2014-10-24 08:02

Ч.Хүрэлбаатар: Ийм хүнийг Ерөнхий сайдаар удаавал улс орон улам сүйрнэ


УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.

-Та бүхний гаргаж тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийг АН-ын бүлэг хангалттай бус байна гэж дүгнэлээ. Батлагдаж, нотлогдоогүй хэрэгт холбогдуулж Ерөнхий сайдыг огцруулна гэдэг утгагүй зүйл гэж байна. Та үндэслэлээ дахин нэг тайлбарлаач?

-Нэр бүхий 28 гишүүний Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал үндсэндээ хоёр агуулгатай. Эхнийх нь эдийн засийн хямралтай холбоотой. Өндөр өсөлттэй эдийн засаг, 3 тэрбум долларын валютын нөөц, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрчимжсэн, төгрөгийн ханш нь тогтвортой, өр багатай эдийн засгийг бид хоёрхон жилийн өмнө л хүлээлгэсэн өгсөн. Одоо юу болов. Эдийн засгийн өсөлт нь саарчихсан, төгрөгийн ханш нь уначихсан, улсын өр нэмэгдчихсэн, ард иргэдийн амьжиргааны түвшин уначихсан, эдийн засгийн идэвхжил бараг алга болсон, хөрөнгө оруулагчид дүрвэсэн, хямрал нүүрлэчихсэн эдийн засагтай болчихлоо. Ийм байдалд хүргэсэн гол хүчин зүйл нь энэ Засгийн газрын бодлогын алдаа. Уг нь Ерөнхий сайд өөрөө уучлал гуйгаад огцрох өргөдлөө эрт өгчих байсан юм. Харамсалтай нь, тэгсэнгүй. Хоёрт, ёс зүйн асуудал бий. Бидний тавьсан үндэслэлд энэ тухай тодорхой бичсэн.

-Цаг хугацааны хувьд огцруулах асуудал тавьсан энэ мөч хэр оновчтой вэ. Өмнө нь ч юм уу, эсвэл арай хожуу ч тавьж болох л байсан шүү дээ?

-Өмнө нь юу болсныг эргээд санах хэрэгтэй. Эдийн засгийн байдал муудаж байна аа, бодлогын алдаагаа засаач ээ гэж Ардын нам 2013 оны хавраас л ярьсан. Алдаа гаргасан сайд нартайгаа хариуцлага тооцооч ээ гэсэн шаардлагыг ч тавьж ирсэн. Тэгэхэд урдаас "ЭЗЭН 100" хөтөлбөр хэрэгжүүлээд эдийн засгийг сэргээчихнэ гэсэн шүү дээ. Энэ бол Н.Алтанхуягийн өөрийнх нь хэлсэн үг. Ингээд "ЭЗЭН 100" нь наймдугаар сарын 27-нд дуусахад Ардын нам ээлжит бус чуулган хуралдуулж үүнийгээ дүгнээч ээ, төсвийн тодотголоо хийгээч ээ гэсэн. Бас л бидний шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс намрын чуулган эхлэхээр манайх асуудал тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо л тавьж байгаа юм биш, өмнө нь ч тавьж байсан асуудал. Сая Засгийн газрын бүтцийн өөрчлөлт оруулж ирэхэд ч хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцож ирэх нь гэж хүлээсэн. Гэвч тооцсонгүй. Харин ч сайн ажиллаж байсан учраас ийм бүтцийн өөрчлөлт оруулж ирлээ гэж Ерөнхий сайд хэллээ шүү дээ. Ийм л хариуцлагагүй зүйл ярьж байгаа хүнийг цаашид Ерөнхий сайдаар байлгавал улс орон улам  л сүйрэх юм байна. Эртхэн огцруулъя гэсэн юм.

 

-Цаг хугацааг тодотгож асуусан нь Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг УИХ баталж өгсөн. Ингэхэд МАН-ын бүлэг ч оролцсон. Нэг талдаа бодлогыг нь дэмжээд кноп дарчихаад яагаад огцруулах асуудал зөрүүлж оруулж байгаа юм бэ. Дээр нь төсөв хэлэлцэн батлах хуулийн хугацаа тулчихаад байна шүү дээ?

-Бид бүтцийг нь баталж өгсөн үү гэвэл өгсөн. Гэхдээ бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ тодорхой сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хамт ярих нь л гэж хүлээж байсан. Бүтцийг баталж өгөхдөө ч бид байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан шүү дээ. Бүтцийг цомхон болгож, Ардын нам эрх барьж байсан үеийн Засгийн газрын бүтэц рүү буцаж шилжиж орохыг дэмжиж байна. Харин бүрэлдэхүүн оруулж ирэхдээ хариуцлага тооцох ёстой шүү гэсэн. Тэгэхэд дахиад л "Сайн ажиллаж байсан учраас огцруулж байна" гэж хэлээд ороод ирсэн. Эдийн засаг хямарчихсан ийм үед УИХ-аар тоглож болохгүй. Ийм учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал тавьсан юм.

-Төсвийн тухайд юу хэлэх вэ. Цагт шахагдчихлаа шүү дээ?

-2015 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15 буюу хуулийн хугацаанд нь багтаж батлах ёстой. Цаг алдаж байгаа асуудлууд байна аа. Тухайлбал, 2 хоногийн өмнө Төсвийн байнгын хороон дээр АН-ынхан өөрсдөө хэлэлцэх асуудлыг батлах үед эсэргүүцэж хойшлуулсан. Бас Засгийн газар төсвийн тодотголыг одоо болтол оруулж ирэхгүй байна. Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихгүй байгаагаас бүтцийн өөрчлөлтөд орчихсон яамдын хөрөнгө оруулалт, урсгал зардал санхүүжигдэх боломжгүй болчихсон. Гэтэл цаана нь өч, төчнөөн аж ахуйн нэгж төсвөөс санхүүжилт, мөнгөө авна гээд хүлээгээд сууж байна. Тэгэхээр одоо төсвийн тодотголоо Засгийн газар яаралтай өргөн барьж, УИХ хэлэлцэн батлаад дараа нь 2015 оны төсвөө хэлэлцэж батлах ёстой юм. Засгийн газар УИХ-аар шийдүүлэх асуудлынхаа эрэмбэ, дарааллыг мэдэхгүй байна л даа.

-Ирэх оны төсөв батлахаас өмнө яагаад заавал тодотгол хийх ёстой гэж?

-Зайлшгүй. Яагаад вэ гэхээр 2014 оны төсөв бол шал худлаа төсөв шүү дээ, 2015 оны төсвийн суурь болох ёстой 2014 оны төсвөө эхлээд засах шаардлагатай.  Бас төсвийн тодотголоор зарим хөрөнгө оруулалт 2015 он руу шилжиж таарна. Тэгэхээр 2015 оны төсвийг батлахаас өмнө тодотгол хийж, 2014 оноос 2015 он луу шилжих хөрөнгө оруулалтын жагсаалтыг маш зөв тодорхойлохгүй бол зарим хөрөнгө оруулалт хасагддаг, гээгддэг бас санхүүжилтээ дутуу авах эрсдэлүүд үүсдэг юм.

 

-Тодотголоо оруулаад ирье гэхэд та нар Сангийн сайдыг нь томилж өгөхгүй завсарлага аваад байгаа юм биш үү?

-Завсарлагын хугацаа дуусчихсан ш дээ. Тэгээд ч заавал Сангийн сайдын нэр нь тодорхой болохоор төсвийн тодотгол ярина гэсэн хууль байхгүй, харин ч Ерөнхий сайд нь Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж байгаа энэ цаг үед төсвийн тодотгол хийх нь зохимжтой байж магадгүй.

-2015 оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхтэй зэрэгцээд янз бүрийн яриа гарч байна. Төсөв тойрсон шүүмжлэлүүд, дээр нь Монголбанкны валютын нөөц шавхагдаж байна гэсэн мэдээлэл ч явж байна. Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд Танд бодитой мэдээлэл байна уу?

-2015 оны төсвийн төсөл маш муу болсон. 2015 оны төсвөөс ард иргэд, бизнес эрхлэгчид юу хүлээж байсан гэхээр бидний амьдралд тустай ямар шийдвэр гарах бол, бизнесийн орчин сайжрах нь уу гэж харж байлаа. УИХ-ын хувьд эдийн засгийн хямралыг давж туулахад төсвийн бодлогын хувьд Засгийн газар ямар арга хэмжээ авах нь вэ гэж харж байсан. Эдийн засгийн хямралтай, хөрөнгө мөнгө хомсдолтой үед улсын төсвийн хөрөнгө оруулалт нэгдсэн бодлогын дор явагдах учиртай. Гэтэл тэгсэнгүй. 2008-2009 оны хямралын үед урсгал зардлыг эрс бууруулж, хөрөнгө оруулалтын хэмжээг бараг бууруулаагүй. Монголбанкны бодлогын хүүг нэмэгдүүлсэн. Ийнхүү хатуу ч зөв бодлогын үр дүнд эдийн засгийн хямралыг богино хугацаанд давж байсан юм. Одоо орж ирсэн төсөв дээр бүгд эсрэгээрээ. Урсгал зардлыг 800 тэрбумаар нэмж, хөрөнгө оруулалтыг 500 тэрбумаар хасчихаж. Ядаж хөрөнгө оруулалтаа нэмж чаддаггүй юм аа гэхэд урд оны төвшинд нь бариад оруулж ирсэн бол хямралаас гарахад тус болно. Гэтэл яг эсрэгээр нь хийжээ. Хэрэв энэ бодлогыг нь АН-ын гишүүд олонхиороо кнопдоод баталбал эдийн засгийн хямрал улам л үргэлжилнэ. Хямралаас гарах хугацаа 2017 он уу гэж ярихад хүргэнэ. Ийм байдал үүсчихээд байгаа болохоор л 2015 оны төсвийг муу гээд байгаа юм. Харин тэр валютын нөөцийн тухайд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр би Н.Золжаргал ерөнхийлөгчөөс асуусан. Тэрээр Монгол Улсын валютын цэвэр нөөцийг хэлж чадахгүй байна лээ. Өмнө нь яадаг байсан юм бэ гэхээр Монголбанкны ерөнхийлөгч нар нүүр бардам валютын нөөц "Тэдэн сая доллараар өслөө" гээд хэлдэг байлаа. Одоо бол хэлж ч чадахгүй хэмжээнд хүрч дээ. Бодит байдал ийм л байна.

-Тантай уулзсаных бас нэг зүйл асууя. Сая АН, МАХН хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Улстөрчийн хувьд гадна талаас нь энэ гэрээг та харж л байгаа байх. Ямархуу санагдав?

-Энэ гэрээ зурснаасаа хойш дөрөв хоног л хүчинтэй байх шив. Өөрсдөө хүчингүй болгож байна гэхээр буруу юм хийжээ гэдгээ мэдсэн юм болов уу даа. Уг нь 2014 он гэдэг бол ид ажил хийж байх л жил. Сонгууль болох болоогүй байна. Гэвч эд нар зөвхөн сонгууль бодож, сонгуулийн санал авах тухай л бодож яваа нь энэ дөрөв хоногийн настай гэрээнээс нь харагдлаа. Өөр юу хэлэх вэ дээ.

Ч.Гангэрэл

 


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (112.72.13.197 / 2014-10-26 16:15 )

    Yнэн үг байна.