2014-04-08 03:00

Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн


Өвөг дээдсийн алтан удам, өврийн сайхан хангайн нутгийнхаа уугуул, суугуул нийт иргэд, энэхүү цахим хуудсаар зочилж байгаа нийт Монголчууддаа эрүүл энх, сайн сайхан бүхний ерөөл өргөн мэндчилье.

Нутгийн зон олны минь сахиус, тэнгэр болсон Зүүнбогд, Ханхөгшин, Дөлгөөн, Батхаан, Ханбаян Хангайн овоо зэрэг заяа хийморь түшсэн уул нурууд, хишиг буянтай рашаан ус, ой мод, эрдэнэт сүрэг багширсан гурван бүсийн тэгш сайхан нутаг эртний түүхт Хархорум, Монгол Улсын төв цэг Их монгол уул, Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж, даахийг үргээсэн Ширээ цагаан нуур, номын бясалгалын газар Төвхөн хийд зэрэг нь Өвөрхангай нутгийн гоо үзэсгэлэнгийн нэгээхэн хэсэг юм.

Та бид энэ сайхан хангайд бурхнаас заяаж төрснөөрөө ямагт бахархан явах эрх дархтай хүмүүн бөлгөө.

Иймийн тулд эрхэм хүмүүн таныг доорх асуудалд анхаарахыг хүсч энэхүү захидлыг илгээж байна. Үүнд:

1. Унасан газар, угаасан ус гэдэг хүн бүрийн бие сэтгэл, оюун ухаанд ямагт уяатай байдаг. Иймд хөхөөн дуутай хөвчийн өндөр уулс, хараа цуцам номин тал хөндий, шувууд чуулсан тойром бүрд, нуурууд, үзэсгэлэн төгөлдөр чамин тансаг бүхний бүрдэл болсон Өврийн сайхан хангай нутгаараа бид бахархаж, байгаль эхээ унаган төрхөөр нь хайрлан хамгаалах нь иргэн бүрийн нэр төрийн хэрэг юм.

2. Хосгүй сайхан байгаль өнө мөнх дуурсагдах уламжлалт ёс заншлаа сэргээн хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, айл хотол, ахан дүүсээрээ ажлын байр бий болгон амьдрал ахуйгаа дэгжээж, ядуурлаас гарах их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх нь иргэн таны үүрэг хариуцлага мөн гэдгийг ухамсарлан хэрэгжүүлбэл зохино.

3. Байгаль дэлхий шигээ өгөөмөр сэтгэлтэй, уул нурууд шигээ түшигтэй настан буурлуудаа хүндэтгэн хайрлаж, хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлж, нутаг ус, төрөлх аймгийнхаа нэр хүндийг сайн сайхнаар цуурайтуулах шинэ цагийн эздийг өсгөн бойжуулж хүмүүжүүлэхэд иргэн таны хувь нэмэр их билээ.

4. Хүн зоныхоо эрэлт хэрэгцээ, ая тохитой ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг сайжруулахад чиглүүлэн аймгийнхаа хөгжлийн өнгө төрхийг өөрчлөн шинэчлэхэд байгууллага аж ахуйн нэгж иргэн бүрийн санаачилга, идэвхтэй, бүтээлч үйл ажиллагаа чухал гэдэгт итгэл төгс байна.

5. Аймгийн эдийн засаг, иргэдийн амь амьдралын эх үүсвэр болсон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг урьд урьдаас илүүтэйгээр эрчимжүүлэн хөгжүүлж, идэвхийлэн ажиллахыг аймгийнхаа нийт малчид, тариаланчдад уриалж байна.

Өврийн сайхан хангай нутгаа үеийн үедээ шүтэн биширч шүншиглэн хөгжүүлж явах өлзий хутаг оршихын учир дор аймгийнхаа уугуул, суугуул нийт иргэддээ энэхүү захидлыг бичив.

Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Өвөрхангайчуудынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. 
 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно