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг дэвшүүлэв. МАН-ын бүлгийн шийдвэртэй холбогдуулан хуралдаан даргалагч болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон 12 гишүүн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг санал нэгтэйгээр дэмжлээ.

Хуралдааны эцэст Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдэд ажлын амжилт хүслээ.

 

Эдийн засгийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан өчигдөр 19 цаг 57 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалан явуулсан юм.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг нэр дэвшүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулаад Улсын Их Хуралд дөрөв дэх удаагаа сонгогдоод буй туршлагатай парламентч Д.Тэрбишдагва нь тус байнгын хороог чадварлагаар удирдана гэж үзэн намын бүлгээс ийн шийдвэрлэсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн 80 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан өчигдөр 20 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан даргалав. Хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын талаархи танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Батзориг, Х.Болорчулуун нар нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар тус байнгын хорооны даргаар уул уурхайн бизнес эрхэлдэг хүнийг нэр дэвшүүлэхээс илүүтэй хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар мэргэшсэн хүн сонгох нь илүү зохистой гэдгийг хэлж нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд тус байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавыг сонгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

 

Өргөдлийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан өчигдөр 20 цаг 16 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт даргалав. Хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Н.Амарзаяа нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тус байнгын хороо нь төр, иргэний хооронд гүүр болж ажилладаг, Засгийн газарт чиглэл өгөх эрх бүхий чухал үүрэгтэй байнгын хороо гэдгийг үг хэлсэн гишүүд тодотгоод нэр дэвшигч энэ хариуцлагатай үүргийг чадварлагаар гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

 

Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. 

 

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы 2016.07.22-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад 51.6 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол болон холбогдох бусад хуулиуд зэрэг нийт 44 хуулийн эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулав.

Дараа нь Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороодын өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшигчдийн тухай асуудлыг хэлэлцэж дэмжин, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг Өргөдлийн байнгын хорооны даргаар тус тус сонгохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар тухайн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж шийдвэрлэх хуулийн заалттай.

Ингээд байнгын хорооны өчигдрийн хуралдааны дарааллын дагуу тухайн байнгын хорооноос нэр дэвшигчдийн талаар гаргасан санал, дүгнэлтийг сонсов. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар танилцуулж, нэр дэвшигчдийг байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн болохыг дуулгалаа.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлж байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа хэллээ.

Ингээд байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад:

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 100 хувийн,

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан 96.4 хувийн,

Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар 98.2 хувийн,

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 98.3 хувийн,

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав 94.8 хувийн,

Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд 94.7 хувийн,

Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва 96.5 хувийн,

Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл 98.2 хувийн саналаар байнгын хорооны даргаар сонгогдлоо.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн тул энэ талаархи Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцож, тогтоолын эцсийн найруулгыг сонсов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон Байнгын хорооны дарга нарт баяр хүргэж, амжилт хүссэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно