2015-09-02 03:09

Д.Тэрбишдагва: Намаа сэлгэнэ гэсэн нь гүтгэлэг



УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-МАХН-ынхан анхан шатны байгууллагуудад хүрч ажиллаж байна. Төвийн бүсийн гишүүд, дэмжигчдийн хувьд юунд илүүтэй шүүмжлэлтэй хандаж байна вэ?
-Шударга биш байдал Монголын нийгэмд тогтож байна. Ярихдаа шударга ярьдаг. Бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Анхан шатны байгууллагуудынхаа төлөөллийн үгийг сонсч байхад аймаг, орон нутагт үүссэн бэрхшээл, ард түмний дунд байгаа зовлонг арилгаж, засч сайжруулах талаар олон санаа хэлж байлаа. Энэ нь бидний цаашдын үйл ажиллагаанд маш их тус  болохоор энэ удаагийн зөвлөлгөөн ач холбогдолтой боллоо.

-Ялгаагүй л орон нутгийн иргэд ч Өршөөлийн хуулийг хүлээж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд авлига, албан  тушаалын хэргийг өршөөж болохгүй гэдгээ илэрхийлж, хориг тавьсан. Харин УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хоригийг ямар учраас хүлээж авахгүй байгаа вэ?
-Өршөөлийн хууль гарах ёстой. Гэхдээ эрүүгийн Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын дэмжих хуулийг ялгахгүй байна. Бүх асуудлыг Өршөөл үзүүлэх хуулиар тайлбарлаад байна. Яг үнэндээ ил тод байдлын хууль ноцтой. Хөрөнгөө гадна, дотно байршуулсан хүмүүсийг, байгалийнхаа баялгийг янз бүрийн аргаар наймаа хийгээд баяжчихсан, гадаадад их хэмжээний хөрөнгө байршуулж, том том хаустай болсон, зарим нь банкинд байгаа хөрөнгөнийхөө хэмжээг мэдэхгүй байгаа ийм хүнийг өршөөж байна. Хэдийгээр өршөөж болох ч тодорхой хэмжээний татварыг улсад өгөхөөр зохицуулах хэрэгтэй байсан. Тэгэхгүй өршөөх нэрийдлээр гадна, дотно нуусан хөрөнгө, гэмт үйлдлээ баталгаажуулж хамгаалаад байна. Жинхэнэ хэрэг дээрээ анх удаа алдаа дутагдал гаргасан, шударга ёсоор шоронд сууж байгаа тэр хүмүүсийг өршөөхгүй гэсэн нь Монгол төрийн бусармаг үйл ажиллагаа.

Би Монгол Улсаас Холбооны Герман улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан. Элчин сайд хүн гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн хүн амины хэрэг хийсэн ч хамгаалж, нутагт нь буцаах ажлыг хөөцөлддөг. Монгол төрийн тэргүүн өөрийн алдаа, дутагдлаасаа гэмт хэрэг хийсэн хүн болгоныг эцэг шиг нь хайрлаж, зөвлөж, дэмжихээс гадна өршөөж байх ёстой. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөлийн хуулийг гаргаж байгаа бол төрийн тэргүүн зөөлрүүлэх талаас ярих биш хориг тавьж байгаа нь зүйд нийцэхгүй. Өршөөлийн хуульд хориг тавьж байгаа анхны тохиолдол, түүх энэ боллоо. Үүнийгээ авлига, хээл хахууль гэдэг үгээр яриад байх шиг байлаа. Жинхэнэ авлига, хээл хахуулийн асуудлыг өршөөж байгаа нь Эдийн засгийн ил, тод байдлыг дэмжих хууль. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй өршөөл нэрийн дор бүгдийг нь өршөөж байгаа юм биш. Томоохон луйварчдыг ил тодын хуулиар өршөөж байгаа.

-Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хуучин намдаа очно гэдэг зүйлийг яриад эхэллээ. Үүн дээр тайлбар өгөхгүй юү. Үнэхээр намаа сэлгэх гэж байгаа юм уу?
-МАХН-ынхаа чуулганд оролцож, үзэл бодлыг нь тайлбарлаад явж байгаа хүнийг тэгж ярьж байгаа нь цаанаа зохион байгуулалттай үйл ажиллагаа. Нэг зүйлийг хэлэхэд, Ч.Улаан гишүүн бид хоёр Оюутолгойн гэрээний 3,2 тэрбум ам.долларын зөрчлийг нотлох баримттай илрүүлсэн. Тиймээс 3,2 тэрбум ам.доллараас тодорхой хэмжээг Монгол Улсад ашигтай байдлаар өгөх ёстой. Дубайд үзэглэсэн гээд нэг айхтар гэрээ гараад ирсэн. Үүнийг эсэргүүцэж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт хүн ажиллахдаа багийн тоглолтоор явах хэрэгтэй. Тиймээс Дубайн гэрээг засч, сайжруулаагүй тохиолдолд бид хамтран ажиллах, ямар нэгэн сайдын албан тушаал авах боломжгүй. Ерөнхий сайд нь 3,2 тэрбум ам.долларын зөрчлийг зөрчил биш гэж үзээд байна. Бид Оюутолгойн хоёр ажилтан нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй суугаад санхүү эдийн засаг, уул уурхай, хяналтын байгууллагаар шалгуулахад бүгд л гарын үсэг зурсан. Гэтэл зөрчлийг арилгасан шалгалтыг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг Дубайд гарын үсэг зурсан нь өөрөө ёс зүйгүй. Тиймээс ёс зүйтэй, багаараа хамтарч ажиллахын тулд нэгдмэл ойлголттой байх ёстой. Энэ нөхцөл байдалд “Засгийн газарт хамтарч ажиллах боломжгүй” гэж хэлснийг магадгүй янз бүрээр сөргүүлж ярьсныг үгүйсгэхгүй. Аль эсвэл “МАХН, МАН угшил гарлаараа нэг, найз нөхөд, хоорондоо яагаад уулзаж болохгүй вэ” гэсэн үгийг мушгиж бай ч болох юм. Би МАХН-ын дэд даргаар ажиллаж байна. Намаа сэлгэнэ гэсэн нь илэрхий гүжирдлэг гүтгэлэг.

С.БАЯСГАЛАН

Эх сурвалж: http://www.newscom.mn/
 

 

Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • tuwshee (103.10.23.18 / 2015-09-04 14:23 )

    ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ АЛААД ТЭДНИЙ БАЙГУУЛСАН БАЙГУУЛСАН МАН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН ТЭДНИЙГ 1 ЛАМ ИРЖ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ БАЙСАН ОДОО Ч ЯГ ЭНЭ АРГА БАРИЛААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА ЧИНЬ ХУДЛАА ЮУ АЛУУРЧИН НАМЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АА. ТЭГЭЭД ЗОГСОХ