2016-05-16 04:33

Сангийн сайд Б.Болор Азийн хөгжлийн банкны захирагч нарын 49 дэх жилийн уулзалтад оролцлоо


 

Сангийн сайд бөгөөд Азийн хөгжлийн банк (АХБ)-д Монгол Улсыг төлөөлсөн захирагч Б.Болороор ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банкны захирагч нарын 49 дэх жилийн уулзалтад оролцлоо.

 

Энэ үеэр Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао, мөн банкны Гүйцэтгэх захирал Гуадинсио Хернандез, “Кредит Свисс” зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.

 

Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Сангийн сайд Б.Болор Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, эдийн засгийг төрөлжүүлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд мөн тус банкны зүгээс Монголд хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нийгмийн халамжийн бодлогыг алдагдуулахгүйгээр зорилтод бүлэгт чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэх, төсөл, хөтөлбөр батлах, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг дэмжин ажиллахыг Азийн хөгжлийн банкны зүгээс хүссэн бөгөөд тус банкны удирдлагууд Монгол Улсыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, бодлогын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн Азийн хөгжлийн банкны зүгээс “ДЦС-5” төслийн гэрээнүүдийг эцэслэн ажиллах нь ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно