2016-02-18 04:11

76:42 буюу Твиттерийн “манаач”


“76:?” буландаа энэ удаа Булган аймгаас УИХ-д сонгогдсон  УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг  онцолж байна. 

- АМЛАЛТ

Ё.Отгонбаяр гишүүн өмнөх дөрвөн жилд Боловсролын сайдаар ажиллаж байгаад 2012 онд Булган аймгаас УИХ-д сонгогдсон. Булгандаа бол босоо байсан нөхөр. Сүүлийн хоёр сонгуулиар хувь нэр дэвшигчид элдэв амлалт өгөхөө больж, намын мөрийн хөтөлбөрийг гол болгож байгаа. Тэр энэ жишгээр намынхаа мөрийн хөтөлбөрийг барьж, сонгуульд оролцсон.  Харин тэр мөрийн хөтөлбөрт тусгасан, амласан зүйлээс нь биелсэн юм алга байна. МАН-ынхан үүнийгээ бид эрх бариагүй гэж тайлбарлах байх л даа. 

Гэхдээ л өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газарт хүртэл орж ажилласан. Мөн хамгийн хүчтэй сөрөг хүчин. Олон ч гишүүн нь УИХ-д сууж байгаа. Гэвч мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн юм алга.  Тухайлбал, 
  • 300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн төвшинг хөгжингүй улс орны түвшинд хүртэл бууруулна.
  • Монгол хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, “Төгрөг-20” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • “Малжуулах сан” байгуулж, 10 мянгаас доошгүй айл өрхийг  малжуулна.
  • Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлж, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэдэд олгох эрх зүй, санхүүгийн орчинг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлтийг нөхөх хэмжээнд жил бүр нэмэгдүүлнэ.
  • Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцож олгох хэлбэрийг нэвтрүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгоно.
  • Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настанд нийгмийн халамжийн тэтгэвэр, бага тэтгэвэртэй ахмад настанд нийгмийн суурь тэтгэвэр олгоно.
  • 2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлөөгүй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ авна.
  • Орлого багатай өрхөд ар гэрийн тоог үндэслэн мөнгөн тэтгэмж олгоно.
  • Нярай хүүхэд, өвчтөн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих төвшинд хүргэж, эм, хэрэгсэл, асаргаа, сувилгааны зардалд олгох тусламжийг нэмэгдүүлнэ.
  • Хүүхдийг хоёр нас, ихэр хүүхдийг гурван нас хүртэл асарч буй эх, эцэгт, тухайн хугацаанд ажлын байрыг хадгалж, цалинтай чөлөө олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн урамшуулал олгоно.
  • Үр хүүхдээ ганцаараа өсгөж буй эх, эцгийг баталгаатай ажлын байраар хангах, хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл урамшуулал олгох, татварын хөнгөлөлт үзүүлэлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалттай болно. 
Энэ мэтээр бэлэн мөнгөтэй холбоотой олон амлалтыг МАН-ынхан өгсөн. Яах вэ, энэ дотор нь хүн амын өсөлтийг дэмжсэн аятайхан амлалтууд ч бас явж байлаа. Гэвч одоогоор тэр нь биелсэн болов уу гэхээр юм алга. Мэдээж олон заалттай мөрийн хөтөлбөр гаргасан болохоор мэр сэр биелсэн юм байгаа л байх. Гэхдээ ихэнх том амлалтуудаас нь биелэх нь битгий хэл эхэлсэн ч ажил бараг алга. Ингээд бодохоор Ё.Отгонбаяр гишүүнийг амлалтаа биелүүлээгүй гээд хэлчихэд буруудахгүй байх. 

- АМЖИЛТ

Ё.Отгонбаяр гишүүнийг өнгөрсөн хугацаанд тун амжилттай сайн ажилласан гэж хэлэхэд хэцүү л байна. Учир нь мань хүн өнгөрсөн дөрвөн жилд мань хүн баахан авлигын хэрэгт орооцолдож, цагдаа сэргийлэх болсон. Мөн твиттерийн идэвхтэй “жиргээч” болж, түүгээрээ хүмүүсийг янз бүрээр хэлж, ярьж л байгаа. Яг үнэндээ түүний амжилт гэж хэлэхээр ганцхан зүйл нь Боловсролын сайдаар ажилласныхаа дараа Булганаас илт давуу ялалт байгуулж чадсан нь болж таарах гээд байна. Яах вэ, сүүлийн хэдэн жилд мань хүн гишүүний ажлаа хийхийн хажуугаар хэдэн ном бичиж, гаргасан.  “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт”, “Талд ассан түймэр” зэрэг номуудын нээлтийг өнгөрсөн жилүүдэд хийгээд авсан. Ном бүтээх, мод тарих, хүүхэд төрүүлэх нь хамгийн том буян байдаг юм гэсэн. Тэгэхээр эрхэм гишүүн зарим нэг хүний дэргэд ядаж л ном бичиж, буян үйлдээд л явна.

- АЛДАА

Түүнийг боловсролын сайдаар ажиллаж байх үед хамгийн нэр цэвэр улстөрчийн тоонд оруулдаг байлаа. Магадгүй энэ нэр хүнд нь түүнийг Булганд “цэвэр ялалт” байгуулахад нь тусалсан ч байж болох. Тэгвэл мань эр нэр цэвэр гэдэг тодотголоо өнгөрсөн дөрвөн жилд тавиад туучихсан. 2013 онд ЦЕГ-аас мэдээлэл хийж,  “Өмнө нь сайд байсан, одоо УИХ-ын гишүүний эхнэр О.Эрдэнэсолонго гэгч асар их хэмжээний мөнгө угаасан. Гэхдээ хэн гэдэг гишүүний эхнэр вэ гэдгийг хэлэх боломжгүй.  Хэрэв УИХ-ын гишүүн энэ хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэж мэдээлсэн. 

Хэний тухай ярьж байгааг нь хэвлэлийнхэн тэр даруй л мэдсэн гэхэд болно. Тэгээд ч Ё.Отгонбаяр гишүүн өөрөө хөдөө явсан хойгуур нь эхнэрийг нь саатуулсан тухай “жиргэж” бөөн юм болсон. Ер нь твиттерээр маш их юм бичиж, 323 сая төгрөгийг ам.доллар гэж андуурсан талаар ч мэдээлэл гаргаж байв. Мөн түүний эхнэр Монголд хамгийн олон данстай хүнээр ч тодроод авсан. Энэ хэрэгтэй зэрэгцээд Ё.Отгонбаяр гишүүн сайдаар ажиллаж байхдаа бусдыг дарамталсан гэх мэдээлэл гарч, ядахад яр гэгч болсон.

Сайд байхдаа нэр цэвэр байсан хүн УИХ-ын гишүүн болсноос хойш гэнэт л элдэв хэрэгт орооцолдсон болж таарах нь тэр.  Эдгээр хэргүүд батлагдаад, гишүүн бүрэн эрхээ алдсан ч юм алга. Хэн нэгний явуулга байсан ч байж болох. Эсвэл тэр өөрөө энэ мэт асуудлыг дарсан ч байж мэднэ. Ямар ч байсан энэ мэт асуудалтай нэр холбогдож, твиттерээр уураа барсан нь түүний алдаа байлаа. Энэ алдаанаасаа болоод нэр хүндээ алдсан гэхэд болно. 

- ТЭНЭГЛЭЛ

Ё.Отгонбаяр гишүүн зарим нөхдүүд шиг угаал үйлдээд, цас ухаад, элдэв янз болсон зургаа фэйсбүүкт тавьж, тэнэгтээд байдаггүй. Гэхдээ твиттерээр бүхий л үйлдлээ бичдэг. Эхнэрийг баривчилж барьж, янз бүрийн асуудал үүсч байхад мань хүн твиттерээр амьдралаа хүүрнэх нь холгүй л сууж байсан. МАН-ынхан хуралдаад, бөөн юм болж байхад ч янз бүрээр жиргэдэг. Бараг л твиттерээр ажлаа хийдэг гэхэд болно. Тиймээс түүнийг “твиттерийн манаач” гэж зарим нь хочлоод байгаа. Бараг л бие засах газар сууж байгаагаа хүртэл тайлагнах гээд байдаг. Энэ бүхэн нь түүний тэнэг үйлдэл болж харагдаад байгаа юм. 

- ИРЭЭДҮЙ

Түүний ирээдүйг бүрхэг, эсвэл гэрэлтэй гэж дүгнэхэд жаахан хэцүү. Ирээдүй гээд байгаа нь ирэх сонгуулиар торойх уу, унах уу гэдгийг л яриад байгаа хэрэг. Мань хүн Булган руу дахиад явж магадгүй. Булган ерөнхийдөө улаан тойрог. Тэгээд Ё.Отгонбаяр гишүүн тэндээ нэлээд нэр хүндтэй. Тойрогтоо давхиад очиход дахин сонгогдохгүй гэх газаргүй. АН, МАХН-аас ямар хүн түүний эсрэг өрсөлдөхөөс бага сага зүйл шалтгаалж магадгүй. 

Мөн өнгөрсөн дөрвөн жилд жаахан тааруу ажилласан болохоор ард түмэн сонголтоо өөрчилж ч мэдэх. Нөгөө талаар тэр жагсаалт руу орох ч боломжтой хүн. МАН дотроо л нэр хүндтэй. 

Өмнөх дөрвөн жилд Боловсролын сайдаар тогтвортой ажилласан. Ер нь намдаа нэр хүнд гайгүйтэй болохоор жагсаалтын эхний 10 дотор орж ирээд, дахин сонгогдох боломж ч бий. Хэрвээ МАН ирэх сонгуулиар ялбал Засгийн газарт ороод ч ажиллачих боломжтой байх. Ер нь түүний ирээдүй бүрхэг гэхээсээ илүү гэрэлтэй талдаа л байна даа. 

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn
 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно