2015-10-02 09:07

Д.Арвин: Улс төрийн өнгө гэснээс эдийн засгийн өнгөө тодорхойлох хэрэгтэй


УИX-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Намрын улс төр эхлэх гэж байна. Улс төрийн нөхцөл байдал болон намрын улс төрийн өнгийг хэрхэн тодорхойлох вэ?
-Улс төрийн өнгө гэснээс эдийн засгийн өнгөө тодорхойлох хэрэгтэй. Бид хангалттай улс төр хийлээ. МАН Засгийн эрхэнд байхдаа эдийн засаг сайн сайхан байхад сургууль, цэцэрлэг, хот доторх зам, гэр хороолол, байшин хороололд олигтой зүйл хийж чадаагүй. Цалин, тэтгэвэр, халамж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дорвитой зүйл хийгээгүй нь үнэн. Мөнгө ихтэй байхдаа юу ч хийлгүй хүн бүрт 21 мянган төгрөг тараагаад дууссан. Ийм л улс орныг АН хүлээж авсан юм. Харин мөнгөгүй энэ үедээ бид сургууль, цэцэрлэг, зам, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд томоохон зүйлсийг хийж байна. Айлууд мөнгөтэй байхаар сагаж, мөнгөгүй үедээ тооцоонд ордог доо. Яг л тэр замаар манай улс явж байгаа. Би мөнгөтэй үед ч тэр Их хурлын гишүүн явсан. Тэр үед улсын мөнгөөр тухайн үеийн Засгийн газар, Их Хурал бүгд л туйлдаг байсан. Өнөөдөр эдийн засаг агшиж, мөнгө үр дүнтэй зүйлд зарцуулагдаад эхэлчихлээ. Улсын төсөв ихээхэн хэмжээгээр тасарч байгаа энэ үед томоохон ордуудаа хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Зээл, тусламжийг яах вэ гээд АН-ынхан бодож байгаа. Удахгүй Сангийн сайд Төсвийн тодотгол оруулж ирнэ. Сая Хятадад 10-аад хоног байх үед нэг зүйл ажиглагдсан. Хятад нарийн тооцоотой, төсвийн мөнгөө зөв зарцуулж эхэлснээр Хятад улс дэлхийд хөрөнгөтэй орон боллоо. Манай улс эдийн засгийн зөв зарчим руу ороод явъя гэхээр өмнө нь их мөнгөөр туйлаад сурчихсан хүмүүсийн уур нь хүрдэг. Си Жиньпин дарга харин улсын мөнгөөр туйлсан 100 гаруй хүнийг шийтгэж байна. Хятадын жишгийг харахад төрийн албан хаагчид, улстөрчид улсын мөнгө рүү орохгүй болохоор улсын эдийн засаг дээшилдэг юм байна гэдгийг би Хятадад очоод харсан. Үүндээ бид дасах ёстой. Айл өрх 100 төгрөгөө хувааж чадаж байхад улс 100 төгрөгөө хувааж чадах л хэрэгтэй. Одоо хувааж сурдаг болох хэрэгтэй. Ер нь бол идээд сурчихсан хүмүүс идэх юмгүй болохоороо “Монгол Улс хэцүүдлээ”, "Гадны хөрөнгө оруулалт зогслоо" гээд байх шиг байгаа юм даа, ингэж бухимдаж байгаа нь инээдэмтэй л байна. Тиймээс Монгол Улс төсвийн мөнгийг үрэлгэн, буруу зарцуулдаг байдлаасаа салах хэрэгтэй.

Мөнгөтэй байна гэдэг чинь нэг өөр. Мөнгийг зөв зарцуулна гэдэг чинь бүр өөр асуудал. Мөнгө байхгүй боллоо гэхээсээ илүүтэйгээр эдийн засаг яаж зөв явах вэ гэдэг шалгарлын өмнө Монгол Улс ирчихлээ.

-Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Улс төрийн намуудын болон Сонгуулийн тухай хууль багтаагүй байна.
-Улс төрийн намуудын тухай хуулийг яаралтай батлах ёстой. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх цаг болсон. Харин жил бүр Сонгуулийн хуульдаа гараа дүрдэг байдлаа болих хэрэгтэй. Бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа ганц хууль бол Улс төрийн намуудын тухай хууль гэдгийг дахин хэлье. Улс төрийн намууд тогтворгүй, улс төрийн намууд буруу үйл ажиллагаа явуулж буйгаас шалтгаалан улс орны хөгжил хойшоо татагдаж байгаа.

Улс төрийн намууд хамаатан садан, найз нөхөд, өөрсдийн гар хөлөө Төрийн албанд томилж байна. Улс төрийн намууд хариуцлагатай байх цаг нь ирсэн.

-Өршөөлийн хууль дээр ямар бодолтой байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихсан. Одоо нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдана...
-Би улс төрч хүнийхээ хувьд, эмэгтэй хүн гэдэг утгаараа ард түмнээ өршөөсөн шиг өршөөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Яахав ээ, одоо энэ Өршөөлийн хуулиараа бүх хүнээ гаргаад дараа нь хууль тогтоомжоо сайжруулах хэрэгтэй.

Хууль тогтоомж, хариуцлагагүй байдал нь өөрөө хүмүүсийг хэрэгт оруулж байгаа зүйл болж харагдаж байгаа л даа. Хөрөнгө мөнгөтэй холбоотой хүмүүсийг өршөөх гэж байна гээд баахан л ярилаа. Үнэндээ мөнгө санхүүтэй холбогдсон хэдхэн нягтлан л байгаа юм билээ. Харин толгойнууд нь байхгүй байна. Тэр утгаараа Өршөөлийн хуулийг дэмжиж байгаа хүний нэг нь би. Тэр утгаараа бүх хүмүүсийг өршөөх ёстой гэдэг хатуу байр сууринд байсан. Гэхдээ одоо нам болон бүлэг ямар шийдвэр гаргана түүнийг л дагана даа.

-Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Тэр утгаараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Хэрэгжилт нь ямархуу байгаа бол. Эдийн засагт нөлөөлөх зүйл мэдрэгдэх болов уу?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр татварыг өршөөхгүй гэсэн байгаа. Тэр утгаараа татвар дээр асуудал байхгүй. Өнөөдөр бол бизнесийнхэн хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа байлгүй. Төсвийн хөрөнгөөр бизнес хийдэг хүмүүс, гадаадтай хамтарсан бизнесүүд сайн сайхан яваа. Мөнжгөрөөрөө яваа бизнесийнхэн хэцүү байна.

Тиймээс мөнжгөрөөрөө яваа бизнесийнхнийг Татварын өршөөлийн хуульд хамруулчихаасай гэж бодсон. Харамсалтай нь тэгээгүй. Жижиг зах зээлтэй манайх шиг орны хувьд бизнесменүүдээ төр засгийн зүгээс дэмжих, татвар, экспорт, импортын бодлогоороо дэмжих ёстой. Монголд 10 талхны үйлдвэр байгуулахад л борлуулах зах зээлгүй болж хаалгаа барина.

Ийм хүн цөөнтэй улсад татварын болон эдийн засгийн бодлогоо төр зөв ухаанаар авч явах ёстой. Манайхан Өндөгний үйлдвэртэй байж гаднаас өндөг оруулж байна. Сүүний үйлдвэртэй байж мөн л сүү оруулж ирдэг. Өөрсдөө ногоогоо тарьдаг хэрнээ гаднаас ногоо импортолдог гээд эдгээр зүйлсээ цэгцлэх хэрэгтэй.

-Сүүлийн үед Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэдэг яриа газар авч байна. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдлаас болж гадны хөрөнгө оруулагчид манайд итгэх итгэлээ алдсан гээд байгаа. Энэ үед ийм алхам хийхийг та зөвшөөрөх үү?
-Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахгүй гэдэг дээр АН-ынхан гарын үсэг зурсан. Тиймээс огцрохгүй байх. Манайхан өөрсдөө телевиз, хэвлэлээр хэтэрхий их улстөржиж байгаа болохоор ийм мессэж тараад байна.

Уг нь хариуцлагагүй Засгийн газар, хариуцлагагүй сайд нарыг өөрчлөх бол байх л ёстой асуудал. Засгийн газрыг тогтвортой байлгана гээд өмнө нь зарим хүнийг дөрвөн жил Ерөнхий сайдаар ажиллуулахад юу хийж байсан юм. Болохгүй бол огцруулаад явдаг жишиг чинь ардчилсан нийгмийн зарчим. Түүнээс биш үүнтэйгээ эвлэрээд явж болохгүй.

Чөлөөт ардчилсан нийгэмд хаан залчихсан биш солих зүйлсээ солиод явах шаардлагатай. Үүнээс болоод засаг төр тогтворгүй боллоо гэж ярих нь утгагүй. Харин ч эрүүлжих зам руугаа орж байна гэж харах хэрэгтэй. Өмнө нь юу ч хийлгүй найман жил шавар арслан шиг суусан Ерөнхийлөгч нар манай улсад байсан. Харин одооны Төрийн тэргүүн юу хийж байгаа билээ. Бүгд харж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дээр манай нам шийдвэрээ гаргасан.

-Таны сонгогдсон тойрюгт хуучны байруудыг буулгаж шинэ байр барих асуудал нэлээд хэл ам дагуулж байна гэсэн юу болов. Мөн 14 дүгээр сургуулийн барилга гээд нэлээд асуудалтай газрууд байсан даа...
-Баянзүрх дүүргийн хувьд Монгол Улсын хамгийн их хүн амтай дүүрэг. Манай дүүрэгт шинээр гуравдугаар төрөх аравдугаар сарын нэгний өдөр ашиглалтад орох гэж байна. Баянзүрх дүүргийн дөрвөн газарт хүн амьдрах нөхцөлгүй барак орон сууцанд хүмүүс амьдардаг байсан. Одоо тэр байруудыг буулгаж шинэ орон сууцтай болгохоор Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ажиллаад эхэлсэн. Энэ нь хэдийгээр Их хурлын гишүүний хийх ажил биш ч гэсэн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүний хувьд хийх ёстой гэж бодсон. Ийм орчныг өөрчлөхгүй юм бол Баянзүрхээс сонгогдсон гишүүн гэж хэлүүлэх эрхгүй гэж боддог.

Хуучин байруудыг буулгаснаар 800 гаруй өрх шинэ орон сууцанд үнэгүй орж, цаана нь 5000 гаруй өрх шинэ орон сууцанд орох нөхцөл бүрдэнэ. Миний хувьд хөрөнгө мөнгөний оролцоо байхгүй ч гүйцэтгэгч компанийг нь олохын тулд БНХАУ-д очиж 10 гаруй хоног хөөцөлдлөө.

Манай дүүрэгт улсын ууган 14 дүгээр сургууль хаагдаад гурван жил болж, сурагч, багш нар маш хүнд байдалтай байна. Би 14 дүгээр сургуульд 1-4 дүгээр ангидаа сурч байсан. Сургуулийн барилгыг шинээр бариулахын тулд УИХ-ын гишүүд бид, БСШУ-ны сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга руу олон удаа хандсан боловч нэгэнт улсад мөнгө байхгүй юм чинь хэцүү л дээ. Ямартай ч Концессд оруулж аравдугаар сарын 15-нд 14 дүгээр сургуулийг буулгаж шинээр барихаар БНХАУ-д очиж хүмүүстэй уулзаж байж концессийн гэрээгээр нэг жилийн дотор бариулахаар санамж бичигт гарын үсэг зураад ирлээ.Мөн Баянзүрх дүүрэгтээ Хог боловсруулах үйлдвэр бариулахаар хөөцөлдөж л байна.

-Энэ жил Хятадыг чөлөөлөх дайны ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Та харин Дорнодын Халх голд очиж баатруудын хөшөөг сэргээн засварлаж, цэцэг өргөөд, Жанчхүүгийн даваанд очоод ирсэн гэв үү?
-Манай аав 1939, 1945 оны дайнд биеэрээ оролцож явсан хурандаа хүн байдаг. 1939 оны Халх голын дайнд манай аав Арвантавдугаар морьт хороонд пулемётчиноор, 1945 оны Хятадыг чөлөөлөх дайнд Монгол Улсын баатар, хурандаа Д.Нянтайсүрэнгийн удирдсан Хуягт бригадын Хувьсгалт залуучуудын эвлэлийн ажлын туслахаар ахлах дэслэгч цолтой оролцсон юм.

Монгол Улсын хилийн цаана БНХАУ-ын нутагт Жанчхүүгийн даваанд Японы эзлэн түрэмгийлэгч нараас Хятадыг чөлөөлөх дайнд залуучуудаа удирдан орсон. Эвлэлийн гишүүдээс Л.Аюуш, Д.Жанчив нарын зэрэг Монгол Улсын 10 баатар төрсөн байдаг.Ямартай ч Хятадыг чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулж БНХАУ-ын нутагт Жанчхүүгийн даваанд байдаг амь үрэгдсэн Монголын 13 дайчныхаа хөшөөнд (энэ хөшөө нь Орос, Монголын дайчдад зориулсан цогцолбор хөшөө юм) очиж аавынхаа өмнөөс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

1939 оны дайны ялалтын баяр болгоноор Халх гол дахь хөшөөнүүдэд цэцэг өргөдөг уламжлалтай. 1939 оны дайнд баатарлагаар амь үрэгдсэн цэргүүдийн хөшөө байдаг. Аав маань тэр хөшөөнд хүндэтгэл үзүүлж, эргэн тойрон дахь хогийг нь биднээр цэвэрлүүлдэг байсан юм.

Манайхан тэр хөшөөг сэргээн засварлаж, цэцэг өргөдөггүй байлаа. Тэр хөшөөг хайгаад олтол эвдэрч сүйдсэн байхаар нь засварласан. Энэ хөшөөг засварлах ажилд Дорнод аймаг болон Халх гол сумын иргэд чин сэтгэлээсээ тусалсанд талархаж байна.

Э.ЭНХБОЛД

 

Сэтгэглдэл: 8

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • bgl (69.9.107.111 / 2016-09-14 01:54 )

    Bodit amidral deerxi emegtei DYLZEN,

  • o (202.131.238.150 / 2016-04-14 04:55 )

    арвин гуай нөхөн олговороо авмаар байна өрөнд орж үхлээ,Арай дэндэж байнааа

  • zochin (27.123.213.226 / 2015-10-09 13:06 )

    ene neeree gutsdag awgai shar hadand yawuul taarna

  • (103.26.194.170 / 2015-10-09 04:44 )

    Эрхэм гишуун авгай орон гаран байсан бол одоо гаран гаран.... яанадаа яана?

  • ЗОЧИН (202.179.11.134 / 2015-10-09 02:33 )

    дүнгээ өгч эхэлнээ /өмнөх сэтгэгдлийн үргэжлэл шүү/

  • ЗОЧИН (202.179.11.134 / 2015-10-09 02:32 )

    Өмнөх УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлага юу хийсэн энэ УИХ, Засгийн газар, Нийслэийн удирдлага юу хийсэнийг зөв л хэлсэн байна. Өмнөх нв бэлэн мөнгө тараасан, энэ УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлага бүтээн байгуулалт хийсэн.Зарим нь шууд үр дүнгээ өгч байна, зарим нь дараа жилүүдээс үр

  • ЗОЧИН. (112.72.13.243 / 2015-10-07 09:02 )

    Унэнхээр ийм УИХ -ын ийм гишуудтэй байхад яаж зов бодлого явагдах вэдээ.

  • Баавар (112.72.13.60 / 2015-10-04 00:04 )

    Эрхэм гүшүүн ээ.Та энэ ярилцлагаа сэрүүн байхдаа өгсөн биз. Мөнгөгүй энэ үедээ гэж юу донгосоно вэ. Чингис бонд, Самурай бонд гээд монголын түүхэнд байгаагүй их өр тавьж олж ирсэн чинь мөнгө биш үү. Таныг бодлогогүй чалчдаг зантай гэдэг энэ мэтээс харагддаг шүү. Чааваас ийм л УИХ-ын гишүүдтэйдээ бид