2015-05-27 02:04

Я.Содбаатар: Хаврын чуулганаар сонгуулийн хуулиа баталж чадахгүй бол


Я.Содбаатар: Хаврын чуулганаар сонгуулийн хуулиа баталж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

 

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсэг сүүлийн үед хуралдаж байгаа юу. Хуулийн төслийн явц аль шатандаа явж байна вэ?

 

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна. Улс төрийн намуудын ойлголцлын зөрүү хэд хэдэн асуудал дээр хэвээрээ байгаа. Нэгдүгээрт, Ерөн-хийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь Үндсэн хуультай зөрчил үүсэх юм биш үү гэдэг асуудлыг УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд тавьж байгаа юм. Чиг үүрэг нь тусдаа гурван хуулийг нэг хуульд нэгтгэх нь Үндсэн хууль дээр унах юм биш биз гэж болгоомжилж байгаа хэрэг. Хоёр дахь нь тогтолцооны асуудал. УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэг нь нэлээд маргаантай байна. УИХ дахь АН-ын бүлэг 48:28 буюу 2012 оны сонгуулийн зарчмаар явуулах ёстой гэсэн байр суурьтай. Харин МАН энэ удаа намын жагсаалтгүй, тойргоос шууд сонгогддог тогтолцоогоор явъя гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Сонгуулийн тогтолцооны талаар ажлын хэсэг, хоёр намын бүлгийн төвшинд ярьж хэлэлцсэн ч ойлголцол хол байна. Тийм учраас ард иргэдээсээ асуувал яасан юм бэ гэдэг санал гаргасан. УИХ гэдэг нь ард түмний төлөөллийн байгууллага гэдэг утгаараа бага ард түмэн гэсэн үг. Тиймээс төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх буюу иргэн бүр төр барих механизмаа өөрсдөө сонговол төрд итгэх итгэл сэргэнэ хэмээн үзэж, МАН-ын 26 гишүүн Ард нийтийн санал асуулгын төслийг УИХ-д өргөн барьсан.

 

-Сонгогчдын саналыг тоолох талаар байр сууриа нэгтгэж чадсан уу?

 

-2012 оны сонгуулиар автомат системээр тооллого хийсэн. Хар машин гэж нэрлээд байгаа сонгуулийн санал тоолох машинд ард иргэд, улс төрийн намуудын хувьд ч эргэлзээ их гарсан. Санал тоолох машинд асуудал байгаа юм биш биз гэсэн хардлага байгаа нь ойлгомжтой. Тиймээс энэ хардлагыг багасгахын тулд сонгуулийн автомат машиныг ерөөсөө хэрэглэхгүй байвал яасан юм гэсэн саналыг манай намаас гаргасан. Харамсалтай нь АН-ын гишүүд хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа. Тиймээс бид ярилцаад хар машиныг хэрэглэе, гэхдээ дахин 100 хувь гараар тоолж баталгаажуулъя. Үнэхээр зөрүү гарахгүй бол цаашдаа ашиглаад явж болох юм гэж үзсэн. Энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүд ойлголцолд хүрэх байх гэж найдаж байгаа. Бас нэг санал зөрж байгаа нь УИХ-ын сонгууль орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудал. Үүнийг техникийн болон эрх зүйн хувьд зайлшгүй судалж үзэх шаардлагатай. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хамгийн их улстөржилт дагуулж намаараа талцаж өрсөлддөг УИХ-ын сонгуультай нэг төвшинд явуулах нь зохимжгүй. Иргэд энэ их талцал, хуваагдал, намчирхал, улстөржилтөөс залхаж үүнийг болиулаач гэж хүсч байгаа. Гэтэл орон нутгийн сонгуулийг УИХ-тай хамт явуулахад улстөржилт нэмэгдэх магадлалтай. Орон нутгийн байгууллага иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй учраас иргэдийн төлөөлөл болсон хүнээ сонгохыг чухалчилдаг. Харин улстөрчийг сонгох, угаасаа улстөржих мөн чанартай УИХ-ын сонгууль тусдаа хэрэг. Тэгэхээр улс төрийн сонгуулийг, иргэдийн сонгуулиас ялгах шаардлагатай юм. Энэ асуудал дээр байр сууриа нэгтгэж чадаагүй байна. Үүнээс гадна сонгуулийн үеэр гардаг маргаан мэтгэлцээнийг хэрхэн шийдэх нь маргаантай хэвээр байгаа. Одоогийн төсөлд сонгуулийн үеэр гарсан маргааныг шүүхээр шийднэ гэж заасан. Тэгвэл ард иргэдийн сонголт, сонгуулийн саналд шүүхийн нөлөөлөл ихсэх магадлалтай. Ард иргэдийн сонголт ямар нэгэн засваргүйгээр шууд тусгалаа олж байх нь сонгууль явуулж байгаагийн утга учир. Тэр утгаараа эрүүгийн болон шүүхийн төвшинд гарсан хэрэг нь шүүхээрээ, бусад зөрчлийг тойрог, хэсгийн хороод шийдвэрлээд явах нь зөв.

 

-Зөрчилтэй асуудлаа хэзээ шийдэж, УИХ-аар хэлэлцүүлэх юм бэ?

 

-Хоёр нам хамтарч гэрээ байгуулж Засгийн газраа байгуулсан. Энэ гэрээнд Сонгуулийн хуулиа хаврын чуулганы хугацаанд багтааж батлахаар заалт оруулсан. Тэгэхээр хамтын ажиллагааны гэрээгээ дээдлээд Сонгуулийн хуулиа хаврын чуулганаар оруулж шийдвэрлэх нь зүйтэй. Тэгээд ч Сонгуулийн хуулийг цаашид тогтвортой байлгах үүднээс боловсруулж батлах хэрэгтэй. Эрх баригчид нь сонгууль дөхөөд ирэхээр тухайн нөхцөл байдлыг судалж байгаад сонгуулийн тогтолцоог өөрчлөөд байх нь эргээд төрийн тогтвортой систем бүрэлдэн, төлөвших үйл явцыг удаашруулж байна.

 

-“Шударга ёс” эвслийн бүлэг Монгол Улс нэг тойрог байх тогтолцооны талаар ярьж байгаа. Сонгуулийн ийм тогтолцоо байж болох уу?

 

-Монгол Улс нэг тойрог байх, эсвэл гурав, дөрвөн аймаг нэгдэж тойргийн юм уу бүсийн гишүүн сонгодог байх талаар санал гарч байгаа. Гэхдээ хамгийн гол нь техник, технологийн хувьд маргаангүйгээр дүнгээ гаргадаг байх хэрэгтэй. Улсын хэмжээнд 700 гаруй хүн нэр дэвшлээ гэхэд тэр дундаас 76 хүний нэрийг дугуйлж саналаа өгөх юм уу, яаж санал хураахыг нь мэдэхгүй юм. Харин баримтлах зарчим нь ижил байх хэрэгтэй. Ер нь Сонгуулийн хуулийг улстөрчид, улс төрийн нам өөртөө зориулж хийдэггүй. Сонгогчдод зориулан гаргадаг. Тэдний эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарах сонгогчийн төр барих эрхэд нийцсэн хууль гаргах нь парламентын үүрэг. Тиймээс хамгийн боловсролтойгоос эхлээд бичиг үсэг мэдэхгүй иргэн хүртэл сонгуульд оролцож эрхээ эдлэх боломжийг энгийн бөгөөд ойлгомжтой, тодорхойлсон хууль батлах хэрэгтэй. Илүү нүсэр, шат дамжлага ихтэй, техник, эрх зүйн хувьд хүндрэлтэй болгох тусам будилаан үүсдэг. Энэ нь сонгогчдын хүсэн хүлээсэн төр барих боломжийг нь боогдуулна. Тиймээс Сонгуулийн хууль бол улстөрч, улс төрийн намд зориулсан бус иргэдийн эрх ашгийг хамгаалсан байх ёстой гэдгийг дахин хэлмээр байна.

 

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй, парламентыг дээд доод хоёр танхимтай болгох зэрэг асуудлын талаар ярьсан уу?

 

-2012 оны парламент байгуулагдаад УИХ-ын гишүүн Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхэд дүгнэлт гаргах ажлын хэсэг бай гуулсан. Энэ ажлын хэсэг өнгөрсөн оны сүүлээр “Үндсэн хуульд зарим асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийнхэнтэй зэрэгцээд эрдэмтдийн баг ажиллаж мөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бичих багийг Н.Батбаяраар ахлуулан нэгдүгээр сарын 10-наас ажиллуулж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж идэвхтэй ярьж байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд ямар заалт нь тохирохгүй байна. Ямар өөрчлөлт оруулбал цаашдаа илүү үр дүнтэй тогтолцоог бий болгож чадах юм бэ гэдгийг харилцан ярилцах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Үндсэн хуулийн хүрээнд дөрөв таван асуудал ярьж байгаагийн нэг нь парламентыг цаашид яаж боловсронгуй болгох вэ. Гишүүдийнхээ тоог нэмэх үү, хоёр танхимтай парламент болгох уу эсвэл нийслэлийн болон аймгийн иргэдийн хурал нь дөрвөн жилдээ нэг удаа цуглаж Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорыг сонгохоос эхлээд томоохон асуудлаа өргөтгөсөн парламентын төвшинд шийддэг байх уу гэх зэргээр хувилбар ярьж байна. Гэхдээ төслийг ард иргэдэд танилцуулж УИХ-д өргөн бариагүй байгаа учраас эцэслэн ярихад хүндрэлтэй.

 

-Ард нийтийн санал асуулга явуулбал гацаанд орчихоод байгаа сонгуулийн тогтолцоогоо шийдэх боломжтой болох юм байна. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ дэмжихгүй бол яах вэ?

 

-Бид ард нийтийн санал асуулгын талаар төсөл өргөн барьсан. Гишүүдийнхээ өргөн барьсан төслийг хэлэлцээд явах учиртай. Хэлэлцээд санал асуулга явуулаасай гэж хүсч байгаа. Ард иргэдээсээ болохгүй байгаагаа асуудаг, түүнийг нь олонхиороо шийдээд явах нь ардчиллын зарчим шүү дээ. Ер нь УИХ Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль, Тавантолгой, Оюутолгой, эрчим хүчний томоохон төсөл гээд хүлээгдэж байгаа улс орны хувь заяа, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаа энэ хаврын чуулганд багтаж шийдэх ёстой. Тэгж байж нийгэм, эдийн засгийн уналтаас хохирол багатай гарах боломж бий. Хаврын чуулганаар шийдэж чадахгүй, түүнээс цаашлах юм бол парламент тарах, намар аравдугаар сарын 1-нд дараагийн парламент байгуулах процесс руугаа орох нь дээр. Асуудлаа шийдэж чадахгүй, ойлгомжгүй байх нь эргээд улс орны хөгжил, ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэвэл оруулаад, оруулахгүй бол түүнийгээ зарлах хэрэгтэй. Эдийн засагт нөлөөлөхүйц томоохон төслөө ч энэ маягаар шийдээд явмаар байна. Ойлгомжгүй, тодорхойгүй байдалд удаан хугацаанд байх нь эдийн засгийн уналтыг улам нэмэгдүүлж, ард иргэдийн амьдралыг доройтуулна. Тэгээд ч иймэрхүү асуудлаа шийдэж чадахгүй парламент ард иргэдийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байх шаардлагагүй.

 

М.Алтанцэцэг

 

 


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • бүрнээ (202.179.11.94 / 2015-05-27 05:43 )

    8 тэрбум төгрөг төсөвт дарамт болохгүй юу. ийм их мөнгийг хаанаас олох вэ.