2016-04-13 04:16

Н.Ганболд: Ямар нэг албан тушаалын наймаа байхгүй


 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүний 13 нь оролцож 68.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.

Энэ үеэр гишүүд Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр, АТГ-ын дарга, комиссар Н.Ганболд нараас асуулт, тодруулга авсан.

Ц.Нямдорж: Дараагийн хүнийг хэзээ оруулж ирэх вэ. Чөлөөлөхтэй зэрэгцээд ажил авах хүнийг нь хамтад нь хэлэлцээд явмаар байна. Хүчний байгууллагад алба хаадаг хүмүүсийн томилгоог хоног алдаж болдоггүй юм. Хуулийн байгууллагад одоо өдөр шөнөгүй “салхи, мөндөр” орж байна. 2008 онд Цагдаагийн даргыг солиод орных нь хүнийг томилохгүй байсны уршгаар юу болсон билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн төлөөний хүн хариулж өгнө үү?

Ч.Өнөрбаяр: Орных нь хүнийг хэзээ томилох талаар би хариулт өгөх боломжгүй. Таны саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилъя.

О.Баасанхүү: АТГ-ын чиг үүрэг арай өөр. Даргагүй болчихоор гүйцэтгэх ажлыг яаж явуулах юм. Дэд дарга ямар ч хяналтгүй гүйцэтгэх ажиллагаа явуулж болох нөхцөл байдал бүрдэнэ.

Ч.Өнөрбаяр: АТГ-ын дарга зургаан жилийн хугацаатай томилогддог. Н.Ганболд дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Даргагүй боллоо гээд дэд дарга дураараа аашлах боломжгүй. Прокурорын хяналтад явдаг.

З.Баянсэлэнгэ: Би Н.Ганболд даргаас асуумаар байна. Та ямар үндэслэлээр хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Ямар нэг албан тушаалын наймаа хийсэн юм биш биз дээ. Нөгөөтэйгүүр та өнгөрсөн таван жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах чиглэлд ажиллаж чадсан уу. Танай байгууллага улстөржсөн. Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад хорьсон байсан.

Н.Ганболд: Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болсон учир би хугацаанаасаа өмнө өргөдлөө өгсөн. Энд ямар нэг албан тушаалын наймаа байхгүй. Би тэтгэврийн насанд хүрсэн учир тэтгэврээ тогтоолгох бодолтой байна. Хүний эрхийг хамгаалж ажиллахыг хичээсэн. Хүний эрхийг зөрчихгүй гэх асуудал байнгын анхаарлын төвд байдаг. Гэрчийн мэдүүлэг авах гэж дуудаад хорьсон тохиолдол саяхан гарсан. Тухайн хүнээс мэдүүлэг авч байх явцад хорих шаардлага гарч ирсэн. Тухайн шалгагдаж байгаа хэрэгт холбогдолтой болж таарсан учраас прокурор, шүүхийн шийдвэрийг үндэслэж хорьсон.

Ц.Оюунбаатар: Н.Ганболд дарга таван жил тэсч ажиллалаа. Та эрүүл мэндээ бодох ёстой. Олон зүйлийн хайч, улс төрийн дарамтанд байсан биз. Хүнд хэцүү нөхцөлд тэсч ажиллах хэцүү байсан байх. Та бол шударга, зарчимч, хуульч хүн. Сэтгэлзүй, бие махбодийн хувьд дарамттай энэ ажилд ажиллаж байсан та эрүүл мэндээ бодох нь зөв.

Х.Тэмүүжин: Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад алдаа эндэгдэл харагддаг байх. Түүнийг би үгүйсгэхгүй. Хуулийн байгууллагад шүүмжлэлтэй хандаж байгаа бол хууль тогтоогчид өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй. Н.Ганболд гуай цагдаагийн байгууллагад олон жил ажилласан. Хүнийхээ хувьд маш зөөлөн, аливаа асуудалд нухацтай ханддаг. Ийм хүн хуулийн байгууллагын толгойд байх ёстой юм байна гэж бодсон. Асуудлыг сэтгэлийн хөөрлөөр хөнгөн хуумгай шийддэг хүн байвал хэлмэгдүүлэлт, хүний эрх зөрчигдөнө. Та ажлаа сайн хийгээд нэр төртэйгээр өгч байна. Танд баярлалаа.

Д.Ганбат: Өнгөрсөн хугацаанд АТГ-ыг удирдаж байхад хүндрэлтэй зүйл байсан уу?

Н.Ганболд: Шинээр томилогдох даргад ажил байдлынхаа талаар дэлгэрэнгүй хэлнэ. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлд УИХ-аас маш сайн хуулиуд гарсан. Харин манай алба хаагчдын цалин хоёр удаа буурсан. Цаашид үүнийг анхаарна биз ээ.

Ийн гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

www.eagle.mn


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • АТГ (62.102.148.67 / 2016-04-19 02:57 )

    Ганболд дарга бизнес, улс төрчдийг баривчпах талаар ажилчиддаа дарамтлаж хүчээр хэрэг үүсгүүлэх үүрэг үргэлж өгдөг бсан юм билээ.Ганболд даргын ард ерөнхийлөгч Элбэгдорж олон АН нөлөө бүхий албан тушаалтнууд бсан.эцсийн эцэст үнэн ялах цаг ирнээ

  • Генерал (171.25.193.77 / 2016-04-19 02:53 )

    Гахболд дарга одоо эмчилгээ хийлгэх нэрээр гадагшаа зугтана.Элбэгээгийн захиалгын ажлаа сайн хийсэн хүн.аль эртнээс гэр бүл болон ойр дотныхноо гадагшаа гаргах гээд бэлдсэн.Зах зухаасаа гарч явсан.Элбэгээг дараа жил гадаададын аль нэг улсад тосож авах хүн шүү дээ.хил дээр хориг тавих шаардалага бна

  • Му-н иргэн (109.163.234.7 / 2016-04-19 02:48 )

    АТГ газар хэн нэгэн эрх мэдэлтний хувийн байгууллага биш баймаар юм.Тэгтэл ерөнхийлөгч Элбэгдржийн хувийн компани шиг сүүлийн 5 жил ажилласан.АТГ гэж мангас болж хувирсан Элбэгээ болон түүний дотны олигархуудын захиалгаар бизнес улс төрчдийг үндэслэлгүйгээр хорьж хэрэг дохож хэлмэгдүүлж ирсэн юм