2014-12-15 04:28

С.Чинзориг: Хоёр хүний гомдлыг тайлсан асуудал биш ээ


 


Хөдөлмөрийн шинэ сайд С.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр  Засгийн газрын гишүүн болох саналыг хүлээж авсан шалтгаанаа “УИХ-д тангараг өргөж чадаагүй ч  Засгийн газарт орох юм бол сонгогчдодоо амлаж байсан, хийхээр төлөвлөсөн зүйлүүдээ ажил  хэрэг  болгох боломж гарах юм болов уу гэсэн  үүднээс шийдвэрээ гаргасан”  хэмээн тайлбарлаж байна.  

-Танд  баяр  хүргэе.  Сайдын  ажил юунаас  эхэлж байна вэ? 

-Өмнөх  Засгийн газрын үед хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авав, үр  дүн нь юу байв гэдэгтэй танилцаж байна. Хэдийгээр өмнө нь би энэ салбарт ажиллаж байсан, хууль эрх зүйн орчныг  нь боловсруулахад гар бие оролцож байсан ч холдоод тодорхой хугацаа өнгөрсөн байна. 

Тиймээс танилцах зайлшгүй шаардлагатай. Хамгийн гол нь хөдөлмөр эрхлэлт, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх ажлууд үр дүнд хүрч чадав уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Манай Засгийн газар богино хугацаанд, үр дүнтэй ажиллах үүрэг хүлээж байгаа. 

Тиймээс хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай. Мөн эдийн засгийн хямралын үед иргэдийнхээ ажлын байр,  бодит орлогыг яаж хадгалах вэ гэдэг маш чухал асуудал болоод байна. Парламентад суудалтай бүх намууд Засгийн газарт орж ажиллаж байгаа учир иргэдийн зүгээс “Улстөржилт багасах  юм байна, эдийн засгийн хямралын эсрэг шийдэмгий ажиллах нь” гэсэн итгэлээр харж байгаа. Иргэдийнхээ энэ итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлмөрийн салбарынхан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдгийг  судалж байна. 

-Эдийн засгийн хямралын үед хүмүүс олноороо ажлын байргүй болдог. Манайд байдал ямар байна?  

-Байдал сайнгүй байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, үүдээ барих нь буурахгүй байна. Улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь 10 хүртэлх тооны ажилтантай жижиг байгууллагууд байдаг. Гэсэн хэрнээ тэд нийт ажиллагсдын 70 хувийг бүрдүүлдэг. Тиймээс жижиг аж ахуйн нэгжүүдийг санхүү, татвар, зээлээр дэмжиж, ажлын байрыг нь хадгалж үлдэх шаардлагатай байна. 

Өнгөрсөн 2009 оны эдийн засгийн хямралын үед бид нийгмийн даатгалын хүү, алдангийг нь тооцохгүй байх, нийгмийн даатгалын сангаас авах ажилгүйдлийн тэтгэмжийн нөхцөлийг зөөлрүүлэх зэрэг арга хэмжээ авч байсан. Энэ удаа ч гэсэн тийм  чиглэлийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Түүнээс гадна манай ажиллагсдын бүтэц их өвөрмөц. Өөрөөр  хэлбэл нийт  ажиллагсдын тоо 1.2 сая гэж байгаа атлаа 50 хувь нь малчид, албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс байдаг. Энэ бол маш хэврэг ажлын  байр. 

Тиймээс эдгээр хүмүүсээ яаж дэмжих вэ, өөрөө өөрсдөдөө бий болгож байгаа ажлын байрыг нь хэрхэн хадгалах вэ гэдэг анхаарал  татаж байна. Засгийн газар үүнд юуны түрүүнд анхаарлаа хандуулах ёстой. 

-Тийм боломж манайд байна уу. Төсөв нэлээд хүнд байгаа гэдгийг  Ерөнхий сайд  хүртэл  хэлж байсан?
    
-Байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд ажилгүйдлийг бууруулах бодлого явуулж байгаа л даа. Гэхдээ статистик мэдээг харахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд бий болгосон ажлын байрны 70 хувь нь түр ажлын байр байна. Энэ бол чанартай ажлын байр биш. Тиймээс цаашдаа түр биш, байнгын ажлын байр аль болох олныг бий болгож, тогтмол орлоготой байлгахад ажлаа чиглүүлэх ёстой. 

Ер нь бол манайд ажлын байр бий. Ажлаа аваад танилцахад зөвхөн 2014 онд 90 мянган ажлын байр Хөдөлмөрийн бирж дээр бүртгэгдсэн байна. Гэтэл түүний ердөө 40 мянгад нь ажилтан зуучилж оруулсан байх юм. Тэгэхээр бэлэн байгаа ажлын дийлэнхид нь хүн зуучилж оруулж чадаагүй байна гэсэн үг. 

-Энэ юутай холбоотой вэ?  

-Ирж байгаа ажлын байрны шаардлагад иргэдийн мэргэжил, ур чадвар тэнцэхгүй байгаа юм болов уу гэсэн урьдчилсан  дүгнэлт хийгээд байна. Тиймээс ажил хайгчдын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, шаардлагатай мэргэжилтнийг  бэлтгэхэд анхаарах шаардлагатай болж байна.  

-2012 оны сонгуулийн дараа Засгийн газар бүтэцдээ Хөдөлмөрийн  яамыг шинээр  бий болгосон. Мөн мэргэжлийн  боловсрол олгох асуудлыг Хөдөлмөрийн яам дэргэдээ авсан. Таны сая хэлсэн иргэд ажлын байрандаа тэнцэж байх, бодит шаардагатай мэргэжилтэн бэлтгэх зорилтын  хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд үр дүнд хүрээгүй байсан  гэж үү? 

-Өнгөрсөн Засгийн газрын үед Хөдөлмөрийн яамыг бие даалгаад, МСҮТ-ийг харьяанд  нь өгсөн нь оновчтой бүтэц болсон гэж би боддог. Гэхдээ МСҮТ зөвхөн Хөдөлмөрийн яамны харьяанд байх биш, салбар дундын зохицуулалт шаардлагатай. Боловсрол олгож байгаа тул БСШУЯ оролцох ёстой. Сургалтын хөтөлбөр боловсруулах, багш нарыг мэргэжил, арга зүйгээр хангах зэрэгт БСШУЯ-тай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Улсын хэмжээнд 79 МСҮТ үйл  ажиллагаа явуулж байна. Үүний 53 нь төрийн өмчид байдаг. Нийт 24 мянга гаруй хүүхдэд энэ төвөөр дамжуулан мэргэжлийн  боловсрол олгож байна. 

Нэг үеэ бодвол залуучуудын мэргэжилтэй ажилчин болох хүсэл сонирхол нэмэгдэж. Гэхдээ тэдэнд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжил, ур чадварыг олгож чадаж байна уу гэвэл учир дутагдалтай. Ажлын байрны захиалга байхад бүрэн хангаж чадахгүй байна гэдэг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэйгээ манай сургалт нийцэхгүй байна гэсэн үг. Одоогоор бүх аймгийн төвд МСҮТ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд бараг бүгдээрээ нэг ижил мэргэжлээр сургалт явуулах нь зөв үү. Анги дүүргэлт муутайн дээр, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй биш мэргэжлээр сургалт явуулаад байгаа учраас ажлын  байранд бүрэн дүүрэн зуучилж чадахгүй байна.  

Түүнээс гадна манай мэргэжлийн боловсрол олгодог байгууллагуудын суралцах хугацаа их урт. Гэтэл ажил  олгогчид удаан хүлээхийг хүсдэггүй.  Тиймээс эрэлттэй мэргэжлээр богино хугацааны сургалтыг томоохон үйлдвэрүүдийг түшиглэн хийх шаардлага байна. 

-Таны дээр хэлсэнчлэн дийлэнх нь арав гаруй ажиллагсадтай аж ахуйн  нэгжүүд хямралд их өртлөө. Нийгмийн даатгал,  татварын өртэй гэдэг шалтгаанаар шууд дансыг  нь хаадаг байдал олон аж ахуйн  нэгж үүдээ барихад хүргэсэн. Төрийн хяналт шалгалт, татвар хураамжаас эмээсэн аж ахуйн нэгж эрхлэгчид цаашид байдал хэрхэх бол гэсэн  хүлээлттэй байгаа байх?  

-Аж ахуйн нэгжүүдээс зөвхөн татвар,  шимтгэл,  хүү  торгууль  авахын тулд үүд хаалгаа хаахад хүргэдэг байдлаа өөрчлөх  ёстой. Ялангуяа татварын  өр,  нийгмийн даатгалын  шимтгэлийн алданги, хүү торгуулийг хямралын энэ үед түр боловч хойш тавих ёстой.. Энэ талаар кабинетаараа ойлголцоод явах ёстой болов уу. Хоёрдугаарт татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгалынхан заавал хүү торгууль авах гэж аж ахуйн нэгжүүд дээр очдог биш, ийм байдалд оруулахгүйн тулд зөвлөгөө өгдөг, дэмжлэг үзүүлдэг чиглэл рүү хандах нь зүйтэй. Энэ талаар  Засгийн газар дээр ярьж, нэгдсэн ойлголтод хүрнэ.  

-Сүүлийн үед үйлдвэрлэлийн осол их гарах болсон. Энэ талаар төрийн хяналт их муу байх  шиг.  Энэ байдлыг яаж засах ёстой юм бэ?  

-Энэ оны аравдугаар сарын байдлаар л гэхэд үйлдвэрлэлийн ослоор 24  хүн нас барсан байна. Гуравхан сая монголчууд зөвхөн үйлдвэрлэлийн ослоор ийм олон хүнээ алдана гэдэг маш харамсалтай. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн  чиглэлийн хууль тогтоомжийг  боловсронгуй болгох ёстой.  Ялангуяа ажил олгогчдын хүлээх үүргийг чангатгах ёстой юм. 

Одоогийн хуулиар үйлдвэрлэлийн осол гаргасан  аж ахуйн нэгжийг 300-500 мянга,  давтан гаргавал 1-2 сая төгрөгөөр торгож байгаа нь шийтгэл, хариуцлага болж чадахгүй. Таван зуун мянган төгрөг гэдэг нэг компанийн захирлын үдийнхээ унданд зардаг мөнгө болчихсон юм биш үү. Тиймээс хариуцлагын  механизмыг чангатгах шаардлагатай. Бас ажилтны хариуцлага ч маш  чухал. Үйлдвэрлэлийн ослоос болж насан туршдаа тахир дутуу болох буюу амь насаа алддаг. Тиймээс эдгээр хүмүүст олгох тэтгэмжийг нэмэх шаардлагатай гэсэн бодолтой байдаг. Үүнд бид анхаарна.  

-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн  нэгжид ажиллаж буй монгол, гадаад  ажилчдын цалингийн  ялгаа их. Яг ижил ажил хийж буй хоёр хүний хөдөлмөрийн  хөлсийг  ялгаатай тогтоодог энэ байдалд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Сайдын хувьд та ямар байр суурь баримтлах вэ?  

-Үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ бас л манай хууль эрх зүйн  орчинтой холбоотой. “Адил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ижил хэмжээний хөдөлмөрийн хөлс олгоно” гэсэн зохицуулалт байхгүй. Нөгөө гадаад мэргэжилтэнтэй дүйхүйц ур чадвартай боловсон хүчнийг бэлдэх тогтолцоо руу маш  яаралтай орох ёстой. Эдгээрийг шийдэж чадвал  монгол, гадаад ажилтны цалингийн ялгаатай байдлыг халах боломжтой. Тиймээс ойрын хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. 

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Засгийн газар өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчдыг халж, сэлгэдэг. Та Хөдөлмөрийн сайд боллоо. Өмнөх сайдын  үед ажиллаж байсан яамны ажилтнуудад ч гэсэн ийм айдас  бий байх. 

-Төрийн албыг аль болох мэргэшсэн, чадварлаг, цомхон аппаратаар авч явах ёстой гэж хувьдаа боддог. Энэ салбарт ажиллаж байхдаа төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгоход оролцож байсан. Засаг солигдох бүрт төрийн жинхэнэ албан хаагчдыг халдаг, бужигнуулдаг байдлаа болих хэрэгтэй. 

Ингэхгүй бол мэргэшсэн байдал алдагдаж, тэр хэмжээгээр төрийн ой санамж сулардаг. Ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны шаадлагыг улс төрийн албан тушаалтан баталдаг хуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай л даа. Тэгэхгүй бол шинээр томилогдож очсон  улс төрийн албан тушаалтан төрийн захиргааны албан хаагчид тавигдах шаардлагыг өөрийн дагуулж очиж буй хүнд тааруулж гаргаад байгаа нь төрийн албыг хүчгүйдүүлж, бужигнуулж байна. Тиймээс эрхзүйн орчныг боловсронгуй болгох алхмыг бүх намууд хамтарсан энэ үедээ хийх шаардлагатай.  

-Энэ Засгийн газарт МАН-аас орж ажиллах зургаан сайдыг танай нам  яг ямар зарчмаар тодруулсан юм бэ?  

-Би намын Удирдах зөвлөлийн гишүүн биш учраас “Тийм зарчмын хүрээнд манай удирдлага сайдуудаа тодруулсан” гэж хэлэхэд төвөгтэй. Гэхдээ намын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг дээр сайдад нэр дэвшигчдийг тодруулах зарчим, бодлогоо ярьж байгаагаас харахад хэд хэдэн зүйлийг анхаарсан юм билээ. Өмнөх томилгоонууд өнгө мөнгөнд түшиглэж хийгдсэн шүү гэсэн шүүмжлэл гарсан. Тиймээс манай удирдлагууд ийм  байдлаас зай барьсан юм болов уу гэсэн бодол төрсөн. Шинэ Засгийн газар богино хугацаанд ажиллана. Тиймээс ажлаа аваад шууд хийгээд явчих хүмүүсийг томилоход анхаарсан байх. Түүнээс гадна бүлэг, фракцын сонирхлыг энэ удаа харгалзаагүй байх гэсэн хувь хүний бодол байна.  

-2012 оны сонгуулиар Н.Төмөрхүү сайд та хоёр Өвөрхангай аймагт нэр дэвшиж олонхийн санал авсан ч тангаргаа өргөж чадаагүй. Гэтэл Засгийн газрын гишүүнээр та хоёрыг хоёуланг нь ажиллуулахаар  боллоо. Танай нам яагаад ийм  шийдвэр гаргасан  юм бол?  

-Ардчиллын 25 жилийн түүхэнд ард түмнийхээ сонголтыг  анх удаа шүүхийн шийдвэрээр завхруулсан, хууль бус үйлдэл л дээ. Тиймээс нам бас хүнээ бодож байх ёстой, иргэдийнхээ сонголтыг хүндэтгэх учиртай гэсэн зарчим баримталж энэ сонголтыг хийсэн  байх. 

-МАН Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёрын тангаргийг өргүүлж чадаагүй учраас гомдлыг нь тайллаа гэсэн хандлага олон нийтийн сүлжээгээр явсан л даа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?  

-Хувь хоёр хүний гомдлыг тайлах асуудал биш л дээ. Өвөрхангайнхан сонголтоо өөрсдийн итгэл үнэмшлээр л хийсэн. Тиймээс хоёр хүний гомдлыг тайлахаас илүү манай аймгийнхны сонголтыг хүндэтгэж, аймгийн иргэд, намын гишүүн, дэмжигчдийнхээ итгэлийг сэргээж, урам хайрласан шийдвэр гэж бодож байна.

-Танай намын гишүүн Ө.Энхтүвшин сайдуудын томилгоотой холбоотойгоор МАН-ын дарга М.Энхболдод хандан ил захидал бичсэн. Захидалд дурдсан зүйлүүдийн талаар та ямар  бодолтой байна? 

-Хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрх нь чөлөөтэй. Гэхдээ Ө.Энхтүвшин гишүүн бол манай Намын дарга байсан хүн. Би тэр хүнийг  сайн мэднэ. 1996 онд манай нам цөөнх болчихсон байсан үед намын Ерөнхий нарийн  бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр үед би Өвөрхангай аймгийн Намын  хорооны дарга байлаа. Би Ө.Энхтүвшин даргыг хүндэтгэж явдаг. Манай намын лидерүүдийн  л нэг. Харин сая бичсэн захидлын тухайд авах ч юм бий,  гээх ч зүйлүүд байсан байх. Энэ асуудлыг нам дотроо яриад ойлголцож болох байсан.  Гэтэл МАН-ын удирдлагууд зөрчилтэй байгаа юм шиг, сая хийсэн томилгоо нь буруу юм шиг ойлголтыг олон нийтэд өгсөнд харамсаж байгаа. Гэхдээ Ө.Энхтүвшин дарга ухаантай хүн, ойлгож байгаа биз. Гэхдээ ерөнхий үзэгдлийн хувьд бол  байдаг  л  асуудал шүү дээ.  

-Сайд болох саналыг Удирдах зөвлөл танд тавьсан уу, Та өөрөө хүсэлтээ илэрхийлсэн үү?  

-Намын дарга,  Удирдах зөвлөлөөс санал тавьсан.  

-2012 оны сонгуулиар Таныг Сонгуулийн хууль зөрчсөн  гэж гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа та удаа дараа мэдэгдэж байсан.  Энэ  байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байгаа юу?  

-Хэвээрээ. Засгийн газрын гишүүн боллоо гээд байр сууриа өөрчлөхгүй л дээ. Энэ асуудал ардчиллын 25 жилийн түүхэнд анх удаа болсон, шинэ цагийн хэлмэгдүүлэлт гэж боддог. Хүнийг буруутгаж болно. Гэхдээ шүүх асуудлыг маргалдагч талуудыг хамтад  нь байлгаж байгаад  мэтгэлцээний зарчмаар шийдэх ёстой. Үндсэн хуулийн зарчим энэ шүү дээ. 

Гэтэл С.Чинзоригийг хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэж шүүх буруутгасан атлаа шүүх хуралд ерөөсөө оруулаагүй. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Хан уул дүүргийн шүүх энэ асуудлыг шийдэхдээ намайг хариуцагчаар оруулаагүй. Өвөрхангай аймгийн шүүх болохоор “С.Чинзоригийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй” гэсэн захирамж гаргаж байгаад шийдчихсэн шүү дээ. “Давж заалдъя” гэхээр “Чи хариуцагчаар ороогүй учраас давж заалдах эрхгүй” гэсэн. С.Чинзориг хэрэг хийсэн байж болно. Гэхдээ шүүх дээр очоод зөв буруугаа нотлох, заргалдагч талтайгаа мэтгэлцэх боломжийг олгох ёстой. 

-Таныг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаандаа ажиллуулсан гэж буруутгадаг. Тэр хүүхэд чухам хаанаас гараад ирсэн юм бэ?   

-Тэгдэг. Тэр  хүүхдийг С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрын хэн нь оролцуулав, бүр цаашлаад МАН уу, өөр нам уу гэдгийг хэн ч тогтоогоогүй. СЕХ болохоор Тойргийн хороо шийдсэн гэдэг. Тойргийн хороо нь МАН-д хандан “Танай нам сонгуулийн сурталчилгаандаа насанд  хүрээгүй хоёр  хүүхдийг оролцуулсан байна” гэсэн бичиг л өгсөн байдаг. Сонгуулийн хууль холимог тогтолцоотой. Тиймээс хуулиараа С.Чинзориг, Н.Төмөрхүү, МАН бүгд нэр дэвшигч. Гэтэл тийм хүүхэд яг сурталчилгаанд оролцсон юм уу, чухам хэн  нь авчрав  гэдгийг огт тогтоогоогүй. Тэгсэн атлаа С.Чинзориг буруутай гэсэн шийдвэр гаргасан нь хачирхалтай.  

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин


Сэтгэглдэл: 8

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Д.Өлзийбат (103.9.91.40 / 2015-04-05 07:23 )

    Хөдөлмөрийн аюулгүй байдал ,эрүүл ахуйн тэргүүний ажилтан тэмдэгийг бий болгож болохгүй юу?Энэ тэмдэг маш утга агуулагатай,үр өгөөжтэй,эрүүл аюулгүй байдлыг хангахад ихээхэн ахиц гарх болвуу?утас 88304899,Сайд Ганзориг гуай

  • Д.Өлзийбат (103.9.91.40 / 2015-04-05 07:13 )

    Хөдөлмөрийн аюулгүй байдал ,эрүүл ахуйн тэргүүний ажилтан тэмдэгийг бий болгож болохгүй юу?Энэ тэмдэг маш утга агуулагатай,үр өгөөжтэй,эрүүл аюулгүй байдлыг хангахад ихээхэн ахиц гарх болвуу? ГЭЖ ҮЗЭСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ИРГЭН БИ энэ талаар хариуцлагатай нөхдүүдэд уламжилсан юм шүү,Сайд Ганзориг гуай

  • асууяяаааааааааа (112.72.11.67 / 2014-12-21 03:49 )

    танд ажлын амжилт хүсий та мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бараг жил болж байнаа үүрэг гүйцүтгэгч захирлуудыг яах вэ өмнөх шиг нь хэдээр нь байлгах уу хэрвээ таныг хэвээр нь байлгавал ард түмэн таныг өмнөх шигээ л ажиллах юм байна гж харах байх даа

  • naraa (182.160.0.229 / 2014-12-19 14:34 )

    Muu man -iin buunii nohoi hooson tolgoit ovoo mongotei baijee said terbum togrog shuu dee.

  • эмээ (103.11.192.34 / 2014-12-17 07:13 )

    юу ч мэдэхгүй хоосон толгой

  • bataa (202.179.20.83 / 2014-12-16 11:52 )

    unuudur mongol ulsad shudarga shuuh ajillaj baigaa geed baigaa biz dee.arhi taraaj songuulid yalsan ta hoyiin uneniig shuuh togtooson.ard tumen medej baina.odoo said bolchihood ard tumnees hulgai hiigeerei.chi luivarvhin hun chanargui shuu CHINZORIGOO

  • songogch (112.72.13.225 / 2014-12-16 06:59 )

    chinzig guaig mednee jinhene shudarga uls turch hun huraasan yum bhgui tolgoitoi l aaviin huu dee

  • Зочин (150.129.140.113 / 2014-12-15 11:47 )

    Ха ха гомдол нь дуусссан уу. Ийм л хүмүүс шүү дээ та нар мэдэхгүй биш. Танай намын Оюунхорол чинь зурагтаар Чинзориг, Төмөрхүү хоёр маань маш их горьдож, гомдож байсан юм одоо...