2014-09-16 02:14

Хотын дарга цахилгаан автомашиныг өөрийн албан хэрэгцээнд ашиглана


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэдэг Япон Улсын “Митсубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан. Нийслэлийн Засаг даргын саналын дагуу өнгөрсөн 6-р сард тус корпораци 2 цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, туршилтын шугамаар албан хэрэгцээнд  ашиглаж байна. Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 000 төгрөгийн цахилгааны зардлын тооцоо гарчээ. Уг автоамшиныг бүтэн цэнэглэсэн тохиолдолд хэрэглээнээсээ хамаарч 4000 төгрөгөөр 130-150 км зам туулах хүчин чадалтай бөгөөд утаагүй, хүлээмжийн ялгаруулдаггүй давуу талтай.

Тус корпорациас 3 дахь цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, хүлээлгэн өгсөн юм. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаата хотын Захирагч Э.Бат-Үүл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизу, “Митсубиши моторс” корпорацийн Хойд Азийн оффисын Ерөнхий менежер Ёойчи Шимизу нар оролцлоо.

Энэ үеэр Хотын дарга “Агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг автомашинаас ялгардаг утааг багасгах, иргэдийн төсвийг хэмнэх зорилгоор цахилгаан автоамшиныг бид туршилтаар ашиглаж байна. Манайд өмнө нь хандивласан 2 автомашиныг Үндэсний их баяр наадмаар иргэдэд үйлчлэхэд их таатай хүлээж авсан. Сард 60 мянган төгрөгийн зардал гарна гэхээр манайхан огт итгэж өгөхгүй байсан юм. Гэтэл энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицох уу гэдгийг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болвол хамгийн түрүүнд нийслэлийн харъяа агентлагуудыг цахилгаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ. Харин өнөөдөр хүлээн авч буй энэ автомашиныг би албан хэрэгцээнд ашиглахаа мэдэгдэж байна” гэлээ. “Митсубиши моторс” корпорациас Хотын захиргаатай цаашид хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

О.ЭНХ


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно