2015-03-24 02:43

“Хар хайрцаг”-ийг хагас ашиглах санаархал


МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбат өнгөрөгч долоо хоногт өгсөн нэгэн нэгэн ярилцлагадаа, “Нэр дэвшигч хүсэлт гаргавал хар машины зэрэгцээ бүх саналын хуудсыг гараар тоолно. Маргаан гарч тоо зөрвөл гар тооллогыг баримтална гэж тохирсон” хэмээн тун ч итгэлтэй ам нээжээ. 

Санал тоолох машины тухайд 24 тэрбум төгрөгөөр 2012 онд Солонгос улсаас худалдаж авсан нь тухайн үедээ шүүмжлэл, сайшаалын аль алийг л дагуулж байв. Гэсэн ч өнгөрсөн гурван удаагийн улс төрийн сонгуулиа монголчууд уг машины тусламжтайгаар явуулаад, 7 сарын 1 шиг үйл явдлыг хараахан ахин давтчихаагүй л байна. Техник л болсон хойно мэр сэр алдаа дутагдал гарах нь зүйн хэрэг. Гэхдээ МАН-ынхны ярьдагчлан мөнөөх “хар хайрцаг” сонгогчдын саналыг учиргүй залгиад, компьютер дотроос хэн нэг этгээд санал будлиантуулаад сууж байдаггүй гэдгийг өнгөрсөн сонгуулиудын туршлага хангалттай харуулсан гэдгийг судлаачид онцолдог юм. Үгүй ядаж л, автомат машиныг сонгуулийн системдээ нэвтрүүлснээр асар их цаг зав, хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй олон орны практикт төдийлөн өргөн хэрэгжээгүй дэвшлийг бид дотооддоо түрүүлж нэвтрүүлснээрээ хоёр биш юм аа гэхэд лав нэг алхам урагш гишгэсэн. Гэтэл Ж.Мөнхбатын үгээр бол луйврын сонгууль болохоос урьдчилан сэргийлж, бий болгосон томоохон  дэвшлээсээ энэ удаад ухарч, гар аргаар тоолдог бүдүүлэг аргачлалаа эргээд сэргээж таарах нь. Нөгөөтэйгүүр МАН үнэхээр л автомат машинд анхнаасаа итгэдэггүй байсан юм бол 2012 оны сонгуулиар тойргоос сонгогдсон 10 гишүүдээ эргүүлээд татчих нь яасан юм гэх ёж асуултыг тэднээс асуух хэрэгтэй.

Ж.Мөнхбат гэх улс төрийн шүлэгч залуугийн тухайд өмнө нь, “Гүйцэтгэх засаг гараанаас Ардын намгүй гарсан, барианд ч Ардын намгүй орох ёстой” гээд хэвлэлээр дүүрэн ярилцлага өгөөд явж байсан үе бий. Гэвч үйл явц хэрхэн эргэснийг санах хэрэгтэй. Тиймээс түүний энэ удаагийн мэдэгдэл худлаа ч байж мэднэ, бас үгүй ч байж болно. 

Угтаа ирэх хаврын чуулган час халуун ганц сэдэвтэй. Тэр нь Сонгуулийн тухай хууль. Үнэнийг хэлэхэд МАН-ын хувьд эдийн засгийг хямралаас улс орноо гаргах гэсэн сайхан нэрээр халхавч хийж, энэ мэт хуульд өөрсдийн бодлогоо тусгахаар Засгийн газарт хамтарсан болох нь анзаарагддаг. Үүнийгээ ч тэд нуудаггүй. Нуугаад ч яах билээ дээ, хамаг зүйл ил байхад... Энэ ч яах вэ, дайны өмнөх нам гүм гэдэг шиг Сонгууль нэртэй бохир тулааны өмнө үзэгддэг л араншин гэж тайвширч болох юм. Мөн сонгууль бүхний өмнө Сонгуулийн тухай хуульдаа заавал гар хүрдэг тогтсон уламжлал ч гэж харж болох. Гэтэл ууган намаас “Саналын хуудсыг гар аргаар давхар хянах” гэсэн бяцхан мөрөөдлөө бусдад тулгаж, түүнийг нь “Олуулаа” болсон “алтан хамтрагч” нь бараг л хүлээн зөвшөөрсөн гэдэгт асуудал байна. Угтаа МАН 2012 оны сонгуульд ялагдсан гол буруугаа саналын хуудас тоолох автомат машин руу чихсээр ирсэн. Тухайлбал, УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшсэн Ж.Мөнхбат хүртэл сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, Архангай аймагт суулт зарлаж байв. Тусыг эс олсон улс төрийн суултаасаа тэрбээр буцаж ирээд 180 гаруй ширхэг бичгийн цаас дүүрэн баримт байгаа тухайгаа ч сэтгүүлчдийг цуглуулан байж, гомдоллосон түүх бий. 

Үүнээс гадна Чингэлтэй дүүрэгт үнэмлэхүй ялагдал хүлээсэн Д.Очирбат, Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд бараагүй үлдсэн Ц.Батбаяр, Б.Лхагважав, Сүхбаатар дүүргийн хоёр мандаттай тойрогт арай л гэж айргийн тавд багтсан “Хас”-ын Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нар бас л сонгууль будилсан тухай гомдол мэдүүлж байсан. Ингэхдээ бүгд л саналын хуудас тоолох автомат машиныг “санал залгисан” гэж үзэж байсан юм. 

Хөдөө орон нутагт ч мөн ялгаагүй МАН-аас дэвшсэн бүхэн тус машинд буруугаа чихэцгээж байлаа. Ямар сайндаа л “Санал залгих хар машин”, “Шидэт авдар” гэсэн нэр өгч байх вэ дээ. Тэгвэл энэ удаад МАН татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авсан, өртөг өндөртэй “Хар машин”-ыг үгүй хийхийг хүсжээ. Ж.Мөнхбатын илэрхийлсэн намуудын тохиролцоо ёсоор бол бүрэн автомат машиныг манай улс 2016 оноос эхлэн хагас ашиглаж таарах нь. Харин бодит байдал дээрээ бүрэн халж орхих нь. Учир нь маргаан гарсан тойрогт гар аргаар тоолно гэсэн боловч сонгуулийн үр дүнг зөвшөөрдөг нь хэд билээ дээ. Тиймээс тойрог бүрт зориудаар маргаан үүсгэх нь ч угаас тодорхой болно. Үүний үр дүнд улсын төсвөөс 24 тэрбум төгрөг гаргаж, өөрсдөө дур мэдэж авсан автомат машинаа ашигласан нэр зүүгээд л хог дээр хаяхыг МАН-аас санал болгож байна гэсэн үг. Өмнө нь татвар төлөгчид 11 тэрбум төгрөгөөрөө МАН-д байр барьж өгсөн. Харин энэ удаад 25 орчим тэрбум төгрөгийг зүгээр л Сонгуулийн ерөнхий хорооны агуулахад хаяхыг нь хараад суух хэрэг гарч мэдэх нь.

Хэрэв өнөө цагийн улстөрчид санал тоолох машины дүнг гар аргаар хянахаар болбол энэ хариуцлагыг АН ч мөн үүрч таарна. Маш товчхондоо улс төрийн гол хүчин гэж өөрсдийгөө нэрийдэх дуртай атлаа одоог хүртэл төлөвшөөгүй хоёр том нам улсын төсөвт “Хар машин”-ыг хагас ашиглах болсныхоо хариуд худалдаж авсан нийт хөрөнгөний тэн хагасыг хийх учиртай болж таарна. Учир нь тухайн үед танай, манай нам гэлтгүй зөвшөөрсөн. Ингэхдээ санал хураах цаг дуусахтай зэрэгцэн, дүн нь гарна гэж биднийг мунхруулж байлаа. Мөн хүний гар хүрэхээр л сонгууль будилдаг гэдэгт бат итгүүлсэн. Үнэхээр ч саналын хуудаст хүний гар хүрэхээр яадаг тухай бид өнгөрсөн хугацаанд хангалттай мэддэг болжээ. Цөөн хэдэн жишээ дурдахад 2004 оны сонгууль болсноос хойш Хэнтий аймагт агуулахаас саналын хайрцаг олноор гарч ирсэн, хаана ч байхгүй баг, хороог олноор бий болгож, үхсэн хүмүүсээс санал авсан, гар утасны сүлжээ хязгаарлаж, цахилгаан тасалсан, саналын хайрцаг руу нэрээ дугуйлсан хуудас чихсэн, тэврээд авч зугтсан гэх мэт олон баримт цувуулан бичиж болж байна. 

Тиймээс өнгөрсөн бүх сонгуулийн түүхийг шүүрдэж, ирээдүйн сонгуулийг таамаглахад 2016 онд тойрог бүхэнд маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гар аргаар хянах үед санал хулгайлах, хуудас нэмэх, цахилгаан таслах зэрэг өнгөрсөн зуунтай хамт үлдсэн бүдүүлэг үйлдэл ч дахин цэцэглэхийг ч хэн мэдлээ. 

Тиймээс нэн түрүүнд ууган намын жижигхэн бодлыг таслах шаардлага зайлшгүй бий. Хэрэв Ж.Мөнхбатын ярьсан зүйл биеллээ олохоос өмнө АН-ын бүлэг хориг тавьж чадвал, улмаар тэрхүү хориг тусгалаа олох аваас МАН-ын зүгээс хойшид ямар улс төр хийх нь үндсэндээ тодорхой. Тэр нь сайндаа л сонгууль болохоос хагас жилийн өмнө Засгаас гарах тухай мэдэгдэл. Яг 2012 оны АН шиг...

Эх сурвалж: Time.mn


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ХЭХЭ (202.21.106.110 / 2015-10-16 05:11 )

    AH-ын сайт юмуу

  • tuwshee (103.10.23.5 / 2015-08-31 14:21 )

    М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ В

  • tuwshee (103.10.23.35 / 2015-08-20 01:13 )

    ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. ХАМГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ЧАДВАРЛАГ НЬ АРДЧИЛСАН НАМ.