2015-06-29 03:20

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын өрөөгөөр зочиллоо


 

“Гишүүдийн өрөөгөөр зочилъё” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцлоо. Тэрээр Төрийн ордны дөрөвдүгээр давхарын 453 тоот өрөөнд суудаг юм.  

-АРДЫН НАМЫН АНХНЫ ДАРГЫН ЗУРГИЙГ ХАНАНДАА ӨЛГӨЖЭЭ-

УИХ-ын гишүүн Я.Содбаатар хоймортоо Монгол Улсын төрийн далбаа, Монгол Ардын намын тугаа залжээ. Мөн Абтай сайн хаан болон Өндөр гэгээн Занабазар, Сайн ноён хан Намнансүрэн, Монгол ардын намын анхны дарга Солийн Данзан нарийн зургийг ханандаа байрлуулсан байв. Тэрээр зураг бүхэнд түүх өгүүлж, тайлбарласан юм.

“Абтай сайн хаан бол Алтан ургийн хүн. Миний удам бол Түшээт хан аймаг, Сайн ноён хан аймгийн улсууд байсан. Тэр утгаараа энэ нутгуудын холбогдолтой зүйлүүдийг шүтэж явдаг. Манай аав тал Архангай, Өвөрхангайн заагаар нутаглаж байсан. Миний аавын өвөө тухайн үед Гүн цолтой Цэвээнжав гүн гэж хүн байсан. Ах дүү их олуулаа. Нэг хэсэг нь хойшоо Хойд Тамир хүртэл нутаглаж амьдарч байсан. Нэг хэсэг нь Өвөрхангайн Бат-Өлзийн нутгаар нутаглаж байсан.

Ээж тал маань Түшээт хан аймгийн Түшээ гол хошуу буюу Хархорин Эрдэнэзуугийн хүмүүс. Манай өвөө дөрвөн настайгаасаа Эрдэнэзууд ирж сурч байсан. Сүүлд Эрдэнэзуу хийдийн хурал сэргэхэд хамба лам, даа лам хийж байсан буурал байсан” гэлээ.

Мөн тэрээр “Монголчууд бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж гарсан гурван хүн байдаг гэж үздэг. Тэр нь Чингис хаан, Хубилай хаан, Занабазар гэдэг. Энэ жил Өндөр гэгээний 380 жилийн ой тохиож байгаа. Нутгийн хүүхдийн хувьд энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг Засгийн газарт тавьж, Өндөр Гэгээний мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Хороон хүрээнд олон улсын түвшинд хэд, хэдэн хурал зохион байгуулах, ойн баяр наадам зохион байгуулах, Өндөр гэгээний явуулж байсан үйл ажиллагааг олон түмэнд түгээн сурталчлах чиглэлээр нэлээд олон талт ажлууд хийгдэж байна” гэлээ.

Сайн ноён хан Намнансүрэнгийн зураг хэмээн заагаад “Монгол Улсын анхны Ерөнхий сайд. Манай өвөг эцэг болох Цэвээнжав гүнтэй ойрхон ажиллаж явсан гэдэг түүхэн баримт байдаг. Тийм учраас өврийн сайхан хангай нутгаас гарсан анхны Ерөнхий сайд гэдгээр нь бэлэгшээдэг юм” гэлээ. “Энэ их түүхэн, ховор зураг. Нутгийнхаа ойд хананы хивс болгож тараасан. Барьж байсан хөөрөг, өмсөж эдэлж хэрэглэсэн зүйлүүд нь тод гарсан байдаг. Өнгөрсөн жил Сайн ноён хан Намнансүрэнгийн Оросод айлчилсан 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Сайн ноён хан Намнансүрэнгийн Оросод айлчилсан видео бичлэг түүхэн баримтуудыг Монголд авчирч, Өвөрхангай аймгийн орон нутаг судлах музейд гардуулж өгсөн. Энэ айлчлал бол өвөрхангайчуудын төдийгүй монголчуудын хувьд түүхийн шинэ хуудас нээсэн үйл явдал болсон гэж үздэг” гэв.

Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн зураг бол түүний өрөөнд байх ёстой зургуудийн нэг. “Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Солийн Данзан Архангай аймгийн Хотонт сумын хүн. Би Солийн Данзан сангийн тэргүүнээр ажилладаг. Миний эмээ тал Архангай аймгийн Хотонт сумын хүн. Эмээгийн аав Архангай аймгийн Хотонт сумын анхны Засаг даргаар 1924 онд ажиллаж байсан. Ийм хүмүүсийн удам юм даа” гэлээ.

-ГОМБОГҮР БУРХНЫ ТУХАЙ ИЙМ НЭГЭН ДОМОГ БАЙДАГ-

Хархорум бол Монголын түүхэнд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн газар нутаг хэмээгээд Эрдэнэзуу хийдийн талаар түүх ярьсан юм. Монголын их хаадын өлгий нутаг, Монголын үе, үеийн эзэнт гүрний өлгий нутаг. Монголд бурхан шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Эрдэнэзуу хийдэд Абтай сайн хаан Гомбогүр бурхныг авчирч залснаар өнөөгийн буддын шашин хөгжихөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм. Гомбогүр бурхны тухай ийм нэгэн домог байдаг. Гомбогүр бурхныг өгөхдөө шороон дээр битгий тавиарай гэжээ. Гэвч нэг удаа газар тавьж хонуулаад, өглөө нь өргөх гэсэн газраас салсангүй гэнэ. Тэгэхээр нь дуртай цээж нь яв, дургүй бөгс нь үлд гээд сэлмээрээ цавчиж аваад ирсэн гэдэг. Тэр газар нь Говь-Алтай аймгийн нутагт Бөгс уул буюу Бурхан Буудай уул гэж дээд тал нь тэв тэгшхэн уул байдаг аж. Гомбогүр бурхан бол бид бүхний шүтээн хэмээн ярьсан юм.

Нутгийн иргэд нь Өндөр гэгээний мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг нь дэмжиж, “ӨНДӨР ГЭГЭЭН” хэмээн галиграффаар бичсэн дурсгалын зүйлийг хадгалуулжээ.

“Өвөрхангай аймгийн сургуулийн өмнөх боловсролын багш нар миний урилгаар Улаанбаатар хотод ирж сургалтад хамрагдаж, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гээд нэлээд олон санал өгсөн. Багш нар маань Богд хайрхан уулын зургийг надад бэлэглэсэн” гэлээ. 

-ЖИЛЭЭС ЖИЛД ЦУТГАЛАН БАГАСЧ БУЙ НЬ САНАА ЗОВООЖ БАЙНА-

Өврийн сайхан хангай нутаг бол говь, хангай хээр хосолсон сайхан нутаг. Өвөрхангай аймгийн цутгалан жилээс жилд багасч байгаад санаа зовж байгаагаа хэлсэн юм. Тэрээр “Хүүхэд байхад дэргэд нь очиход хувцас норгохоор их устай байсан одоо жилээс жилд багасч байгаа нь санаа зовоож байгаа асуудал болоод байна” гэлээ.

Мөн Монгол Улсын хөгжлийн нийгэм, эдийн засгийн газрын зургийг байрлуулжээ. Монголын гол гол байгалийн баялгийн нөөц, эдийн засгийн агуулга, төмөр зам, авто замын сүлжээг тэмдэглэсэн байна.

“МАН 2000 онд засгийн эрхэнд гарснаас хойш 12 жил засгийн эрхийг барьсан. Тэр хугацаанд хэд, хэдэн зарчмын томоохон бодлого хэрэгжүүлсэн. Тухайлбал, Мянганы замыг босоо, хэвтээ тэнхлэгээр холбох зорилт тавьсан. Хэвтээ тэнхлэг буюу 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт одоо биелээд дуусах гэж байна” гэлээ.

-НОМ ЦУГЛУУЛАХ ДУРТАЙ-

Я.Содбаатар гишүүн ном цуглуулах дуртай бөгөөд уул уурхай, эдийн засаг, түүхийн чиглэлийн номууд унших их дуртай гэлээ. Тэрээр номын сангаа танилцуулахдаа хоёр, гурван номыг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэд, хэдэн ном бичиж, эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн түүний бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлүүд олон номд орсон гэж байлаа. Тухайлбал, “Монголын уул уурхайн түүх” номыг 2014 онд бичиж хэвлүүлсэн байна. Монгол Улсын уул уурхайн уламжлал, уул уурхайн асуудал Монголд хэдэн оноос эхэлж үүссэн. Тухайн цаг үедээ уул уурхайн асуудлыг хэрхэн авч үзэж шийдвэрлэж байсан талаар архивын баримтуудыг гаргаж бичсэн байна. Монголын уул уурхайн асуудал хамгийн анх хурцаар тавигдаж, тухайн үед төр засгийн асуудалд хэрхэн хөндөгдөж байсан зэргийг бичжээ. Тэрээр “1782 онд Сайн ноён хан аймгийн нутаг, Засагт хан аймгийн нутаг руу хятадууд орж ирж Монголын газар нутгаас алт, эрдэнийн чулуу болон бусад ашигт малтмалыг авч ашиглаж байжээ. Тийм учраас тухайн үеийн Сайн ноён хан аймаг, Засагт хан аймаг Алтан ууланд тусгай харуул гаргаж Алтны харуул гэж нэрлэж байсан. Энэ хүрээнд нийтдээ 19 харуул тавьж, тухайн үедээ 105 өрхийг харуулд суулгаж байсан” хэмээн ярилаа. Энэ тухай сонирхолтой баримтууд болон түүхэн ховор гэрэл зургуудыг багтаажээ. Мөн анхны уул уурхайн компани олон улсын 20-иод орны хөрөнгө оруулалттай “Монголор” гэдэг компани үйл ажиллагаа явуулж байсан аж.  

Боловсролын Их сургуулиас 15 дахь удаагаа хэвлүүлж байгаа “Acta historica” номонд түүний  “Монголор нийгэмлэгийн үйл ажиллагааг нягтлах нь” бүтээл хэвлэгджээ. Түүний номын санд уул уурхайн түүх, уул уурхайн чиглэлийн ном, эдийн засгийн номууд их байгаа гэлээ. Мөн “Энх тунх Эрдэнэзуу хийд” номыг Эрдэнэзуу хийдийн хамба ламтай хамтарч гаргажээ. Эрдэнэзуу хийдтэй холбоотой түүхэн баримтыг Орос, Монголын архивын фото зургуудаар хийсэн байна.

-ХУБИЛАЙ ХААНЫ ОДОН БОЛ МИНИЙ ХУВЬД ИХ ҮНЭТЭЙ ШАГНАЛ-

Түүний өрөөнд дурсгалын медалиуд хэд хэд байна. Тэрээр “сүүлийн үед дурсгалын медаль өгөх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.  Би их шүүмжлэлтэй ханддаг юм. Байгууллага болгон ой тэмдэглэдэг. Ойн медаль өгдөг. Энэ бол буруу л даа. Тэгээд наадам хийгээд л. Яг байгууллагын хөгжилд үр дүнтэй юм байна уу гэхээр биш болчихоод байгаа байхгүй юу. Илүүтэй найр наадам хийсэн талдаа байдаг” гэлээ.

Тэрээр нэг одонг онцлон ярьсан юм. “Энэ бол Хубилай хаан одон. Монголын Шинжлэх ухааны академийн дээд шагнал. Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажилд оролцсон, Их сургууль төгсөөд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний хүрээлэнд 4, 5 жил эрдэм шинжилгээний ажил хийж байсан. Монгол Улсын хөгжлийн хэд, хэдэн хөтөлбөрт хамтарч ажиллаж байсныг минь үнэлээд, ШУА дээд шагналаа олгосон. Миний хувьд их үнэтэй шагнал” гэлээ.

Ж.ГАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

Эх сурвалж: www.medee.m


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ИРА (103.212.119.224 / 2018-10-04 09:13 )

    ГАЙГҮЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮН ГЭЖ БОДЛОО.ХҮМҮҮС,ҮЙЛ ЯВДЛЫГ ЗӨВӨӨР ОЙЛГОХ БАЙХ ГЭЖ БАЯРЛАЖ БАЙНА.ТЭГЖ БАЙГААД НЭГ УУЛЗАНА ДА.