2014-09-03 06:04

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгчтэй уулзлаа


Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч, ноён К.А.Дмитриевийг хүлээн авч уулзлаа. Тус сан нь ОХУ-ын төрийн мэдлийн баялгийн сан бөгөөд 2011 онд В.В.Путины санаачилгаар улс орны хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулагдсан юм байна. Байгуулагдсанаасаа эхлэн дотоодын хөрөнгө оруулалтдаа нэлээдгүй анхаарч ирсэн бол сүүлийн жилээс олон улсын хэмжээний томоохон хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулахад хамтрах зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа гэж ноён К.А.Дмитриев уулзалтын үеэр Эдийн засгийн хөгжлийн сайдад дуулгалаа. Улмаар Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдэд хөрөнгө оруулан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийллээ. 
Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд улс орны хэмжээнд өрнөж буй хийгээд ирээдүйд бүтээн байгуулах эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд болон төмөр зам, автозам, хийн хоолой, газрын тос, эрчим хүчний 5 шугам бүхий ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Талын зам” төслийн талаар ерөнхий мэдээлэл өгөөд хамтран ажиллах сонирхол дүүрэн байгаагаа мөн илэрхийлсэн. 
Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч, ноён К.А.Дмитриев хэлэхдээ “Гурван улсын хамтарсан “Талын зам” төслийн талаар уулзалт ярианы түвшинд нэлээд урагштай байгаа тухай би сонссон. Саяхан БНХАУ-ын дарга Монгол Улсад айлчлахдаа уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байсан. Бид төслийн талаар судалж үзэн, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх болно. Ер нь Монгол-Орос хоёр улс хамтын ажиллагааны шинэ түвшний томоохон ажил эхлүүлэх цаг нь хэдийнэ болсон гэж би боддог” хэмээсэн юм. 
Уулзалтын үеэр яригдсан өөр нэг сэдэв нь төрийн мэдлийн ийм төрлийн баялгийн санг Монгол Улсад байгуулах тухай байлаа. Эрдэс баялгийн өргөн дэлгэр нөөцтэй аль ч улсад байдаг, улмаар улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө чухал үүрэгтэй ажилладаг ийм төрлийн сангийн сайн жишээ олон улсад нэлээд бий. Тухайлбал, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан нь анх 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан бол өнөөг хүртэлх гурван жилийн хугацаанд Абу Даби, Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Кувейтийн хөрөнгө оруулалтын агентлаг, Катар холдинг зэрэг дэлхийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч сангуудтай хамтран ажилласны дүнд хөрөнгө оруулалтын хэмжээ нь одоогийн байдлаар 23 тэрбум ам.долларт хүрээд буй аж. 
Мөн энэ өдөр Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийнхан Эдийн засгийн хөгжлийн яамны байрнаа манай томоохон төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийнхэн болоод яамд, банкуудын төлөөлөлтэй хамтарсан уулзалтад оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, Монгол Улсад хэрэгжиж буй болон бэлтгэл шатандаа яваа зарим төслийн талаар мэдээлэл сонссон юм. 
 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно