2015-08-18 04:57

Р.Гончигдорж:Элбэгдоржийн хэлсэн үг Ерөнхийлөгчийн амнаас унах үг биш шүү


УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Өршөөлийн хуулийг баталсан нь УИХ-ын ээлжит бус чуулганы гол үр дүнгийн нэг байлаа.Гэхдээ ийм их эсэргүүцэлтэй байхад УИХ заавал энэ хуулийг батлах хэрэг байсан юм уу?
-Хаанаас эсэргүүцсэн гэж.

-Жишээ нь, Ерөнхийлөгч хориг тавина гэчихлээ, МАН-ын бүлэг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.
-Аан, албан тушаалтнуудаас уу.  

-Тийм ээ, албан тушаалтнууд эсэргүүцэж байна. Ер нь энэ хуулийг хэнд зориулж гаргасан юм бэ?
-Энэ хууль бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шатнаас чөлөөлөх асуудлыг шийдэж байгаа. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан гарч байгаа хууль л даа.

-Өршөөлийн хуулийн давтамж ойртоогүй юу?
-Хамгийн сүүлд 2009 онд Өршөөлийн хууль гарч байсан. Энэ удаагийнх үүнээс зургаан жилийн дараа гарч байна. Ер нь өмнөх Өршөөлийн хуулиудыг хараад байхад арай богино давтамжтай гарч байсан л даа.Том ойнууддаа зориулж гаргадаг шүү дээ.Энэ удаагийнх ч мөн адил.Ардчилсан сонгууль болж, ард түмэн өөрсдөө мэдэж төрөө байгуулдаг болсон гэдэг бол агуу зүйл.Тэрний 25 жилийн ойд зориулж өршөөл үзүүллээ.Ардчилал гэдэг нэг талаас хүнд дандаа боломж олгох байдаг юм.Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахиад нэг удаа боломж олгоё.Та сайхан амьдраад, үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт амьдралыг ахиад нэг удаа сайн сайхнаар эхлүүлээч гэсэн ийм л хууль. 1990 оны ардчилал  ард түмэнд боломж өгсөн. Тэр эрх чөлөөг, боломжийг яаж ашиглаж, үр дүн бий болгох нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.Тэгвэл  25 жилийн дараа алдаж, оносон хүмүүстээ ахиад нэг удаа боломж олгоё гэж байгаа юм. Боломж олгоё гэдэг нь өөрөө ардчиллын том үзэл санаа.

-Тэгвэл яагаад 25 жилийн өмнө ардчилсан сонгууль явуулахын төлөө тэргүүн эгнээнд явж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хуульд хориг тавина гэж мэдэгдэв ээ. Энэ хуулийг Ерөнхийлөгч ч тэр, сөрөг хүчин МАН-ынхан ч ялгаагүй авлигачдад зориулсан хууль боллоо гэж дүгнэж байна шүү дээ?
-Ерөнхийлөгчийг бид анхны ардчилсан Ерөнхийлөгч гэж авгайлдаг нь үнээн. Гэхдээ ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж гаргасан хуульд ардчилсан Ерөнхийлөгч маань хориг тавьчихлаа гэж би хувьдаа сонсоогүй.

-Прокурорын байгууллагын ойд оролцож хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ мэдэгдчихсэн ш дээ.
-Тэр бол өмнөх мэдэгдэл. Магадгүй хуулийн эцсийн найруулгыг нь уншаад ямар байхыг би мэдэхгүй байна.Хоёрт, энэ хууль авлигачдыг өршөөж байгаа юм биш.Харин ч авлигын нэг үндсийг тасалж хаяж байгаа гэж бодож байгаа.Үүнийг зөвхөн Өршөөлийн хуулиар ч ярих ёсгүй юм.УИХ-аас сая баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хууль хоёр нийлээд чухал зүйлийг бий болголоо.Тэр нь боломж.

-Авлигачдад уу?
-Үгүй ээ, би чамд хэдхэн жишээ хэлье.Одоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар боломжийн тухай ярья л даа. Магадгүй Татварын хуулийн, төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны янз янзын бэрхшээлээс болоод өөрийнхөө хөрөнгийг ил тод болгож болдоггүй байдал зөндөө байдаг гэдэг. Нэг нуучихсан хөрөнгөө ил болгож болдоггүй, нуусан юмных нь үр дүнд бий болсон зүйлээ дахиад нуудаг байдал яваад байдаг.Тэгвэл боломж олгоё.Одоо бүх хөрөнгө, орлогоо шинэчилсэн бүртгэлд оруулчих.Үүнээс цааш бүх юм нь гэрэл гэгээтэй яваг л дээ.Шилэн данс гэдэг шиг л ил болго. Ардчиллын нэг чухал зүйл чинь ил тод байдал ш дээ. Магадгүй төрийн бодлогын хүндрэлээс болоод хүн нэг удаа тодорхой юмаа нуучихаж, хаачихаж. Тэрийгээ цааш нь ил болгож байж амьдрах боломжийг нь гаргаж өгсөнгүй. Улам цаашаа нуухаас өөр аргагүй байдал руу оруулаад явчихж. Тэгвэл дахиад боломж олгоё.Та нуух хаах юмгүй сайхан амьдар. 25 жилийн өмнө хүмүүс бодлоо нууж хөнжилдөө шивнэдэг байсан. Тэгэхэд бодлоо та яриач, нуух хэрэггүй гээд эрх чөлөөг нь олгосон.Харин одоо бол магадгүй зах зээл рүү шилжээд янз янзын шалтгаанаар орлого, хөрөнгө цуглуулж, татвараас зугтаасан байж болно.Тэгвэл 25 жилийн өмнө үг хэлэх боломж олгосон шиг одоо хөрөнгөө ил гаргах боломжийг өгье.Ийм л зүйл байгаа.Өршөөлийн хууль энэ хуультайгаа шууд холбоотой.

-Ийм л агуулгатай хууль юм бол хэрэг мөрдөж шалгадаг албан тушаалтнууд яагаад дургүй байгаа юм бэ. Бүр Өршөөлийн хуулийн комисст ч орохгүй гэдгээ мэдэгдэх хүн гарлаа?
-Албан тушаалтнууд дургүй байх нь аргагүй ш дээ. Би түрүүнд энэ хууль авлигын эсрэг, авлигатай тэмцэх чухал зүйл гэж яагаад хэлснээ тайлбарлая. Авлига гэдэг нэг талаас албан тушаалтнууд янз янзын аргаар дарамталж, хүндрэл учруулж, тэгээд шийдвэр гаргах эрх мэдлээрээ дулдуйдаж бусдаас мөнгө авах л асуудал биз дээ.Тэгвэл энэ хуулийг баталснаар УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдгээ харуулж чадлаа.Хамгийн наад зах нь өнөөдөр гишүүдийг янз бүрээр дарамталдаг.Тийм юм чинь байгаа шүү, тэрийг чинь хэлнэ шүү, ингэнэ шүү гэдэг.Тодорхой зорилготой хуулийг гаргах, эсвэл гаргуулахгүй байх асуудал дээр ингэж дарамталдаг гэдэг.Эсвэл улс төрийн тодорхой зорилготой шийдвэр гаргуулахын тулд ингэдэг байсан.Ийм байна гэдгийг ч зарим гишүүн ил тод хэлсэн удаатай.Энэ бол хамгийн дээд талын төвшин нь.Тэгвэл одоо УИХ-ын гишүүдэд ямар ч дарамт, шантааж үзүүлэх боломжгүй боллоо. Би энэ үгээрээ гишүүдийгээ гэм буруутай, гэм буруугаа нуусан гэж хэлээгүй юм шүү.Энэ бол жишээ.Үүн шиг энгийн нэг бизнес эрхэлж байгаа хүн тэр дарамтаас чөлөөлөгдлөө. Магадгүй өмнө нь нэг удаа татвараас зугтаасан байхад нь “Чи тэгэхэд тэгсэн ш дээ” гээд шантаажилдаг хэрнээ хэргийг нь ил гаргаж хэлдэггүй. Шүүх рүү оруулдаггүй. Харин “Үүнийг чинь гаргах уу, яах вэ” гээд Х.Тэмүүжингийн хэлснээр саалийн үнээгээ болгочихдог. Тэгвэл одоо энэ хүмүүс чөлөөлөгдлөө.Өөрөөр хэлбэл, энэ хоёр хууль нийлээд албан тушаалтнуудын, тэр тодорхой хэргээр шантаажилдаг хүмүүсийн дарамт, шахалт, авлигыг үгүй болголоо.Энэ чинь авлигатай тэмцэх зорилгын нэг мөн биз дээ.Өнөөдөр зарим албан тушаалтныг албан тушаалынх нь үүргээр энэ хуулийн комисс руу оруулж байхад “Орохгүй” гэсэн гэнэ лээ.Энэ бол том дохио юм. Арга байхгүй энэ УИХ өнөөдөр нүдийг нь олоод, цагийг нь тааруулаад Өршөөлийн хуулийг гаргачихжээ гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, энэ хуулиудыг гаргаснаар тэр хүмүүс сумтай буутай байсан бол сумыг нь хураагаад авчихж байгаа юм. 

-Одоо шалгагдаж байгаа авлигын маш олон хэрэг энэ хуулиар хэрэгсэхгүй боллоо гэдгийг АТГ-аас хүртэл мэдэгдлээ шүү дээ. Гэтэл та эсрэгээр нь яриад байх юм.
-Тийм ээ, сонссон, бүр харсан. Нууц хуралдааны дэглэмээр явж байсан тэр материалыг “Нууцын тэмдэг” дараагүй байсан гэдэг шалтаг хэлж ил тавьсан ш дээ.Уг нь тэр тусмаа “Энэ материал дээр “нууцын тэмдэг” тавиагүй алдчихсан байна.Нууц задарч мэдэх нь” гээд манайх руу давхиж ирэх байтал тэрийг задалж л байдаг.Яагаад гэвэл, АТГ-ын “тодорхой юм” байхгүй боллоо ш дээ.Өнөөдөр авлига авсан хэргээр хэдэн хүн гэмт хэрэгтэн болсон гэдгийг чи мэдэх үү?

-Нарийн мэдэхгүй юм. Хэдэн хүн бэ?
-Хэдэн хүн энэ хэргээр ял авсан бэ гэхээр гарын таван хуруунд л багтана. Хэн бэ гэхээр заримдаа өрөвдмөөр л байдаг ш дээ, нуугаад яахав.Тодорхой хэлье л дээ, хамт гишүүн байсан Д.Дондог байна.Нэг хүнд юм хийж өгье гэсэн, тэгээд юм авчихаж л дээ. Би хэргийг нь нарийн мэдэхгүй байна. Гэхдээ нэг тиймэрхүү л юм болсон гэдэг.Тэгээд яасан гэхээр Д.Дондог юмыг нь бүтээж чадаагүй, нөгөө хүн нь гомдол гаргаад хэрэг болчихж байгаа юм. Эндээс харахад Д.Дондог гишүүн эрх мэдлээ ашиглаагүй байна ш дээ, ашиглаж чадаагүй байна. Хэрэв ашиглаад тэр асуудлыг нь шийдчихсэн бол нөгөө хүн нь гомдол гаргах уу, үгүй. Эрх мэдлээ ашиглаж чаддаггүй болохоор л, тэр асуудлыг нь бүтээх эрх мэдэл алга учраас л Д.Дондог хэрэгтэн болж байгаа юм. Үүний нөгөө талд нь асууя л даа. Юм аваад, асуудлыг нь бүтээж чаддаг хүмүүс нь хаана байна, хаана явна.Тэрийг нь мэдэж байна уу. Мэдэж байгаа бол тэрийг нь яагаад гаргахгүй байгаа юм бэ.Тэрийгээ юунд ашиглаад байдаг юм, юунд ашиглах гэж өдийг хүртэл дараад байдаг юм бэ. Тийм учраас л авлига өгсөн, авсан, зуучилсныг нэг удаагийн өршөөлд хамруулсан юм. Энэ долоодугаар сарын 2-ноос өмнөх хэргүүдэд шүү дээ. Хэрэв үнэхээр тийм хэргүүд байсан бол илрүүлэх үүрэгтэй газрууд нь яагаад илрүүлэхгүй зогсож байсан юм, яагаад дараад байсан юм бэ л гэж асууя. Юунд ашиглах гэж байсан юм бэ.Энэ бол асуулт мөн биз. Үнэхээр л илрүүлж чадахгүй байвал хүнийг найм, есөн сараар нь хорьдог. Тэгээд илрүүлж чаддаггүй, шорон оронд байлгаж байгаа нь өөрөө дарамт, шахалт, эрүү шүүлтийн шинжтэй болоод л. Тэгвэл одоо больцгоо.Уг нь албан тушаалтнууд хуулийг хүн болгонд адилхан хэрэглэх ёстой юм. Нэгийг нь мэдээд шууд хэрэгтэн болгодог, нэгийг нь мэдсэн хэрнээ хэрэгтэн болгодоггүй сааж байдаг. Энийг больё.Одоо нэг системд оруулъя. Ингэж алагчилж байгаа нь төрийн буруу байхгүй юу.Одоо яадаг гэхээр муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг УИХ руу заадаг. Тэгвэл УИХ энэ бүхнийг чинь дуусгалаа. Одоо шинэ Эрүүгийн хууль, шинэ Зөрчлийн хууль гаргана. Үүнтэйгээ холбогдуулаад хууль хяналтын, мөрдөн байцаалтын, шүүн таслах асуудлыг 25 жилийн дараа цоо шинэ шатанд нь гаргая л гэж байгаа юм.

-АТГ-ын мэдэгдлээс харахад “Бидэнд хийх ажил үлдсэнгүй. Шалгаж байсан бүх хэргийг хэрэгсэхгүй болгоод төрөөс өчнөөн хөрөнгө завшсан асуудал эргэн төлөгдөхгүй боллоо” л гэж байна лээ ш дээ. Тэр их дүнгээр хэмжигдэх мөнгөөр төр хохироод л үлдэх үү?
-Тэд нарын хийчихсэн юм нь тэгээд хаана байгаа юм бэ?

-Яг шалгаж байхад нь УИХ Өршөөлийн хууль гаргачихаж байгаа юм биш үү?
-Шалгаж байгаа юм нь хаана байгаа юм. Шалгаад тогтоосон нь хаана байгаа юм.Тогтоох гэж хэдэн сар жил болдог нь ямар учиртай юм бэ.

-Г.Дэнзэн, Л.Гансүх гээд л жишээ ярьж байна лээ.
-Энд нэг зүйлийг би зориуд залруулж хэлье.  Энэ хүмүүсийг би мэднэ.Хэзээ ч энэ хоёр хүн Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Яагаад гэвэл, Өршөөлийн хуульд “Заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байна. Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ердийн журмаар хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ”  гэж байгаа. Энэ хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй. Гэм буруугүй гэдгээ нотлох хүртлээ шүүхээрээ л явна.Өөрсдөө ч тийм мэдэгдэл гаргасан байна лээ.

-МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэдэг ш дээ. Тэр нь энэ Өршөөлийн хуульд хамрагдах уу?
-Яахаараа нэг хүнд Ерөнхийлөгч нь уучлал үзүүллээ, дахиад л энийг нь үргэлжлүүлээд яваад байдаг юм, мэдэхгүй. Хэрэг нь өөрөө үргэлжилж байгаа бол нэг асуудал.Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 2-ноос өмнө хэрэг үйлдэгдээд, тэр хэрэг нь үргэлжлээд явж байгаа бол өөр хэрэг. Хэрэв дуусгавар болсон хэргийн тухай ярьж байгаа бол хэрэг өршөөгдөнө. Яах гэж ганцхан хүн рүү онилоод энэ болгоныг хийгээд байгаа юм гэж хүмүүс ч бодож байна ш дээ. Улс төрд олон жил явсан хүний хувьд харахад яахаараа дандаа тодорхой юм руу онилдог юм бэ.Энэ бол бүх юманд адилхан үйлчлэх ёстой хууль.Тэр хүн улстөрч байна уу, өндөр албан тушаалтан байна уу, жирийн иргэн байна уу адилхан л үйлчлээд явах ёстой.

Ер нь АТГ-т хандаж хэлэхэд тэдний хийх ёстой хамгийн том ажил бол соён гэгээрүүлэх. Одоо тэд баярлах ёстой.“Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиуд гарлаа иргэд ээ, албан тушаалтнууд аа.Одоо бид шинэ үе рүү орлоо.Авлига гэдэг ийм, ийм юм байдаг юм” гээд соён гэгээрүүлэх хэрэгтэй.АТГ гэдэг тодорхой эрх мэдэлтнүүдийн гартаа барьдаг буу зэвсэг биш, төрийн хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах чиг үүрэг бүхий байгууллага.

-Ер нь энэ удаагийн Өршөөлийн хуулийн гол үзэл баримтлал юу юм бэ?
-Өршөөлийн хуулийн үзэл баримтлал их тодорхой.  Шинэ гарах гэж байгаа Эрүүгийн хуулийн ялын бодлогын үзэл баримтлал руу чиглэсэн. Одоогийн Эрүүгийн хууль болохгүй байна гээд бид шинэ үзэл баримтлалтай Эрүүгийн хууль хийгээд явж байгаа биз дээ.Тэгэхээр шинэ хууль руугаа чиглэсэн. Энэ хэрэг хийсэн хүн өмнө нь ямар түүхтэй байх нь хамаагүй. Ерөөсөө л хүн сая хийсэн хэрэгтээ л ял зэмийн тухай асуудал яригдах ёстой.Түүнээс энэ хүн тийм хүн байсан юм, ийм хүн байсан юм гэдгийг больё.Хоёрт, хүн ялаа эдлээд дууссан л бол энэ хүн ялтай байсан, ял эдэлж байсан гэдэг хар дансанд оруулахыг больё. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцох хугацаа гэж барьдгийг байхгүй болгоё гэж байгаа.Тийм учраас Өршөөлийн хуулиар ч ялгүйд тооцох хугацаа гэдгийг өршөөн хэлтрүүлсэн. Гэхдээ бусдад хохирол учруулсан байвал тэр хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Өнөөдөр бол бүх авлигачийг өршөөчихлөө гээд байгаа.Хэрэв үнэхээр бүх авлигач гэдгийг нь мэдсэн юм бол, ялангуяа ингэж хэлж байгаа төрийн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох учиртай.Авлигач гэдгийг нь мэдсэн хэрнээ тэрийг нь тогтоох ажил руу яагаад оруулаагүй юм бэ гэж асууя.

-Тэгэхээр ялгүйд тооцох хугацааг өршөөхөөр Өршөөлийн хуулиар өршөөгдсөн бүх хүний сонгогдох эрх шууд сэргэх үү?
-Сэргэнэ. Ер нь яагаад хүнийг чи өмнө нь тийм хэрэг хийж байсан гээд хар дансанд оруулах ёстой юм бэ.Энэ чинь ардчилсан ойлголт мөн үү. Ер нь 25 жилийн өмнө бид ардчилсан хувьсгал хийхдээ хар данстай байсан явдлыг шударга биш гээд эсэргүүцээ биз дээ.Эсэргүүний хүүхэд, болдоггүй хүүхэд гээд дандаа болдоггүй жагсаалтад оруулж байсныг нь болиулсан шүү дээ.Шинэ Эрүүгийн хуулийн агуулга ч ийм л байгаа.

-Байгаа хуульдаа тохи­руулж биш, батална гэж төлөвлөж байгаа хуульдаа тулгуурлаж өршөөл үзүү­лэх нь зөв үү. Жишээ нь, Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийг УИХ батлахгүй ч байж болно шүү дээ.
-25 жилийн өмнө Улсын бага хурлаас эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулж гаргасан нэлээд олон хууль тэр үеийн Үндсэн хуультай зөрчилддөг юм. Тэр үед Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол төрийн байгууллынх нь хувьд өөрчлөлт оруулсан байдаг.Түүнээс эдийн засгийн асуудлыг зохицуулаагүй байсан.Тэгэхэд л Бага ху­рал хувийн сургуулийг зөв­шөөр­сөн Боловсролын тухай хууль гаргаж байлаа.Тэр үеийн Үндсэн хуулиар бол хориотой зүйл ш дээ.Мал хувьчлах, цэнхэр, ягаан та­сал­бараар үйлдвэрүүдийн хувьцаа эзэмших асуудлыг шийдээд л. Үнэндээ бүгд Үндсэн хуультайгаа зөрчилдөж байсан.Өөрөөр хэлбэл, Улсын бага хурал хуучин Үндсэн хууль яаж байна гэхээс илүү ирээдүйд гарах шинэ Үндсэн хуульдаа тулгуурласан.Тэгээд л 1992 оны Үндсэн хуулийг баталсан шүү дээ.Тэрэнтэйгээ тэр баталсан хуулиуд нь яв цав нийцсэн.

-“Авлигачид цагаадсан тэр өдрөөс  эхэлж Монгол төр харлана” гэж  Ерөнхийлөгч анхааруулсан байна лээ.
-Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр нь авлигач гэж хаягладаг бол амнаас унах үг биш шүү. Мэдэж л байсан юм бол тэрийг нуун дарагдуулсан гэдгээр тэр хүмүүс өөрсдөө асуудал руу орох ёстой шүү. Энгийн иргэн хүн биш шүү, иргэн Дорж биш шүү.

-МАН-ынхан бас Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байна лээ. 
-Ц.Нямдорж гишүүн хэлсэн байна лээ. Хуулиар хийсэн төрийн эргэлт боллоо гэж. Би үүнийг эерэг талаас нь харж байгаа юм.Үнэхээр УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хэнээс ч хараат бусаар, хэний ч дарамтгүйгээр өнөөдөр жинхэнэ хууль тогтоох дээд байгууллагын гишүүний үүргийг чөлөөтэй эдлэх боломж руу орж ирж байна.Хуулиараа УИХ эрх мэдлээ бүрэн өөртөө олж авлаа даа.

-Та эерэг талаас нь тайлбарлаад байх юм. 
-Би ингэж л хэлсэн байх гэж бодож байгаа. 

-Үгүй ээ, АН авлигачдыг өршөөх хуулийг хүч түрэн баталлаа гэж МАН-ынхан мэдэгдсэн ш дээ.
-Би тэрийг нь мэдэхгүй байна. Ер нь бол оролцох үүрэгтэй бол оролцох үүргээ биелүүлээд юмаа хийж байх ёстой. Гэтэл оролцоогүй ш дээ.Цөөн хэдэн гишүүн л оролцсон. Ер нь бол юмнаас хоцорч үлддэг хүүхдүүд байдаг даа. Хүүхдүүд хоорондоо зодолдоход хоцорч үлдчихээд тэд нарыгаа баалах нь хамгийн муухай. Сүүлд хэчнээн зодолдсон ч байлаа нөгөө хоёр нь “Бид хэдийг зодолдоход ард үлдчихээд...” гээд найзынхаа жагсаалтаас хасдаг л биз дээ.

-Түрүүнд та албан тушаалтнууд сумгүй боллоо гэж хэлсэн. Шууд асуухад АТГ сумгүй болсон гэсэн үг үү?
-Тийм, гаргаж байгаа характерыг нь хар л даа. Ц.Нямдорж гишүүн ч тэгж бодож л “Төрийн эргэлт боллоо” гэж хэлсэн байх.Үнэхээр ч УИХ-ын эрх мэдэл өөр газрууд руу шилжчихсэн байсан.УИХ үүнийгээ буцааж өөртөө авлаа.Гэхдээ би АТГ-ыг бүхэлд нь баалахгүй ээ, бүхэлд нь буруутгахгүй. Институцийн хувьд хийж байгаа ажил, явуулж байгаа үйлдлээс нь л дүгнэлт хийсэн юм. Энэ бол хууль биелүүлж л ажиллах ёстой газар. Хуулийг яаж гаргах эрх нь УИХ-даа хадгалагддаг биз дээ.Дуугүй л байх ёстой ш дээ.

-Өршөөлийн хууль яг хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ?
-Батлагдсан өдрөөсөө. 

-Хориг тавих хугацааг хүлээх үү?
-Хууль хүчин төгөлдөр болчихсон. Хориг тавих юм бол тэр тавьсан хоригтой холбоотой хэсгийг л дахин ярина шүү дээ. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш нь дэмжих юм бол хоригийг хүлээж авдаг. Би хувьдаа УИХ-ын гишүүд олон удаа ярьсан энэ хуулиа өөр янз янзын хүчин зүйлээс болж өөрчлөхгүй байх гэж найдаж байна.
 

Үндэсний шуудан


Сэтгэглдэл: 11

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • (216.147.190.153 / 2015-08-24 04:04 )

    Gonchigoo guai dnoos garch eliireerei,chinii sain zuil hiisniig medehgui l yum bna,monhiin UIHurald suusan yum shig gaihuulsan hun be yasan,ard tumnee boddoggui, darga naraa hamgaalaad suuj baidag,Teriigee bas Ardchilaliin huuli gechihjee, hamriin tamhindaa dontood manarsan yumuu daa,

  • tuwshee (103.10.23.35 / 2015-08-20 01:06 )

    ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. ХАМГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ЧАДВАРЛАГ НЬ АРДЧИЛСАН НАМ.

  • tuwshee (103.10.23.35 / 2015-08-20 01:06 )

    ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. ХАМГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ЧАДВАРЛАГ НЬ АРДЧИЛСАН НАМ.

  • Лха (122.201.21.15 / 2015-08-19 12:48 )

    Бузар аргаар хөрөнгөжсөн улсуудыг өршөөх болож байна уу даа .Хамрын тамхи ухаан санаанд чинь нөлөөлөөгүй биз дээ ? Өөрийн ухаан байна уу ? Эрхэм багш аа .Ийм ч сэтгэлтэй , ийм ч ухаантай болчих гэж дээ .Хайран толгой

  • setgegdel (122.201.21.251 / 2015-08-19 07:14 )

    Tuilshraad baigaa setguulchid eniig neg unshaad uzeesei niigemd medeelliig neg talaas bish olon talaas ni shudraga hurgetsegee setguulchdee

  • tuwshee (103.10.23.58 / 2015-08-18 14:39 )

    УРЬД ӨМНӨ ХЭЗЭЭ ДАРГА НАРЫН ИДСЭН ЗАВШСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭДЭГ БАЙСАН ЮМ ? ЗӨВХӨН А,Н СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛСОН. ТИЙМ УЧРААС ЗӨВХӨН А.Н- Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАЖ ЧАДНА. Ш.Ү ХӨДӨЛГӨӨН . 88583399

  • tuwshee (103.10.23.58 / 2015-08-18 14:17 )

    Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шу

  • зочин (203.194.113.58 / 2015-08-18 08:15 )

    60 хүрээд зөнөөд байна уу? авилагчидад тал засаад зориуд зөнөглөөд байна уу?

  • Tailal (202.180.218.8 / 2015-08-18 08:07 )

    Eniig ter erumhiilugch n unshaasaa

  • bold (112.72.13.109 / 2015-08-18 05:52 )

    mAlaas d matematikch...

  • zochin setgegdel (202.131.233.154 / 2015-08-18 05:21 )

    medehgui munginaad erguuteed bgaa zuvhun 1 hund ziulagdsan huuli meteer oilgood bgaa humuus neg unshaad uzeesei