2014-09-08 02:19

ОХУ руу 29.5 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ


Улаанбаатарт нарны эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлж эхэллээ 
Калифорнийн их сургууль, Монголын үндэсний их сургууль хамтран нарны эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлж эхлээд байна. "XCPC" гэж нэрлэсэн технологийг ашиглан хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь нарны эрчим хүчийг дулаан болон хувиргах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй тусах боломжтой гэж төслийг хэрэгжүүлэгчид онцолж байна. Одоогоор Монгол Улсад нарны эрчим хүч хураагуурын зах зээлд дулаан үйлдвэрлэх болон эрчим хүч гаргах чиглэлд чадавх сул хавтангууд давамгайлж байна. Харин төслийн багийн нэвтрүүлсэн "XCPC" технологийн хүрээнд Монгол Улсад эрчим хүч, дулаан үйлдвэрлэх боломжит хэм болох 200-250 цельсийг гаргах боломжтой гэж үзэж байна. Мөн бусад төрлийн нарны эрчим хүчний технологитой харьцуулахад нарны эрчим хүчийг дулаан болгон хувиргаж, түүнийгээ зөөвөрлөхөөс гадна хадгалах боломжтой гэдгээрээ шинэ технологи давуу талтай аж.

“Хөгжлийн банк” байгуулагдсанаасаа хойш анх удаа ашигтай ажиллажээ 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөгжлийн банк”-ны 2013 оны санхүүгийн тайланд дотоодын болон олон улсын аудитын байгууллагуудын хийсэн дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-д танилцуулахаар боллоо. “Хөгжлийн банк” 2011 онд 76.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээр байгуулагдаж байсан бол энэ хэмжээ 2013 оны эцэст гурван их наяд 230.9 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Үүнээс дийлэнх болох 67.5 хувийг нь зээл ба урьдчилгаа, 20.2 хувийг банкуудад байршуулсан мөнгөн хадгаламж, 11.7 хувийг мөнгө ба түүнтэй адилтгах эх үүсвэр бүрдүүлжээ. Харин пассивын 64.4 хувийг “Чингис бонд”-ын эх үүсвэр бүрдүүлсэн байна. 2013 онд Монгол Улсын “Хөгжлийн банк” хүүгийн төлбөрөөс 42 тэрбум төгрөгийн цэвэр орлого олсон бөгөөд татварын дараах цэвэр ашиг нь 26.9 тэрбум төгрөгт хүрч, байгуулагдсанаасаа хойш анх удаа ашигтай ажиллажээ. Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банк”-аар дамжуулан 10-аад салбарт улсын төсөв болон төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт хоёр их наяд 179.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 30.7 хувь нь авто зам, 16 хувь нь уул, уурхайн салбарт олгосон зээл байгаа юм. Харин 37.1 хувь нь экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд олгогджээ.

Монгол Улс ОХУ руу 29.5 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ 

Монгол Улсаас ОХУ руу экспортлох бүтээгдэхүүний хэмжээ буурсаар байгаа бол импорт он гарсаар нэмэгдсэн дүнтэй байна. Монгол Улс ОХУ-д молибден болон жоншны хүдэр, баяжмал голлон нийлүүлж байгаа бол импортын дийлэнхийг шатахуун эзэлжээ. Тухайлбал энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс ОХУ руу нийт 29.5 сая ам.долларын үнийн дүн бүхий бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 16.6 хувиар буурсан дүн болсон байна. 2011 оноос хойш гурван жилийн хугацаанд ОХУ-ыг чиглэх экспортын хэмжээ тасралтгүй буурсаар байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улс ОХУ руу жоншны хүдэр, баяжмал, чулуун нүүрс болон хонины самнаагүй ноос зэргийг тасралтгүй гаргаж байна. Эдгээрээс 20.3 сая ам.доллараар үнэлэгдэх жоншны хүдрийг 2014 оны эхний долоон сард экспортолжээ. Харин экспортолсон молибдений хүдэр болон баяжмалын хэмжээ 2013 оныхоос дөрөв дахин өсч, нэг сая ам.долларт хүрсэн байна. Мөн 92 мянган ам.доллар бүхий чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өссөн дүн болов. Харин ОХУ-аас нийлүүлдэг шатахууны хэмжээ энэ оны эхний долоон сарын байдлаар 50 гаруй хувиар өсч, 220 мянган тоннд хүрсэн байна

"Эрдэнэт үйлдвэр" 101.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ 
ОХУ-ын элчин сайдын яамны мэдээлснээр 2009 онд Д.Медведев ОХУ-ын ерөнхийлөгч байхдаа Монголд хийсэн айлчлалын үеэр байгуулсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалд "Эрдэнэт үйлдвэр" болон “Монголросцветмет” компанид техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт хийх талаар дурдаж байжээ. Харин “Эрдэнэт үйлдвэр" 2008-2012 онд нийт 590 орчим тэрбум төгрөгийг техник, технологийн шинэчлэлд зарцуулсан талаар тус компанийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу мэдээлсэн юм. Мөн ирэх дөрвөн жилд нийт 499 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм байна. Монгол Улсын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 30 гаруй хувийг бүрдүүлдэг "Эрдэнэт үйлдвэр" 35+35 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр өнгөрсөн 35 жилийн хугацаанд 706.2 сая тонн хүдэр боловсруулж 14.4 сая тонн зэс, 111.6 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн үйлдвэр ирэх 35 жилд ч энэ хүчин чадлаа хадгалах зорилт тавиад байгаа юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулснаар тус үйлдвэр нь 2052 он хүртэл ажиллах нөөцтэй. Түүнчлэн жилд 500 мянган тонн баяжмал үйлдвэрлэдэг одоогийн хүчин чадлаа хадгалахын тулд өргөтгөлийн ажил хийж байгаа юм. Оны эхний долоон сарын байдлаар Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" 68.3 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөж байснаас 4.6 хувиар илүү үзүүлэлт болжээ. Харин энэ хугацаанд 1083 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн гэж үйлдвэрээс мэдээлсэн юм. Ингэснээр компани 101.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Монгол Улс ОХУ-тай нэг тэрбум орчим ам.долларын худалдаа хийгээд байна 
Монгол Улс ОХУ-тай энэ оны эхний долоон сарын байдлаар нэг тэрбум орчим ам.долларын худалдаа хийсэн дүнтэй байна. Үнийн дүнгийн дийлэнхийг ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүн эзэлсэн хэвээр байгаа юм. Харин Монгол Улсын автомашины импортод ОХУ-ын эзлэх хувь хэмжээ буурсан дүнтэй байгаа аж. Тухайлбал энэ оны эхний долоон сарын дараах байдлаар Монгол Улс ОХУ-аас 1.4 сая ам.долларын нийтийн тээврийн хэрэгсэл импортолжээ. Энэ нь жилийн өмнөх үеэс 200 мянган ам.доллараар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний Статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Мөн тайлант хугацаанд 219 мянган ам.долларын ачааны автомашин болон 62 мянган ам.долларын суудлын автомашин ОХУ-аас импортолсон байна. Статистик мэдээллээр нийтийн тээврийн хэрэгсэл болон бүх төрлийн автомашины импорт жилийн өмнөхөөс буурсан дүнтэй байгаа аж.
“Оюу толгой” компанийн уурхайн ажилчид 14 хоног ажиллаад, долоо хоног амардаг боллоо 
“Rio Tinto” группийн хувьцааны ханш Лондонгийн Хөрөнгийн биржид 0.55 хувийн өсөлттэйгөөр арилжааг хаалаа. Пүрэв гарагт "Оюу толгой" компанийн ТУЗ “Rio Tinto”-ийн Мозамбик дэх нүүрсний уурхайн захирал Эндрью Вүдлейг “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан юм. Учир нь одоогийн Гүйцэтгэх захирал Крэйг Киннел нэг жил гаруй хугацаанд ажилласныхаа дараа өөрийн хүсэлтээр албан үүргээ хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулж “Rio Tinto” зэсийн группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак түүнийг “Оюу Толгой компанийн Ерөнхийлөгчийн албанд тохирсон хүн" гэдгийг нь онцолсон байна. “Rio Tinto”-ийн хувьд Мозамбик дэх нүүрсний Бенга уурхайгаа 50 сая ам.доллараар худалдах болсон талаар өнгөрсөн наймдугаар сарын 30-нд мэдээлсэн юм. Үүнээс гадна “Rio Tinto” групп Монгол Улсын Засгийн Газар хоорондын яриа хэлэлцээ энэ сарын сүүлээр эцэслэх хүлээлттэй байна. “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш 130 сая ам.долларын татварын акттай холбоотой асуудлыг шийдэх хүртэл гүний уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Мөн зургадугаар сард 200 гаруй ажилтандаа мэдэгдэл хүргүүлсэн “Оюу толгой” компани энэ талаар нааштай шийдвэрүүд гаргасан байна. Тухайлбал лхагва гарагт тус компани ажлын ростердоо өөрчлөлт оруулж, уурхайн ажилчид 28 хоног ажиллаад 14 хоног амардаг байсныг өөрчилж 14 хоног ажиллаж, долоо хоног амрахаар болгожээ. Түүнчлэн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа 500 гаруй ажилчиндаа өнгөрсөн сараас нэмэгдэл олгож эхэлсэн байна.

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно