2015-11-04 03:08

Д.Тэрбишдагва: Нэг Төрийн нарийн бичгийн даргаас болж засаг солигдоно гэдгийг би сайн ойлгохгүй байна


 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

 

Төсвийг тодотгохоос өмнө мөнгөө зарцуулсан байсан

 

-УИХ хугацаанаас өмнө тарах ёстой гэх байр суурийг та өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр хэлсэн. Ер нь энэ удаагийн парламент хугацаанаасаа өмнө сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн гэж та үзэж байна уу. Танай бүлэг энэ талаар ярьсан зүйл бий юү?

 

-УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс томилсон ажлын хэсгийг ахалж би байгаа юм. Тэр ч үүднээс 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөлд нарийн дүн шинжилгээ хийж ажиллаж байна.  Хямарлаа, хэцүүдлээ, зарлагаа таналаа гээд оруулж ирж байгаа төслийг харахаар үнэхээр учир дутагдалтай. Цалин хасахаар оруулж ирсэн атлаа эд хогшил, гадаадын аялал, томилолтынхоо зардлыг нэмчихсэн байх жишээтэй.Тэрбум тэрбумаар эд хогшил авна, мөн ийм хэмжээний мөнгөөр гадаадад аялахаар зардлыг нэмж оруулж ирчихээд албан хаагчдын  халаасыг тэмтэрч, цалинг хасахыг урьтал болгож болохгүй. Тухайлбал, дотоод, гадаад томилолт, зочны зардлыг 12 хувиар буюу 3.754.3 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгасан байна. 

 

Тавилга, эд хогшлын урсгал зардлыг мөн 12 хувиар буюу 2.923.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээс үзэхэд төсвийн үрэлгэн зардлуудыг нэмэгдүүлсэн, төсвийн сахилга , хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаагүй байгаа юм. Дотоод нөөц бололцоогоо  нэмэгдүүлэх, уул уурхайн томоохон орд газраас авах авлагаа авах, орлогыг өсгөх чиглэлээр ажиллахгүй байна.

 

Төсөвтөө тодотгол хийхгүй бол зарлага талийлаа, алдагдал 500 тэрбум төгрөгт хүрлээ гэж өнгөрсөн тав, зургадугаар сард Ч.Улаан гишүүн бид хоёр санал гаргаж байсан. Гэтэл хойшлуулж, хугацаа алдсаар алдагдал 900 гаруй тэрбум төгрөгт хүрэхээр 2016 оны төсвийн төсөлтэй давхцуулан өргөн барьсан.  Зэрэгцүүлж оруулж ирэхээр нухацтай хэлэлцэх хугацаа ч байхгүй, тэгсхийгээд асуудлыг шийдчихэж байна шүү дээ. Ийм хариуцлагагүй  ажиллаж болохгүй.  2015 оны төсвийн тодотголоор зарлагыг  оновчтой хэлбэрээр дахин танах, сахилга батыг сайжруулах чиглэлээр хийх зүйл бишгүй л байлаа.

 

-Тухайлбал?

 

-Маш ноцтой зүйл ажиглагдсан.  Төсвийн тодотголд  баахан тоонууд оруулж ирсэн байлаа.Гэтэл  мөнгийг нь аль хэдийнээ зарцуулчихсан байх жишээтэйҮнэндээ төсвийг тодотгож, мөнгөө батлуулаад ажлаа хийдэг болохоос тодотгоогүй байхад зарцуулчихаад тусгахаар оруулж ирэх нь хууль зөрчсөн ноцтой асуудал. Засгийн газар төсвийн тодотголд дэндүү  хариуцлагагүй хандаж өргөн барьсан. УИХ хугацаа шахуу гэдэг нэрээр  мөн л хайнга хандлаа.

 

Мөн 2016 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийхэд үнэхээр судалгаа тооцоогүй, авцалдаагүй, оновчгүй зүйл бишгүй байна. Эдийн засаг хүнд, хямралтай байна гэсэн хэрнээ  олон хүнийг халж, сольж, бүтцийг нь өөрчилнө гэж оруулж ирж байна. Тухайлбал, Худалдан авах ажиллагааны газар шилэн тендер явуулсны үр дүнд жилд 108 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байсан. Гэтэл үүнийг татан буулгана гэж оруулсан байх жишээтэй. Газрын тос, Ашигт малтмал, Татвар, Гаалийн ерөнхий газрыг  нэгтгэнэ гэсэн. Ингэж бүтцийн өөрчлөлт хийхэд ямар үр ашигтай талаар судалсан судалгаа, тооцоо алга. Цээжний пангаар асуудалд хандаж болохгүй шүү дээ. Байгууллагыг нэгтгээд гоё нэр өгснөөр ажил сайжрахгүй.  Ажлаас халагдсан баахан хүмүүс шүүхээр  явна. Гэнэт халагдсныхаа тэтгэмжийг авч таарна. Тэгэхээртэмээн дээр ямааны гарз гэж зардал нэмэх зүйлүүд гаргаж ирээд байна. Үүнээс гадна АСЕМ-тай холбоотой зардлын асуудлууд байгаа. 2015, 2016 онд улсын төсөв болон Хөгжлийн банкнаас нийт 350 тэрбум төгрөгийг АСЕМ-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд зарцуулах гэж байна. Хямралын үед ингэж зарцуулах нь зөв юм уу. Энэ мэтчлэн ярих асуудал их байна.

 

УИХ тарах талаар гаргасан байр сууриа хамгаална

 

-Хоёулаа УИХ тарах ёстой гэсэн байр суурь руу тань эргээд оръё. Тэгэхээр та дээрх үндэслэлүүдээс болж энэ үгийг хэлсэн гэсэн үг үү?

 

-Дээрх зүйлүүд болон өөрийн итгэл үнэмшил, олон удаагийн судалгаан дээр үндэслэж байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, сонгууль болтол 7-8 сарын хугацаанд үйл ажиллагаагаа “хангалттай” явуулж чадахгүй, гадаадад, дотооддоо  ч нэр хүнд нь унасан байдалтай байна. Олон түмний амьдрал уруудаж, эдийн засгийн байдал хүндэрч, нийгмийг хамарсан хөдөлгөөн ч өрнөж мэдэхээр боллоо.  

 

Бүгдээрээ улс төрийн зориг гаргаад УИХ-ын гишүүнээсээ татгалзаад тарцгааяИйм УИХ-тай, ийм Засгийн газартай хол явахгүй нь. Ард түмний санал асуулга явуулаад, парламентыг тараагаад эрүүл саруулаар сэтгэдэг дараагийн хүмүүст ажлыг нь өгч хийлгүүлье гэж хэлсэн л дээ. Энэ талаар бүлгийн хурал дээр ч байр сууриа илэрхийлсэн.  Шударга ёс бүлгээс “ярилцъя”  гэсэн. Гэхдээ  албан ёсоор шийдвэр гаргаагүй. Удахгүй тодорхой  шийдвэрийг бүлгийн зүгээс гаргах байх.

 

УИХ хугацаанаасаа өмнө тарахад мэдээж сөрөг үр дагаврууд бий. Бас бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллаад сонгуульд оролцох хүсэл гишүүдэд байгаа л даа. Миний хувьд сонгогчдынхоо  итгэлийг  хүлээж, төрд тэднийгээ  төлөөлж ажиллахаар  сонгогдсон элч нь. Амин хувийнхаа эрх ашигт хүлэгдэж, өнөө маргаашаа аргацаая гэсэн бол  ийм уриалга гаргахгүй л дээ.  Гэхдээ олон түмний итгэл хугарч, эсэргүүцэл, дургүйцэл гаарч, эдийн засаг хямарч, баялгийг гадныхантай нийлж цөөхөн олигархиуд хамж байгааг харахаар  өөрчлөлт хийх цаг болжээ гэж эрхгүй бодогдох юм.

 

УИХ, засаг төр болохгүй байна гэж шаардаж байгаа учраас ард түмнийхээ дуу хоолойг илэрхийлж, байр сууриа илэрхийлсэн л хэрэг. Гэхдээ ингэж хэлчихээд орхичихгүй. Шийдвэр гаргуулахын төлөө ажиллана гэж бодож байгаа.

 

-УИХ хугацаанаас өмнө тарна гэдэгт би лав итгэхгүй байна. Ер нь ямар тохиолдолд УИХ энэ асуудлыг хэлэлцэх ёстой байдаг юм бол?

 

-Ард түмний  санал асуулга явуулаад шийдэж болох л юм билээ. Хэрвээ улс орон даяар санал асуулга явуулахад түмэн олон  “Чи буруу ярьж байна. Хугацаагаа дуусга” гэвэл тэр шийдвэрийг хүндэтгэнэ.

 

-Эрх барьж буй нам дотооддоо бужигнаантай байх шиг байна. Үүнээс болоод Засгийн газрыг огцруулах асуудлыг хүртэл ярьсан гэх. Үүн дээр УИХ тарах ёстой гэсэн таны үг бас жин дарж байх шиг байна. Үнэхээр Засгийн газар огцрох ёстой юу?

 

-Нэг экс Төрийн нарийн бичгийн даргыг баривчилснаас  болоод засаг төр өөрчлөгдөхгүй байлгүй дээНамууд доторх  фракц хоорондын зөрчил гаарч, зөрчилдөөн нь ширүүсч, төр засгийг тогтворгүй байдалд хүргэх хандлага ажиглагдах болсныг нуугаад яах вэ. Улстөрчид эрх ашгийнхаа эрэмбийг зөв тогтоох хэрэгтэй. Эхлээд хувиа, бүлэг фракцаа , дараагаар нь намаа, эцэст нь эх орноо боддог болжУлстөрчдийн амин хувийнхаа, бүлэглэлийнхээ эрх ашгийн урьтал болгодог явцуу байдал нь  улс орны хөгжлийг хойш нь чангааж байна шүү дээ. 

 

-УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа. Огцруулах бичигт та гарын үсэг зурсан уу. Та намын дэд даргын хувьд намыхаа гишүүдийг уг бичигт гарын үсэг зур, зурж болохгүй гэсэн чиглэл өгсөн үү?

 

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал учраас тэд өөрсдөө шийднэ. Монгол Улсын Ерөнхий сайдаас Оюутолгойтой холбоотой асуудлаар бүлэг дээр тайлбар авах ёстой. Ямар боломж, гарц байна вэ гэдгээ ярилцах шаардлагатай. Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хуралдаанд мэдээлэл өгөхөөр байсан ч ирсэнгүй. Ойрын хугацаанд тайлбар, мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Би одоохондоо огцруулах бичигт  гарын үсэг зураагүй байна.

 

Улс төрийн бүлэглэлүүд, гадаадын эдийн засгийн “алуурчидтай ” нийлчихээд Монголчуудын “үүц”  хэмээдэг Оюутолгой төслийн өрмийг хуу хамцгааж байна шүү дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Шинэчлэлийн Засгийн газрын үед Оюутолгой төсөлд баримтын шалгалт хийгээд 3.2 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Үүний тодорхой хувийг оруулж ир. Дубайд очиж байгуулсан төлөвлөгөө нэртэй луйврын гэрээгээ зас” гэсэн шаардлагыг тавьсан. Одоо болтол хариу өгөөгүй. Сайжруулах чиглэлээр ямар ч  алхам хийхгүй байна.

 

С.Батзаяа

Эх сурвалж: EAGLE.mn


Сэтгэглдэл: 5

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин (202.9.42.66 / 2015-11-05 05:47 )

    Нүүрсчид нэг бол нүүрсээ идээд үхье үгүй бол нүүрсний төлөө тэмцээд үхье гэж шийдсэн байна. Монголын жинхэнэ авлигач нар. Ер нь Монголыг хэн удирддагийг мэдэхүү

  • зочин (203.91.118.178 / 2015-11-04 09:22 )

    УИХ тарах нь зөв дараагийн сонгуульд нэрээ бүү дэвшүүл тэгвэл нэр бүтэн үлдэж шудрага хүн юмдаа гэх байхдаа

  • зочин (203.91.118.178 / 2015-11-04 09:20 )

    УИХ тарах нь зөв дараагийн сонгуульд нэрээ бүү дэвшүүл тэгвэл нэр бүтэн үлдэж шудрага хүн юмдаа гэх байхдаа

  • Г.Батнасан (202.179.10.94 / 2015-11-04 08:49 )

    Элбэгдоржийн гадаад дахьнэр хүнд, хувийн эрх ашгаас Монголын эрх ашиг илүү. Эртхэн учираа гаргаад, уучлал гуйгаад өөр бяртай улс оронд хийлгүүлчихлээ гээд тэр АСЕМ-ийн орнууд Монголыг муухай харахгүй л байх

  • зочин (202.9.40.219 / 2015-11-04 05:17 )

    АСЕМ гэдгээсээ уучлал гуйгаад боль гэрээ зараад хурим хийлээ гэдэг шиг юм болж байна нэг хүний далд санааг биелүүлэх гэж монгол улсаа үнстэй хольж болохгүй