2019-04-04 02:25

С.Энхцэцэг: Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох тусгайлсан хөтөлбөртэй болж чадлаа


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ямар онцлох ажлыг хийж буй талаар тодруулахаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэгийг энэ удаагийн дугаарын зочноор оролцуулж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай байгууллага “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр-ийн ажлын албаар ажиллаж буйн хувьд ямар томоохон ажил хийгдсэн талаар мэдээлэл өгнө үү?

Хууль зүйн үндэсний хүрээлэн хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллээр үйлчлэх чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тодорхой чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд 2018 онд хийхээр тусгасан ажлын хувьд манай байгууллага болон Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд үндсэндээ бүрэн хэрэгжүүлж ажиллалаа.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн анхдугаар хурал.

ХЗДХЯ. 2018.05.28

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн хоёрдугаар хурал.
ХЗДХЯ. 2018.12.17

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2018 онд тендер шалгаруулалтын замаар “Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл, байдал, хэрэгцээ, шаардлагыг судлах судалгаа”, “Эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх нэгдсэн аргачлал боловсруулах, сургалт зохион байгуулах”, “Эрх зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх дугаар ажиллуулах, (тусгай дугаарын ажилтны хялбаршуулсан гарын авлага) бэлтгэх”, “Иргэдийн эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөр, гарын авлагыг зорилтот бүлгийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулж хэвлүүлэх, сургалт зохион байгуулах”, “Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулж хэвлүүлэх, сургалт зохион байгуулах”, “Иргэдэд эрх зүйн боловсрол, мэдлэг олгох богино хэмжээний теле цуврал кино бүтээх, иргэдийн зайлшгүй мэдвэл зохих хуулийн агуулгаар  шторк бэлтгэх”  гэсэн 6 багц ажил бүрэн дуусч дараагийн шатны ажил болох сургалт зохион байгуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулсан контент хэрэглэгдэхүүнийг хүргэх ажил эхлээд байна.

   

 

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бүтээсэн ном, гарын авлага.

Эдгээр ажлыг дэлгэрүүлэн тайлбарлавал.

Эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх нэгдсэн аргачлалыг бэлтгэж хэвлүүлээд байна. Энэхүү аргачлалаар иргэдэд, нэн ялангуяа зорилтот бүлгийн, онцлог бүхий эрх зүйн байдалтай иргэдэд тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд, эмэгтэйчүүд, алслагдсан газар нутагт оршин суугч малчин өрх, иргэдэд эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх ажлыг нэгдсэн аргачлалтайгаар цаашдаа зохион байгуулахаар төлөвлөж байна.  Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг нийтэд хүртээмжтэй бус, зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй, нэгдсэн бодлого, системгүй явуулдаг өнөөгийн байдлыг өөрчилж эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын нэгдсэн арга зүйтэй болж, тухайн иргэний онцлог, чадавхид тохирсон аргачлалын дагуу эл ажлыг гүйцэтгэх  шаардлагатай байгаа юм. Энэ дашрамд дурьдахад эрх зүйн мэдээллийг олон нийтэд тайлбарлан таниулах, бэлтгэн түгээх зорилго, чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох албан тушаалтан хэн бүхэн энэхүү нэгдсэн аргачлалыг үйл ажиллагаандаа баримталж, ашиглаж ажиллахыг зөвлөж байна.  Дараагийн ажлын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн болон тэдэнд тулгардаг өдөр тутмын бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох, тэдгээр иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан сургалтын гарын авлага, DVD

Энэхүү сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй хүний эрхэд суурилсан арга хэлбэрээр сургалтыг цаашид үе шаттайгаар зохион байгуулах юм. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд боловсруулсан эдгээр сургалтын хөтөлбөр, гарын авлага нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн болохын сацуу тэдгээр иргэдийн өдөр тутмын хэрэглээний чухал хэрэглэгдэхүүн болох юм. Энэхүү сургалтын хөтөлбөр, гарын авлагыг ашиглан цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрх зүйн мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны видео хэрэглэгдэхүүн.

Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгт зориулж Монголын анхны 96 ангит богино хэмжээний “Хуулийн цаг” киног бүтээж нийтийн хүртээл болгож байсан. Иргэд эрх зүйн тодорхой харилцаа, тохиолдлын талаар бодит жишээнд тулгуурласан кино бүтээлээр дамжуулан эрх зүйн мэдлэгээ бататгах нөхцөл боломж улам бүр нэмэгддэг. Тийм учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэдийн амьдралд түгээмэл тохиолдож буй асуудлаар 9 цуврал богино хэмжээний киног “Намун зэт” ТББ-тай хамтран бэлтгээд байна.Богино хэмжээний киноны сэдвийн хувьд нийгэмд иргэдэд түгээмэл тулгарч буй тодорхой асуудал, сэдвийг хөндсөн болно. Эдгээр кино шторкийг 21 аймгийн Засаг даргын Тамгын газар болон телевизүүдээр түгээхээр хүргүүлээд байна. Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн www.e-khutuch.mn цахим санг бүтээж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн нь иргэдэд эрх зүйн хүртээмжтэй, энгийн хялбарчилсан  хэлбэрээр хүргэх замаар өдөр тутмын амьдралдаа эрх зүйн мэдээ, мэдээллийг хэрэглэх чадварыг нэмэгдүүлэхийг  зорьж ажилладаг. Тийм ч учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү цахим хуудас нь иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон эрх зүйн тулгамдаж буй бүхий л асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд туслах анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээллээр хангах нэгдсэн мэдээллийн сан байх болно.  Энэ мэдээллийн хэрэгслийг ашиглан Монгол орны өнцөг булан бүрээс өөрийн оршин суугаа газрынхаа (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо) эрх зүйн болон бусад холбогдолтой мэдээ, мэдээллийг авах боломж иргэдэд нээгдэх юм.

Цахим хуудасны талаар санал хүсэлтээ ekhutuchinfo@gmail.com хаягаар өгнө үү

Эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх ажлыг хийж эхлээд байна.

Хөтөлбөрийн зорилтыг хангах ажлын хүрээнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, үйлчилгээг зөвхөн хуульчдаар бус эрх зүйн хөтөч, клиник сургалтын төвүүдээр дамжуулан хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн билээ. Өөрөөр хэлбэл дээрх байдлаар цахим хөтчийг ажиллуулахын зэрэгцээ биет эрх зүйн хөтөч буюу эрх зүйн хөтчөөр тодорхой хүмүүсийг бэлтгэж тэдгээр иргэдээр дамжуулан цаашид иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тийм учраас эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын хөтөлбөр, гарын авлагыг “Цогц дэмжлэг төв” ТББ, зөвлөх багийн эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсрууллаа. Энэхүү хөтөлбөр, гарын авлагын дагуу цаашид улсын хэмжээнд эрх зүйн хөтчөөр ажиллах иргэдийг үе шаттайгаар бэлтгэх ажлыг хийж байна. Тухайлбал,  “Эрх зүйн хөтөч” бэлтгэх эхний сургалтыг 2019 оны 1 дүгээр сарын 23, 24-нд, хоёр дахь сургалтыг 2019 оны  2 дугаар сарын 25, 26-нд гурав дахь сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 14,15-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил хариуцсан  мэргэжилтэн, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, Насан туршийн боловсролын төвийн нийслэл болон орон нутаг дахь сургагч багш нар, дүүргийн Хороодын нийгмийн ажилтан гээд 150 гаруй иргэнийг “Хөтөч”-өөр бэлтгэж эхний ээлжний сургалтад хамруулаад байна. Цаашид мөн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Эдгээр хөтөч иргэд  маань иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг хүргэх, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүрэгтэйгээр ажлын албатайгаа хамтран  ажиллах юм.

Эрх зүйн хөтөч бэлтгэх эхний ээлжийн сургалт. Хууль зүйн үндэсний хүрээлэн. Хуульчдын танхим 2019.01.23

Эрх зүйн хөтөч бэлтгэх хоёрдугаар ээлжийн сургалт. Хууль зүйн үндэсний хүрээлэн. Хуульчдын танхим 2019.02.26

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаарын утсаар иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг өгч байна.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, лавлах үйлчилгээний 1800-1202 тусгай дугаарын утсаар иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг эхлүүлээд байна. Иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1202 тусгай дугаарын утсаар ажлын өдрүүдэд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Хууль зүйн холбогдолтой мэдээллийн  Хууль Зүйн Луужин 1 пэйж хуудсыг ажиллуулж эхлээд байна.

Сүүлийн жилүүдэд иргэдийн интернэт хэрэглээ хурдацтэй өсөн нэмэгдэж байна. Түүнийгээ дагаад сошиал мэдээллийн суваг фэйсбүүк, твитер гэх мэт сувгаар мэдээлэл авах нь их болсон. Тийм учраас иргэдэд эрх зүйн холбогдолтой мэдээллийг энгийн, ойлгомжтой, хялбаршуулсан хэлбэрээр хүргэх зорилгоор тус пэйж хуудсаар хууль зүйн холбогдолтой зөвлөгөө, мэдээллийг тодорхой сэдвээр энгийн ойлгомжтой, хялбаршуулсан хэлбэрээр бэлтгэн түгээж байна. Түүнчлэн тус пэйж хуудасны сэтгэгдэл хэсэг болон бичил захидал илгээх хэсэгт иргэдээс ирүүлсэн хууль зүйн холбогдолтой асуултад тухай бүр хариулт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.

Цахим хуудасны талаар санал хүсэлтээ https://www.facebook.com/Хууль-Зүйн-Луужин-1-728373897515476/ хаягаар өгнө үү

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг байгууллага, иргэд гаргаж байна уу? Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой ажилд хамтран ажиллахаар Насан туршийн боловсролын үндэсний төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо зэрэг байгууллагаас бүтээлч, санал санаачлагыг ирүүлээд байгааг дурдахад таатай байна. Бидний зүгээс хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллах талаар гарсан бүхий л санал санаачлагыг дэмжиж ажиллахад бэлэн байгаа болно. Цаашид хөтөлбөрийг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд нягт уялдаа холбоотой, санаачилгатай ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ялангуяа телевиз, цахим хуудас, радио, сонин, сэтгүүл зэрэг нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд идэвхтэй хамтарч ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн нэгэнт Засгийн газраас баталсан үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхгүй бол чухал шаардлагатай хөтөлбөр байлаа гээд хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх төлөвтэй байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх хаягаар харилцаарай

 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэн.

https://www.facebook.com/NLInstitute

https://twitter.com/legalinstitute

info@legalinfo.mn хаягаар холбогдох эсвэл 11 315789 дугаарт холбогдох боломжтой.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно