2019-06-11 03:45

Ерөнхий Сайд аа! Хөгжих гээд байна уу, ухрах гээд байна уу?


Улс орныг бүрдүулэх хамгийн жижиг нэгж нь хувь хүн. Нийгэм, улс орны оршин тогтнох нөхцөл нь хувь хүмүүсийн хооронд явагддаг оюуны, мэдээллийн, материаллаг, эд зүйлсийн гэх мэтийн солилцоо болно. Дэлхийн хэмжээнд энэ нь улс хооронд хийгддэг бүх төрлийн солилцоо юм. Хувь хүн хөдөлмөрөө, улс орон өөрт байгаа баялагаа /уул уурхайн, хөнгөн хүнс, хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүн, мэдээлэл судалгаа, боловсрол, ноу хау, техник технологи гэх мэт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнүүд/ зэргийг борлуулж солилцоо хийж байж оршин тогтнодог. Гаднаас ямар бүтээгдэхүүн худалдан авах болон гаднаас хөрөнгө оруулалт авна гэдэг нь өөрт байхгүй дутагдаж байгаа зүйлээ гадаад бусад оронтой солилцоо хийх замаар авна гэсэн үг билээ.

 

 

Дэлхийн улс орнуудын түүхийг үзэхэд гадны хөрөнгө оруулалт улс орнуудын хөгжилд үлэмж нөлөө үзүүлж ирсэн байна. Үүний ойрын жишээ гэвэл хоёр Солонгос улсын эдийн засгийн өнөөгийн байдал билээ. 1950 онд нэг гараанаас гарсан энэ хоёр улс өрдөө 40 жилийн дотор эрс тэс ялгаатай хөгжил бүхий улс болсон нь шууд гадны хөрөнгө оруулалттай холбоотой юм. Өнөөдөр Өмнөд Солонгос нь дэлхийн 10 том эдийн засагтай улсын нэг болсон бол Хойд Солонгос улс дэлхийн хамгийн ядуу хаагдмал улс болсон байна. Хойд Солонгос улс нь одоог хүртэл гаднаас ямар нэгэн хөрөнгө оруулалт авахгүй хэвээр байна. ЗХУ-ын задралын шалтгаан нь засаглалын доголдол болон гадны хөрөнгө оруулалтгүй байсныг бид түүхээс харж болно. Доорх хүснэгтэд буй газрын тосны нөөцийг тэргүүлж буй 10 орны зөвхөн гадны хөрөнгө оруулалт татсан эсэхээс нь хамаарч хөгжлийн ялгааг олж харж болно. Хамгийн их нөөцтэй Венесуэл улс гадны хөрөнгө оруулалтыг хөөж гаргаснаар одоо дотоодын үймээн самуун дэгдээд байгаа бол эсрэгээр Саудын Араб гадны хөрөнге оруулалтыгтасралтгүй татаж, тэдэнд хуулийн хүрээнд бүхий л боломжийг олгож байна, Ингэснээрээ Саудын Араб нь дэлхийн 20 том эдийн засагтай улсын нэг болтлоо хөгжөөд байна. Мөн Канад, Кувейт, АНЭУ, АНУ зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс болсон бөгөөд эдгээр улсуудад гадны хөрөнгө оруулалт цутгах мэт орж ирдэг юм байна. Венесуэлтэй төстэй гадныханд дургүй Иран, Ирак, Ливи гэх оронд олон жил үймээн самуун үргэлжилсээр байна.

 

Гадны том гүрнүүдийн нөлөөгөөр дотоодын үймээн гарсан гэж зөвтгөдөг боловч үнэндээ гадны хөрөнгө оруулалтыг оруулдаг, оруулдаггүй гэж ангилахад цаад учир шалтгаан тодорхой харагдана. ОХУ нь АНУ ба барууны орнуудын эдийн засаг болон улс төрийн хоригт орсноос болж зарж болох бүх юмаа зарж байгаагийн нэг жишээ нь Монгол Улсын Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарсан явдал юм.

 

СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

Манай улсын хувьд 1990 оноос өмнө зөвхөн социалист системийн улс орнуудаас хөрөнгө оруулалт авч байсан бөгөөд энэ нь яг хөрөнгө оруулалт гэхээсээ илүү тусламжийн шинжтэй байлаа. Улс төрийн олон асуудал байсан ч бид гаднаас хөрөнгө оруулалт татсаар л байсан. Энхтайваны гүүр, Спортын Төв ордон, хэд хэдэн цахилгаан станцууд, нэхмэл, шил, чихэр боов, шаазан, спирт гэх мэт Хятадын тусламжаар манайд бий болсон үйлдвэрүүдийг харахад нэлээн жин дарна, Мэдээж оросуудын нөлөө бүр ч илүү. Дэлхийн II дайны дараа БНМАУ хэдийгээр засаглалын хувьд хаалттай байсан ч ЗХУ болон социалист лагерийн орнуудаас гадны хөрөнгө оруулалт хамгийн ихээр цутгаж байсан улс билээ. Ер нь 1990 оны ардчиллын дараа цоо шинэ енгө төрхтэй улс бий боллоо. Цөөхөн хэдэн харилцагч хөрөнгө оруулагчтай Монгол Улсад дэлхийтэй харилцах бүх суваг нээгдлээ. Гадны хөрөнгө оруулалт цутгах мэт орж ирсээр 20 орчим жилийн дараа дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжиж буй улс орны нэгэнд тооцогдох болсон. 2008 оны Оюу толгойн гэрээний дараагаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт оргил үедээ буюу 17,3 хувь хүрч 20 тэрбум ам.долларын эдийн засагтай болтлоо хөгжсөн байна.

 

Энэ үед дэлхийн том их сургуулиудын бизнесийн хичээл дээр Монголын эдийн засгийн өсөлтийн талаар тогтмол ярьдаг болсон билээ. Зээлжих зэрэглэл нэмэгдэж өндөр шилэн барилгууд баригдаж, гадагшаа явах хүмүүсийн урсгал харлаж, ажиллахаар биш, аялахаар солигдож, дотоодын аялал жуулчлал асар хурдацтай хөгжиж эхэлсэн нь ердөө сүүлийн 10 жилийн үйл явдал билээ.

 

1990 оноос хойш 10 жилийн үйлчлэлээр харах юм бол нийт асар хурдацтай урагшилж байгаа нь гадны хөрөнгө оруулалттай холбоотой. Бид өнөөдөр гадны бүхий л брэндийг улсдаа оруулаад ирчихсэн сайн мууг нь ялгаад сууж байна.

 

ӨНӨӨДӨР

 

Шинэ засаг үнэмлэхүй ялалт байгуулахад улс орны тогтвортой хөгжил улам хурдасна гэж гадна дотногүй шуугьж байлаа. Яаж ч бодсон парламентын 80-аас дээш хувийг бүрдүүлсэн засагт итгэхгүй байхын аргагүй. Гэтэл өнөөдөр Монголын байдал туйлын эмзэг, гадныхан байтугай дотооддоо байгаа бид хүртэл яахаа мэдэхгүй мухардалд оржээ. УИХ-ын гишүүн болон Засгийн газрын сайд болгон асуудалд орж, Засаг нь тэр чигээрээ хулгай, авлигын асуудалтай болсон байна. Гадны хөрөнгө оруулагчид өдрөөс өдөрт дүрвэн зугтах боллоо. Энэ долоо хоногт Монголын эдийн засгийг авч явдаг гол уурхай болох Оюу толгойн хувьцаа түүхэндээ хамгийн доод ханштай буюу 1,23 ам.доллар болтлоо унав. Одоо яах ёстой вэ? Улс орныг удирдаж буй Ерөнхий сайд аа? Англи, Хонконг, Япон, Монголд болдог хөрөнгө оруулагчдын олон улсын чуулгантай адил "Invest Mongolia" нэртэйгээр жил болгон манай оронд зохион байгуулагдаж Монгол Улсад тодорхой хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулагчдыг байнга оруулж байх нөхцөлийг бүрдүүлж байсан Тадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт" 2018 онд болсонгүй. 2019 онд зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь одоогийн засгийн газрын олхиогүй байдал уу? Хөгжихийг хүсэхгүй байгаа зорилго уу?

Дэлхийн түүхийг ч, өөрсдийнхөө өнгөрсөн түүхийг ч харсан гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нь хөгжих үндсэн зам гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Монголд ашигтай л бол хэн ч хөрөнгө оруулалт оруулсан бидэнд татгалзах зүйл байхгүй ээ. Бидэнд зарах бараа байна. Бидэнд байгаа юмыг гадныхан сонирхож байна. Энэ нь аливаа худалдаа бизнесийн наад захын нөхцөл юм. Бидний хамгийн том асуудал байсан хүний нөөцийн боломж харьцангуй сайжирч гадны томоохон их, дээд сургуулиудад суралцсан монгол залуучууд их болжээ. Аравхан жилийн дотор дэлхийд томдоо орох төслийг хөдөлгөж гадны компанитай гэрээ байгуулах, сайн муугаа мэдэх туршлагатай болжээ. Монгол компани Хонконгийн биржээс хөрөнгө босгож дотоод, гадаадын уул уурхайн том тоглогч болтлоо өсөн дэвжсэн байна. Монгол брэндүүд гадны зах зээл рүү бага ч гэсэн орох боллоо. Монгол компаниуд өргөжиж олон нийтийн компани болж хувьцаагаа биржээр худалдаалж эхэлж байна. Танд одоо юу хэрэгтэй гэж. Бүх зүйл танаас л шалтгаалж болохыг бүгд харж, хүлээж байна. Ерөнхий сайдын хувьд танд Монгол Улсын урьд хожид байгаагүй боломж, түүнийг дэмжих боловсон хүчин бүхий хувийн хэвшил байна.

Монгол Улс ийм их боломжийн өмнө ирчихээд юу ч хийхгүй зогсоод байна. Бидний муулдаг социализмын үед үүнээс доогуур боломжоор бидний эцэг эхчүүд хөрөнгө оруулалтыг татаж чаддаг байсан.

 

1960 онд гадны хөрөнгө оруулалт ямар чухал вэ гэдгийг мэддэг байсан. Гэтэл өнөөдөр гадны хөрөнге оруулагчид дүрвэж, Монголын эдийн засаг бүхий л зүйлс дээр уналтанд ороод байна.

60-аад оныхонд ялагдах уу?

 

Х.Эрдэнэбаяр


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно