2014-12-12 03:36

Л.Гантөмөр: Хорвоогоос хайгаад байгаа үнэн чамаас л гарна


Бид “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Хүн бүрт хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Тэгвэл таны хэлэх дуртай үг юу вэ?

-Буянаараа болог гэдэг үгийг сүүлийн үед их хэлж байгаа.

-Таны хобби?

-Хурдан морины уралдаан үзэх. Аль болох морьтой ойрхон байх дуртай. 

-Таны дуртай болон дургүй хоол?

-Натто гэдэг хоолыг идэж чаддаггүй байсан. Харин чанасан маханд дуртай. 

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

-Жолооч болохыг хамгийн анх мөрөөддөг байлаа. Тэгээд багш, онгоцны нисгэгч гээд явна даа. Манай аав онгоцны нисгэгч байж байгаад дараа нь жолооч болсон. Тэр ч утгаараа  жолооч гэдэг миний сэтгэлд их ойр.

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?

-Хэрэглээ. Үүнийг тохируулдаг байх хэрэгтэй. 

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

-Тууштай, өөрийнхөөрөө байх дуртай, бусдыг ойлгохыг их хичээдэг хүн. 

-Тэгвэл таныг бусад хүмүүс ямар зан чанартай гэж хэлээд байна?

-Төлөв төвшин л гэж тодорхойлдог. 

-Таны хамгийн дуртай спорт?

-Сагсан бөмбөг, волейбол. Одоо бол морин спорт, хөлбөмбөг, бэйсболл маш их үзнэ. 

-Бухимдлаа яаж тайлдаг юм?

-Сайхан кофе ууна даа. 

-Та өөрөө, өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Орон дотроо унтаж байхдаа. Өглөө босоод сайхан амарсан үедээ юм бүрийг хийж чадах мэдрэмж төрдөг. 

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол хэдэн он руу явах байсан бол?

-Дундад зуун руу очих байх. Тэр зууны амьдрал бидний хувьд их сонирхолтой. Зөвхөн монгол гэлтгүй, тухайн үеийн нийгмийн харилцаа, идэж байгаа хоол унд, өмсч байгаа хувцас хунараас эхлүүлээд их сонирхол татна. 

-Таны гар утасны дэлгэц дээр ямар зураг байдаг вэ?

-Санахгүй байна. Бараг зураг байхгүй байх /инээв/.

-Таныг одоогийн энэ ажлаа соль гэвэл?

-Багш, зохиолч болно. 

-Унтахынхаа өмнө юуны тухай бодвол илүү тайван амарч чаддаг вэ?

-Гэр орныхоо амьдрал ахуйг бодоход сайхан амарна. Харин ямар нэгэн байдлаар ажлаа бодвол нойр хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор хүүхдийнхээ тухай бодоод унтвал маш сайхан.

-Та нэг өдрийн төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

-Шулуухан хэлэхэд тамхи татдаг. 

-Та толинд өөрийгөө хараад?

-Үс бууралтаж байна гэж сүүлийн үед бодогдож байна. 

-Таны амьдралын хам­гийн аз жаргалтай үе?

-Би нэг их уйтгарлаж, гуниглаж үзээгүй. Олуулаа өссөн болоод ч тэр үү бужигнаж, хүнд сайн тусална, залхуурч үзээгүй гэж хэлж болно. Надад их зовсон, гунисан гэсэн зүйл байхгүй. Харин гадагшаа сургуульд яваад гэрээ, ээжийгээ санаад уйлж байсан. Энэ нь тухайн үед зовлон байсан уу жаргал байсан уу бүү мэд. Харин Япон руу оюутан болох шийдвэр гарч, шалгалтад тэнцээд их баярлаж байсан. Мөн хоёр жилийн өмнө хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтойг олж хараад баярлаж байлаа. 

-Нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Өөртөө зориулж мөнгө зарцуулахаа больж дээ. Залуу байхдаа бол зарцуулж байсан. Одоо ингээд харахад 40 орчим насны хүмүүс өөртөө мөнгө нэг их зарцуулахгүй болсон юм шиг санагддаг.  

-Та хамгийн анх уулзаж байгаа хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Ер нь ямар нэгэн шинэ орчинд ороод хүнийг нь хардаг. Тэгээд нүдийг нь харна. 

-Таны бүх ажил сайхан бүтсэн үед гэртээ, буйдан дээрээ суугаад, зурагтынхаа удирдлагыг бариад хамгийн дээд тал нь хэдэн цаг байж чадах вэ?

-Доод тал нь таван цаг хэвтэж чадна. Дээд тал нь 10 цаг босохгүй хэвтэх байх. Гэхдээ яг ингэж үзээгүй юм байна. 

-Таныхаар авлига гэж юу вэ?

-Авлига хээл хахуулийн эх сурвалж нь арын хаалга, танил тал, найз нөхөд. Энэ нь нийгмийг харлуулах хамгийн том зүйл болчихоод байна. Тиймээс бид авлигыг алга болгохын төлөө хамгийн чухал нь анхны гарал үүслийг нь сайн мэддэг байх ёстой. 

-Сэтгэл хөдлөлөө ямар байдлаар илэрхийлдэг бол?

-Шууд бараг гарахгүй дээ. Гэхдээ яг хүүхдүүдийн асуудал дээр бол гарна. Догдолж, хөөрч, харуусч гарна. 

-Хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг?

-Улс төрийн ажил хийдэг хүмүүс маань гэр бүлдээ цаг зав зарцуулж чаддаггүй. Тиймээс түүнийхээ төлөө уучлал гуйна даа. 

-Та залуудаа дурлалдаа шаналж байв уу?

-Үгүй. 

-Та санамсаргүйгээр лото бөглөж байгаад их хэмжээний мөнгө хожвол?

-Мэдэхгүй. Би бараг зарцуулж чадахгүй биз. Тийм болохоор хэрэгцээтэй газар руу нь чиглүүлэх болов уу. Ер нь мөнгө хожсон сургаар надаас мөнгө авах гэсэн хэдэн зуун хүн байгаа даа. Тэр хүмүүс рүү гараад явчихна байх. /инээв/.  

-Таны багадаа хамгийн их тоглодог байсан тоглоом?

-Гүйдэг маатаг, байлдаж тоглоно. 

-Ижил хүйстнүүдийн талаар юу гэж боддог вэ?

-Хүмүүсийн өөрсдийнх нь асуудал гэж боддог. Зөв бурууг шүүх нь илүүц. Ер нь хүн ертөнцийг ойлгох ойлголтыг өөрөөсөө эхлээсэй гэж боддог. Хорвоогоос хайгаад байгаа үнэн чамаас л гарна. 

-Айл болгонд гэрэл зургийн цомог байдаг.  Тэгвэл та гэрэл зургийн цомгоо хэзээ хамгийн сүүлд үзсэн бэ?

-Санахгүй байна. Магадгүй цагаан сараар үзсэн болов уу. 

-Таны хүүхэд насны баатар хэн бэ?

-Аав. Миний төрсөн ах. Ахыгаа хаа явсан газар нь дагана, хөөгдөнө. Ахаасаа олон зүйлийг сурсан даа. Миний хамгийн том баатар бол аавын нуруунаас урссан хөлс юм болов уу. Байнга тэр хөлсийг арчиж өгдөг байсан. 

-Гэр бүлээс гадуурх харилцааг юу гэж боддог вэ?

-Бид байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах ёстой. Тэгэхээр ертөнцөд байгаа үзэгдэл байж болдог учраас л байгаа. Хэрвээ тэр үзэгдэл буруу гэж бодож байгаа бол өөрөө битгий хий. Мөн зөв гэж битгий өөгшүүл. 

-Таныг нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Өглөө босч цай чанаж дээжийг нь өргөж үзмээр байна /инээв/. 

-Эрэгтэй хүн эмэгтэйгээс давуу байх шинж чанар?

-Эрэгтэй, эмэгтэй хүнд нэг нэгнээсээ давах зүйл бараг байхгүй дээ. Яах вэ эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол уламжлагдаж ирсэн гэрийн ажилд хөнгөхөн байх нэг давуу талтай. Өглөө босч цай чанахгүй, хоол хийхгүй байх боломжтой. Үүнээс гадна яг бодитой давуу тал нь хүүхэд төрүүлэх гэж өвдөхгүй юм даа. 

-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч болбол юу хийх вэ?

-Тухайн төрд юу хэрэгтэй байна тэр зүйлийг хийнэ. Нэг их ялгарсан зүйл бага хийх байх аа.

-Сургуульд суралцаж байх үеийн санаанаас гардаггүй хамгийн сайхан өдөр чинь...?

-Хамгийн гоё өдөр нь Японы шалгалтад тэнцсэн өдөр. Тухайн үед оюутны байранд амьдарч байсан. Идэх хоол бараг байхгүй, картын жаахан бараагаа авна. Ер нь оюутны тэр амьдралаас маргаашийг олж харахад их хэцүү байсан. Гудамжинд нэг ч машин байхгүй, тог байнга тасарна, мах олдохгүй. Яг тийм үед залуу хүн гадагшаа, тэр дундаа Японд очино гэдэг үнэхээр гайхамшигтай онцгой өдөр байсан.  

-Та хэдэн насандаа өөрийн би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ?

-Багаасаа л мэдэрсэн. Би нэгдүгээр ангид орохын өмнөх жил ээжийгээ дагаад чацаргана тарих гэж явсан. Чацарганы талбайд өдөржингөө ажиллаад шөнө дунд гэр рүүгээ явж байтал олон тэмээ хойноос дагаад. Тэр үед ээжийнхээ хормойноос барьчихсан энэ сүнс үү, тэмээ юм болов уу гэж бодохын зэрэгцээ “Би эр хүн байна даа. Энэ зэргийн юмыг тоохгүй гарах хэрэгтэй” гээд алхаж байсан санагддаг. Тэгсэн тэр олон тэмээ нь улиас л байсан. Сарны гэрэлд л сүртэй харагдсан байгаа юм. Энэ мэтчилэн өөрийгөө би гэдэг бие хүн гэдгийг мэдрэх зүйл багаас байсан. 

-Амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?

-Сонгуульд амласан амлалтын зарим нь биелэхгүй, ард иргэдтэй уулзах уулзалтан дээр нэхүүлэх үе. Тэр үнэхээр ичмээр. Гэхдээ би тойрог солихгүй, тойрч зугатаахгүй, чөмгөө ташуулахаар ирлээ л гэдэг. 

-Та болзсон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээж чадах вэ?

-Хэр завтай байхаас шалтгаална даа. Завгүй бол минутын дараа л тэр уулзалт үгүй болно. Гэхдээ хоцорчихлоо чи гээд гомдоод байх зүйлгүй. 

-Та амласандаа хүрдэг үү?

-Хэрвээ боломж байвал амласнаа бүгдийг хийдэг. Амьдрал баян учраас боломжгүй болох зүйл зөндөө гарна. Гэхдээ санаатайгаар амласан зүйлээсээ урваж шарвах зүйл байхгүй. 

-Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо. Улсын сургуульд өгөх үү, хувийнх сургуульд сургах уу?

-Хоёр хүүхдээ хувийн сургуульд өгсөн. Нэг хүүхдээ улсын сургуульд өгсөн. Харин дараагийн хүүхэд сургуульд орох тэр үед л шийднэ. 

-Өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл?

-Ёстой мэдэхгүй юм. 

-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. Энэ зай таныхаар хэр хол вэ?

-Хайр, үзэн ядалт хоёр зэрэг байдаг. Их хайр, их үзэн ядалт болж хувирдаг. Яг үүнтэй адил үнэн худал хоёр холдох тусмаа нэг цэг дээр очих магадлал өндөр. Ойрхон байвал бага зэргийн зөрүү байна. Гэхдээ энэ бол харьцангүй ойлголт. 

-Тантай ярилцаж байгаа хүн өөдөөс чинь харчихаад мэддэг зүйлийн чинь талаар худлаа яриад байвал яах вэ?

-Худлаа ярьж байгаа дээр нь хамгийн түрүүнд дүгнэлт өгнө. Гэхдээ худлаа хэлж байгааг нь хэлнэ. 

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар?

-Дэлхийн шинжлэх ухаан одоо л тодорхой шийдэл дээр ирж байна. Цаашид улам л хөгжинө. Бүх зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байдаг. Тэгэхээр тооцоолох боломжгүй. Харин бид хэдэн тэрбум хүний нэг гэдгээ л мартаж болохгүй. 

-Хэрвээ танд кинонд тоглох урилга ирвэл ямар дүр бүтээх вэ?

-Энэ асуудлыг тэр продюссер шийдэх байх. Хэрвээ би продюссер байсан бол сайхан зохиолчийн дүр гараад ирнэ дээ.  

-Таныг эзгүй арал дээр түр хугацаанд амьдруулахаар боллоо. Хэрэгтэй гурван зүйлээ авч яв гэвэл?

-Гэр бүл, компьютер, интернэт, хоол хүнс. 

-Таны аав, ээжийн захиж хэлсэн үгнээс хамгийн мартагдахааргүй нь?  

-Аав, ээжийн маань ярьж хэлж байсан зүйлээс илүүтэй үйл хөдлөл нь сэтгэлд тод үлдсэн байх. Аав маань намайг машины кабинд суулгадаггүй байсан. Тэр олон залуус энэ машинд суугаад байвал бүгд жолооч болно. Түүний оронд би жолоогоо барьж энэ хэдээ тэжээгээд, тэд эрдэм ном сурах хэрэгтэй гэж хүмүүст их ярьдаг. Тэр л миний сэтгэлд их хоногшиж үлдсэн. Энэ мэт олон зүйл бий дээ. 

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг гурван үгний алийг нь хэлэхэд хамгийн хэцүү вэ?

-Салъя. Ер нь эрчүүд олж авсан зүйлээсээ салж чадахгүй байх аа. 

-Үл үзэгдэгч байсан бол та юу үзэхийг хүсч байна?

-Хариулж мэдэхгүй юм. 

-Бурхан гэж байдаг болов уу?

-Байгаа.

-Байнга хэрэг болохгүй ч биедээ байнга авч явдаг зүйл юу байна вэ?

-Түрийвч. 

-Та хэр шударга хүн бэ?

-Шударга гэж бодож байна. 

-Таны хамгийн дургүй үг?

-Цэцэрхэлд их дургүй. Заавал тэгэх ёстой гэсэн тулгасан үгэнд дургүй. Магадгүй би өөрөө энэ үгийг хэрэглэж байсныг үгүйсгэхгүй ч хөндлөнгөөс их хүйтэн сонсогддог. 

-Таны уурлахдаа гаргадаг зан?

-Дуугүй болно. 

-Та өөрөө, өөртөө хэзээ хамгийн их итгэлтэй байдаг вэ?

-Хэн нэгэнтэй ярилцаж байхад тухайн хүн намайг сонсч  байхад. 

-Оройтсон ч гэсэн хамгийн ихээр суралцахыг хүсч байгаа зүйл?

-Эдийн засгийн ухаан. Философчдын дунд оролцож сурах. Дэлхийн хэмжээний эдийн засагчидтай нэг даалгавар биелүүлэхээс гадна философчидтэй нэг ангид суралцах. 

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Харанхуйгаас. 

-Мөнгө гэж таныхаар?

-Хэрэгцээгээ хангах хэрэгсэл. 

-Ирээдүйн сайхан Монгол орныг ямар байгаасай гэж боддог вэ?

-2050 оноос Монгол Улс сайхан орон болно гэдэгт итгэлтэй байдаг. Монгол орон дэлхийн  эрдэмтдийн,  шинжлэх ухааны төв болж хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Бид цөөхүүлээ шүү дээ. Тийм учраас дэлхийн хамгийн оюунлаг, шинжлэх ухаанч, сайн зураач, профессор, философчид, эдийн засагчид тэр бүгд манай улсад байх ёстой.  

-Та хэзээ хамгийн сүүлд сэтгэлээсээ инээсэн бэ?

-Хэд хоногийн өмнө онгоцонд явж байгаад хошин шогийн нэвтрүүлэг үзэж, татаж унатлаа инээсэн. 

-Одооны нийгэмд хамгийн түрүүнд өөрчлөх ёстой зүйл?

-Хүн бүр өөрөө өөртөө эзэн нь болох хэрэгтэй. Өрөөлөөс юу ч битгий хар. Чи өөртөө эзэн болж байгаа цагт бусад хүн өөртөө эзэн болж чадна. Үүнд битгий эргэлз. Чадвал жаахан цаг гарвал бусдад тусал. 

-Та хэд хүртэл наслахыг хүсч байна?

-100 наслах байлгүй дээ. 

-Тэгвэл та 100 нас хүрчихсэн өвөө хаана юу хийж байх бол гэж бодож байна? 

-Нэг “Кофе шоп” нээнэ. Миний тэр газарт хэдэн компьютер тавьчихсан интернэттэй,  улс төр филисофын номоор дүүрэн номын сан байгуулчихна. Ингээд манай кофе шопд миний насныхан ирж кофе ууна. Мөн залуус орж ирэхэд би өөрөө кофе аягалж өгнө. Тэр үедээ жаахан цэцэрхэнэ. Ийм л өвөөгийн амьдралыг мөрөөдөж байгаа. 

-Маргааш дэлхий сөнөнө гэвэл амжуулж юу хийх вэ?

-Үнэхээр сөнөх бол юу ч хийхгүй. 

-Энэ амьдралын юунд эргэлздэг вэ?

-Амьдралыг мөнх юм шиг ойлгодогт. 

-Хайр гэж таныхаар?

-Үнэт зүйл. Хоёр өөр хүн нэг нэгэндээ уусахыг л хэлэх байх. 

-Тэгвэл амьдрал?

-Өргөн утгатай, ганц үгээр илэрхийлэх боломжгүй. Би бол өөрийнхөөрөө байхыг амьдрал гэж ойлгодог. Харин миний амьдралыг хэн нэгэн дэнслээсэй гэж хэзээ ч боддоггүй. 

-Та өөрийгөө ямар нэгэн амьтантай зүйрлэбэл?

-Тэмээ байх байсан болов уу. Нэг сайхан ус уучихаад, алсыг хараад зогсч байна даа /инээв/.

-Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?

-100 хувь хангалуун байна. 
 

Буулгасан Э.Пагма

Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин (112.72.11.110 / 2014-12-13 05:32 )

    Л.Гантөмөрийг би шударга, даруу хүн гэж боддог. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, төрийн сайд хүнд нэн түрүүнд байх ёстой чанар бол шударга зан чанар, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүтгэл байх ёстой. Таны ц******дын ажилд өндөр амжилт хүсье.

  • зочин (103.229.122.218 / 2014-12-13 03:49 )

    Улс төр гэдэг нь “нандин” нарийн холбоо л гэдэг. Энэ саад огцорсон засгийн газрын сайд нараас юугаараа гавьяатай гэж үлддэг “саад” юм болоо. Үлдээсэн холбоо нь юу юм бол. Лав л ИХ-ын гишүүдийн асуултанд хариулж байгаа нь маш их сул нөхөр харагдана л ээ.

  • Зочин (103.229.122.218 / 2014-12-13 03:45 )

    Боловсрол мэддэггүй энэ саад л огцорсон засгийн газраас үлдэх гавьятай нь гэж үү

  • зч (103.10.23.58 / 2014-12-12 08:20 )

    Багш, зохиолч болно. гэнүү, чам шиг юмнууд хүсээд ч чадахгүй нандин сайхан мэргэжил мэдээ, хүнээс хүн чанар үнэхээр их ********ддаг мэргэжил ...чам шиг хүнд улс төрч л яг зохино