2019-05-06 02:57

Өвчин, үхэл хоёроор улс төр хийхээ боль л доо!


Өнөөдөр Монголын улс төр гэдэг маань ус нь ширгээд улайсчихсан тогоо шиг болсон байна. Хамгийн муухай нь өвчилсөн, нас барсан хүмүүсээр улс төр хийж олон түмнийг бухимдуулах юм даа. Цахим сүлжээний цаад талд улстөрчид байдаг.

Их мөнгөөр хүмүүсийг худалдан авч хуурамч нэрээр бичүүлдэг, үзүүлдэг нь нууц биш болсон. Аль намын хэн өвчилж, хэн нас барж байна, түүнийг өлгөн авч улс төрийн зорилгоор дэвэргэдэг боллоо. Хамгийн сүүлийн баримт нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэд хоног өвчилсөн явдал. Үүнийг улстөржүүлж, мөн ч их шуурлаа даа. 

Нэг талаас нь харвал Л.Оюун-Эрдэнэ үнэхээр олны хайр хүндэтгэлийг хүлээж, анхаарлын төвд нь оржээ. Түүний төлөө санаа зовж “Яасан юм бол, ямар тус дэмжлэг хэрэгтэй байгаа юм бол” гэсэн бодол санаа илт давамгайлж байна.

Зэрэгцээд улс төр! “Зориуд санаатайгаар хордуулсан байна”, “Шинэчлэлээс айгчид хор өгч”, “Амь насыг нь хорлох нууц төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ”, “Энэ бол эхлэл. Цаад хэдийг нь ч хордуулж ална”, “Хорлож сурсан хүмүүс” гэхчлэн жиргэж, бичжээ. Зарим нь нам, бүлэглэл, хувь хүн рүү ч хандсан байна.

Л.Оюун-Эрдэнэ энэ замбараагүй байдлаас залхахдаа арга буюу ярилцлага өгсөн байх. Тэрээр “Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйгээс ийм байдал үүсгэсэндээ уучлалт гуйж байна” гэж олон түмэндээ хандаад, болсон явдлыг нэг нэгэнгүй тайлбарласан байна.

Хоолны хордлого гээд төгс сайн эмчлүүлэлгүй яваад байсан чинь хүндэрч, хөлнийх нь үрэвсэлтэй хэсэг рүү хүртэл нөлөөлсөн юм байна. Энэ үед гэр бүлийнхэн, нөхөд нь яаралтай сайн эмчлүүлэхийг зөвлөөд БНСУ руу явуулж л дээ. Ер нь ямар ч төрлийн хордлого хүний биеийн аль эмзэг эрхтэн, үрэвсэлтэй газар руу нөлөөлдөг гэдгийг анагаахынхан хэлдэг. Хүмүүс ч мэднэ. Тэгээд хөл рүү нь нөлөөлж л дээ.

БНСУ-ын эмнэлэг яаралтай шинжилгээ авч, эмчилгээ хийн, жижиг мэс ажилбарт оруулаад нутаг буцаажээ. Гэхдээ биеэ гамнаж байхыг зөвлөөд нарийн шинжилгээнд орохгүй бол эрсдэлтэй байж магадгүй гэсэн юм билээ. Ингээд ямартаа ч ажил, амралтын дэглэмээ нарийн зохицуулах шаардлагатай болоод байгаа юм байна.

Л.Оюун-Эрдэнийн шинжилгээний хариу бүрэн гараагүй, эмчилгээ хийлгэж байгаа энэ үед цахим сүлжээнд худал үнэн зүйл бичиж олон түмнийг төөрөгдүүлэх, өөрийнхөө сэтгэлийг битгий зовоогооч гэж зарим нэг сэтгүүлч, бичигч, комментчидоос гуймаар байгаа юм.

Өвчилсөн, нас барсан хүмүүсээр мөн ч их улс төр хийлээ дээ. Хэлэх хэлэхгүй, бичих бичихгүй зүйл гэж бий л дээ. Улс төрийн зохион байгуулалттай аллагуудыг бол бичилгүй яахав. Хэн ч бичих эрхтэй. Харин жирийн нэг өвчлөл, нас баралтаар улс төр хийн олон түмнийг төөрөгдүүлээд байх нь манай сэтгүүлчид, бичигчдийн эрх үүрэг биш шүү гэдгийг хэлмээр байна. Л.Оюун-Эрдэнийн шинжилгээний хариу бүрэн төгс гараг. Бие нь илааршиж эрүүл саруул болог. Учир явдал аяндаа тодорхой болно. Их ажлынх нь үеэр сэтгэл амар, тайван байлгая л даа.

 

Г.Жамъяан (СГЗ)


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно