2015-03-19 03:37

Парламентын “ядуу” гишүүн


“76:?” булан энэ удаа МАН-аас нэр дэвшин Төв аймгаас сонгогдсон Су.Батболдыг онцоллоо. Тэрбээр 2002 онд анх УИХ-д сонгогдсоноосоо хойш тасралтгүй Парламентад сууж байгаа цөөн хэдэн улстөрчийн нэг юм.  


АМЛАЛТ

Су.Батболд гишүүн 2012 оны сонгуульд Төв аймгийн сонгогчдод “маш өөдрөг” бүр хэт өөдрөг гэж тодорхойлж болох намынхаа мөрийн хөтөлбөрийг санал болгосон. МАН сонгуульд ялалт байгуулж чадаагүй учраас энэхүү мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй нь мэдээж. Гэхдээ хэрэгжсэн бол яах байсан бэ гэдгийг уншигч та төсөөлөөд үзээрэй.   

“Дунд болон бага орлоготой  иргэдэд зориулсан орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлээр хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлнэ. 

  • Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний өмчлөлд байлгаж, үр ашгийг монголчууд хүртэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Амьжиргааны баталгаажих төвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг төрөөс хариуцна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана.
  • Гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн урамшуулал олгоно.
  • Орлого багатай өрхөд ар гэрийн тоог үндэслэн мөнгөн тэтгэмж олгоно.
  • Нярай хүүхэд, өвчтөн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих төвшинд хүргэж, эм, хэрэгсэл, асаргаа, сувилгааны зардалд олгох тусламжийг нэмэгдүүлнэ.

Аргагүй л нэг зүүний үзэлтэй намын мөрийн хөтөлбөр. Зургаан хувийн зээл гэх мэт нь сонгуульд зориулсан заль байсан гэдэг нь хожим тодорхой болсон. Өөр бусад амлалтууд нь популизм. Тийм юм өгнө, ийм юм өгнө гэсэн маягтай. 2008 онд намууд баахан популист амлалт өгөөд яаж баларсан билээ. Тавантолгойн нүүрсийг барьцаалж “Чалко”-гоос авсан зээл одоо хүртэл хор уршиг нь арилаагүй байна. МАН-д нэг авах чанар бий. Тэр нь ямар ч аргаар хамаагүй амлалтаа биелүүлэх гэж зүтгэдэг байдал. 

2008 онд 1.5 сая төгрөг өгнө гэж амласан, түүнийгээ ч биелүүлсэн. Гэхдээ ирээдүйгээ баллах замаар биелүүлсэн нь энэ намыг “Сонгуульд л ялж байвал маргааш нь юу болсон ч яах вэ” гэдэг байдлаар хандсаныг харуулдаг. 2012 онд МАН ялсан бол дээрх амлалтууд хэрэгжих байсан гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ ямар ордоос хэдий хэмжээний баялгийг хэдэн жилээр өгч байж хангах байсан бол гэж бодохоор “МАН ялаагүй нь зол болжээ” гэж залбирмаар санагддаг юм.    

АМЖИЛТ

МАН-д үнэнчээрээ зартай, найр наадамч аймагт төрсөн нь түүний аз. Наадмаа л сайхан, өргөн дэлгэр хийчихвэл боллоо гэж сэтгэдэг, нэг сонгосон хүндээ сайн ч муу ч дахиж сонгоод байдаг Төв аймгийнхан сонин хүмүүс. Тэр онцлогийг ашиглан дөрвөн ч удаа УИХ-д сонгогдсон нь Су.Батболдын амжилт юм. Гэхдээ ингэж олон сонгогдсон нь дээр хэлсэнчлэн төв аймгийнхны “Бид түүнийг л сонгодог” гэсэн хуучинсаг сэтгэлгээтэй холбоотой болохоос биш мундаг ажиллаж, аймаг орон нутгаа хөгжүүлснийх биш гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй байх.  

УИХ-д сонгогдоод зогсохгүй төрийн сайд болж, байнгын хорооны даргаар ажилласан нь Су.Батболдыг муугүй боловсон хүчин гэдгийг нь илтгэнэ. Эдүгээ ч Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог даргалж байгаа. Түүний хэлж ярьж байгаа зүйлд үнэн их байдаг. Асуудалд логиктой, ухаалаг байдлаар ханддаг нь анзаарагддаг. 

Энэ байдлаараа ард түмэнд “Гайгүй улстөрч” гэсэн үнэлэмжтэй явдаг юм билээ. Яах аргагүй МАН-ын түшиг тулгуур болж яваа залуу улстөрчдийн нэг нь Су.Батболд мөн юм. Зөв менежмент гарц ярьдаг. Гэхдээ намын тогтолцооноос болоод тодорч гарч чадахгүй яваад байна уу гэж хардаг. 

АЛДАА

“Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрладаггүй” гэдэг үг бий. Улстөрч хүнийг энэ байдлаар тодорхойлбол “Тусалж дэмжсэн, ойр дотныхоо хүмүүст тусалж чадахгүй байгаа хүн сонгогчдыг бодно гэж юу байдаг юм бэ” гэдэг л болно. Су.Батболд гишүүний хувьд сонгуульд тусалж дэмжсэн хүмүүстээ туслаагүй, эргэх холбоо үүсгээгүй гэх шүүмжлэл байнга гардаг. Тусалж дэмжсэн хүн бүрт хариу барих албагүй ч сэтгэлээсээ хандсан бол ийм, тийм мэдээллүүд гараа ч билүү, үгүй ч үү. 

“Сонгуулийн ажилд дагуулж явсан урлагийнхандаа хөлсийг нь өгөлгүй удаажээ”, “Мэргэжлийн дуучдыг дагуулж явчихаад “Уран сайханч” гэж доромжлов” гэх зэрэг мэдээлэл явдаг нь иргэдэд таалагддаггүй. МАН-ын залуу дарга нарын дунд өөрөөсөө дээр хүнд долигонодог мөртлөө доогуур зиндааны нэгнийг бол ажил төрөл ярьж байсан ч хамаагүй “Дарга чинь хэн юм бэ, даргатай чинь ярьчихья” гэж томордог нэг муухай зан бий. Дээр цухас хэлсэн таагүй мэдээллүүд нь Су.Батболд ч гэсэн тэдний нэг байх нь гэсэн мессежийг сонгогчдод өгдөг нь нууц биш. 

ТЭНЭГЛЭЛ

Гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг болсноос хойш гишүүний орлого чамгүй нэмэгджээ. 2009 онд л гэхэд гурван жилийн өмнөхөөсөө 15 дахин их орлого олж бусдынхаа атаархлыг төрүүлэн, сонин хэвлэлээр мандаж байжээ. Гэр бүлийнх нь орлого 85 сая гэж бичсэн байсан. Мал хуй, компани, газар гээд юм юмтай. Гэсэн мөртлөө “Би цалингаараа амьдардаг” хэмээн хоёр ч удаа цалингаа голж байсан нэгэн. Ядуу байж болно, цалингаа голж болно. Гэхдээ “Би цалингаараа амьдардаг хүн. Монгол төрд зүтгэж байгаагийн хувьд цалин авмаар байна” гэж огт цалингүй ажилладаг юм шиг үг хэлж болохгүй л байх.   

Төв аймгаас сонгогдсон гишүүдийг үнэндээ хичнээн магтая гэсэн ч болдоггүй юм. Өнөөдөр Монгол Улсын 21 аймгаас хөгжих хамгийн боломжтой аймаг нь Төв аймаг. Гэтэл одоо болтол хуучин /социализмын үе шиг/ хэвээрээ, зарим талаараа харин ч бүр дордсон. “Замагтай нууранд загас цуглана, зан сайтай айлд хүн цуглана” гэж үг байдаг. Аймаг орон нутаг хөгжиж байгаа эсэхийг  хүн амын шилжилт хөдөлгөөний байдлаас нь харчихаж болно. 

Төв аймаг 1990-ээд оны үед 100 000 шахам хүн амтай байсан бол одоо 90 000 орчим хүнтэй болж, 10 000-аар багасчээ. Төв аймаг зах зээлийнхээ хажууд байгаа гэдэг утгаараа газар тариалан, мал аж ахуйн салбараа чинээнд нь тултал хөгжүүлчих боломжтой байсан. Энэ бол ганц Су.Батболдоос гадна өмнө нь сонгогдож байсан гишүүдэд бүгдэд нь хамаатай. “Сумын сургууль эзгүйрлээ”, “Сум эзэнгүйдлээ” гэдэг мэдээлэл байнга гарна. Төв аймаг хотын хүн амыг татаж, хүн ам нь байнга өсч байх ёстой байтал одоо болтол хөгжлөөрөө бусад аймгуудаасаа ялгарахгүй, зарим үзүүлэлтээрээ хоцорч явна. 

Гэтэл гишүүн өөрөө “Улаанбаатараас хэдхэн километр зайтай байгаа нутгаа хөдөө орон нутаг, алслагдсан аймаг гэж боддоггүй” гэдгээ нутгийнхандаа хэлсэн байх юм. Орон зайн хувьд хол биш байж болно. Хөгжил дэвшлийн хувьд хэдэн зуун километр алсарчихаад байгааг мэдсээр байж тоохгүй байгаа гишүүнийг юу ч гэмээр юм бэ дээ.   

ИРЭЭДҮЙ

Су.Батболд гишүүн тойрог тойглодог гишүүдийн нэг. Аймгаасаа өөр газар нэр дэвшвэл ялж гарна гэхэд хэцүү. Нутагтаа дахиад нэр дэвшвэл харин сонгогдож мэдэх л юм. Нэрт сэтгүүлч Г.Дашрэнцэн агсаны нэг нийтлэлд “Богд уулын өврийн боржгины хэдэн сум Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баянзүрх, Баянжаргалан, Баян, Авдарбаян, Баянцагаан, Сэргэлэн, Бор-Өндөр хуучнаар Түшээт хан аймгийн дархан чин ван, жонон Пунцагцэрэнгийн хошуу дээр үеэс айраг найр наадмаа "амьдрал"-аас дээгүүр бодсон их наадамсаг нутаг. 

Сум бүр бие биеэсээ өрсч 90 жилийн ойг бэл бэнчинтэй, нэр төртэй тэмдэглэснээр бүх юм хэмжигдэнэ. Сумын ойн наадмын морь одоо ч мартаагүй ингэж яригддаг. Дэндэв тайжийн "харцага", Хэнгэрэгийн "зээрд"-тэй уралцаж байх хооронд чи нагац ахынхаа \Д.Шагдарсүрэн\ хээр соёолонтой түрүүлдэг чинь 40 жилийн ой билүү 35 жил билүү гэж ярих... Дарга, цэрэггүй сум даяараа "Номин" холдинг компани, УИХ-ын гишүүн асан Д.Шагдарсүрэн гуайгаас хандив өгнө байх гэж их горьдсон улс байх юм” гэж бичсэн нь бий. УИХ-ын гишүүд аймгийнхаа наадамд хандив өргөөд, бусад аймгуудаас дутаачихгүй шиг наадуулчихад жилээ даадаг ёс түгээмэл. 

Тийм болохоор тухайн аймагт сонгуулиар хэн өрсөлдөх санаатай байгаа, хэн ялах нь наадмаас мэдэгддэг жишиг тогтсон. Тэр утгаараа яривал Төв аймгийнхан аймагт хэн ажил хийсэн, сум орон нутгаа яаж хөгжүүлсэн эсэхээс үл хамаараад сонголтоо хийчих бүрэн боломжтой. Тэгэхээр Су.Батболд гишүүнд таван Парламентад сууж, архаг улстөрчдийн шийрийг хатаах   боломж бий. 

Б.Болор

Эх сурвалж: www.mminfo.mn


Сэтгэглдэл: 7

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Луйварчин (202.72.245.70 / 2015-03-25 07:34 )

    Шударга хүн болох гэж оролдвоо ард түмэн мэднэ шүү дээ

  • Зочин (202.72.243.68 / 2015-03-23 03:59 )

    Нэр төрд дуртай бялдууч долигонуур, шударга бус хүн ялгадаг гэж үнэн байх шүү

  • зочин (182.160.1.173 / 2015-03-22 07:43 )

    Цалингаа хамгийн их голдог гар даа тангараг өргөөд л маргааш нь гишүүдийн цалин. хангамжыг нэмэе гэж хэлд ордог нөхөрдөө хөөрхий амьтан. Бусдаас нь бага өгөөд байдаг юм бол 23000 төг нэмээд өнчихөөрэй хөөрхий амьтан.Ард түмнээсээ 195000-р яаж амьдардагыг асууж сураглаад туршлага судалдаа.хөөрхий дө

  • (211.220.179.52 / 2015-03-22 01:48 )

    Unuu buduunees buduun gualin shig bal barichihaad chihee maltadag buduuleg ni bulai bolson hun munuu

  • (211.220.179.52 / 2015-03-22 01:47 )

    Unuu buduunees buduun gualin shig bal barichihaad chihee maltadag buduuleg ni bulai bolson hun munuu

  • zochin (103.10.22.144 / 2015-03-20 09:56 )

    Muu shaar

  • Зочин (202.72.243.68 / 2015-03-19 08:50 )

    төв аймгийнхан нэг хүнээ сайн ч муу ч дахин сонгоод байдаг сонин хүмүүс гэдэг яг үнэн энэ утгаар Су.батболд УИХ-ын гишүүн болсоноо андуурч том тэнэгтээд зүүн сумдаар уулзалт хийхдээ АН-ыг муулж, нэр хүндээ алдсан авгай,ах дүү 2,3-н хүний үгээр хов ярьж өөрийгөө намаа доош хийгээд шараа болоод л