2014-08-25 05:35

“Эзэн 100”-ийн эзнийг олъё


Ингэхэд “ЭЗЭН 100” хөтөлбөрийн автор нь яг хэн бэ. Засгийн газрыг тэргүүлж байгаагаараа Н.Алтанхуяг уу эсвэл түүний удирдлагад ажилладаг алдарт 7 сайд уу. “Алдарт” гэхийн учир нь энэ удаагийн Засгийн газар өмнө нь байгаагүй олон сайдтай. Шинэчлэлийн гэх тодотголтойгоор байгуулагдаж байхад иргэд энэ олон сайдыг нь мөн ч удаан сайн, муугаар нь дуудсан даа. Үнэндээ ингэхээс ч өөр аргагүй. Яамдын тоо ихэсч, түүнийг толгойлох сайд нар нэмэгдэх нь үргүй зардал олшрохын л нэр. Ядаж л сайд нарын унах унаа, эрх ямбанд төсвийн хөрөнгийн тодорхой хувь нь зарцуулагдаж таарна. Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад олон нийтийн зүгээс тэдэнд өгсөн эхний ташуур. Ийнхүү хэл амтайхан байгуулагдаж байсан Засгийн газрын хоёр жилийн ой саяхан тохиолоо. Гэвч тууз хайчилж, телевизийн камерын өмнө алга хавсран зогсох дуртай Н.Алтанхуяг ба түүний нөхөд харин таг чиг. Товчхондоо, тэд хоёр жилийн ойн баяраа тэмдэглэхтэй манатай байна. Үүний учир шалтгаан товч бөгөөд тодорхой. Засгийн газрын тэргүүн нь “ЭЗЭН 100”-д ээрүүлсэн, хэдэн сайд нь хариуцсан салбараа аваад явчихаж чадахгүй, асуудал дагуулсаар энэ хүрсэн нь баяр тэмдэглэхгүй байх хамгийн том шалтгаан болж байгаа сурагтай. Арга ч үгүй, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед улс орны эдийн засаг уруудсаар гадаад валютын ханшийн өсөлтөд иргэд дарлуулах болоод багагүй хугацааг үдэж байна. Мөн АН засаг авахаас өмнө үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болтлоо буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Уг нь Сү.Батболд 2012 онд Засгийн газрыг Н.Алтанхуягт хүлээлгэж өгөхөд эдийн засгийн бүх үзүүлэлт өсөлттэй буюу эерэг үр дүнтэй байв. Тухайлбал, ДНБ- ий өсөлт 17.5 хувьтай, жилдээ дөрвөн тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалттай буюу хамгийн их валютын нөөцтэйгөөр хүлээлгэн өгч байсан юм. Гэтэл эдгээр үзүүлэлт 2012 оноос тогтмол буурсаар өдгөө гадаад валютын ханш огцом өсч, монгол төгрөг дэлхийн хамгийн сул мөнгөөр нэрлэх боллоо. Цаашлаад төсвийн алдагдал 500 тэрбумд хүрсэн, гадаадын хөрөнгө оруулалт 60-70 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нөгөөтэйгүүр улсын гадаад өрийн хэмжээ өмнө байгаагүйгээр өсч, Монголбанкны мэдээлснээр буйгаар гадаад өрийн хэмжээ 19 тэрбум ам.долларт хүрчихээд байна. Ердөө эдийн засаг дахь энэ хэдхэн тоон үзүүлэлтээс харахад 17 сайдтай Засгийн газрыг Н.Алтанхуяг тэргүүлж байх үед эдийн засгийн бүх үзүүлэлт буурч, үндсэндээ улс орон хүнд байдалд ороод байгаа нь тэднийг хоёр жилийн ойгоо тэмдэглэхгүй байхад хүргэсэн байж ч болох. Эдийн засаг ийм муу байхад Ерөнхий сайд, ЗГХЭГ- ын тэргүүнтэйгээ нийлсэн 19 сайд 5.3 их наяд төгрөгийн урсгал зардалдаа буюу зөвхөн идэж уух, эдэлж хэрэглэхдээ зарцуулж байгаа нь дэндүү өрөөсгөл. Гэхдээ энэ бол эхний төсөөлөл. Н.Алтанхуяг “Шантаршгүй монгол хүн”-ээр тодорч байсны хувьд гандан буурахгүй зүтгэж байгаа талаарх мэдээлэл бий. Үүний нэг жишээ нь тэрбээр төрийн байгууллагуудаа хөдөлгөөнтэй байхыг даалгаж, “ЭЗЭН 100”- г дүгнэж, Засгийн газрыг хийсэн ажил, хэлэх үгтэй байлгахын тулд хэд хоног хичээгээтэх” гэх үүргийг өгөөд байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын харьяа яам, тамгын газрууд гүйцэтгэх засаглалын тэргүүнээ олны өмнө хийсэн ажил, хэлэх үгтэй байлгахын тулд энэ өдрүүдэд их л тэвдэж байгаа сурагтай. Хэдийгээр албаныхан дор бүрнээ хичээж байгаа ч хоёр жилд унагасан эдийн засаг, өрх бүрийн уруудсан амьдралыг эргэн сэргээхэд даанч бага хугацаа. Гэхдээ “ЭЗЭН 100” бол ганцхан Н.Алтанхуягаар автор- луулах ажил биш гэдгийг энд сануулах нь зүйтэй. Хэдийгээр энэ Засгийн газрыг тэргүүлж байгаагийнхаа хувьд түүн дээр гол фокус таарах нь гарцаагүй ч түүний удирдлагад 17 яам, түүнийг удирддаг энэ тооны сайд нар бий. Ингэхэд тэд 100 хоногт юу хийсэн бэ. Энэ асуултыг эхний ээлжинд гол салбаруудыг хариуцсан хоёр сайдаас асуух нь зүйтэй. Мэдээж тэд бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар. Өнгөрсөн тавдугаар сарын 9-нд 100 хоногийн “тоолуур” гүйж эхлэхээс авахуулан “Малд барьдаг мод шиг” Н.Алтанхуяг сайдыг л баахан балбасан, өнөө хэр энэ дайралт зогсоогүй. Гэтэл гал тахидаг, бөө сайд эдийн засагт эерэг үр дүн авчрах учиртай “ЭЗЭН 100”-ийн хүрээнд юу ч хийгээгүй нь хэний ч нүдэнд ил. Тэр бүү хэл зуны улирал таарсныг далимдуулан аймаг, сумын наадам хэсч, жаргал цэнгэлээ хөөсөөр зуныг дуусгасан. Түүгээр ч зогсохгүй эх орноороо зугаалж дуусаад өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын сайд нарынхаа хамт гадаадад зугаалсан зураг нь цахим ертөнцөөр цацагдаж, ёстой л нэг олны хараалыг идсэн гэхэд болно. Том гүзээ гарган, далайн эрэг дээр маасайтал инээж зогсох түүнд 100 хоног огтхон ч хамаагүй мэт харагдах нь даанч харамсмаар. Эдийн засаг ямар төвшинд байгааг илтгэдэг томоохон үзүүлэлтүүд унаж эхлэхтэй зэрэгцэн түүнд шаардлага тавьж, хариуцсан салбартаа анхаарал хандуулахыг УИХ дахь сөрөг хүчнийхнээс эхлэн сануулсан ч Н.Батбаяр сайд юман чинээ тоогоогүй. Тэр бүү хэл “Битгий дандаа муу юм бодож бай, хар хүлээ, аяндаа бүх зүйл сайхан болно” хэмээн УИХ- ын чуулганы танхимд үлгэр ярьж суусан нь олонтаа. Харин түүнийг улс орны амин чухал асуудал болох эдийн засгийн салбарыг авч явах чадваргүй хүн гэж үзэн УИХ дахь МАН-ын бүлгээс хамгийн түрүүнд огцруулах сайдаар нэрлэж байлаа. Энэ бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сар. Нэг үгээр хэлбэл, асуудал өнөөдрийнх шиг дор орчихоогүй байлаа. Гэтэл намын нөхөд нь нүдэн балай чихэн дүлийн бөө сайдаа өмөөрсөөр авч үлдсэн нь өдгөөгийн хүнд байдал үүсэхийн эхлэл болсон гэхэд буруудахгүй. Харин Сангийн сайд Ч.Улаан энэ хугацаанд юу хийв. Амнаасаа үг унагах дургүй тэрбээр 100 хоногт ямар нэгэн шинэлэг ажил сэдэх эсвэл ядаж ганц хуулийн төсөл ч санаачилсангүй. УИХ дахь настайчуудын тоонд ордог болоод ч тэр үү намба заан, дуугүй суусаар өнөөдөртэй золголоо. Ам.долларын ханш нэг өдрийн дотор 20-30 төгрөгөөр нэмэгдэж, өмнө нь байгаагүйгээр өндөрт гарч эхлэхэд “Ам. долларын ханшийн өсөлтийг бууруулахын тулд танай яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ам.долларын ханш өсч байгааг мэдэж байна. Гэхдээ энэ асуудлыг би мэдэхгүй, Монголбанкнаас асуу. Би хөдөө явж байна” хэмээн хээвнэг хариулсан удаатай. Улсын төсөв хөрөнгөний саван дээр сандайлсан сайд нь ингэж хариулж байхад бусад нь мөрөө хавчин зогсох нь арга ч үгүй мэт. Үнэндээ “Гол хоёр салбарын сайд нь ийм амьгүй байсан учраас л эдийн засаг ингэтлээ дор орчихлоо” гэх дүгнэлтийг эдийн засагчид төдийгүй төрд өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий эрхмүүд сонин хэвлэлээр хэдэнтээ ярьсан. Түүгээр ч зогсохгүй сургалт, судалгааны “Стратеги” академиас “ЭЗЭН 100”-г иргэд хэрхэн дүгнэж байгаа талаар асуусан судалгаанд оролцогсдын дийлэнх нь буюу 3.6 хувь нь Н.Батбаярыг, 1.1 хувь нь Ч.Улаан сайдыг ажил хийгээгүй хэмээн үзэж, “Огцрох нь зүйтэй” гэж хариулаад байгаа. Энэ бол олны зүгээс хариуцлагагүй сайд нарт өгч байгаа дүн. Харин Засгийн газрыг бүрдүүлэлцэж байгаа бусад сайд нар “Маньд хамаагүй” гэх байдлаар асуудалд хандан, дуугүй суусаар 100 хоногийг үдэж байна. Бага байхад нүдээ боож байгаад найзаа олдогсон. Ингээд ч болов “ЭЗЭН 100”-ийн эзнийг олох гэсэн боловч фокус таарсангүй, бүрэлзсээр хоцров. Ийм байхад “ЭЗЭН 100”-ийн эзэн хэн бэ гэдэг асуулт хариулт нэхэн үлдэхээс аргагүй. Гэхдээ энд ганц л тодорхой зүйл байгаа нь эдийн засгийг уруудуулсан нь, иргэдийн амьдрал доройтоход бодит хувь нэмэр оруулсан нь, “ЭЗЭН 100”- г санаачилсан нь, эерэг үр дүн гаргахад гар, бие оролцоогүй нь эрх баригчид. Тэр дундаа АН-ынхан. Гэтэл тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийн амьдралд хэрэгтэй ганц ч томоохон ажлын ард гараагүй нь харамсалтай. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд юу ч хийгээгүй юм уу гэвэл үгүй, хоёр жилийн тэн хагаст нь Төрийн ордонд хэрүүл хийж хэвтсэн гэвэл үнэнд ойртоно. Ингэхдээ өнөөх л уул уурхай, төмөр замаа ярьсаар энэ хүрлээ. Бусад цагт нь улсынхаа өрийг хэрхэн, яаж нэмэгдүүлж, гал унтраах, нэрээ цэвэр авч үлдэх талаар хэрэлдсэн хэмээн тодорхойлж болох юм. Ямартай ч энэ Засгийн газар гийгүүлсэн гавьяагүйдээ л “ЭЗЭН 100”-аа тайлагнаж, эрх барьсан хоёр жилийнхээ ойн баярыг хүртэл тэмдэглэж чадахгүй сууна.

М.Өнөржаргал
 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно