2015-06-29 03:17

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр боллоо


Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015.06.26.Баасан гарагт  үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын нэр бүхий 11 гишүүний санаачилсан Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж ирсэн. Галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр түүнийг эзэмшигчдэд тодорхой шаардлага тавих хэрэгцээ гарч байна. Ихэнх улсад галт зэвсгийг иргэний гүйлгээнд хязгаарлагдмал хүрээнд хатуу хяналтын дор зөвхөн эрх бүхий этгээд өмчлөн эзэмшиж, ашигладаг. Галт зэвсэг нь орчин тойрон, бусдад аюул учруулж болох онцгой бараа учраас түүнийг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдаж галт зэвсэгтэй харилцах наад захын мэдлэгтэй болгох шаардлагатайг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан.

Сүүлийн 3 жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 2010 онд 43, 2011 онд 36, 2012 онд 41, 2013 онд 32 гарсан байгаа нь их тоо биш боловч үүний цаана нийгэмд учруулах аюул, хор хохирол нь их хэмжээтэй байх магадлал өндөртэй. Түүнчлэн цагдаагийн байгууллага 2013 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нуугдмал 885 галт зэвсгийг илрүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, хэв загварыг өөрчилсөн, гэмт хэрэг зөрчил үйлдэхэд ашигласан 257 галт зэвсгийг түр хураан авч, хууль бусаар худалдан борлуулдаг 41 ченжийг илрүүлэн бүртгэл хяналтад авч ажилласан байна. Иймд энэ асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй тул хууль бус наймаа, тэдгээртэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах зорилгоор хуулийн төсөлд хариуцлагын асуудал, тэр дундаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан гэдгээ онцлов.

Уг хуулийн төсөлд гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох, улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгажээ. Мөн иргэний болон харуул хамгаалалтын галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга, хууль сахиулагчийн галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалтай галт зэвсэг, сумны жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталдаг байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Харин хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, О.Баасанхүү, С.Эрдэнэ, С.Оюун нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Хаянхярваа, Ш.Түвдэндорж нар саналаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин (150.129.142.33 / 2015-07-14 06:26 )

    Шинчилсэн хуудь гаргахыг дэмжнээ? Гэхдээ олон жил агнуур хийсэн хүний хувьд нэмэрлэх санал байна? Хүхээндээ 5 сум ордог хагас автомат бууг ан агнуурт зөвшөөрөх нь зүйтэй юм? Дээрхи буу нь нэгэнт ан таараад агнах болсон тохиолдлод тухайн ангаа амжиж баараггүй зогсооход хамгийн хурдан ашигтай байдаг ?