2019-04-29 01:48

Намаасаа хасагдсан Н.Алтанхуяг С.Эрдэнийг огцруулахаар төлөвлөж байжээ


Монгол Улсын Ерөнхий Сайд, Ардчилсан Намын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх асан Норовын Алтанхуяг намаасаа "хөөгдсөн" билээ.

Тодруулбал Сонгино Хайрхан Дүүргийн Ардчилсан Намын Хороо хуралдан, Н.Алтанхуягийг намын үндсэн дүрмийг зөрчсөн гэж үзэн, намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан юм.

Түүнийг  АН-ын гишүүнчлэлээс хасахдаа намын бодлого, шийдвэрийг үгүйсгэсэн, намын дотоод амьдралтай холбоотой зүйлсийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьсан гэсэн үндэслэлийг гол болгожээ.

Мөн АН-д хийгдсэн дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуягийг даргаар ажилласан 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд  нийт  найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэх агаад Н.Алтанхуяг Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан, "Намын шинэ байр барина" хэмээн  хандив цуглуулсан ба уг мөнгөнөөсөө "Лексус 570" автомашин авахуулаад түүнийгээ хүлээлгэж өгөлгүй завшсан гэж холбогдох албаныхан тайлбарласан юм.

Гэвч бодит байдал арай өөр болохыг эх сурвалж өгүүлж байна.

Тодруулбал АН-ын Онц их хурлыг хуралдуулан, АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах ажлыг голлон зохион байгуулагч нь Н.Алтанхуяг байсан бөгөөд тэдний төлөвлөгөө ч тодорхой амжилтанд хүрч, С.Эрдэнийг огцруулах нь зөв гэж үзсэн АН-ын гишүүдийн тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байжээ. Иймээс 1-т уг хөдөлгөөний зохион байгуулалтыг эвдэх, 2-т АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах санаархалтай АН-ын лидерүүдэд сануулга өгөх зорилгоор Н.Алтанхуягийг намаасаа "хөөсөн" бололтой.

Н.Алтанхуягийг АН-аас хөөх шийдвэрийг МҮАН-аас АН-д орж ирсэн УИХ-ын гишүүн асан, Сонгино Хайрхан Дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батцогт гардан гүйцэтгэжээ.

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно