2014-09-19 01:39

Засгийн газраас зардлыг хумихаар шийдвэрлэжээ


Оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлого төлөвлөсөн дүнгээс 623.4 тэрбум төгрөгөөр тасраад байгаа тул Засгийн газраас зарим бараа, ажил үйлчилгээний зардлыг хумихаар шийдвэрлэжээ. 
Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгөн хөрөнгийг бууруулж олгох, шинээр өр төлбөр үүсгэхгүй байхыг Сангийн сайд, Төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгасан байна. 
Зургаадугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг дүгнэж, ажлыг нь эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Засгийн газраас даалгасан аж. Гэвч есдүгээр сарын 16-ны байдлаар 85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байна. 
Хэдий гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн ч барилга угсралтын технологийн горим, стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх хугацаа хязгаарлагдмал болсон учир ийнхүү тендер зарлах, гэрээ байгуулах хугацааг тасалбар болголоо. Өнгөрсөн онд төсвийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгож байсан юм. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно