2016-04-25 04:44

“Нийгмийн сэтгэл зүйг мэдэрдэг” До сайд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн үү?


Өнгөрсөн 7 хоногт ХЗСайд Д.Дорлигжав ЦЕГ-ын даргыг ажлаас нь буулгах саналаа Ерөнхий сайдад илгээв. Ингээд болсон явдлыг элдэв тайлбаргүй эргэн нэг харцгаая.  

04/11-нд АТГ болон ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй газрынхны хамтарсан ажлын хэсэг  “Баянгол” зочид буудалд түрээслэж байдаг дээрх хоёр компанид санхүүгийн нэгжлэг хийж, зарим нэг баримтыг хурааж авсан юм. Энэ үеэр Х.Баттулгыг өмөөрсөн Ганбат, Эрдэнэчимэг, Зоригт тэргүүтэй нэр бүхий улстөрчид, бөхчүүд, хэвлэлийн салбарт ажилладаг зарим нөхдүүдийн зохион байгуулсан хүмүүс уг ажиллагаанд саад хийхээр оролдож, өөрийн телевизээр шууд дамжуулж, Женког баривчлах гэж байна гэж хүмүүсийг өдөөн турхирав. Барилгын лифть угсарч байсан ажилтан “мэргэн бууч” болж олныг шуугиулав.

04/12-нд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Засгийн газарт МоАХ-ны квоттой дөрвөн сайд бий. Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд томилдог. Харин цагдаагаас толгойлоод нэгжлэг байцаалт хийлгээд байгаа. Тиймээс л Х.Баттулга гишүүн сайдуудаа татна гэж шаардсан. Гэтэл асуудал шийдэгдэхгүй л байна. Засгийн газрыг “унагах” л сонголт үлдэж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулахгүй бол сайдуудаа татна.

04/15-нд До сайд “Цагдаагийн байгууллагаас тодорхой хэргийг шалгах явцдаа нийгмийн сэтгэлзүй, улс оронд болж буй нөхцөл байдлыг зөв үнэлж шийдвэр гаргадаггүй, байдлыг хурцатгасан алхамуудыг хийж байгаа төдийгүй салбарын яамыг цаг тухайд нь зохих мэдээллээр хангаж ажиллахгүй байна” гэсэн утга бүхий хүсэлтээ Ерөнхий сайдад илгээв.

Энэ бүгдээс ямарч логикгүй тэнэг хүн ч гэсэн нэг юм ойлгохоор байна. Төмөр замын нэрээр улсын төсвийн болон Чингис бондын олон зуун сая долларыг залилж мэхэлж авсан Х.Баттулга тэргүүтнийг шалгаж байцаагаад байгаа Цагдаагийн байгууллагын даргыг огцруулахгүй бол До сайд тэргүүтэй сайдуудаа татна эсвэл Засгийн газрыг огцруулна гэсэн Женкогийн фракцийнхныхаа даалгаврыг улаан цайм биелүүлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын сонгуультай холбоотой маргаан хуйвалдаан ширүүсч улстөрчид тойргоо булаацалдан нэгнийгээ яаж ч мэдэхээр байна. АСЕМ-ын хурал болж дэлхийн 40 гаруй орны 400 орчим зочид төлөөлөгчид ирсэн Цагдаагийн байгууллага тэдний Аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийтийг хамарсан үйл ажиллагаа, эмх замбараагүй байдал үүссэн үед өмнө ЦЕГ-ын Дотоодын цэрэг хамгаалалтад ажилладаг ерөнхий командлагч нь ЦЕГ-ын дарга байсан боловч улс төрчдийн харалган үйлдлээс энэ байгууллага татан буугдсан байдаг. Дотоодын цэрэг байхгүй болсон ч тэр үүргийг Цагдаагийн байгууллага хариуцсан хэвээр байгаа.

Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байхад “чоно борооноор” гэдэг шиг Ерөнхий сайдыг орон нутагт томилолттой эзгүйд Женко, З.Энхболд, Дорлигжав тэргүүтэй хүмүүс   Засгийн газрыг хуралдуулан ЦЕГ-ын даргыг огцруулах хуйвалдаан зохион байгуулсан байна.

Энэ юу вэ?

Тэгэхээр ЦЕГ даргыг нийгмийн сэтгэл зүйн мэдрэмжгүй нөхөр гэсэн Хууль зүйн сайд өөрөө нийгмийн сэтгэл зүйг хэр мэдэрдэг хүн бэ?

Төрийн эрх мэдлийг ингэж хууль бусаар авахаар санаархан улайрч байгаагын цаана юу байна вэ?

Энэ ямар гэмт хэрэг вэ?

Уг нь албан тасалгааны цонхоор ард түмнийг харж биш наад захын нэг гудамд яваа танихгүй хүнээс л энэ талаар асуучихаад ийм бичиг явуулсан бол өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй л байсан юм. Төрийн албаны зөвлөлд ажилладаг мэргэжилтнүүд, Цагдаагийн даргын албан тушаалын шалгуурт нийгмийн сэтгэл зүйг мэдэрдэг эсэх гэсэн шалгуурыг хэрхэн яаж оруулах талаар бодлогоширч байж ч мэднэ.

До сайдын бичигт бас нэг юм байна. Цагдаа үймэн бужигнаанаас хамгаалдаг болохоос үймээн самууныг дэгдээх нөхцөл бий болгож болохгүй гэж. Азаар –“Баянгол”-ын гадаахь үйл явдлыг хэн, хэн өдөөн турхирч, хэн, юу гэж гэж үймээн дэгдээхэд уриалж байсныг Монголын ард түмэн бүгд тэдний хөлсөлсөн ТВ-үүдээр шууд харсан. Нэг хүн хараагүй нь До сайд байж. Тэгэхээр мань эр нийгмийн сэтгэл зүйг мэдэрдэггүйн дээр ТВ үздэггүй юм байна. Үгүй ээ ТВ үздэггүй хүн яаж ч нийгмийн сэтгэл зүйг мэдрэх вэ дээ.       

Дээр нь энэхүү ЦЕГ-н даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтэнд ямар нэг тодорхой хууль зүйн үндэслэл гэх юм нэгээхэн ч тусгаагүй байх ба цэвэр улс төрийн утга агуулгатай албан бичиг яаран сандран шидэж, тэрэн дээрээ хуулинд огт байхгүй, түрүүчийн нийгмийн сэтгэл зүй гэдэг алдарт үгнээс гадна мэдээллээр хангах гэдэг үгийг оруулжээ. Хууль харвал, ЦЕГ-ын дарга нь зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг л мэдээллээр хангах заалт байдаг ба харин Хууль зүйн сайдын өмнө ажлаа хариуцах буюу хуулийн хүрээнд ажилласан эсэхээ л хариуцдаг гэсэн утга санаа тусгагдсан байна. Энэ бүгдээс харвал, хуульгүйгээр улс төржиж, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, хуулийг хамгаалах бус харин тодорхой нэг бүлэглэлд үйлчилж буй нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үү?! Улаан цагаан улсын мөнгийг идэж, шамшигдуулж, тэр үйлдлийг нь шалгах гэхээр төр засгийг унагана гэж шантаажилж, тэрнийгээ хэнээс ч айж эмээхгүй хэвлэлээр /зөвхөн зурагтаар биш/ зарласан, өөрийг нь томилсон фракцийн даалгавраар ЦЕГ-ын даргыг огцруулах бичиг шидэж суугаа Хууль зүйн сайд Долигжав та өөрөө огцрох, түүний өнгөрсөн 7 хоногт үйлдсэн хуйвалдаан, албан тушаалын гэмт хэргийг зохих байгууллага нь шалгах учиртай юм биш үү ?!

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно