2015-09-01 03:57

ЯАЯ ДАА, БАЙЗ... ЭНЭ Э.БАТ-ҮҮЛ ДАРГЫГ


 

Ардчилсан намын толгой лидерүүд буруу зөнөж байгаа бололтой. Буруу зөнөгчдийн тэргүүн эгнээнд хотын дарга Э.Бат-Үүл гуай жирийж явах юм. Монгол хүний үг хэлэх эрх, эрх чөлөөтэй амьдралыг бид цогцлоон бүтээсэн гээд яриад байдаг өнөөдрийн эрх баригчид ард түмний эрх чөлөөг улам боогдуулсаар байгаа нь ямар учиртай юм бол. Хотын даргын гэр хорооллын дахин төлөвлөлт нь үлгэрийн далай болж бантсандаа нийтийн тээврийн шинэчлэл гэгч хэнд ч хэрэггүй, иргэдийг хүндрүүлсэн, нэг нөхрийн бизнесийг тэнгэрт тултал нь дэмжсэн “шинэчлэл”-ийг хэрэгжүүлсэн. Гэтэл энэхүү шинэчлэл нь газар авсангүй. Баахан хүний хараалыг идээд дуусав. Их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутны 80 гаруй хувь нь хотын алслагдсан дүүргээс явдаг. Ядаж байхад оюутны смарт карт нь хэвлэгдээгүй, бүр арванхоёрдугаар сард хагас дутуу хэвлэгдэж хэдхэн оюутны гар дээр очих сураг байна. Тэр болтол оюутнууд халааснаасаа мөнгөө гаргаж нийтийн тээврээр зорчино. Өнөөдрийн богино ресээр бол алслагдсан дүүргээс явдаг оюутнууд хоёроос гурав дамжиж байж сургуулийнхаа барааг харах болчихоод байна. Энэ тухай өчигдөр их дээд сургуулиудын оюутны холбооны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Хотын дарга балагтай шинэчлэлээ эргэн харж, нягталж үзэхгүй бол тэмцлийн ямар нэгэн хэлбэрт шилжихээ мэдэгдээд авна лээ. Нийтийн тээврийн шуугиан дуулиан, угсраа автобусны эвдрэл гэмтлийн яриа алсарч амжаагүй байхад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт иргэдэд үнэндээ таалагдсангүй.

Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн торгуулийн мөнгөн дүн нь есөн мянган төгрөгөөс нэг сая хүртэл төгрөгөөр торгоно гэж заасан байна. Мөнхүү удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно гэж байгаа. Тэгвэл их хотын ид ачаалалтай үеэр замын түгжрэлд орж удаан зогссон бүх автомашиныг торгоно гэсэн үг үү. Бас хэт их ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцвол 48000 төгрөгөөр торгоно гэжээ. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолоочийн ядарсан үгүйг хэн тогтоох вэ, хотын дарга аа. Зам дээр өдөржин өнждөг замын цагдаа өөрөө ядралттай, дээрээс нь жолоочийн ядарсан эсэхийг шалгаж тогтооно гэдэг бэрх асуудал. Эсвэл цагдаа нартай хамт эмч нар зогсох юм уу. Нэг л ойлгомжгүй. Бүр болохгүй бол замын цагдаа нараа бүгдийг нь ЭМШУИС-ийг эрчимжүүлсэн байдлаар төгсгөвөл таарна. Тэгж байж л жолоочийн ядарсан эсэхийг тогтооно. Өөр ямар ч арга байхгүй. Мөн дөрвөн ам бүлтэй, дундаж орлоготой айл дундаа нэг автомашин хэрэглэх нь түгээмэл. Гэтэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд тухайн автомашины эзэмшигч биш л бол тухайн автомашиныг жолоодох эрхгүй болж байгаа юм. Энэ бол арай л биш ээ. Монголчууд бүгдээрээ хахаж цацсан баян улс биш. Дөрвөн ам бүлтэй айл нэг автомашинаа дундаа хэрэглээд, яваад болоод л байсан. Одоо харин шинэ хуулиар яагаад ч болохгүй. Шууд л торгуулна. Ядаж байхад торгуулийн мөнгөн дүн нь тэнгэрт тулчихсан өндөр. Өнөөдрийн байдлаар монголд нэг сая төгрөгийн цалин авдаг хүн хэд байгаа билээ. Тэдгээр хүн сарынхаа цалинг торгуульдаа өгчихөөд юу идэж, юу өмсөж амьдрах вэ. 500 мянган төгрөгийн ажилтай хүн бол машин бариад ч хэрэггүй. Аягүйдвэл нэг сая төгрөгийн торгууль нь санаандгүй байтал хүрээд ирдэг хоёр сарын цалин салхинд хийснэ гэсэн үг шүү дээ. Амьдралд наалдацгүй хуулийн үнэн төрх ийм л байна. Энэ хуулийн цаана хэн нэгний мөнгө угаах нарийн арга ч нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй. Цаашлаад их хотын иргэн болж амьдрахад ч бэрхшээлтэй болж байх шиг. Байсхийгээд л дугаарын хязгаарлалт, энэ ч юмны шинэчлэл, тэр ч юмны шинэчлэл гэсээр байгаад хотын иргэд залхаж гүйцлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нэгэнт батлагдаад гарчихсан болохоор одоо яалтай билээ. Харин иргэдийн бухимдлыг маш ихээр төрүүлж байгаа нийтийн тээврийн шинэчлэлээ эргэж нэг хармаар юм даа, хотын дарга аа. Болохгүй байгаа бол буцаагаад хуучин хэвэнд нь оруулчих. Болж байгаа юм шиг царай гаргаад гэдийгээд суугаад байхаар чинь иргэд бүр их бухимдаад байна шүү дээ. Төгсгөлд нь нэг зүйлийг сануулахад дөрвөн жилийн дотор гэр хорооллын нэг ч айл халуун устай, тохилог 00-тай болсонгүй дээ, хотын дарга аа. Энэ амлалт чинь бас л үлгэрийн далай болсон уу.

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Үнэн.мн

С.БУЯН


Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Гангаа (182.160.36.11 / 2015-09-28 06:55 )

    метро гэдэг юмыг зохиож л татвар төлөгчдийнхөө хөрөнгөөр тоглов дооо

  • tuwshee (103.10.23.18 / 2015-09-04 14:28 )

    ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ АЛААД ТЭДНИЙ БАЙГУУЛСАН БАЙГУУЛСАН МАН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН ТЭДНИЙГ 1 ЛАМ ИРЖ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ БАЙСАН ОДОО Ч ЯГ ЭНЭ АРГА БАРИЛААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА ЧИНЬ ХУДЛАА ЮУ АЛУУРЧИН НАМЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АА. ТЭГЭЭД ЗОГСОХ

  • иргэн (103.26.193.251 / 2015-09-02 13:33 )

    Бат-үүл гуай хийж чадахгүй байгаа нь тодорхой байгаа шдээ гэр хороололын талаар юу гэж ямар сайхан ирээдүй байна гэж ярьж байснаа санамаар юмдаа ардчилалын нэр барьсан юм нууд болмоор байнашдээ.

  • DANAA (124.158.107.38 / 2015-09-02 01:05 )

    Нөгөө хотын метро бүүрч үлгэр болсон ийм энгийн зүйлийг тэр их хөрөнгө,албан ёсны эрх эдлээд ухаан нь хүч хүрэхгүй байна.Мэдлэг боловсролтой залуу боловсон хүчнээр хотын удирдлагуудыг солих цаг нь болсон юм биш үү.Батүүл даргаа та бусадыг уриалж зайгаа тавьж өгнө үү.1990 оныг санагтун.Юм ээлжтэй.