2014-08-04 03:03

Долоо хоногийн тойм: Дотоод эдийн засаг


Монгол Улс аялал жуучлалаар 77-д жагсав
Олон улсын “The Henley & Part- ners” компаниас гаргасан судалгаагаар манай улс аялал жуучлалын эрх чөлөөгөөр 77 дугаар байрт орсон байна. Тус компани нь дэлхийн улс орнуудын аялж жуучлах эрх чөлөөний судалгаа хийж, чансааг гаргадаг юм байна. Энэхүү чансааг гаргахдаа тухайн улсад аялах жуулчдын аюулгүй байдал, тав тух, эрсдэл , тэдэнд үйлчилгээ үзүүлж буй байдал, визний асуудал гээд олон зүйлийг харгалзаж үздэг ажээ. Тэгвэл Орос 29 дүгээр байрт жагссан бол Хятад 45-д орсон байна.
Саус Гоби Ресорсизийн 29.95 хувийг зарна
Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгч Туркуоз Хил компани Саус Гоби Ресорсиз компанийн эзэмшлийн хувьцааныхаа 29.95 хувиа зарах хэлцлийг эхлүүлсэн талаараа мэдээллээ. Туркуоз Хил нь Саус Гоби Ресорсиз-ийн 56 хувийг эзэмшдэг бөгөөд үүнийхээ 29.95 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй National United Resources Holdings Limited-д зарахаар хэлцлээ эхлүүлсэн байна.29.95 хувь буюу 56 сая 102 мянган ширхэг хувьцааг тус бүрийг нь 0.455 канад доллараар зарах наймаа ийнхүү эхэлж байгаа аж.
Монголбанк бодлогын хүүг нэмж, 12 хувьд хүргэлээ
‘Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж байгаагаа зарлалаа.Инфляцийн өсөлт, ханшийн савалгааг тогтворжуулахын тулд төв банкнаас ийнхүү төсөв мөнгөний бодлогоо чангатгаж, ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаа юм байна. Гадаад валютын нөөц буурах болсон, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах хандалга сүүлийн хоёр жилийн турш үргэжилсэн, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зардал буурахгүй байгаагаас үүдэлтэйгээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, инфляцийн дарамтыг зөөлрүүлэх, дунд болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс ийнхүү бодлогын хүүг өсгөснөө Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэлийн бага хурлын үеэр тайбарлалаа
Гурван сая толгой мал даатгалд хамрагджээ
Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг бол Малын индексжүүлсэн даатгал төсөл. Тэгвэл 2013 оны байдлаар манай улсын нийт 40.9 сая малын 3 сая 491 мянга гаруй толгой мал энэ даатгалд хамрагдсан байна. Энэ нь нийт малын 8.5 хувийг эзэлж байгаа аж. Даатгалд хамрагдаж байгаа малын төрлийг харахад эрсдэлд өртөмтгий байдал болон малын тоогоо харгалзан хонь, ямааг ихэвчлэн даатгалд хамруулж, даатгуулж байгаа тухайн төрөл малынхаа үнэлгээг харьцангуй бага үнэлгээгээр сонгон даатгуулж байна.Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхэлсэн 2006 оноос хойш МИД-ын бүтээгдэхүүний борлуулалтыг долоон удаа хийж, таван удаа нөхөн төлбөрийг олгосон байна.
Нэг зээлдэгчид ногдох ипотекийн зээл 53 сая төгрөгт хүрчээ
Энэ оны зургадугаар сард нийт 1858 иргэн 98.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авсан байна. Ингэсэнээр банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2440 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 58793 хүрлээ. Өнгөрсөн сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 3.5 хувиар буурсан ч, оны эхнээс долоон хувиар, өмнөх оны мөн үеэс 96.4 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сарын эцэст банкууд ипотекийн зээлийн үлдэгдлийн 69 хувийн орон сууцанд өгчээ. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 2010 оны дунд үеэс өссөөр өнгөрсөн сарын байдлаар 53 сая төгрөгт хүрчээ. Тус хугацаанд гарсан ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.6 хувь нь төгрөгийн зээл, 2.4 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь харьцангуй тогтвортой байгаа аж. Ипотекийн зээлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 0.6 хувь, чанаргүй зээлийнх 0.3 хувь байна. Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 12.4 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 45.7 хувиар өссөн байна.
Нийт хадгаламж 38.9 хувиар өсчээ
Нийт хадгаламж энэ оны зургадугаар сарын эцсийн байдлаар өмнөх сараасаа 0.8 хувь буурчээ. Харин өнгөрсөн оны мөн үеэс 38.9 хувиар өсч 7137.8 тэрбум болсныг Монголын банкны холбоо мэдээллээ. Харин иргэдийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 11 хувь буюу 361.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.5 хувиар буурсан бол, ААН, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.6 хувиар өссөн байна. 
Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ААН, байгууллагын хадгаламж 3.2 дахин өсч 2079.4 тэрбум төгрөг болсон байна. Мөнгөний нийлүүлэлтийн 5.8 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна. Мөнгөний нийлүүлэлтийн 56 хувийг төгрөгийн хадгаламж, 13.7 хувийг валютын хадгаламж , 12 хувийг төгрөгийн харилцах, 12.5 хувийг валютын харилцах.данс эзэлж байгаа аж. Mөнгөний нийлүүлэлтийн тухайд оны эхнээс 8.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээсс 29.5 хувиар өсч, 10240.5 тэрбум төгрөгт хүрчээ. 
Оны I хагаст 380.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийжээ
Монгол Улсад 2014 оны эхний хагас жилд 380.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсэн талаар Төв банкнаас мэдээллээ. Зургадугаар сард оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх сарынхаас 22 сая ам.доллараар буурсан бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 орчим хувиар буурчээ. Нийт хөрөнгө оруулалтын 205.3 сая ам.доллар нь хувь нийлүүлсэн хөрөнгө байсан бол үлдсэн нь орлогын дахин хөрөнгө оруулалт, бусад хөрөнгө оруулалтын багцад хамаарч байна. 
Улсын төсөв хагас жилийн байдлаар 12.6 хувиар дутуу төвлөрчээ
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгдсэн төсөв 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тус хугацаан дахь төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн дүн 2.729.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.970.0 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлжээ. Төсвийн нийт орлогын 49 хувь нь улсын төсөв, 30 хувь нь орон нутгийн төсөв, 18 хувь нь нийгмийн даатгалын сан, гурван хувь нь хүний хөгжлийн сангаас тус тус бүрджээ. Төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2.729.4 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өсч, төлөвлөж байсан хэмжээнээс 12.6 хувиар дутуу төвлөрчээ. Үүнд улсын төсвийн орлого 293.9, орон нутгийн төсвийн орлого 19.4 тэрбум, хүний хөгжил сангийн орлого126.5, нийгмийн даатгалын сангийн орлого 19 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс дутуу биелжээ. 
Монгол Улсын Засгийн газрын урт хугацаатай бондын ханш өслөө 
Олон улсын зах зээл дээр арилжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын урт хугацаатай бондын ханш сүүлийн дөрвөн долоо хоногийн дээд цэгтээ хүрээд байна. 10 жилийн хугацаатай бондын ханш 85.1-ийн түвшинд хүрээд байгаа бол таван жилийнх нь 92.4-ийн түвшинд тогтворжоод байгаа аж. Харин долдугаар сард бондын ханш харьцангуй тогтворгүй байжээ. УИХ-ын хаврын чуулган өндөрлөж, хүлээлт өндөртэй байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөхүйц үйл явдал болсон гэж харж болохоор байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бондын ханшийн уналт саарч, сарын дунд хүртэл харьцангуй тогтворжоод байсан бол баяр наадмын дараа олон улсын үнэлгээний “Moody"s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар доошлуулсан болохыг зарлав. Энэ нь хөрөнгө оруулагчдад ямар нөлөө үзүүлснийг бондын ханшийн хагас хувийн бууралт харуулж байна.

Purplebook.mn

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно