2014-08-30 04:42

Л.Гантөмөр сайд аа, монгол хүүхдийнхээ хэмжээнд тохирсон дүрэмт хувцас үйлдвэрлэж болохгүй гэж үү


Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 510100 орчим сурагч суралцана. Шинээр нэгдүгээр ангид 60000 сурагч элсэнэ. Өөрөөр хэлбэл, анхлан суралцагчид бүгд сурагчийн дүрэмт хувцсаар жигдрэх учиртай. 2013-2014 оны хичээлийн жилд 497000 сурагчийн 38 хувь болох 189000 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдсан. Харин 2014-2015 оны хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн гэдэг мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэж байгаа юм. Улаанбаатар хотод 95007 сурагч, хөдөө орон нутагт 91097 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө гэсэн үг. Нэг ёсондоо энэ хичээлийн жилд 73,5 хувь болох 375104 сурагч шинэ дүрэмт хувцастай сургуульдаа орно. Гэхдээ энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж үйлдвэрлэгчид мэдээлж, үүнийг нь холбогдох яам нь ам сайтайгаар мэдэгдэж байгаа ч бодит байдал өөр байна. Эцэг, эхчүүдийн хувьд дүрэмт хувцасны асуудлаар хэл ам гаргах боллоо. 
Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн худалдаалж байгаа “Төмөр трейд” компанийн хувьд эцэг, эхчүүдийг нэлээд чирэгдүүлж байна. Спортын төв ордны орчим дахь дүрэмт хувцас худалдаалах цэгээс нь худалдаа хийхээр очсон эцэг, эхчүүд дор хаяж хоёр цаг  дугаарлан зогсож ордог. Үүний эцэст дүрэмт хувцасных нь резмар, хэмжээ байхгүй байгаа асуудал нэлээд гарчээ. Хүүхдээ дагуулж ирсэн эцэг, эхчүүд буцаад явах болдог, холбогдох дугаараар нь залгаж асуух гэхээр тус дэлгүүрийнхэн дуудлага авдаггүй гээд зовлон тоочих хүн олон байна. Харин дүрэмт хувцасны үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил гэж байгаа ч харамсалтай нь зөрүүтэй асуудал байгаа аж. Өнгөрсөн жил 9000 төгрөгөөр худалдааж байсан цамц энэ жил 12000 төгрөг болсон байх жишээтэй. “Өүлэн инж” компани дүрэмт хувцасныхаа цамцыг 14500 төгрөгөөр борлуулдаг гээд зөрүүтэй байсаар байгаа юм. Гэхдээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дүрэмт хувцасны үнэ өмнөх жишгээрээ байгаа гэж мэдэгдсэн ч компаниуд саяхнаас үнээ нэмсэн зүйл байгааг эцэг, эхчүүд хэлж байна. 
Өнгөрсөн жилээс сурагчдыг дотоодынхоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцсаар хангана гэж шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, жил гаруйн өмнөөс энэ ажил эхэлсэн юм. Тэгэхээр монгол хүүхдийн хэмжээг мэдсэн байх ёстой. Тэгэхэд энэ жил размер нь таарахгүй. Хүүхдийнхээ цээжинд тааруулаад авахаар хормой нь уртддаг. Хормойгоо тааруулахаар цээжээрээ томдог гээд зовлон их байна. Компаниуд зуны гурван сарын хугацаанд дүрэмт хувцсаа үйлдвэрлээд дуусч, нэрийн барааны дэлгүүртээ тавиад бэлэн байлгах ёстой баймаарсан. Харамсалтай нь эцэг, эхчүүд хүүхдэдээ дүрэмт хувцас авахаар олон удаа дугаарлан зогсдог, эцэст нь хэмжээ нь таардаггүй, эсвэл дүрэмт хувцасных нь цамц, өмд нь байхгүй байх жишээтэй. Мөн монгол хүүхдийнхээ хэмжээнд таарсан дүрэмт хувцас үйлдвэрлэж чадахгүй байгаа нь үнэхээр эмзэглүүштэй хэрэг байсаар байна.

С.БАЯСГАЛАН 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно