2019-04-05 03:06

АН “арчигдах” уу


АН-ынхан төв талбайд өнөөдөр жагсаал зохион байгуулж “амьд” гэдгээ батална. Гол зохион байгуулагч нь намын нарийн бичгийн дарга О.Магнай. Түүний хувьд өнөөдөр хамгийн сайн чаддаг ажлаа хийнэ гэсэн үг.

Төдийгөөс өдийг хүртэл жагсаал цуглаан зохион байгуулж, уриалан дуудагчдын тэргүүн эгнээнд тэрбээр дээгүүр байр эзэлж ирснийг хэн хүнгүй мэднэ. Харин АН юуны учир жагсаал зохион байгуулах болов. Улс төрийн сонгууль хаяанд ирсэн энэ үед иргэд, сонгогчдодоо хэлсэн үг, хийсэн ажилгүй болсон АН-ынхан жагсаал зохион байгуулаад ч болов мартагдахгүйг хичээж байгаа нь энэ. Тэд 2016 оны УИХ-ын сонгуульд ард түмний итгэлийг алдсаныхаа горыг амсч, УИХ-д есхөн суудал авснаар бүлэг байгуулах болзол хангасан. Ингэснээр тэднийг хүчтэй сөрөг хүчин байхыг ард түмэн хангалттай хүлээсэн. Харамсалтай нь, сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь бүү хэл, өвөр зуураа хэмлэлдэж УИХ дахь бүлгээ нураагаад амжсан. Дээрээс нь намын даргын суудлаа хэзээнээс булаацалдаж ирсэн АН-ынхан С.Эрдэнийг хууль бусаар намын даргын суудалд суусан хэмээн матрын нулимс унгасаар өдийг хүрсэн зэрэг нь АН-ыг улс төрийн тавцанд “амьд” байх боломжгүйд хүргээд буй. Тийм ч учраас тэд моодноос гарахгүй байх эхний алхмаа жагсаалаар эхлүүлж байгаа бололтой. Эхлүүлнэ гэсний учир нь, хэсэгтээ таг чиг байсан АН-ынхан гурван өдрийн турш чуулна. Эхний өдөр жагсч цуглах бол дараагийн өдөр баярын концерт, хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах бөгөөд сүүлчийн өдөр буюу энэ сарын 7-нд Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа үдээс өмнө хийж, үдээс хойш намын 29 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан зохион байгуулахаар сценариа гаргаад байна. Уг нь намын дарга С.Эрдэнэ Онц Их хурал зарлахаа мэдэгдсэн ч Шинэчлэлийн хөдөлгөөний залуус өөрийг нь огцруулах, удирдлагын бүтцийг шинэчлэх асуудлыг хөндөх сургаар Онц Их хурлаа цуцалсан. Оронд нь Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулж, удирдлагуудын хүрээнд ротаци хийх асуудлыг хэлэлцэхээр болсон юм.

 

Энэ тухайд АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус “Хэсэг бүлэг хүн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл нь АН болчихсон” хэмээн тодорхойлоод тахимаа өгдөггүй хуучин улстөрчдөөсөө салах цаг болсныг сануулж буй ч дарга нар нь нүдэн балай, чихэн дүлий өдийг хүрч байна. Түүгээр ч зогсохгүй АН дүрэмдээ өөрчлөлт оруулж, одоогийн удирдлагуудыг солих ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 

Тодруулбал, АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “2017 онд манай нам дотор даргын сунгаа болж С.Эрдэнэ хамгийн олон санал авсан. Намын Их хурлаараа батламжлуулж, бүрэн эрх нь хэрэгжих ёстой байсан. Гэтэл намын Их хурал болоогүй, бүрэн эрх нь хэрэгжээгүй, намын даргын сунгаа будилаантай болсон гэх яриа өнөөдөр ч тасраагүй байна. АН шинэ дүрмээ баталсан. Намын VI Их хурлаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, хоёр сар дүрмийн шинэчлэлд ажилласан. Тухайн үед би ажлын хэсгийн нарийн бичиг байсан юм. Намын VII Их хурлаар дүрмээ баталсан. С.Эрдэнэ гэдэг хүн намын дүрмийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ өөрт ашигтай хувилбарыг нэмж, засварлан батлуулсан. Нэг үгээр хэлбэл, хууль бус гэсэн үг. Бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болсон. Тэр үед эхлээд намын дүрмээ баталчихаад даргаа сонгох байсан. Гэтэл намын даргыг сонгочихоод араас нь дүрэм батлахаар нөгөө хүн өөртөө давуу талыг бий болгоно биз дээ. Хэдхэн үг өөрчлөөд л тэр том дүрмийн үндсэн концепцыг өөрчилчихөж байгаа юм. Намын дарга үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа эсэхийг санал хураалтаар шийдцэг байх заалт байсныг ч тэр үед авч хаясан. Түүнчлэн аливаа нам дотор Хяналтын хороо хараат бусаар ажиллах ёстой атал С.Эрдэнэ гэдэг хүн “Хяналтын хорооны гишүүнийг намын даргын санал болгосноор сонгоно” гэж өөрчлөөд намын хяналтыг гартаа авчихсан. Дотоод сонгуулийн хороог ч мөн гартаа авснаар нэг хүний хяналтгүй тогтолцоо бий болсон. Одоо яагаад энэ бүхнийг яриад байна вэ гэвэл, намын даргаа дөнгөж томилчихоод шүүмжлээд байх хэцүү байсан учраас С.Эрдэнэ даргад өөрийгөө харуулах, ямар лидер вэ гэдгээ нотлох цаг хугацаа хэрэгтэй гэж үзсэн.

 

Цагийн эрхээр ямар хүн гэдгээ хангалттай харууллаа, одоо болно. Энэ хүн дарангуйллын аргаар намаа хагалан бутаргаж, хүнд байдалд оруулсан. Ийм лидертэй АН ялалтад хүрэхгүй. Тиймээс зайлшгүй солих ёстой” хэмээн хатуухан шүүмжилж байна. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн С.Эрдэнэ АН-д дарангуйллын тогтолцоог бий болгосон гэдгийг залуучууд төдийгүй мөр зэрэгцэж яваа УИХ-ын гишүүд ч хэлдэг. Ямартай л, бүлгийнхээ дотоод эв нэгдлийг хангаж чадаагүйн улмаас хоёр ч гишүүнээ намаасаа хөөж, бүлгээ утсгах вэ дээ. Тиймдээ л АН-ын одоогийн дарга С.Эрдэнэ, бүлэг тэргүүлж байсан Д.Эрдэнэбат нар “Намын шударга ёсны тэмцлийг санаатайгаар эсэргүүцдэг, үүнийх нь үр дүнд АН-ын нэр хүнд өмнө нь байгаагүй доод төвшинд очсон” хэмээн дүгнэж байгаа юм.

 

Удирдлагууддаа хандахаар хүлээж авдаггүй учраас АН-ын залуус байсхийгээд л хэвлэлийнхэнд ханддаг болсон. Үүнийг АН-ынхан удирдлагууддаа хүрэх үүнээс өөр арга олдохгүй болсон гэж дүгнэхээс аргагүй. Нөхцөл байдал иймдээ хүрснийг тэд өөрсдөө ч хэлдэг.

 

Залуу үе нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй улс төрийн нам гэхээр хэрхэн ойлгох вэ. Тэнд үнэхээр дарангуйлал жинхэнэ утгаараа тогтсон юм биш биз гэх эргэлзээ төрж буйг нуух юун. Улс төрийн барометрээр бол сөрөг хүчний байр суурьт байгаа намын рейтинг тогтмол өсдөг урвуу хамаарал манай улсад бараг жишиг болсон. Гэтэл АН-ынхан энэ “жишгийг” эвдэж, сөрөг хүчин байх үедээ уруудан доройтож байгаа нь маргаангүй үнэн. Тэр бүү хэл, өнгөрсөн хугацаанд фракцууд АН-ын бодлогыг тодорхойлдог байсан бол өдгөө мөнгөөр бүхнийг шийддэг болсон гэх. Намыг мөнгөнөөс хараат бус байлгах хэрэгтэй гэж хэсэг бүлэг нь үзсэн ч С.Эрдэнэ дарга энэ босгыг бүр шинэчлэн тогтоосон гэж ярьдаг.

 

Тодруулбал, АН-ын даргад нэр дэвшвэл 250 сая, Нийслэлийн намын даргад нэр дэвшвэл 90 сая, дүүргийн намын даргад 20 сая төгрөг төлж байж нэр дэвших эрхээ өвөртлөх боломжтой болсон хэмээн гишүүд нь ярьдаг. Үүнээс үзвэл АН-д бодлогын бус мөнгөний уралдаан өнөөдөр ч өрнөж байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч, АН-ын ҮБХ маргааш хуралдаж, ротаци хийхээ зарласан. Намын дүрмийн дагуу сонгуулийн өмнөх жил ротаци явуулж, ҮБХ-ны гишүүдээ шинэчлэх заалттай. Тус намын дүрэмд зөвхөн Үндэсний бодлогын хорооны гишүүн аливаа сонгуульд нэр дэвшинэ гэсэн заалт үилчилдэг учраас энэ удаагийн хурал АН-ынханд тун ач холбогдолтой. Гагцхүү дээр хэлсэнчлэн, улс төрийн карьераа дээшлүүлж, нэр дэвших эрхээ өвөртлөхийн тулд тэд хэнд, хэдийг төлөх вэ. Тогтсон жишиг хэвээр үргэлжпэх үү эсвэл, хэн нэгэн эвдэх үү. Энэ бүхнийг АН-ынхан төв талбайд жагсч, баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалтад оролцсоныхоо дараа шийднэ. Ямартай ч ҮБХ-ны хуралд өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Ж.Цэсэн, Эрчим хүчний сайд асан М.Сономпил нарын олны танил эрхмүүд нэр дэвшиж байгаа юм. Ирэх 2020 оны сонгуульд АН ямар багаар оролцох нь тодорхой болох учраас энэ удаагийн хуралдаан АН-ынхны хувьд онц чухал ач холбогдолтой. Гагцхүү тэд багаа хэрхэн бүрдүүлэх нь дарга С.Эрдэнээс нь шууд хамаарна. Түүний хувьд тамгаа авсан даруйдаа намынхаа олны танил кадруудыг хөөчихсөн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нар өдгөө энэ намд харьяалалгүй болсон. Цаашилбал, одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд улс төрийн сонгуульд нэр дэвшихийг хориглосон. Ийм нөхцөлд хуралдах ҮБХ-ны хуралдаанаас юу хүлээх вэ. Тэд эвлэх үү, эс бөгөөд эвдрэлцэх үү гэдгийг харах л үлдлээ. Эв хичээн бодпогоо баримталж, зөв хүнд “тийз” олгож гэмээнэ АН “амилах”- ыг үгүйсгэхгүй. Хэрвээ тэд энэ боломжийг ашиглаж чадахгүи бол улс төрийн тавцангаас “арчигдах”-ыг үгүйсгэхгүй.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ;; (66.181.160.125 / 2019-04-07 09:37 )

    “монголын худал” сонин гээд ойлгочих