2014-09-11 02:00

Жиргээчдийг доромжилсон Э.Бат-Үүлийг шүүхэд өгчээ


Монгол Улсын шүүх анх удаагаа жиргээнд хүн гүтгэсэн гэдэг үндэслэлээр иргэн Ц.Батыг сайд А.Гансүхийн гомдлоор 100 хоног баривчлан саатуулах шийдвэр гаргаж байсан нь саяхан. Чингэхдээ Ц.Бат нь А.Гансүхийг цахим сүлжээнд 5700 гаруй удаа гүтгэж, ариун цагаан нэр төрийг нь сэвтүүлсэн гэх. Тэрбээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн өмнөх өдөр суллагдсан. Ц.Бат ч суллагдсаныхаа дараа  “Анхан шатны шvvхэд баярлалаа. Анхан шатны шvvхийн алдааны ачаар ардчилалд учирч байсан аюулыг монголчууд эрт илрүүлэн оношлож чадлаа. Иргэд удирдагчдаа шүүмжлэх эрхгүй, зөвхөн магтах эрхтэй улсыг ардчилсан солонгос гэдэг юм. Монгол Улс тийм болох ёсгvй. Хувьсгал дуусаагүй байна” хэмээн жиргэсэн байдаг.
Тэгвэл мөн л саяхны нэг өдөр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Таныг жиргээчдийн үгээр үг хийдэг гэх зэмлэл бий. Үнэхээр ч тэдний үгээр хогны ногоог уутыг асуудал болгоод авсан?” гэх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс байдаг даа. Нүүрнийхээ халхавчныхаа цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг. Жиргээчид тэдэнтэй л адил юм уу даа. Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу.  Гэтэл интернэтээр баахан хараал урсгасны дараа ташаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны  галзуучуудын үгээр  үг хийж болохгүй” гэсэн хариултыг өгч байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. 
Тэгвэл Э.Бат-Үүл дарга дээрх үгэндээ ороогдож энэ удаад Ц.Батын адил шүүхэд дуудагдсан байна. Ингэхдээ хэн нэгэн сайдын гомдлоор бус жиргээ ашигладаг жирийн нэгэн иргэний гомдлоор шүүхийн ширээний ард суух бололтой. Иргэн Т.Мөнх-Оргил хэмээх гомдол гаргагч залуу Э.Бат-Үүлийг Зам тээврийн сайд А.Гансүхийн нэгэн адил “доромжилсон” гэдэг үндэслэлээр шүүхэд өгчээ. 
Дүүргийн анхан шатын нэгдүгээр шүүхэд гаргасан Т. Мөнх-Оргилийн гомдлыг дор сийрүүлбэл, “Миний бие нийслэл хотын иргэн бөгөөд интернэт орчинд твиттер хуудас буюу жиргээ ашигладаг болно. Энэ оны есдүгээр сарын 5-ны өдөр Өдрийн сонины 212 дугаарт Хотын дарга Э.Бат Үүл нь өгсөн ярилцлагадаа нэг хэсэг жиргээчдийг “Галзуучууд”, “Лалрууд” гэх мэт үгээр дайрч доромжлон гүтгэх өнгө аястай ярилцлага өгсөн байна. Энэ үйлдэл нь нийгмийн зүгээс жиргээчдийг галзуучууд, лалрууд гэх мэтээр доромж маягаар дүгнэхэд хүргээд байна. Тийм учраас Э.Бат-Үүл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэг иргэлийг доромжилсон гэж үзэж байна. Энэ хэсэг хүмүүст би өөрөө жиргээ ашигладаг учраас хамрагдаж байна. Иймд Э.Бат-Үүл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан жиргээчид болон бусад иргэдээс зохимжгүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлал хүсэх ёстой гэж үзэж байна. Энэ тохиолдолд миний нэр төр ч мөн адил сэргээгдэнэ гэж үзэж байгаа тул эл хэргийг шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ.
Үнэндээ бол үндэслэлтэй ч  бай үндэслэлгүй ч бай Ц.Бат хийгээд Э.Бат-Үүл нарын хэлсэн үг хийсэн үйлдэл агаар нэг юм. Учир нь Ц.Батын тухайд А.Гансүх хэмээх хувь хүнийг олны дундаас онцолж доромжилсон бол Э.Бат-Үүлийн хувьд нэг хүнийг бус нийт олныг хамруулан доромжилсон гэдгээрээ адилхан болж таарч байна. Энэ тохиолдолд Э.Бат-Үүл ч гэсэн Ц.Батын нэгэн адил шийтгэл хүлээх ёстой. Хэрвээ, Анхан шатны шүүх хэн нэгэн том даргад үйлчилдэггүй, иргэн бүхний өмнө тэгш үйлчилдэг л бол шүү дээ.
Р.Улам-Оргих

 


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • (103.229.120.90 / 2014-09-11 08:59 )

    Hiisleliin udardagch baij ard tvmniihee choloot inders sanaa bodoloo ilerhiilj bhr ni domjilj bhgvil bmr yumaa