2016-05-02 02:54

Р.Бурмаа сайдын харалган бизнес


 Саяхан л хаврын тариалалт хоцорлоо хэмээн хөдөө аж ахуйн салбарынхан чуулж, ОХУ-аас дутуу үрийнхээ нөөцийг бүрдүүлнэ гэж ярьж байлаа. Нийтдээ 20 мянган тн үрийн буудай гаднаас оруулж ирсэнээр ирэх жил үүсэх гурилын хомсдлоос ангижирна гэж салбарын яамнаас мэдэгдсэн.

Гэвч ХХАА-н сайд Р.Бурмаагийн “дурлаж” оруулж ирсэн үрийн буудай нь чанарын шаардлага хангахгүй байгааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын лабораторийнхан нотолж. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2016 оны 4 сарын 8-ны өдрийн 18-02-008/45 тоот удирдамжийн хүрээнд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг Сайхан сумын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарт хүлээн авч буй ОХУ-аас импортоор орж ирсэн тарих үрийн улаанбуудайн вагон тус бүрээс 2016 оны 4 дүгээр сарын 19-нд тус сангийн лабораторийн эрхлэгч Б.Мөнгөншагай, ТЭДС-гийн ажилчдыг байлцуулан зохих журмын дагуу дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдэгдсэн лабораторид хүргэсэн байна. Шинжилгээгээр нэгдүгээр зэргийн репордукци Алтайская Жница сортын тарих үрийн улаанбуудай нь Монгол Улсын ”Үрийн буудай сортын болон үрийн чанар, Ерөнхий шаардлага MNS 0246:2010 стандартын шаардлага хангахгүй байна” гэж гарсан байна. Нөгөөтэйгүүр, таримал ургамлын үрийн сортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,24 дэх заалт/ тарих үрийн чанарын стандарт хангасан үр импортлох-д  нийцэхгүй байна. Монгол Улсын Хөдөө аж ахуйн сайдын А-90 тушаалаар баталсан Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтад заасан дотоод хорио цээртэй хог ургамлын үр илэрлээ” гэжээ.

 Өөрөөр хэлбэл, үр тарианы хөврөлийн өвчлөлтэй үрийн сорт гэсэн үг. Энэ талаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Харуу гэх өвчлөлтэй үрийн сорт л доо. Хүнд ойлгуулах талаасаа ДОХ –той, халдварт гэсэн үг. Ийм үрийн буудайг хөрсөнд таривал газар шороогоо бохирдуулж, хэдэн жилдээ үр ашгаа өгдөггүй. Харин ийм үрээр гурил хийвэл идсэн хүний эрүүл мэнд болоод ходоод гэдсэнд цөвтэй гэж ахмад тариаланчид хэлдэг байсан. Одоо ч хууль, тушаал гууль болж дээ. ХХАА-н сайдын А-90 дугаар тушаалаар нутагшаагүй сортын үр тарихыг хориглосон байдаг юм. Гэтэл Алтайская Жница сортын үрийг чинь манайх өмнө нь тарьж байгаагүй, Р.Бурмаа сайд тушаалаа өөрөө зөрчөөд явж болдог юм байна. Нөгөөтэйгүүр, наад сортын үрийг чинь газар тариалангийн ямар ч мэдлэггүй гуанз эрхэлдэг хүн оруулж ирсэн шүү дээ. Гацууртын Чинбатын Канадаас авчирсан үрийг болохоор Монголд тарьж байгаагүй, хуулиа баримтал гээд хураан авч улсын орлого болгох мөртлөө өөрөө болохоор хуулиа зөрчиж болдог юм уу. Тэгээд байгаа байдлыг нь хэлэхээр шантаажилсан нэр зүүх юм. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж санасан бодсоноо нуулгүй шууд хэлэхээр хүнд адлагдаад хэцүү юм” хэмээлээ.

 

ОХУ-аас авч байгаа импортын улаан буудай нь нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татварын 20 хувь нэмэгдээд, энэ өвөл 480-490 мянган төгрөгөөр нийлүүлэгдсэн. Гурил, хүнсний улаан буудай нь үндэсний аюулгүй байдал, хүнсний асуудалтай холбоотой стратегийн хүнс учраас хүнсний улаанбуудайн тариалалтад Засгийн газар, ХХААЯ тариаланчдад дэмжлэг үзүүлж, ажиллаж байгаа хэмээсэн.  Гэвч төр засгаас  анхаарч, салбарын яамны оруулж ирсэн үрийн буудай нь гахайны хоол байсныг Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооныхон үнэнээр л өчиж.

Харин гаднаас орж ирж байгаа үрийн сортонд ямар ч эргэлзэх зүйлгүй гэж ам бардам ХХААЯ-ны ТНБД Н.Ариунболд “Үрийн болон хүнсний улаан буудай нь стратегийн чухал хүнсэнд тооцогддог. Хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулахад мэргэжлийн хяналтын байгууллага,  өндөр хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын байгуулага бүтэц бүрэлдэхүүн, шат дамжлагатайгаар хяналт тавьж байхад чанаргүй бүтээгдэхүүн орж ирнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Мөн экспортлогч улсын хяналт шалгалт гэж байна. Тиймээс чанарын хувьд асуудалгүй, Монгол Улсын стандартад нийцсэн үрийн болон хүнсний улаан буудай импортолж байгаа гэж ойлгож болно” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн.

Гэвч та бүхний олон сар бодож, төлөвлөж, импортлон оруулж ирсэн улаанбуудайн сортын үр чинь өнөөдөр хүнд хоол биш хор болохоор хүнс байж. Энэ юу болж байна вэ.  Наймаачин хүн ч мөнгөө төлж байж муу бараа авахгүй. Гэтэл бүхэл бүтэн Монгол Улсын хүнсний салбарыг хариуцсан салбарын яамны оруулж ирсэн сортын үр нь төсвийнхөө мөнгөөр тоглож, хог оруулж ирж болох уу.

Манай улсад ороод ирсэн энэ үрийг хэрхэх, юунд ашиглаж болох талаар Л.Цандэлэг гуайгаас лавшруулан асуувал “Миний сонссоноор одоо байгаа үртэйгээ холиод байна гэж дуулсан. Тэгж нүглийн нүдийг гурилаар хуурч болохгүй шүү дээ. Үнэнийг нь хэлэхээр салбар толгойлсон эмэгтэй хүнийг дээрэлхсэн харагдах юм. Гэхдээ энэ салбар болж бүтэхгүй олон зүйл байна. Одоо наад шинжилгээ хийсэн Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Цэрэндуламыг чинь төв газраас нь загнаад, хийж байсан ажлыг нь өөр хүнд шилжүүлчихсэн гэж дуулдана лээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр төрийн байгууллагын удирдлагууд үнэнч шударгаар ажилласан хүмүүсээ ингэж л гадуурхаж байна шүү дээ” хэмээлээ.

Ямартай ч, манай улс 47-48 мянган тонн үрийн улаан буудай ашиглан тариалалт хийдэг. Харин Монгол Улс хүнсний хэрэгцээндээ сардаа 22 мянган тонн, жилдээ 250 мянга орчим тонн гурилын хэрэглээтэй. Гэвч тариаланчдаа хайрлан энэрсэн төрийн харалган бодлого татварын төлөгчдийнхөө мөнгийг ийнхүү салхинд хийсгэж орхив. Харин хуудуутай бодлогоор салбараа унагаж, төрийн мөнгөөр тоглож, чанаргүй үр авсан Р.Бурмаа сайдад хэн хариуцлага тооцох вэ.

Ард түмэн юу ч өгсөн иддэг хогийн сав гэж үү....

 Т.Тэрбиш

www.newscom.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно