2015-11-06 04:34

Баатарлаг тариаланчдын трактортой тэмцлийг эргэн дурсахуйд


 

 

Одоогоос 13 жилийн өмнө болсон тракторчдын тэмцлийн гол зорилго нь юу байсан, тэр үед Монголын ардчилалд ямар аюул нүүрлээд байсан, эрх баригчид яаж дураараа аашилж, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байсан талаар л эргэн дурсъя.

Нэрт нийтлэлч Баабар нэгэн удаа “2002- 2004 онд Л.Гүндалайгийн УИХ дээр хэлж байсан үг, хийж байсан тэмцэл, Э.Бат- Үүлийн тракторчдын бослого, миний бичсэн нийтлэлүүд Монголын ардчилалд ихээхэн хувь нэмэр болсон доо” гэж бичиж байлаа.

Газрыг шударгаар хувьчлахын төлөө хөдөлгөөн байгуулагдсан болон трактортой тэмцэл мөн чанартаа ийм юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 оны зургадугаар сарын 28-нд баталсан байдаг.

Тухайн үеийн УИХ дээрх хуулийг иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авалгүйгээр наадмын өмнөхөн яаравчлан баталсан. Энэ хуулиар иргэд газар өмчлөх эрхтэй болсон ч эгэл жирийн тариаланчдад тариалангийн газрыг нь шударгаар өмчлөх эрхийг олгоогүй. Нийслэлийн гэр хорооллын иргэдэд мөн эзэмшиж байсан хашааных нь газрыг өмчлөх боломж олгоогүй байлаа.

Эндээс газрын төлөөх тэмцэл эхлэх нөхцөл бүрдсэн юм. Уг хууль батлагдсаны дараахан улсын наадам болж Монгол даяар их амралтын улирал эхэлсэн. Гэвч иргэдийн дунд ялангуяа газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ аймаг, нийслэлийн гэр хорооллынхны ярианы сэдэв газар өмчлүүлэх хуулийн тухай байв. Тэрхүү яриа өргөн олныг хамарч, хүрээгээ тэлэх тусам Газар өмчлүүлэх хууль иргэний эрхийг ноцтой зөрчсөн нь мэдрэгдэж, хуулийн заалтуудыг хугацаа алдалгүй өөрчлөх шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн. 

Ийм үзэл бодолтой хүмүүсийн тоо нэмэгдсээр Газрыг шударгаар хувьчлахын төлөө хөдөлгөөн" байгуулсан. Анхдугаар хурал нь 2002 оны есдүгээр сарын 28-нд МоАХ-ны “цагаан байр”- ны хурлын зааланд болсон юм. Хуралд Улаанбаатар хотоос Эрдэнийн Бат-Үүл, Догмидын Сосорбарам.Төв аймгаас Шагдарсүрэнгийн Бямбажав, Халтарын Батнэрэн, Гомбын Дашрэнцэн, Хаянхярваагийн Баттөгс, Новиканы Дукат, Батнэрэнгийн Баярмагнай.

Сэлэнгэ аймгаас Буурайн Лувсандагва, Пүрэвсүрэнгийн Жавхлан, Дэмбэрэлийн Баасансүрэн, Чулуундоржийн Ганзориг, Болдын Алтантуяа, Чимэдийн Наранцацралт, Лувсанжавын Отгонгэрэл нар оролцож тус хөдөлгөөнийг байгуулж, хөдөлгөөний тэргүүнээр Э.Бат-Үүл, дэд тэргүүнээр Ш.Бямбажав, тэргүүлэгчдээр Г.Дашрэнцэн, Б.Лувсандагва, Цэрэн-Очир, П.Жавхлан, Х.Баттөгс нарыг баталсан.

Тус хөдөлгөөн нь газар тариалангийн газрыг тухайн орон нутагт амьдарч тариалан эрхэлдэг иргэдэд шударгаар хувьчлан өмчлүүлэх, мөн нийслэлд барилгажих талбай гэх шалтгаанаар хураан авах гэж буй газрыг гэр хорооллын хашаа бүхий иргэдэд хувьчилж өмчлүүлэхийн төлөө тэмцэхээ гол зорилго болгосон юм.

УИХ-ын дарга С.Төмөр- Очир.Ерөнхий сайд Н.Энхбаяр болон нийслэлийн Засагдарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт өгөх өргөн барих бичгийг хэлэлцэн баталж, олон нийтэд хандан сонордуулга гаргаж байлаа. Анхдугаар хурлын тухай материал 2002 оны аравдугаар сарын 01-ний өдөр "Өдрийн сонин”-д бүрэн эхээрээ тайлбартайгаар хэвлэгдэж байсан.

Ер нь тэр үед УИХ дан ганц намаас шахуу бүрдсэн, сөрөг хүчингүй байсан болоод ч тэр үү манай хөдөлгөөний талаар үнэн бодитоор мэдээлдэггүй, харин мушгин гуйвуулж, гүтгэн доромжилж, огт худлаа мэдээлэл гаргадаг байлаа. Энэ хүнд хэцүү үед “Өдрийн сонин” л өдөр алгасалгүй үнэн бодит мэдээлэл цацаж байсан. Манай хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгчөөр Г.Эрдэнэбат гаргуун сайн ажиллаж байлаа.

Тус хөдөлгөөний шаардлагад албан ёсны хариу огт ирүүлээгүй, хуулийн ноцтой заалтуудыг өөрчлөх талаар эрх баригчид ямар нэг алхам хийгээгүй тул тариаланчид, нийслэлийн гэр хороололд оршин суугчдын тэмцпийг трактортой жагсаал, цуглаан хэлбэрээр хийхээр шийдвэрлэж бэлтгэл ажилдаа орж билээ.

Хөдөлгөөний удирдах зөвлөлийн хурлаас трактортой жагсаал, цуглаанд оролцох тариаланчдыг зохион байгуулахаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт Э.Бат-Үүл, Б.Лувсандагва, П.Жавхлан.Төв аймагт Г.Дашрэнцэн, Х.Баттөгс нарыг томилон явуулж байв.

Арваннэгдүгээр сарын 2-ноос Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын төв талбайгаас трактортой жагсаал, цуглаан эхэлж байсан түүхтэй. Сэлэнгэ аймгийн төвөөс эхэлсэн трактортой жагсаалд Ерөө, Хушаат, Баянгол,Орхон сумаас тус бүр гурав, Сант сумаас хоёр, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг сумаас тус бүр нэг, Сэлэнгэ аймгаас бүгд 17, Төв аймгийн Баянчандмань сумаас зургаа, Жаргалант, Заамар сумаас тус бүр гурав, Борнуур сумаас хоёр, Угтаалцайдам сумаас нэг, Төв аймгаас бүгд 15, Дархан-уул аймгийн Хонгор сумаас 2, ний- 34 трактортой 86 тариалан нийслэлийн баруунаас буюу 22-ын товчоогоор жагсан орж ирж байлаа.

22 ын товчоогоор орж ирсэн трактортой тариаланчдын жагсаал туулах зам нь богино ч тулгарсан бэрхшээл. зовлон, саад тотгор нь даанч их байсан.Трактортойгоо тэмцэгчдийн ихэнх нь сумаасаа гараад жагсаалдаа нэгдэж чадалгүй тэр үеийн эрх баригчид, сумдын Засаг дарга, түүний Тамгын газар хэсгийн төлөөлөгчдийн хийсэн үйлдлээс болж нийслэлд ирж чадаагүй юм. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тэмцэгчид маань Эрх чөлөөний талбайд 35 трактороо жагсаан байрлуулсан.

22-ын товчоогоор буюу нийслэлийн баруун талаас жагсан орж ирсэн 34 тракторын тоог 35 болгосон цогтой тэмцэгч бол Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Маньбазарын Энхтүвшин байв. Нийслэлийн зүүн чиглэлийн замыг тэр үеийн эрх баригчид 22-ын товчоо шиг замыг нь хааж хориг тавиагүй учраас М.Энхтүвшин маань шууд Эрх чөлөөний талбайд хувийнхаа трактортойгоо ороод ирсэн байдаг.

Эхнээсээ л трактортой тариаланчдын тэмцэл олны анхаарлын төвд орж, МоАХ-ны болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, Хүний эрхийн төлөөх ТББ- ууд, зарим эмэгтэйчүүдийн байгууллагууд гээд л мөн ч олон байгууллага, иргэд дэмжиж, улс орныг хамарч хүрээгээ тэлсэн дээ.

Эрхээ хамгаалахын төлөө тэмцсэн иргэдийн тэмцлийг Н.Энхбаяр тэргүүтэй эрхбаригчид л нухчин дарахыг оролдож, элдэв хориг саад тавьж, Сүхбаатарын талбайд байрлуулсан тракторуудаа шөнийн цагаар жижүүрлэн хонож байсан тракторчид,тариаланчид, МоАХ-ны гишүүд, тэдний тэмцлийн талаар сурвалжилж байсан сурвалжлагчид, нийслэлийн гэр хороололд амьдардаг зарим иргэдийг шөнийн хоёр цагийн үед нүд ирмэхийн зуур 1000 орчим цагдаагийн хүчээр баривчилж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, хувийн өмч болох тракторуудыг нь дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компанийн бэлтгэгдсэн авто машинуудаар чирж, журмын хашаанд оруулсан байдаг.

Тэгсэн ч тариаланчид маань тэмцлээ цааш үргэлжпүүлэн Төв аймгийн Жаргалант, Баянчандмань сумаас дахин таван тракгор оруулж, 2003оны дөрөвдүгээр сарын 7-нд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 21 сумаас 248 тариаланч явган маршаар нийслэлд жагсан ирээд, нийслэлийн гэр хороололд амьдардаг иргэдийн төлөөлөлтэй нэгдэн Сүхбаатарын талбайд суулт хийсэн юм. Энэхүү суулт бүтэн долоо хоног үргэлжилсэн.

Энэ суултын үед ч эрх баригчид маань үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн тэдний доороо дэвсэж суухаар авчирсан эсгий, хөвөнтэй гудас болон дулаан хувцсыг оруулахгүй цагдаа нараар хураалгах үүрэг өгч, тэмцэгчид цагдаа нарын хооронд үймээн үүсгэж байсны дээр хэсэг цагдаа тэдний заримыг зодож, гаваараа толгойг нь хага цохиж, даанч хүнлэг биш хандаж байсан даа.

Газрыг шударгаар хувьчлахын төлөө хөдөлгөөний удирдах зөвлөлийн гиш.үүд.тус хөдөлгөөний салбар зөвлөлийн дарга нар хуралдаж, суултыг зохион байгуулах зөвлөлөө байгуулж, ерөнхий зохицуулагчаар Төв аймгийн Жаргалант сумын Б.Бунтар, Мэдээлэл сурталчилгааны албыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын Д.Батмөнх, Сургалтын албыг Төв аймгийн М.Ариунболд, Сурталчилгааны албыг Сэлэнгэ аймгийн Сант сумын Ж.Оюунжаргал, Эрүүл мэнд, ахуй үйлчилгээний албыг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Г.Лхагважав нарт хариуцуулан ажиллаж байв.

2002,2003 он дамжин өрнөсөн тэмцэл маань ийм л болж өнгөрсөн дөө. Хэдхэн сарын өмнө Цандэлэг тэргүүтэй Тариаланчдын холбооныхон комбайн, трактортойгоо Чингисийн талбайд жагсаал, цуглаан хийгээд буудайгаа талбай дээр асгаж байгаад хэлэх үгээ хэлээд л явна лээ. Тэдний жагсаалыг хотын шинэ удирдлагууд маань цагдаагаараа хамгаалуулаад тайван л болоод өнгөрсөн. Юм гэдэг ийм л байх ёстой юм байна. 13 жилийн өмнө болсон трактортой тэмцлийн талаар та бүхэнд сэргээн сануулсан нь ийм л учиртай.

Монгол Улсын гавьяат багш Шагдарсүрэнгийн БЯМБАЖАВ


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно