2014-04-16 04:38

Ц.Санжмятав: Цагдаагийн хувцсыг дотооддоо хийлгэх ёстой байсан


Хөдөлмөрийн сайд Ц.Санжмятав Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултанд шууд хариулж байна. Ингээд иргэдээс ирсэн асуултанд хэрхэн хариулсныг хүргэе.

40-өөс дээш настай иргэдийн ажил эрхлэлтийг Хөдөлмөрийн яам хариуцах ёстой. Гэтэл яг бодит амьдрал дээр байдал дээрдэхгүй байна. 40-өөс насныхан оёдлын үйлдвэрт ажиллах боломж их байна. Оёдлын үйлдвэрийг олноор байгуулж, гаднаас тоног төхөөрөмж оруулж ирж болдоггүй юм уу?
Эрэлт хэрэгцээнд л тулгуурлана шүү дээ. Оёдлын үйлдвэрийг олноор оруулж ирлээ гэхэд бүтээгдэхүүнийг бид бас хариуцах хэрэгтэй шүү дээ. Гаднаас хувцас оруулж ирэх биш дотооддоо байгаа аж ахуй нэгждээ даавууг нь өгөөд хувцсаа оёулдаг болох хэрэгтэй. Сая сурагчийн формыг дотооддоо хийлээ. 26 тэрбум төгрөг Хятад руу гаргадаг байсныг болиулсан. Хуучин авч байсан неолонтой хувцсыг бид авахаа больсон нь амжилт. Сайлуулж, муулуулж байгаа хэдий ч бид дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж, олон хүмүүсийг ажлын байраар хангасан юм. Дотооддоо юмаа хийлгэх нь чухал. Хувийн хэвшил, айл өрх, хэн ч бай гадны хийсэн импортын хувцас, хоол хүнсээс татгалзаасай гэж хүсч байна. Монголдоо үйлдвэрлэсэн зүйлээ хэрэглээрэй гэж уриалъя.

Өнгөрсөн долоо хоног баялаг бүтээгч гэх томоохон арга хэмжээ зохион байгууллаа. Үр дүн юу байв?
Аж ахуйн нэгжүүдээс бидэнд захиалга өгсөн. 8000 ажилтан хэрэгтэй байна гэсэн. Гагнуур хийдэг, тоосго өрөх, барилга дээр ажиллах. Харин ажил олж өгөөчээ гэсэн хүсэлт тавьсан 12400 хүн байгаа юм. Бид эдгээр хүмүүсийг зуучилж, уулзуулж өгч байгаа юм. Эдгээр хүмүүсийн тал нь хотоос, тал нь хөдөөнөөс ирсэн.  Ирж уулзуулаад, ажлын байрыг харуулаад, ажлын байранд зуучилсан. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд сургалтанд суусан 80 хувь нь ажлын байртай болсон. Ийм өндөр хувьтай ажлын байртай болсон сургуулийн төгсөлт байхгүй.

Гадаадаас орж ирж байгаа ажилчдын тоог бууруулж болдоггүй юм уу. Хятадаас орж ирж буй ажилчдын тоонд квот тогтоож болох уу. Энэ асуудалд анхаарч өгнө үү?
Гадаадын харьяатын тухай хууль гэж бий. Гадаад иргэд Монгол Улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг орны хүн нэг хувиас хэтрэхгүй гэсэн заалттай. Энэ хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Гаднаас авах, гадагшаа гаргахаа бид аль болох багасгахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд хятад ажилчны тоо 4000-аар цөөн байсан. Гэхдээ ганц хоёр бэрхшээл бий. Жишээлбэл 25-аас дээш давхар өндөр барилга бариулахад монгол ажилчдад туршлага, мэдлэг дутуу байна. Тиймээс гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүйд хүрдэг. Тиймээс Монголынхоо мэргэжилтэй боловсон хүчнийг яаралтай бэлтгэх шаардлагатай байна.

Цагдаа нарын хувцсыг яагаад дотооддоо хийлгүүлж болоогүй вэ. Энд таны оролцоо дутсан юм биш үү?
Шүүмжлэлийг хүлээж авна. Хүлээн зөвшөөрч байна. Цэрэг, цагдаа, эмч гээд төрийн байгууллагын дүрэмт хувцас, бээлийг дотоодынхоо үйлдвэрээр хийлгэх ёстой байсан. Цагдаа нарын хувцасны шинэчлэлийн асуудлын тухайд материал нь манайд орж ирээгүй материал юм билээ. Гал ус, хутга зэвсэгтэй тулна, гүйдэг харайдаг, нар бороо бүх юманд зохицсон ийм материалаар хийсэн гэсэн. Цаг давчдаад гадаадаар хийлгэсэн юм билээ. Хууль нь дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр заасан байсан. Х.Тэмүүжин сайд сонсч байгаа бол ирэх жил миний үгийг хүлээж аваад дотоодынхоо үйлдвэрээр хийлгээрэй.

Жил бүр 10-20 мянган хүн ажлын байртай боллоо гэх юм. Хоёр жилийн хугацаанд хичнээн хүн ажлын байртай болов?
Бид засгийн эрхэнд гарч ирэхдээ дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгоно гэж зорьсон. Өнгөрсөн жилийн байдлаар 59100 гаруй хүн ажлын байртай болсон. Энэ бол нийгмийн даатгал дээрээ бүртгэлтэй байгаа албан ёсны тоо. Ирэх жил бид 60 мянга давуулчихъя гэж төлөвлөж багаа. Энэ онд оёдлын үйлдвэр мянга мянгаар нэмэгдэж, цементийн үйлдвэрүүд ашиглалтанд орж, ажлын байр олноор нэмэгдэнэ.

 

 П.Баатар
 
www.time.mn

 


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!