2015-08-24 02:28

Ч.Улаан: Ачаа үүрч байгаа намууд асуудлаа шийдээд төрийн ажил хиймээр байна


 

Өвөл хаяанд ирээд буй энэ үед улс төрийн амьдрал бужигнаж, Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудал дээр тохиролцож чадахгүй сууна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Өвөлжилтөд бэлтгэх ёстой атал сандал ширээний хэрүүлээс болоод энэ ажил цалгардаад байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ажлаа хийх ёстой. Намар болдгоороо болно. Энэ жилийн өвөл амаргүй болно гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Тиймээс цаг нартай уралдаж, өвөлжилтийн бэлтгэлийг базааж, ажлаа явуулмаар байна. Сандал ширээний хэрүүл шуугиан гэсээр их цагийг алдаж байгаа. Одоо хийж байгаа ажил гэж бараг алга. Наймдугаар сар шувтрах гэж байхад найр наадам дуусаагүй байна. Өмнө нь наймдугаар сар гарав уу үгүй юу найр наадмаа зогсоогоод өвөлжилтийн бэлтгэлийг хангадаг байсан.

 

-Сайдуудын томилгоон дээр намууд дотроо учраа олохгүй байх шиг байна л даа?

-Хариуцлага хүлээж ачаагаа үүрч байгаа намууд ажлаа цэгцлээд төрийн ажлыг явуулмаар байна. Асуудлын цөм нь чухам хаана, хэнд, юунд байна вэ гэдэг нь ойлгомжгүй байна.

 

-Ээлжит бус чуулган хэзээ зарлагдах вэ?

-Уг нь өнгөрсөн долоо хоногт зарлана гэж байсан ч зарласангүй. Энэ долоо хоногт цуглах байлгүй дээ. Тэгээд асуудлаа шийдээд ажлаа түргэн хиймээр байна.

 

-Ерөнхийлөгч Өршөөлд үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Хувь гишүүнийхээ хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг олон талаас нь авч үзэн нухацтай ярих ёстой. Аль аль талдаа л асуудал байна. Тиймээс ул суурьтай ярих нь зөв байх. Мэргэжлийн хуульчдын ярьж байгаагаар хаана хаанаа ярих асуудал байгаа юм билээ.

С.Аз 

эх сурвалж: EAGLE.MN


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно