2014-04-07 02:42

А.Гансүх: Шинэ төмөр замын санхүүжилтийг дөнгөж жилийн өмнө л шийдэж өгсөн


-Завхан, Говь-Алтай аймгийг холбох 370 км автозамын санхүүжилтийг ЭЗХЯ хариуцна-


Зам, тээврийн сайд А.Гансүхтэй уулзаж, ярилцлаа.

-Энэ оны бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Энэ тухай ярихын өмнө та 2013 оны ажлаа дүгнэж хэлээч?

-Би өөрийнхөө ажлыг дүгнэхгүй.Иргэд, УИХ дүгнэнэ.“MPO” судалгааны төвийн 2013 оны сүүлийн хагас жилийн хоёр судалгаагаар Засгийн газрын үнэлэмж өсөхөд ЗТЯ багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж гарсан.Энэ бол хөндлөнгийн судалгаа. Харин та юу гэж дүгнэмээр байна. 

-Олны ярьж буйгаар замын ажил сайн явсан гэж байгаа л даа?

-Бид зам барих ажилд хамтарч тал талаасаа хичээсэн.Сангийн яам, ЭЗХЯ, Хөгжлийн банк, замын компанийнхны хамтын хичээл зүтгэлийн үр. 2013 онд1824 км автозам хүлээж авлаа.Засгийн газар ч онцгой анхаарч,Ерөнхий сайд биечлэн хяналт тавьсан.ЗТЯ-наас дөрвөн баг гарч замууд дээр долоо хоногийн зайтай очиж шалгаж ажиллалаа.

Би л гэхэд бүх замаар 2-3 удаа биечлэн очиж тухай бүр тулгарч буй асуудлыг шийдвэрлэсэн.Бид зам барьж байгаа компаниудыг нэлээд шахаж тулж ажилласан.Шалгаж, шахахаас гадна дэмжлэг үзүүлсэн. Өмнө нь ингэжсалбарын яамны зүгээс долоо хоногийн зайтайгаар замын компаниудтай зууралдаж ажиллаж байгаагүй. Нөгөө талаас санхүүжилт ч саатаагүй. Харин ЗТЯ-ныхан замаар их явлаа гэдэг гомдлыг зарим компани гаргасан байсан.

-Яагаад. Харин явж байгаа нь сайн биш үү?

-Зарим нэг ажлаа муу хийсэн компаниас гарсан яриа. Ажлаа хийж чадаагүй дутагдлаа улс төржүүлэх аргаар хамгаалах гэсэн оролдлого гэж бодож байгаа.

-Энэ онд хэдэн аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох вэ?

-Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор ажлаа төлөвлөөд байна. Замын ажлыг гүйцэтгэх компаниудын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгч ажлыг нь эхлүүлсэн. Харин Завхан, Говь-Алтай аймгийг холбох 370 км автозамын ажлыг ЭЗХЯ хариуцна. Засгийн газар ингэж шийдсэн.Тиймээс энэ аймгуудыг холбох ажил энэ жилдээ дуусахгүй бол Зам, тээврийн яам хариуцахгүй.

-Яагаад. Зам, тээврийн яаманд хамаарахгүй автозам гэж бас байх уу. Сонин л юм?

-2014 оны улсын төсвийг батлахдаа Завхан, Говь-Алтай аймгуудын замыг концессын гэрээгээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Концессын тухай хуулиар энэ бүх ажлыг ЭЗХЯ хариуцдаг.

-Шинээр баригдах замуудын тендер хэзээ зарлагдах вэ?

-2014 онд баруун босоо тэнхлэгийн 189 км автозамын дөрвөн багц ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлнэ. Улсын төсөвт замын санхүүжилт тусгагдаагүй учраас яамны хувьд өөр автозамын ямар ч шинэ ажил эхлэхгүй. Салбарын хэмжээний бүх тендерийг Худалдан авалтын газарт шилжүүлсэн.Өөрөөр хэлбэл, ЗТЯ  ямар ч тендер зохион байгуулахгүй.

-Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулагийг холбосон хурдны замыг “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” компани барих нь. Уг зам улс орны эдийн засагт ямар хувь нэмэр оруулах вэ?

-Засгийн газрын тогтоол гарсан, ЭЗХЯ-нд концессийн гэрээ байгуулах эрхийг нь өгчихсөн. “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” компани барихаар болсон. Хойд, урд хөршийг холбосон хурдны зам тавих юм. Ачаа тээвэр, зорчигч урсгал нэмэгдэх зэргээр үр ашиг нэмэгдэх нь тодорхой л доо. Хүнд ачаа тээвэрлэх боломжтой зам барина гэж ойлгож болно. Одоогийн манай зам нэг тэнхлэг дээр 40 тоннын даацтай автомашин явах зориулалттай, гэтэл 100 тоннын даацтай машинууд яваад зам эвдлээд байдаг.

-Замын ажил хэдийнээс эхлэх вэ?

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас асуу.

-Тэгвэл шинэ төмөр замын ажил яаж явагдах вэ?

-Нэг болон хоёрдугаар үе шатанд барихаар төлөвлөсөн 1800 км төмөр замын зургийн ажил нь дууслаа. Японы “Nippon Koe” гэдэг компани хийсэн.Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын газар шорооны ажил 70 хувьтай явж байна.Санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдаас эхний шатанд таван хөрөнгө оруулагчтай хэлэлцээр үргэлжилж байна.

-ОХУ-ын Халимаг улсын Ерөнхийлөгч асанKирсан Илюмжиновын компани хөрөнгө оруулалт хийнэ гэж зарлаж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Тухайн компани тендерт орсон уу?

-Тийм ээ. Түүний дэмжлэгтэй компани шинэ төмөр замд хөрөнгө оруулалт хийх саналаа өгсөн. Энэ компани дээрх хэлэлцээрийн шатанд яваа компаниудын нэг нь байгаа юм. Хэлэлцээр үргэлжилж байна.

-Шинэ төмөр зам барина гэж 2008 оноос хойш зургаа дахь жилдээ ярьж байна. Яагаад ийм удаан байна аа?

-Уучлаарай, сэтгүүлчид ийм буруу ойлголттой байгаа бол иргэд ямар ч ойлголтгүй  байгаа юм байна. Цаг хугацаагаа хамт тоолоод үзье. 2010 оны зургадугаар сард Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан.

Ингээд 2011 оны 11 дүгээр сард “Монголын төмөр зам “ компанид шинэ төмөр зам барих эрхийг олгосон. Харин 2011 оны наймдугаар сард Хөгжлийн банкнаас 55 сая доллар олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Гэсэн хэдий ч нэг ч доллар өгөөгүй. Аргагүйн эрхэнд “МТЗ” компани өөрийн хөрөнгөө барьцаалж банкнаас зээл авч Америкийн “Маккензи” компаниар ТЭЗҮ хийлгэсэн.  2012 оны нэгдүгээр сард АН хамтарсан Засгийн газраас гарсан. УИХ-ын сонгуулийн үр дүнд 2012 оны наймдугаар сард АН-ын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан.

2013 оны нэгдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч гуравдугаар сард 2011 онд санхүүжүүлэхээр шийдэгдсэн 55 сая долларыг Хөгжлийн банкнаас МТЗ компанид олгосноор, төмөр замын ажил эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бодлого батлаад гурван жилийн дараа л эхний санхүүжилт хийгдсэн. “МТЗ” компани энэ мөнгийг аваад нэг жил л болж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд их ажил амжууллаа. 1800 км төмөр замын ажлын зургаа хийлгээд дууслаа. Энэ бол маш чухал, нүсэр их ажил. Мөнгө хөрөнгө, санхүүжилтгүй байхад хэн ч байгаад юу хийж чадах юм бэ.Харин ч энэ хугацаанд МТЗ зээл авч “Маккензи” компаниар ТЭЗҮ хийлгээгүй бол энэ бүх ажил хийгдээгүй маш их цаг алдах байсан. Тэр ТЭЗҮ-д үндэслэж тулгуурлаж шинэ төмөр замын ажлын зураг хийгдсэн.

-2008 оноос хойш төмөр зам баригдахгүй байгаа гэж ойлгодог шүү дээ?

-Би танд бодитой факт ярьж байна. Дахин хэлье. Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны гуравдугаар сард анхны санхүүжилтийг шинэ төмөр зам төсөлд өгсөн. Энэ хүртэл шинэ төмөр зам төсөлд нэг цент ч өгөөгүй. Маш тодорхой баримттай зүйл. Хэтэрхий улс төржүүлээд хар пиар хийж байгаа шүү дээ.

-Царигаа шийдээгүй байж төмөр зам барьж эхэлсэн гэдэг шүүмжлэл байгаа?

-Би энэ асуултад УИХ-аас баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын заалтаар хариулт өгье. Энд “...4.1.2. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ”гэж заасан.

-Тэгээд одоо яах ёстой вэ. Нарийн царигаар шийднэ гэдэг яриа их байна?

-Үүнээс цааш хэвлэлээр ярих асуудал биш.

-Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн ажлын явц ямар байгаа вэ?

-Энэ чиглэлийн 267 км замын газар шорооны ажил 70 хувьтай явж байна.Чингис бондоос 400 сая доллараар санхүүжүүлэхээр 2013 оны гуравдугаар сард Засгийн газар шийдсэн. Өнөөдрийн байдлаар 173 сая долларын ажил хийгдээд байна.Дараагийн 200 сая долларын санхүүжилт яаралтай хүлээгдэж байна.

Гэтэл ЭЗХЯ, Хөгжлийн банк мөнгөгүй болсон гээд санхүүжилт хийхгүй гэсэн.Засгийн газар болон Бондын зөвлөлөөс шинэ төмөр замын ажлыг санхүүжүүлэхээр нэгэнт шийдвэрээ гаргасан болохоор ЭЗХЯ, Хөгжлийн банк санхүүжүүлэх л ёстой.

-Санхүүжүүлэхгүй бол тэр төмөр замын ажил зогсоно гэсэн үг үү?

-Тийм. Мөнгөгүй бол яаж барилгын ажлыг үргэлжлүүлэх вэ, бодоод үз дээ.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нарийн царигийн төмөр зам тавихаар Засгийн газар шийдвэрлэсэн гэдэг үнэн үү?

-Тодруулж хэлье. Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хилийн боомтын 30 км төмөр замыг нарийн царигтай байхаар шийдсэн. Энэ 30 км замыг барих төр хувийн хэвшлийн хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэр гарсан.

-Гашуунсухайтын боомтын төмөр замыг барихад танай яам ямар байдлаар дэмжиж, оролцож байгаа вэ. Энэ төмөр зам нүүрсний тээврийн өртгийг 15 хувиар бууруулах учраас нэлээд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болов уу гэдэг үүднээс асууж байна л даа?

-Одоо Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортолж байгаа компаниуд нүүрсээ уурхайгаас тээвэрлэж Цагаан хадны гаалийн хяналтын талбайд буулгаад, өөр машинд ачин хил гаргаад Хятадын Ганц мод боомт дээр дахин буулгаад, тэндээсээ төмөр замд ачиж тээвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ их олон удаагийн шилжүүлэн ачилт зардлыг ихэсгэж байгаа. Иймээс Монголын “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК болон Хятадын “Шинхуа групп корпораци”, “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан.

Монголын талд нүүрсийг автозамаас төмөр замд шилжүүлэн ачих байгууламж байгуулан тэндээсээ Хятадын төмөр замтай холбогдох  төмөр замыг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний нэг нүүрсний экспортыг дэмжих энэ арга хэмжээг Засгийн газар, Зам, тээврийн яам, түүнчлэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байна.

-Тавантолгой-Чойбалсан чиглэлийн төмөр замын судалгааны ажил ямар шатандаа явна вэ?

- “Шинэ төмөр зам” төслийн техникийн зөвлөх компанийг 2013 онд шалгаруулж, мөн оны тавдугаар сараас ажлаа эхлүүлсэн. “Шинэ төмөр зам” төслийн техникийн зөвлөхөөр Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллаж байна. Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт  чиглэлийн төмөр замын техникийн зургийн ажил дууссан. Одоо эдийн засгийн тооцоо, барилгын ерөнхий гүйцэтгэгчдийг шалгаруулах тендерийн баримт бичиг боловсруулах ажил хийгдэж байна.

-За тэгвэл УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд 2014 онд ямар шинэчлэл хийгдэх вэ. УБТЗ-ыг шинэчлэх төсөл ямар үр дүн авчрах юм бол. Энэ төмөр замыг хос болгох тухай яригддаг. Энэ санаачилга ажил хэрэг болох боломжтой юу?

-Сүүлийн 20 орчим жил ярьсан “УБТЗ” ХНН-ийн шинэчлэлийн ажил эхэллээ.Өнгөрсөн оны 10 сард хуралдсан “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар шинэчлэлийн төлөвлөгөөний эхний үе шатыг баталсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2015 он гэхэд “УБТЗ”-ын тээвэрлэх хүчин чадал 33 сая тонн болно. Энэ бол том амжилт болно.Учир нь, “УБТЗ” өнгөрсөн онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн нь түүхэндээ хамгийн дээд үзүүлэлт болоод байгаа. Гол нь нэг замтай учир тээх, нэвтрүүлэх хүчин чадал төдийлөн өндөр биш.

Тиймээс техникийн шинэчлэлийн хэтийн зорилго бол давхар буюу таны хэлж буйгаар “хос” замтай болох явдал юм. Ийн шинэчлэл хийснээр одоо 20 сая тн. ачаа тээвэрлэж байгаа замыг 100 сая тн. ачаа тээх хүчин чадалтай болгох юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа, олон тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс шинэчлэлийг үе шаттай хийхээр төлөвлөсөн.

Мөн 2020 он хүртэл хэрэгжүүлэх техникийн шинэчлэлийн цогц хөтөлбөрийг 2014 оны эхний хагаст багтаан боловсруулахаар тогтсон. УБТЗ-д 2015 он хүртэл нийтдээ 256 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар дохиолол, холбооны системийн шинэчлэл, зүтгүүр, вагон нэмж авах, өртөө, зөрлөгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд замын хүчин чадал 60 хувиар нэмэгдэнэ.

-Эрдэнэтээс Хөвсгөлийн чиглэлд төмөр зам тавих ажлыг хэрхэж байгаа вэ. Төрөөс төмөр замын талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт энэ ажил тусаагүй учраас хойш тавигдсан байх гэж ойлгоод байна?

-Хөвсгөлд томоохон хэмжээний уурхай эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд Эрдэнэт-Хөвсгөлийн чиглэлд төмөр зам тавих асуудлаар судалгаа хийж идэвхтэй ажиллаж байгаа. Зам, тээврийн яамны зүгээс ч энэ талаар судалж байна.

Энэ чиглэлийн төмөр замыг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын гуравдахь үе шатны төмөр зам буюу баруун босоо чиглэлийн төмөр замын төлөвлөлтийг хийхдээ хамт төлөвлөх хувилбар байж болно.

-ОХУ нүүрсний тээврийн хонгил нээх зорилгоор Завхан аймгийн Арцсуурийн боомтоос Өмнөговийн Шивээхүрэнгийн боомтыг холбосон босоо тэнхлэгийн төмөр зам тавиулахаар лоббидож байх шиг байна. Ийм төмөр зам тавих нь манай талд ашигтай юу, эсвэл нүүрсний экспортын өрсөлдөгчийнхөө тоог нэмэх сул талтай юу?

-Өмнө хэлсэн. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан 3 дахь үе шатны төмөр зам гэж бий. Энэ төмөр зам баруун бүсийн ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар төлөвлөгдөх ёстой. Мөн сая таны хэлсэн ОХУ, БНХАУ-ыг холбох баруун босоо чиглэлийн хонгил үүсгэх бас нэг зорилготой. Энэ хүрээнд баруун бүсийн магистраль шугамыг салбарлан Арцсуурь, Цагааннуур, Бургастай, Шивээхүрэнгийн боомтууд руу төмөр зам тавих асуудлыг судалж байна.

-Магадгүй бизнесийн орчин нөхцөл өөрчлөгдөж байгаагаас шалтгаалж Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлага тулгарах болов уу. Та юу гэж бодож байна?

-2010 онд баталсан бодлого үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх, ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадагш чиглэсэн төмөр замын хилийн гарцуудыг нэмэгдүүлэх, Монгол Улсыг өндөр хүчин чадалтай транзит коридор болгох, бүхэлдээ улсын эдийн засагт түлхэц өгөх зорилготой.

Бодлогынхоо дагуу бид ажлаа хийгээд явж байна. Бодлого тогтвортой байх нь ажлын гүйцэтгэлд, Монгол Улсын гадаад нэр хүндэд, мөн зорилтууддаа богино хугацаанд хүрэхэд ач холбогдолтой. Өнөөгийн бодлогын хүрээнд бизнесийн орчны нөхцлөөс шалтгаалсан өөрчлөлтүүдтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлээд явах бүрэн боломжтой. Бодлого маань өөрөө их өргөн боломжтой баримт бичиг.

-Та сайд болоод “Богд хаан” төмөр зам гэж ярьж эхэлсэн.Энэ зам хэзээ баригдах вэ?

-“Богдхаан төмөрзам” бол “УБТЗ” ХНН-ийн замын нэг хэсэг байх юм.Бид Богдхан уулын урдуур тойруулж төмөр зам тавиад Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр замаа нийтийн тээвэрт ашиглахаар төлөвлөж байна. Энэ оны 6 дугаар сард  зорчигч тээврийн “Railbus” оруулж ирж үйлчилж эхэлнэ.

Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүртэлиргэд 20 минут явах боломж бүрдэнэ.Энэ замын ТЭЗҮ-ийг хийх ёстой.Санхүү мөнгөний асуудалтай байна.Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр нийт 4 удаа саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хандсан. Хамгийн сүүлд 2014 оны 1 сард "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлүүлэхээр саналаа дахин боловсруулж хүргүүлсэн ч одоогоор хэлэлцэж, шийдвэр гаргаагүй байна.

-УБТЗ-ын дарга томилогдохгүй үүрэг гүйцэтгэгч ажиллаж байна. Хэзээ жинхэнэ дарга томилогдох вэ?

-Одоогоор ерөнхий инженер нь даргаар ажиллаж байгаа.Мэргэжлийн төмөр замчин хүн удирдаж байгаа учир үр дүнтэй байна. Хэн нэгнийг даргаар томилоогүй ч ажилд сөргөөр нөлөөлсөн юм алга.

-Гэхдээ дарга томилно биз дээ?

-Мэдээж томилно.

-МИАТ-ийн талаар асуух зүйл их байна.Энэ компанийн талаар таагүй мэдээллүүд маш их цацагдлаа. Энэ бүхэнд танай яам болон МИАТ компаниас албан ёсны тайлбар хийгээгүй. МИАТ компани 5 сая ам.долларын өрөнд унасан гэсэн мэдээлэл түгсэн. Өмнөд Солонгосын “Сэй Юү” компанитай ямар учиртай гэрээ байгуулсан юм бэ. МИАТ 5 сая ам.долларын өрөнд орсон гэдэг үнэн үү?

-МИАТ-ийн нэр хүндэд нөлөөлсөн гэмт хэрэг гарсан болоод л олон нийт, хэвлэлийнхэн онцгойлон анхаараад байгаа болохоос үйл ажиллагаа нь хэвийн явж байна.Хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал байгаа.Бид МИАТ-т шинэчлэл хийж байгаа. МИАТ-ийн удирдлагад шинэ арга барилаар, шинэ хүмүүс ажиллаж байна. Хуучин хүмүүс өөрсдийн бий болгосон, өөрсдөдөө тааламжтай тэр орчноо хамгаалж зөрчилдөөн үүсгэж байгаа нь МИАТ-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх сэдэв болоод байна.

Олон жил найзан дундаа ажиллаж байсан хүмүүс хуучнаа санагалзаж шинэчлэлийн ажлыг муухай харагдуулах гэсэн үйлдэл их гаргаж байгаа.Хуулийн дагуу, шийдвэртэй арга хэмжээ авч эхлээд байгаа. БНСУ-ын “Сэй Юү” компанитай ерөнхий борлуулагч агент /GSA/-ын гэрээ байгуулсан асуудал АТГ-т шалгагдаж байгаа учраас тайлбар хийгээгүй юм. 5 сая ам.долларын хувьд “Сэй Юү” компаниас МИАТ компанид төлсөн баталгааг л буцааж төлсөн. Тиймээс өрөнд орсон гэдэг ташаа мэдээлэл.

-Таван сая ам.доллар МИАТ-ийг санхүүгийн хүндрэлээс гаргах байсан гэж тус компанийн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга асан С.Билэгсайхан ярьсан. Бас өөрийг нь Солонгосын компанитай хууль бус гэрээ байгуулсан гэж ажлаас халсан гээд байгаа. МИАТ-ийн санхүүгийн байдал, ашиг орлого, алдагдал ямар байгаа вэ?

-МИАТ компани шинэ онгоц худалдаж авсан болохоор зээл, зээлийн хүү төлөлттэй холбоотой цаг зуурын хүндрэлүүд байгаа байх. Сүүлийн жилүүдэд МИАТ тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн. Харин өнгөрсөн жил МИАТ компани үндсэн үйл ажиллагаанаасаа ашигтай байсан.

Цалингийн давхардлыг багасгасан, гадаад дахь төлөөлөгчийн газруудыг зардлыг багасгасан, гадаадад онгоцоо багтай нь гэрээгээр түрээсээр ажиллуулсан. Гэхдээ валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан балансын алдагдал бол байсан. “Сэй Юү” компанитай гэрээ хийснээр санхүүгийн хүндрэлээс гарах байсан эсэх нь ойлгомжгүй асуудал.

Мөнгө нь бол хүүгүй, тодорхой хугацаанд эргүүлэн төлөх л мөнгө байсан. С.Билэгсайханыг Солонгосын компанитай гэрээ байгуулсан гэж ажлаас халаагүй гэдгийг хэлчихье.С.Билэгсайхан нь өөрийн удирдлагад ажилладаг Ц.Бат гэгчтэй олон нийтийн цахим хуудсаар хэрүүл хийсэн нь МИАТ-ийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн хэрэг болсон учраас халагдсан.

-МИАТ-ийг менежментийн гэрээгээр эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэтэл Хөрөнгийн бирж дээр хувьцааг гаргахаар болсон тухай яриа гарах боллоо. МИАТ-ийг менежментийн гэрээгээр хувьчлах уу, эсвэл олон нийтийн компани болгох уу.

-Засгийн газар менежментийн гэрээгээр МИАТ-ийг эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй шүү дээ. Харин гадаадын менежментийн багийг оруулах замаар МИАТ-ийг үр ашигтай ажиллуулах, ирээдүйн боловсон хүчнийг нь бэлтгэх, удирдлагын боловсон хүчнийг нь сайжруулж болох юм гэсэн чиглэл өгсөн.

МИАТ-т сайн нисгэгчид байна, сайн техникийн ажилтнууд байна, сайн үйлчлэгчид нь байна. Олон улсаас гурван од авсан компани. Тиймээс л ашиг сонирхлын зөрчилгүй гадны компани оруулж ирж, МИАТ-ийн үйл ажиллагааг сайжруулах шийдвэр гаргасан юм. Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах гэсэн асуудал байхгүй.

-МИАТ-ийн цаашдын ирээдүйг яаж харж байна. Хэзээ ямар үр дүн гарах вэ?

-МИАТ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 3 одтой компани.Бид ойрын хугацаанд 4 одтой компани болгох зорилт тавьсан.Ер нь зөвхөн МИАТ ч бишМонгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн бодлого маш тодорхой болсон.Одоо хэрэгжүүлэх их ажил эхэлсэн.2020 он гэхэд Монгол Улс бүс нутагтаа өрсөлдөхүйц олон улсын агаарын тээврийн зангилаа болсон байна гэж тооцож байна. АНУ руу шууд нисдэг болно.Нислэгийн чиглэл нэмэгдэнэ.Энэ жил гэхэд л “Хүннү эйрланс” компани Улаанбаатараас Парис руу, МИАТ компани Франкфурт, Сингапур руу нисэхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Чингис бондын хөрөнгөөс 114 сая ам.долларын хөрөнгө гаргаж “Боинг” онгоц худалдаж авсан. 2016 онд нэмж хоёр онгоц худалдан авах гэрээ байгуулсан. Эдгээр онгоцыг худалдан авах хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Буруу ойлголт байна. Бид АНУ-ын “Экзим” банкнаас урт хугацааны зээл авч шинэ Боинг онгоц авсан. Чингис бондын мөнгөөр аваагүй. Дараагийн 2 онгоц дээр Засгийн газар баталгаа гаргаж өгвөл онгоц худалдан авахад бэлэн.

-“Хүннү эйрланс” авиа компани маш идэвхтэй ажиллаж байна. Сүүлийн мэдээгээр Новосибирск рүү нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Бас Парис руу шууд нислэг хийхээр болсон. Олон нийт МИАТ-ийг энэ компанитай харьцуулаад муу ажиллаж байна гэж дүгнээд байх шиг санагддаг?

-Хэн яаж үнэлэх нь хувь хүний асуудал. “Хүннү эйрланс” бол хувийн авиа компаниуд дотроосоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Энэ компаниТөрөөс иргэний нисэхийн салбарт баримталж байгаа бодлогын хүрээнд ажиллаж байгаа.

-Аймгийн төв, цаашлаад сумд руу тогтмол нислэг нэмэгдэх болов уу?

-Энэ бол цэвэр эдийн засгийн асуудал. Сумд, аймгийн төвүүдэд нислэг үйлдэх боломж бол байна. Одоо 17 аймаг онгоцны буудалтай, нислэг үйлдэж байгаа. Харин зорчигч урсгал, онгоцны буудлын асуудал байна. Онгоцны түлш үнэтэй байгаа учраас тэр бүр ашигтай нислэг болж чадах уу. Хувийн авиакомпаниуд одоо боломжийн хэрээр нислэг үйлдэж байна.

-Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлыг барьсны дараа агаарын тээврийн салбарт ямар өөрчлөлт гарна гэж төсөөлж байна вэ?

-Маш том өөрчлөлт гарна. “Чингис хаан” ОУНБ-тайгаа харьцуулаад бодох л хэрэгтэй. Одоо нэг талаасаа онгоц бууж суудаг, шинэ буудал хоёр талаасаа онгоц нисэж буух зурвастай, нислэгийн зурвас урт, олон улсын агаарын тээврийн онгоцуудыг дамжин өнгөрүүлэх, транзит заал гэхчлэн наад захын үр ашгуудыг дурьдаж болно.

-Та ИНЕГ-ын даргаа өөрчилсөн, бүр сайдын шуурхай дээрээсээ хөөж гаргасан гэсэн?

-Сэтгүүлч та нар дандаа дуулиан шуугиантай байдлаар асуудлыг хүргэх гэх юм. Хүмүүсийн анхаарлыг татах арга байх л даа. Би ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Буяндалайг хэвлэлд гараад байгаа шиг тэгж “гар, зайл” гэж хөөгөөгүй.“Та ажлаа хийж чадахгүй байна. Хамтарч ажиллах боломжгүй. Явж болно” л гэсэн.

-Тийм байж, гэхдээ та яагаад хамтарч ажиллахгүй гэсэн юм бэ?

-Тэр хүн жил илүү хугацаанд ИНЕГ-ыг удирдаж ажилласан.Үр дүнд нь би тэр хүнийг иргэний нисэхийн салбарын хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чадваргүй гэж дүгнэсэн.Ер нь салбарын хэмжээнд удирдах албан тушаалд байгаа хүмүүсийн үр дүнгийн гэрээг дүгнэж хариуцлага тооцож эхэлсэн.

-Өөр тийм жишээ байна уу?

-Байна аа.ЗТЯ-ны хоёр газрын дарга, нэг хэлтсийн даргыг өөрчилсөн.Бид дотооддоо ч зарчимч, хариуцлагатай ажиллаж байгаа гэдгийг хэлье.

-С.Билэгсайхан танай  яамны Төрийн нарийн бичгийн даргыг олон сая долларын авилгад буруутгасан үг хэлсэн. Энэ түүнийг халахад нөлөөлсөн үү?

-Үгүй. Энэ асуудлыг албан ёсоор бүгдийг нь байлгаж байгаад тодруулсан.Зүс таних төдий хүн ингэж ярьж байхад нь хажууд нь байж таараад сонссоноо ярьсан гэдгээ С.Билэгсайхан хэлсэн. Хов жив төдий яриаг дамжуулж ярьсан байна лээ. Манай Төрийн нарийн бичгийн дарга энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар өөрөө хандаж байгаа.

-Та яагаад хов жив гарах бүрт АТГ-т хандаад байдаг юм бэ. Миний санахын хоёр ч удаа сайн дураараа өөрийгөө шалгуулсан?

-Тийм ээ. Дэд сайд байхдаа нэг удаа, сайд болоод бас нэг удаа шалгуулсан. Цаашид ч энэ зарчмаа баримтална. Хамт ажиллаж байгаа хүмүүстээ ч ийм шаардлага тавьж байгаа. Тасралтгүй урсах энэ их мэдээллийн орчинд ЗТЯ-ны нэр хүндийг хамгаалах ёстой.

Тэр тусмаа улс орны хөгжлийн том төслүүдийг хэрэгжүүлж байгаа яамны хувьд буруу үйлдэл хийгээгүй бол шалгуулах нь эмзэглээд байх ч асуудал биш. Харин хардлага үл итгэх байдал төрүүлдэг. Энэ нь бидний хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцад сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Тиймээс цаашид ч шаардлагатай бол холбогдох байгууллагуудаар шалгуулах л болно.

-Нээрээ тийм шүү. Хардлага их байдаг?

-Гүтгэх нь ч их байна.Аливаа хардлага, гүтгэлгийг няцаах хамгийн үр дүнтэй арга нь тухайн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан үнэн зөвийг тогтоолгох. Зөв биз дээ.

-Санал нийлж байна. Одоо арай өөр сэдэв рүү оръё. Монголд нууц онгоцны буудал байдаг гэж Малайзийн талаас яриа гаргасан.Энэ талаар тайлбар өгнө үү?

-Ямар ч нууц буудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Бодоод үз дээ. “Боинг 777” онгоцыг буулгах буудал гэдэг бол 45 метрээс багагүй өргөн, 3000 метрээс багагүй урттай хөөрөх буух хатуу хучилттай зурвастай манай “Чингис Хаан” буудал шиг  байх ёстой. Ийм том нисэх буудал хэнд ч мэдэгдэхгүйгээр нууцаар ажиллах уу.

-Төрийн албанд ажиллах хүний гол чанарыг юу гэж та боддог вэ?

-Нэгд, хууль дээдлэх зарчим, хоёрт, хувийн болон төрийн эрх ашгийг ялгадаг байх хэрэгтэй.

-Төрийн албыг төрлийн алба болголоо гэж их ярьж байна. Танай яаманд таны хамаатан, садан байгаа юу?

-Нэг ч хүн байхгүй.

-Шинэчлэл хийж байгаа Засгийн газарт бэрхшээл их байна уу?

-Мэдээж. Шинэчлэл хийхэд шинэ арга барилаар шинэ сэтгэлгээгээр ажилладаг.Аливаа шинэ ажилд үргэлж эсэргүүцэгчид байдаг.Манай салбарт ч байна.Янз бүрийн хэлбэрээр илэрч байгаа.

Хов жив тараах, гүтгэх, доромжлох, суулт, өлсгөлөн зарлах гэх мэтээр… Энэ бүхний цаана амин хувиа бодсон өчүүхэн эрх ашиг байдаг нь даанч харамсалтай.Гэхдээ аливаа шинэчлэлийг 51 хувь дэмжиж байхад л болно.Үлдсэн 49 хувь нь эсрэг байсан ч хийх л болно.Энэ бол ардчиллын зарчим.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно