2016-04-27 02:11

Р.Гончигдорж гишүүн Цэц рүү орох дараагийн “дайралтаа” хийнэ


Цэцийн даргыг өнгөрсөн өвөл гэнэт үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагааг УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй АН-ынхан эхлүүлсэн. Тэд ч улмаар санасандаа хүрч Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хугацаанаас нь өмнө чөлөөлж чадсан билээ. Бүр ээлжит бус чуулган зарлаж түүнийг чөлөөсөн.

Харин ийнхүү Цэцийн даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх болсон шалтгааныг эх сурвалжууд Цэцийн даргын суудалд УИХ-ын гишүүн, дэд дарга Р.Гончигдорж томилогдох гэж буй талаар мэдээлж байв. Бид ч дээрх томилгооны талаар бичиж байлаа. Р.Гончигдорж гишүүн харин үүнийг эсэргүүцэж байсан. Тэрбээр, “Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш юм” хэмээн тайлбарлаж явсан.

Дараа нь чуулган завсарлаж байх үед буюу өнгөрсөн сарын 18-нд Цэцийн гишүүн болох өргөдлөө Улсын Дээд шүүхэд гаргасан бөгөөд харамсалтай нь Дээд шүүх уг асуудлыг нууцаар хэлэлцэж чадаагүй юм. Гарцаагүй хууль зөрчсөн асуудал болох учир арга буюу хуулинд уягдсан хэрэг. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж  гарч Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлаар  Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох хүсэлтийг хэлэлцэхийн тулд тухайн өдөр товлогдсон Эрүүгийн хэргийн хяналтын шатны хуралдааныг хойшлуулах замаар хуралдахыг хичээсэн ч хурал хойшлоогүй. Харин нэр бүхий зарим шүүгч арга сэдэж нийт шүүгчдийн хуралдааныг өглөөний 8.30 цагт буюу Эрүүгийн хэргийн хяналтын шатны хурлын өмнө амжуулахаар шийджээ. Гэвч нэгэнт илэрхий хуулийн заалтаас яаж бултах вэ дээ. Зарим шүүгчид үүнийг эсэргүүцэж тухайн асуудал хойшилсон юм.

Хаврын чуулган эхэлсний дараа Р.Гончигдорж гишүүн “Цэцийг тохинуулж, зөв төлөвшил тогтооно”, “Би хаана хэрэгтэй тэнд л очно” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Мөн Цэц рүү “явахгүй” гэдэг үгүйсгэлээ нэг ч удаа ашиглаагүй бөгөөд үүнийхээ хариуд хатуу хөтүү үгээрээ алдартай Н.Нямдорж гишүүнд баахан “баалуулсан”. Р.Гончигдорж гишүүн Цэц рүү дураараа “гүйгээд” очиж чадахгүй байгаа гол шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно, гэсэн заалт байдагтай холбоотой. Тиймээс УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг нэн яаралтай Цэц рүү “илгээх”-ийн тулд гишүүнээс нь татгалзуулж, чуулганаар энэ асуудлыг нь эцэслэх хэрэгтэй болчихоод байгаа юм.

Тэгвэл Р.Гончигдорж гишүүн Цэцийн даргын суудалд суух “ажиллагаагаа” дахин эхлүүлж байгаа аж. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн, дэд дарга Р.Гончигдорж өргөдлөө Дээд шүүхээр хэлэлцүүлэхээр Дээд шүүхийн зарим шүүгчид хамтарч ажиллаж байгаа гэнэ. Тиймээс тун удахгүй Улсын Дээд шүүхээр Р.Гончигдоржийг Цэц рүү “илгээх” асуудлыг хэлэлцэх бололтой. Түүнийг ийнхүү яаравчлан зүтгүүлэх болсон шалтгаан нь ирэх сонгууль болон ойрын өдрүүдэд яригдаад буй хуулийн өөрчлөлтүүдийг Цэц дээр унагахгүй байх гэсэн тактик гэж олон нийт хардаж байна.

Ер нь Р.Гончигдорж Цэц рүү явснаар гурван жилийн хугацаанд намынхаа төлөө хангалтай ихийг хийчих л байх даа. Ямартаа ч тун удахгүй тэрбээр Цэцэд томилогдох бас нэг дайралтаа хийх бололтой.

Ч.Ган

Эх сурвалж: Zaluu.com


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно