2016-09-28 03:43

Сү.Батболд оффшор компани, дансаа нуусан уу


 

Энэ эрхэм жирийн  бизнесмэн нэгэн байсан бол туулж ирсэн замнал, үүх түүхийг ухаж, үг, үйлдэлийг хянаж, хариуцлага нэхэх ч шаардлагагүй л байх.   

 Татвараас зайлсхийхийн тулд оффшордоо л  биз гээд өнгөрөөнө. Гэтэл төрийн гурван өндөрлөгийн нэг, засгийн хувь заяаг атгаж явсан, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд ч арай ингэж барин тавин мэдэн будилж  боломгүй. Түүний хэлсэн үг, мэдэгдсэн мэдэгдэл, учирласан тайлбарт сонгуулийн өмнөхөн монголчууд итгэж хөөрхий минь “Бату майнинг” гэдэг компанийн хувьцааг худалдаж авсан юм байна, өөрөө ч татвараас зугтаах гэж оффшор бүсэд компани байгуулж  данс нээгээгүй гэж байна гээд зөөлөндүү хүлээн авч, учиргүй буруутгаагүй. Түүнд итгэсэн учраас Сүхбаатарчууд элчээ болгон дахин хууль тогтоох дээд байгууллагад илгээсэн байж таараа.

Тэр үеийг одоо эргэн санацгаая. Хэлсэн үгийг нь дахин нэг нухацтай сонсоё.  Хэн ч үүгээр эвлүүлэг хийгээгүй. Өөрийнх нь амнаас унасан, хариуцлагатай, албан ёсоор мэдэгдсэн мэдэгдэл юм.

 

Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум, 78 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллага хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн 140 орчим нөлөө бүхий улстөрчдийн нууц хөрөнгө бүхий 11.5 сая оффшор дансны нууц материалыг ил болгож, олон нийтэд зарласан нь “Панамын материал” хэмээн нэрлэгдэх болсон юм.

Түүнээс сар хүрэхгүй хугацааны дараа буюу тавдугаар сарын 10-ны өдөр Панамын материалд холбогдсон Монгол иргэдийн нэрсийг ил болсоны дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр багтсан байлаа. Тэр мэдээлэл цацагдсны маргааш өглөө нь буюу 2016 оны 5-р сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүн Сү.Батболд  “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор компани,  данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн  нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулсан. Энэ компани хэд хэдэн удаа Улсын шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан. Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан. Тэрнээс биш оффшор компанитай ямар ч холбоогүй.Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ өдөр news.mn сайт оффшор дансгүй гэсэн түүнийг мэдэгдлийг нийтэлж байлаа.

 

 

Сү.Батболд оффшор данстай нь илчлэгдэв

Тэрээр “Бату майнинг” компанийн л хувьцаа эзэмшиж байсан гэж зарлаад, оффшор  бүсэд компани, данс байхгүй гэж  мэлзээд байсан ч дөрөвхөн сарын дараа зэс нь цухуйж эхэллээ.

Тодруулж хэлбэл, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын баримтуудыг ил болгосноос хойш дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн долоо хоногт  дэлхийн хамгийн том оффшор бүсүүдийн нэгд тооцогддог Багамын арлуудад (Bahamas) бүртгэлтэй компаниудын 1.3 сая бичиг баримтыг нийтэд дэлгэлээ.

Эдгээр мэдээлэлд 176.000 орчим компани, сангийн захирал, эздийн нэр багтсан бөгөөд энэхүү баримт бичгүүдийг Германы Suddeutsche Zeitung сонин анх олж аван Вашингтонд төвтэй Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумд шилжүүлжээ. 

Энэхүү мэдээллийн тухай “The Guardian” сонинд мэдээллэхдээ, алдагдсан мэдээллүүд дотор дэлхийн олон орны улс төрчдийн нэр дурдагдаж байгаагаас Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр бүртгэгдсэн гэжээ.

 

Тодруулбал, Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд хэмээн уг сонинд онцолсон байна. 

“Boroo Mongolia Mining Corporation Limited”-ийн учгийг хөөвөл...

 

Сү. Батболд тэргүүнтэй “Boroo Mongolia Mining Corporation” компанийн нууц мэдээлэл, “Mongolia Tolgoi Mines”, “Mongolia Gold Holdings” зэрэг компаниудын оффшор дансыг илчилсэн байна.

 

 

“Boroo Mongolia Mining Corporation” нь 1997 оны дөрөвдүгээр сард Багамын арлуудад оффшор компаниар бүртгүүлсэн бөгөөд Сүхбаатарын Батболд нь 1997-2000 оныг хүртэл тус компанийн захирлаар ажиллажээ. Сү.Батболдын энэ компани 2000 оны есдүгээр сард татан буугдсан бөгөөд нарийн бичгийн даргаар нь Эдвардс нэртэй Их Британийн иргэн ажиллаж байжээ. Сү.Батболд “Бороо Гоулд” ХХК болон түүний толгой компани болох Бороо Монголиа Майнинг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн байжээ. Тэгэхээр Ерөнхий сайд асан  оффшор бүсэд компанитай төдийгүй данстай ч байж.  

Ийм мэдээлэл албан ёсоор цацагдснаас хойш  УИХ-ын гишүүн Сү.Батболд ганц үг ган хийсэнгүй. Байр сууриа ч илэрхийлсэнгүй. Дансгүй, компанигүй гэж мэлзэж байсан хүнд хэлэх үг олдохгүй ч байж магадгүй юм. Улстөрд орохоос өмнө тийм зүйл байсан юм, мартчихаж ч гэлтэй биш. Харин өөрөө биш түүний үүсгэн байгуулсан “Алтай трейдинг” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл гаргасан болоод асуудлыг намжаахыг зорьж байгаа бололтой.  

Яагаад Сү.Батболд 1997 онд оффшор бүсийг зорив оо...

1998 онд Австралийн компани Бороогийн алтны уурхайд хєрєнгє оруулахаар тогтвортой байдлын гэрээг байгуулсан байдаг. Монгол Улсын хувьд  Анхны тогтвортой байдлын гэрээг гэсэн үг. Тодруулж хэлбэл, 1998 оны долдугаар сарын 6-ны өдөр энэхүү гэрээг байгуулж, 2000 оны тавдугаар сарын 9, 2007 оны наймдугаар сарын 3-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 1998 онд тогтвортой байдлын гэрээг анх байгуулахдаа аж ахуйн нэгжийн албан татварыг эхний гурван жил 100 хувь чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөх, импортын гаалийн татвар, экспортын гаалийн татвар 0 байхаар, дотоодод борлуулсан болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тухайн үед мөрдөгдөж байсан 10 хувь байхаар зааж, бусад татвар, төлбөр, хураамжуудыг хуульд зааснаар төлөх нөхцөлтэй байсан.

Гэтэл уг гэрээнд 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг баталгаажуулахын зэрэгцээ бусад бүх татваруудыг царцааж, гэрээ байгуулах үеийнхээр тогтвортой байхаар өөрчилжээ. Энэхүү өөрчлөлтийн хор уршигаар бүх төрлийн татвар, төлбөр, хураамжуудыг 1998 онд үйлчилж байсан хэмжээгээр төлж байлаа.

 Бороо гоулд ХХК нь гурван жилийн турш аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвараас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү чөлөөлөлт нь 91 тэрбум төгрөг болсон гэх. 

 

Анх тогтвортой байдлын гэрээ байгуулж байхад  алтнаас авах 10 хувийн онцгой татвар үйлчилж байсан юм. Энэ татварыг цаанаас зориудын захиалгатайгаар ч юмуу, эсвэл лобби орсон уу ямартай  ч 2001 оны 12 дугаар сарын 28-нд УИХ-аас хүчингvй болгожээ.

Бороо гоулд энэ татвараас мултарснаар 100 сая орчим доллар хожсон гэх  яриа хэвлэлээр гарч байсан удаатай. Цаг үеийн давхцалаас харахад Сү.Батболд 2000 онд “Boroo Mongolia Mining Corporation”-ийн захирлын албан ажлаа ч өгч, улстөрд орж  Гадаад хэргийн дэд сайд болж, Монгол Улсын ирээдүйн  Ерөнхий сайд болох замаа засчээ. Бороо гоулдын толгой компани, тэр дундаа Сү.Батболд 1997 онд яагаад оффшорын бүсийг сонгож,  бүртгүүлж,  1998 онд Монголын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулав гэдэг хардах үндэслэл төрүүлж буй юм.

Улс төрд орохоос өмнө бизнес хийж байхдаа юм чинь хамаагүй шүү дээ гэж цайруулах, мартагнуулахыг хичээж буй бололтой байна. Гэвч энэ бол Сумочин Батбаяр шиг оффшор энэ тэрийг ч мэдэлгүй бүртгүүлчихсэн юм билээ, зайлуул  гэж толгойг илэх асуудал биш ээ.

Хууль тогтоогч, Ерөнхий сайд асан Монголын алтны асар их нөөцтэй Бороогийн  ордыг ашиглахад  хүчин зүтгэж, тэр  үетэй давхцан татвараас зугтаадаг бүсэд ч бүртгүүлсэн байж таарлаа шүү дээ. Тэгээд бас сонгуулийн өмнө дансгүй, компанигүй гэж ард түмэндээ мэдэгдчихээд өнөөдөр ус балгасан юм таг чиг болчихоод, улстөрд орохоос өмнө бизнес хийж байсан үетэй хамааралтай гээд булзайруулаад  хариуцлага үүрэх ёсгүй гэж үү.

Оффшордох нь  татвараас зайлсхийж, мөнгө угаах боловсон арга ч гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, оффшор компаниудын тухайд өөрийн улсдаа төлж буй татвараа багасган ашгаа нэмэгдүүлэхийн тулд оффшор бүсэд давхар үйл ажиллагаа явуулдаг гэдэг шүү дээ.

Үргэлжлэл бий.  

times.mn

 

Х.Тэргэл


Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (202.21.118.98 / 2016-10-10 03:36 )

    мэдсээр байж сонгоол байдаг... таануусд юу ч хэлхэв дээ

  • ИРГЭН (202.179.23.28 / 2016-09-29 13:41 )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ.ТА ТӨР АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙЖ БАЯЖСАН ХУЛГАЙЧУУДЫН ТОЛГОЙГ ИЛЖ ЦААЗЫН ХУУЛЫГ ХАЛСНААР АА МОНГОЛЫГ МӨХӨЛИЙН АНГАЛРУУ ТҮЛХСЭН ЭЭ ОЙЛГОХ БОЛОВ УУ???АВИЛАГА ХЭЭЛ ХАХУУЛИАС БУСАД ХЭРЭГТ ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛГОЖ АЛДААГАА ЭРТХЭН БОЛОМЖТОЙ БАЙГАА ДЭЭРЭЭ ЗАСАХЫГ ГУЙЖ БАЙНА.УРД ХӨРШӨӨ ХАРЛ ДАА.

  • njuty (202.179.23.28 / 2016-09-29 13:35 )

    МАН МАН ГЭЭД ҮХЭН ХАТАН ХАМГААЛААД ДЭМЖЭЭД СОНГООД МАНДУУЛААД БАЙДАГ ГЭТЭЛ ТЭДНИЙ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ЗЭС НЬ ЦУХУЙЖ ЭХЛЭЖ БАЙНА ДАА.ЦААШДАА ОФФШОРЧДЫН ЦУВАА НЭМЭГДЭЭД ИРЭХЭЭР ХЭНД ИТГЭХ ВЭ.ТӨРӨӨС ХУЛГАЙЛЖ ТЭРБУМТАН САЯТАН БОЛСОН ХУЛГАЙЧУУДЫГ ЦААЗААР АВДАГ ХУУЛЬТАЙ БОЛОХГҮЙ БОЛ МОНГОЛ МӨХНӨ ШҮҮ.ЭРХЭМ ЕРӨ

  • сонгогч (202.131.230.162 / 2016-09-29 01:23 )

    зүгээр л Монголоос зайл