2015-12-28 04:52

Сайдгүй салбарын дампуурал дээд цэгтээ хүрэх нь


 

 

        Эрүүл мэнд, спортын салбар эзэнгүй нэлээд удлаа. Улс орны хамгийн чухал салбар нь эрүүл мэндийнх. Харин манай улсад уналтад орсон салбарын тоонд ордог ЭМСЯ удирдлагагүй, энэ салбар улам хэцүүдсээр байна. Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн хорьсноос хойш хоёр сар гаруй хугацаа өн гөр сөн ч салбарын сайдаар хэнийг томилох нь тодорхойгүй л байна. Сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоог 30 хоногтхийх ёстой гэсэн хуулийн заалт бий. Гэтэл сайдыг томилох хуулийн хугацаа дуусаад олон хоног өнгөрлөө. Энэ хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийж чадсан ганц ажил нь эрүүл мэндийн салбарыг Шадар сайд Ц.Оюунбаатарт түр хариуцуулснаас өөр шийдвэр гаргасангүй. Уг нь өнгөрсөн хугацаанд МАХН-ын Гүйцэтгэх товчооноос Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч түүнийг нь Ерөнхий сайд голсноо албан ёсоор мэдэгдсэн. Мөн Н.Энхбаяр Шадар сайд, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайд болох хувилбар ч гарсан. Харин энэ хувилбарт Ерөнхий сайд ямар нэгэн хариулт өгсөнгүй. Угаасаа АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайд болгох боломжгүй гэсэн чиглэл өгчихөөд буй. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс авахуулаад асуудал үүсэх нь гарцаагүй. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Эрүүл мэнд, спортын сайдад санал болгох дараагийн хүнээ сонгосон. Энэ удаад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захиралГ.Лхагвасүрэн, багш Б.Амарсайхан нарыг сонгожээ. Ерөнхий сайд өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би эрүүл, мэнд, спортын сайдад Г.Лхагвасүрэн гэж мэргэжлийн хүнийг дэвшүүлэх хувилбарыг илүү дэмжиж байсан ч МАХН-аас өөр хувилбар оруулж ирсэн” хэмээн онцолсон нь бий. Тэгэхээр Ерөнхий сайд мэргэжлийн хоёр хүний аль нэгийг нь сонгох болов уу гэсэн таамаг олон нийтэд үүсээд байна. Өмнө нь эрүүл мэндийн сайдад мэргэжлийн бус хүн томилдог байв. Г.Шийлэгдамба ч мэргэжлийн бус хүн юм. Тиймээс одоо иргэдийн дунд мэргэжлийн, эрүүл мэндийн салбарын ажлыг мэддэг, алдаа дутагдлыг ойлгодог хүн байгаасай гэсэн хүлээлт байгаа юм.

 

ЭМСЯ төсөв батлах, жилийн ажлаа дүгнэх чухал үед сайдгүй байгаа учир шийдвэрлэх асуудал нь овоорч байгааг иргэд шүүмжилж байна. Дээрх хоёр хүнээс хэнийг нь ч сонгосон нэн түрүүнд эрүүл мэндийн салбар сайдтай болох нь чухал байна. Сайдгүй байтугай сайдтай байхдаа хот, хөдөө гэлтгүй төсөв мөнгө нь хүрэхгүй, эм тариа хүрэлцэхгүй байсныг хэн хүнгүй мэднэ. Хүн амын хамгийн чухал салбарт улс төр хийж дуншсаар байтал эрүүл мэндийн салбарын дампуурал дээд цэгтээ хүрэх нь. Тиймээс энэсалбарыг хурдан эзэнтэй болгох хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа.

 

М.Энх

 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно