2014-10-31 06:08

Э.Бат-Үүл: Төсөв бодохдоо маш ноцтой нягтлан бүртгэлийн арга хэрэглэсэн байна


Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Боловсролын, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай, хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зэрэг таван хуулийн төсөл, хоёр УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр орон нутагт төсвийн захиран зарцуулах эрх мэдэл шилжүүлэх асуудлаар байнгын хорооны гишүүд нэлээд маргалдаа. 
Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл:
-УИХ-ын гишүүн байж төсөв батлалцаж байсан хүний хувьд төсвийн талаар мэдээлэл надад бий. Ирэх жилийн төсвийг  хууль батлаагүй байхад оруулж ирлээ.Өмнө нь ийм жишээ байгаагүй юм. Жишээлбэл нийтийн тээврийн зардлыг гэхэд л хууль өөрчлөөгүй байхад суурь зардалд хянаад оруулаад ирчихэж байна. Мөн төсвийн суурь зардлын хууль өөрчлөгдөөгүй байхад хотын зардыг 500 гаруй тэрбум төгрөгөөр оруулж ирлээ. Маш ноцтой нягтлан бүртгэлийн аргыг хэрэглэсэн байна. Улс төрийн ноцтой хамгийн чухал асуудлыг одоо хэлье. Хууль зөрчсөн төсвийг ИТХ-д өргөн барьж болохгүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид төсвөө баталж чадахгүй. Яагаад Монгол Улсын Ерөнхий сайд  Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр хоёр хууль зөрчөөд, буруу мэдээлэл өгөөд, залилан хийгээд байгаа юм. Н.Батбаяр сайд байхдаа Чингис бондын мөнгийг хувийн хөрөнгө шиг зарчихсан шүү. 
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Урсгал зардлыг орон нутагт шилжүүлэхдээ 300 тэрбум төгрөг дутуу өгч байна. Орон нутагт эрх мэдэл өгөх нэрээр санхүүжилтийг нь дутуу олгохоо болих хэрэгтэй.  Ийм заль хэрэглэж болохгүй. Өнгөрсөн онд дутуу бариад орхисон барилгуудыг гүйцээж барьж дуусгах ёстой. Засгийн газар үнэнээ хэлээч. Мөнгө байхгүй учир залилж байна гэж шууд хэлчих хэрэгтэй ш дээ. Бид энэ тогтоолыг гаргаж болохгүй. Засгийн газар маш том залилан хийж байна шүү. Нийслэл мэдээлэлтэй байгаа учраас эсэргүүцээд байна. Орон нутгийнхан мэдээгүй учраас эсэргүүцэл ирүүлээгүй байгаа.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Эрдэс баялагийн үнэ өссөнтэй холбоогтойгоор манай улсын төсөв мөнгөтэй болсон.  Жишээлбэл 2005 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум хүрэхгүй байсан бол 2014 онд 3,3 их наяд болтлоо өссөн байдаг. Энэ нь хөрөнгө оруулалт болон бондын мөнгө. Өнгөрсөн жил 400 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий баригдаагүй үлдсэн барилгын ажлыг  дуусгах ёстой. Тэгэхээр хамгийн  түрүүн дуусгаагүй барилгаа дуусгая гэж Засгийн газар үзсэн юм байна. Байгаа мөнгөө л төсөвт суугалаа даанч нэмэлт эх үүсвэр алга. Ингэхдээ орон нутагт эрх мэдлийг нь өгч, дарааллаа тогтоох боломжийг нь олгохоор шийдсэн. Тиймээс   хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх хэрэгтэй гэдэг байдлаар энэ хуулийн төслийг оруулж ирсэн байгаа. 
Н.Чимгээ

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно