2014-09-15 06:39

Тарвага тахлын халдвараас сэргийлэх арга хэмжээ авахад 56.7 сая төгрөгийг зарцуулжээ


ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Оюунчимэг, НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл, ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн нар оролцож, Өвөрхангай аймгийн Сант суманд бүртгэгдсэн тарваган тахлын талаар мэдээлэл өглөө 
Өвчтөн “М” нь 15 настай, эрэгтэй. ЕБС-ийн сурагч. Энэ сарын 3-ны өдөр тарваганы түүхий давсаг залгиснаас болж халдвар авчээ. Түүний аав нь тарваганы хүн мах, ээж нь цөсийг нь түүхийгээр залгиж, махаар нь боодог хийж идсэн байна. Маргааш өдөр нь хүү халуурч, хоолой өвдсөнөөр эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Энэ сарын 9-ний өдрийн 16 цаг 45 минутад Өвөрхангай аймгийн Сант сумаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсныг мэдээлжээ. Энэ дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний үр дүнд тулгуурлан тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болохыг 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эцэслэн баталгаажуулсан байна. Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа юм байна. 
Сумын Засаг даргын захирамжаар сумын төвд энэ сарын 10-ны өдөр хөл хорио тогтоож, 1-р хавьталд орсон 62 хүнийг тогтоож, иж бүрэн үзлэг хийн, тусгаарлан, сэргийлэх эмчилгээнд хамруулсан бөгөөд одоогийн байдлаар эдгээр хүнээс тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй байна. Хөл хорионы эцсийн хугацаа 2014 оны энэ сарын 16-ны өдөр дуусах юм. Тус сум тарваган тахлын голомтот бүс нутагт хамаардаггүй аж. 

Тарвага агнахыг хуулиар хорьсон боловч иргэд хориотой ан хийж, амьтны махыг боловсруулалгүй хэрэглэснээс болоод халдварт өвчний эрсдэл учруулсан болчимгүй үйлдэл гаргаснаас голомтыг хяналтад авах, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авахад улсаас нийт 56.7 сая төгрөгийг өнөөдрийн байдлаар зарцуулаад байгааг ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн хэллээ. 
Цаашид иргэд, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, санамжийг биелүүлж, аливаа эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо сэргийлэн, хууль дүрмээ чанд сахиж байх үүрэгтэйг сануулахын сацуу тарвага агнахыг хуулиар хориглосон нөхцөлд хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүллээ. 
 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно