2016-01-18 04:45

Бие даагчид: Ерөнхий сайдыг огцруулах асуудал улам хурцдана


   УИХ дахь бие даагчдын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гацууртын ордын асуудлыг эцсийн байдлаар эсэргүүцээд дуусгана. Учир нь Гацууртын ордыг ашиглаж эхэлснээр хүнцэлийн хорыг 2000-10000 мянган жилийн хугацаанд саармагжуулахдаа хэдэн зуун мянган ам.долларын зардал гарна. Мөн зуу зуун хүний амь нас эрүүл мэндийн асуудал яригдах нь дамжиггүй. Ирэх 2016 оны сонгуульд зарим нэг аймгийг мандатын тоог цөөрүүлж улмаар нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. төрийн эрх барьж байгаа улстөрийн хүчин өөртөө тохирсон байдлаар хуулийг баталж болохгүй. Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин сууж байгаа энэ үед иргэдийн саналыг үл хүндэтгэсэн арга хэмжээ авч болохгүй юм. Хотожсон гишүүдийн тоог нэмэх арга хэмжээг авч болохгүй шүү дээ. Хөдөөгийн иргэдийн амьдрал ахуй, нөхцөл байдлыг мэддэггүй гишүүдийн тоог нэмэх нь туйлын буруу юм” гэлээ. Мөн бие даагчдын зүгээс Төрийн албаны тухай хуулийг дэмжихээ мэдэгдсэн юм. Гэхдээ тус хуулинд мэргэжлийн бус сайд, ажилтнуудыг төрийн албанд томилохыг хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд алслагийг дэмжиж байгаа аж. Эрүүл мэндийн сайдын томилгоог яаравчуулах ёстой. Тус салбарын сайдыг томилох хуулийн хугацаа дууссан. Хугацаанд нь томилоогүй учир Ерөнхий сайд буруудна. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тэгвэл уг бичгэн дээр нь Эрүүл, мэндийн томилгооны асуудлаас болж гарын үсгээ зурах гишүүдийн тоо  нэмэгдэж байна” гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  “УИХ маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ тухайд Х.Болорчулуун гишүүн цэцийн гишүүний тэтгэвэрт гарах насыг 65 байх заалтыг дэмжинэ. Ингэснээр цэц хариуцлагажина хэмээн үзэж байгаагаа хэллээ. Мөн Улс төрийн намын тухай хуулинд намуудыг хөрөнгөгүй байхаар тусгаж оруулж ирснийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь шударгаар хуримтлуулсан хөрөнгийг хураах асуудал байж болохгүй, зах зээлийн тогтолцоонд хувь хүн ч хөрөнгөтэй байдаг. Нам тодорхой хөрөнгөтэй байж хараат бус тогтолцоонд оршин тогтоно. Үүний зэрэгцээ намуудыг бүртгэх тогтолцоо болон 3000-аас доош хүн амтай сууринд намын анхан шатны нэгж байгуулах заалтуудыг оновчтой бусаар тусгасан гэж бие даагчид үзэж байна” гэлээ. 

Т.Хулан


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно