2013-04-19 06:38

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНУУД ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БАЙЖ ЧАДАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан, залуусын боловсролд онцгой анхаарал хандуулсан олон арга хэмжээ болж байгаа билээ. Үүний нэг нь 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгуулсан “Мэргэжил сурталчилах” өдөрлөг байлаа. 
   ...Хосгүй эрдэмт багш та
   Ховорхон учрах бурхан
   Хожмын өдөр хэнээс ч
   Хариу нэхэхгүй буянтан... хэмээн хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд хоолой нийлүүлэн дуулна. Тэд бол Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Сургалт судалгааны газрын төгсөх ангийн оюутнууд.

   Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Сургалт судалгааны газар нь анх 1976 онд “Байнгын курс” нэртэйгээр байгуулагдаж, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нягтлан бодох мэргэжил олгож эхэлсэн түүхтэй. Өдгөө 37 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус сургуулийн хамд олон мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, оюутан, залууст боловсрол олгож, амьдралын их замд хөл тавин ихийг хийж бүтээх урам өгчээ.

   Тэд талх нарийн боовчин, мужаан, гар урлал, оёдол, гоо сайхан, хэвлэл дизайн, тогооч, цэцэрлэгч, барилгын дотоод засалч гээд зах зээлд эрэлт хэрэгцээтэй нарийн мэргэжлүүдэд суралцан мэргэшсэн боловсон хүчин болж байгаа юм. Өнгөрсөн 37 жилийн хугацаанд дээрх мэргэжлээр нийт 4500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил, ур чадвар олгож, нийгмийн идэвхтэй гишүүн болох замд СЗХҮТ-ийн Сургалт, судалгааны газар хөтөлжээ.

   Тухайлбал, тус сургуулийн анхны төгсөгч н.Уснак нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Тэрбээр өөрийн хүсэл, сонирхол, уйгагүй хөдөлмөрөөрөө монголдоо ховорхонд тооцогдох модон хүүхэлдэй урлалын “Эхлэл төв”-ийг байгуулжээ. Бизнес, амжилт, амьдралынхаа гарааг сургуулиасаа эхлүүлсэн н.Уснак одоо өөрийн төгссөн сургуулиаса мэргэжлийн ажиллах боловсон хүчин авдаг байна. Мөн өнгөрсөн жилийн төгсөгч н.Очирсүрэн компьютер, графикийн мэргэжлээ ашиглан төрөлх Налайх дүүрэгтэй хувийн бизнесээ эхлүүлжээ. Очирсүрэн ч гэсэн өөрийн сургуулийн энэ жилийн төгсөгчдөөс ажиллах хүч авахаар ирсэн тухайгаа багш нартаа хэлжээ.Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч энэ сургуулийг төгссөн болон төгсөх оюутнууд, ээж аавыхаа хөрөнгө мөнгийг үрэн байж, их, дээд сургуульд дөрвөн жил сурчихаад хийж бүтээсэн зүйлгүй хоосон диплом өвөртөлж суугаа зарим энгийн оюутнуудаас илүүтэйгээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чаддагийг дээрх жишээнээс тольдож болно. Харин 2012-2013 оны хичээлийн жилд СЗХҮТ-ийн Сургалт судалгааны газар сонсгол хэл ярианы бэрхшээлтэй 32, харааны 5, хөдөлгөөний 16, оюун ухааны хоцрогдолтой 39, хавсарсан эмгэг согогтой 10, уналт таталттай 9 нийт 110 хөгжлийн бэрхшээлтэй залууст мэргэжил олгож байгаа юм. Тэдний “Мэргэжил сурталчилах” өдөрлөгт зориулан өөрийн ур чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөрөө чин сэтгэлээ гарган хийсэн бэлтгэсэн бүтээлийн үзэсгэлэнг хараад бахармаар санагдсан.

   Найман хүний багтаамжтай майхан, төрөл бүрийн угалзан хээгээр гоёсон гэрийн тавилга, 12 жил ийн дүрс бүхий модон шатар, амтат хоол, нарийн боов, гоёл чимэглэл гээд хүний нүд татсан олон бүтээлээ дэлгэн тавьсан байлаа. Энэхүү бүтээлийн эзэд удахгүй бусад оюутнуудын адил төгсөлтийн баяраа хийн, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байхаа батална. Тиймээс өөрсдийн юу сурч мэдсэнээ багш, эцэг эх, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд танилцуулж, эзэмшсэн мэргэжлээ сурталчилсан нь энэ өдөрлөг байлаа.

Ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй оюутныг ажиллуулах сонирхол их байдаг

   “Мэргэжил сурталчилах” өдөрлөгтэй холбогдуулан СЗХҮТ-ийн Сургалт, судалгааны газрын дарга Д.Батдоржоос сургалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

    Энэ жилийн хичээлийн жилд нийт 110 оюутан элссэн гэж байна. Ямар чиглэлээр элсэлт авч, мэргэжил эзэмшүүлж байна вэ ?

   Яг одоогоор манай сургуульд 9-н мэргэжлээр, 98 оюутан суралцаж байна. Эдгээр оюутнууд маань талх нарийн боовчин, мужаан, гар урлал, оёдол, тогооч, компьютер дизайн, фермерч, гуталчин зэрэг ангиудад жилийн хугацаанд суралцан, мэргэжил эзэмшдэг. Голчлон саажилт, сонсгол хэл ярианы, тулгуур эрхтний, оюун ухааны бэрхшээлтэй оюутнууд суралцдаг.

   Оюутнуудаа элсүүлэхдээ ямар шалгуур тавьдаг вэ. Хөдөө орон нутгаас элсэх боломж бий юу?

   Хөдөө орон нутгаас элсэн суралцах боломжтой. Элсэн ирж буй хүүхдүүдээ бид эмч нартайгаа хамтран оношилдог. Хөгжлийн бэрхшээлийнх нь хүнд, хөнгөн хэлбэрийг тогтоож тохирох мэргэжлийн ангиудад хуваарилдаг юм. Тухайлбал, тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүүхдүүд компьютер графикийн ангид илүү тохиромжтой байдаг. Тэд маш сайн графикч, оператор болдог нь ажлын байранд гарсаны дараа ажиглагддаг юм.

   Мэргэжил эзэмшээд төгсөж буй оюутнуудыг ажлын байраар хангахад ямар туслалцаа үзүүлдэг вэ. Ажлын байраар хангагдах боломж нь хэр байдаг бол?

   Бид аль болох зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхийг зорьдог. Дээрх мэргэжлүүдээс гуталчин, барилгын засал чимэглэгч, оёдол, компьютер графикийн ангийг төгсөгчдийг ажил олгогч нар илүү сонирхож, авдаг. Зөвхөн энэ ангиудаас төдийгүй манай сургуулийн төгсөгчдийг ажиллуулах сонирхол ажил олгогчдол их байдаг гэж болно.

   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүтэй өдөр бүр тулж харьцаж, тэдэнд мэргэжил олгоход багшаас нэлээд ур чадвар шаардах байх. Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст мэргэжил олгоход анхаарах ёстой ямар асуудал байна вэ?

   Багшийн оролцоо хамгийн чухал. Гэхдээ манай сургуулийн багш нар ямар ч бэрхшээлтэй хүнтэй харилцах чадвартай нь нэг талаараа давуу тал юм. Цаашид сургалтын орчин нөхцөлийг улам сайжруулж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад анхаарна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөдөлгөөн мөш чухал. Ялангуяа саажилттай хүүхдэд. Тиймээс ирэх жилээс бүх ангийн оюутнуудад биеийн тамирын хичээл орхоор сургалтын төлөвлөгөөнд тусгаад байна.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно